• Lemon Press
  • Posts
  • 🤔 Цементийн зах зээл юу болж байна?

🤔 Цементийн зах зээл юу болж байна?

Цахим гэрээ | SUL-н ногдол ашиг | Шинэ боомтын гарц

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Манай Lemonade цувралын ээлжит дугаарт Хүннү Эйр ХХК-ийн Embraer E190 агаарын хөлгийн нисгэгч Х.Энхжин оролцлоо. ЭНД дарж Монголын агаарын тээврийн түүхэд 26 жилийн дараа нислэг үйлдсэн 13 дахь эмэгтэй нисгэгчийн түүхтэй танилцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 3 сард $281.3 саяын алдагдалтай гарахад барааны худалдааны ашиг 34.6% буурсан нь нөлөөлөв

MSE: Жуулчин Дюти Фрий ХК (SUL) нэгж хувьцаанд ₮30,600, нийт ₮2 тэрбумын ногдол ашиг хуваарилна

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮19.2 тэрбумын арилжаа хийгдсэний ₮10.6 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигдлаа.

🤔 Импортын 5%-ийн тарифын нөлөө

Импортын цементийн гаалийн татварыг 5% болгон бууруулсан шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх бол? Сонирхох уу? 

Цемент: Барилгын салбарын талх

ЗГ-аас импортын цементийн гаалийн татварыг 5% бууруулсан шалтгааныг цементийн үйлдвэрүүд түүхий эд болон түлшний нөөцөө хангалттай бүрдүүлээгүй тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүснэ гэх шалтгаанаар бууруулахаа мэдэгдсэн. Гаалийн татварыг бууруулснаар орон сууцны үнийг бууруулж чадна гэх хүлээлттэй байгаа. Сонирхолтой нь дотоодын цементийн үйлдвэрүүд зах зээлийн хэрэглээнээс 2 дахин илүү нийлүүлэлтийг хангалттай хийх чадалтай гээд байгаа. 🤔

  • Монголд үйлдвэрлэв: Дотоодын томоохон үйлдвэрлэгчид ашиглалтад орохоос өмнө импортын буюу Хятадын цемент зах зээлд давамгайлж, тэр хэрээрээ валютаа гадагш урсгадаг байв. Харин дотоодоос цементийн хэрэгцээг хангах болсноор сүүлийн 5 жилд нийт $484 саяыг дотооддоо хадгалсан байдаг. 

  • 85% 👉 12%: Цаг хугацааг ухраагаад 2013 оны цементийн зах зээл рүү өнгийвөл импортын цементийн зах зээлд эзлэх хэмжээ тус онд оргил үедээ буюу 85%-д хүрч байв. Харин одоо бол 12% болоод буй. Энэ бол ЗГ-ын 2013-2015 онд хэрэгжүүлсэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн байсан гэж хэлж болохоор

  • Үнийн өрсөлдөөн: Гэснээс 5%-ийн татварын нөлөөгөөр 1 тн ууттай цемент 20%-ийн гаалийн татвартай байх үеэс 14% буурч ₮275,000-өөр борлуулагдах төлөвтэй байгаа. Харин дотоодын үйлдвэрлэгчдийнх ₮325,000 байгаа юм. Юу гэсэн үг вэ, гэхээр зах зээлд чанараараа биш дээрээс тогтсон үнийн төлөө өрсөлдөх болно гэсэн үг. 

Орон сууцны үнэтэй байхад юу нөлөөлж байна?

Энэ оны эхний улирлын байдлаар орон сууцны  барилгын  өртөг  өмнөх  улирлаас 3% өсөхөд материалын өртөг 3.9% өсөхийн сацуу, цалингийн зардал 4.5% өссөн нь голлон нөлөөлсөн. Товчхондоо орон сууцны үнийн өсөлтөд тус салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс, бусад импортын барилгын материал, тоноглолын зардал  ч нөлөөлж буй. 

  • Сонирхолтой нь, цементийн үнэ 10% өсөхөд, нийт барилгын төсөв 0.4% өсдөг аж. Үүнээс харахад орон сууцны үнийг бууруулахад ганц цементийн үнийг бууруулах нь хангалтгүй мэт.

Эцэст нь… ЗГ-ын хүлээлт бол цементийн үнэ буурснаар гоё^2 бүтээн байгуулалтуудаа цагт нь хийж, орон сууцны үнийг бууруулах. Гэсэн ч үүний ард барилгын чанар, бат бэх байдал орхигдоод байх шиг. Монголд барилгын чанар ямархуу байгааг үер ус, галын асуудлууд алхам тутамд л сорьж харуулдаг даа.  

🅰 100%

MIK: МИК Холдинг ХК-ийн засаглалын нэгдсэн үнэлгээ 100%-тай гарчээ. Өөрөөр хэлбэл тэдний засаглалын кодексийн хэрэгжилт хангалттай түвшинд үнэлэгдсэн гэсэн үг. Сонирхуулахад, компани 2023 онд ₮28.1 тэрбумын ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮1,844 болсон юм. Энэ нь жилийн өмнөхөөсөө 4.7 дахин нэмэгдсэн дүн билээ. Харин тэдний хувьцааны үнэ он гарсаар 19.8% унаж ₮15,000 болоод байна.

📄 Цахим гэрээ

Бараг бүх байгууллага дээр энэ гэрээг тийшээ хүргээд өгөөч, энэ гэрээнд гарын үсэг зураад өгөөч гээд бөөн юм болдог доо? Тэгвэл энэ асуудалд шийдэл гарч иржээ. Юу вэ гэхээр… 👇 

Дэлхийн жишиг

Гэрээ хэлэлцээр түргэн хурдан шуурхай бүтэх нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс дэлхий дахинд ухаалаг гэрээ гэх ойлголт хэдийнээ танил болжээ. Өөрөөр хэлбэл блокчэйн технологи дээр бүтээгдсэн бие даан гүйцэтгэх гэрээг ухаалаг гэрээ гэж нэрийдээд буй. Түүнчлэн гэрээний шинжилгээ, хэлэлцээрт зориулсан AI, нарийвчилсан тоон гарын үсэг зэрэг технологийн дэвшлүүд ч бий болсон билээ. 

Монгол ч дутахгүй 

Монголд ч Цахим засаг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх салбарт цахим хөгжлийг дэмжих зорилгоор нийт 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

  • Цахим гэрээ: Үүнтэй холбоотойгоор Монголд E-Geree.mn Блокчэйн цахим гэрээний систем нээлтээ хийгээд буй. Өнгөрсөн 4 сарын дотор тэдэнтэй нийт 701 байгууллага нэгдэж хамтарч ажиллажээ. 

  • Баталгаатай юу? E-Geree.mn блокчэйн цахим гэрээний системд баталгаажуулсан баримт бичиг бүр Иргэний хууль болон Цахим гарын үсгийн зохицуулалтын хуулийн дагуу баталгаажих бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн ESIGN, Европын eIDAS зэрэг журамд нийцэх гэнэ. 

  • Нарийн: Түүнчлэн баримт бичиг бүрд албан ёсны “TimeStamp” сертификат дагалдах тул хэзээ гэрээгээ илгээсэн, хэзээ имэйлээ нээж мэдээлэл авсан, хэзээ гэрээн дээр гарын үсэг зурсан гээд бүх үйл явцыг цаг хугацааны нарийвчлалтай бүртгэж, баталгаажуулах юм. 

Давуу тал нь юу вэ?

Мэдээжийн хэрэг гэрээг цахимаар байгуулах нь цаг хэмнэж, зардлыг бууруулна. Тодруулбал, суралцах гэрээ, СӨХ-ийн гэрээ, байгууллагынхаа ажилтны хөдөлмөрийн гэрээ гэх мэтийг цахимаар байгуулснаар  бичиг хэргийн зардлаа 80% хүртэл хэмнэх аж. Түүнчлэн E-Geree.mn цахим гэрээний системийг ашигласнаар гэрээ, хэлцэл байгуулахад үүсдэг алдааг 80% хүртэл бууруулах боломжтой гэнэ. Улмаар тус системээр дамжуулан бүх баримт бичгийнхээ 44%-ийг нэг бүрийг нь дунджаар 15 минутад багтан баталгаажуулж болох нь ээ. 

Эцэст нь… Толгой өвтгөдөг асуудал нэг нэгээрээ багасаж байгаа нь сайхан байна шүү. 😜 Гэснээс E-Geree.mn нь 100’000 ширхэг модыг тайрахаас хамгаалах буюу 4,166 тн цаасыг хэмнэх зорилгоор “Save 100K Trees” аяныг санаачилжээ. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 23 нам, 2 эвсэл оролцохоо мэдэгдэж СЕХ-ноос батламжаа аваад буй. Тэгвэл сүүлийн 3 жилийн УИХ-ын сонгуульд хэдэн нам, эвсэл оролцож байв? 

  • 2020 он: 13 нам, 4 эвсэл

  • 2016 он: 12 нам, 3 эвсэл

  • 2012 он: 11 нам, 2 эвсэл

2024 оны УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуулиар монголчууд 128 гишүүнийг сонгохтой холбоотойгоор тус сонгууль ч хамгийн олон нам, эвсэл оролцож буй сонгууль болж байна.

🫘 Columbian Decaf Coffee

Кофены таатай үнэр, эспрессо машины чимээ, баристагын инээмсэглэл гээд кофе шопод татагддаг ч кофейнд мэдрэг бол анхаарлаа нааш нь. 😎

Jack’s coffee-н 97% хүртэл кофейныг багасгасан колумби сортын “Decaf” кофег сонирхуулж байна.

  • Decaf: Кофеноос кофейныг тусгай аргаар салган авдаг ба 97%-99% хүртэл багасгадаг учир үл ялиг кофейн үлддэг аж.

  • Хэрэглээ: Кофейнд хэт мэдрэг болон жирэмсэн, хөхүүл ээжүүд гээд кофены хэрэглээгээ багасгахаар шийдсэн хэн бүхэнд тохиромжтой.

Сонирхуулахад, Jack’s coffee-нхан 2013 оноос кофе шопын соёлыг түгээж байгаа ба 100% Арабика сортын үрийг Монголдоо хуурч боловсруулан худалдаалж буй. Мөн бүх салбарууддаа decaf кофегоор үйлчилж байгаа гэнэ шүү.

☕ Гэснээс decaf-аа гэртээ нэрээд уух бол ЭНД-ээс аваарай.

RFI

🔹Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) Монголтой хийх чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-ийг эхлүүлэх асуудлыг хэлэлцэв. Өнгөрсөн 7 хоногт тус холбооны дээд хэмжээний уулзалт Москва хотод болсон бөгөөд ЕАЭЗХ-ны бүлгийн удирдагчдын хэлэлцсэн асуудал дунд Монголын ЧХХ-ийн асуудал яригдсан байна. 

🔹Ханги боомтод экспортын шинэ гарц нээгдлээ. Ханги эко логистик ХХК тус боомтод 100%-ийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн экспортын тээврийн үйл ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт эхэлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911 тн  нүүрсний экспорт хийгдсэн аж. 

🔹Улсын хэмжээнд 2024 оны эхний 4 сард 44,028 суудлын автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Харин тус хугацаанд 9,467 ачааны автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 65.7% өссөн үзүүлэлт аж. Импортолсон суудлын автомашины дийлэнх буюу 95%-ийг Японоос оруулж ирсэн байна.

🔹Михаил Мишустиныг Оросын Ерөнхий сайдын албан тушаалд ахин томилов. Өнгөрсөн Мягмар гарагт Владимир Путин тангараг өргөсний дараа ЗГ нь танхимаараа огцрохоо мэдэгдсэн. Гэсэн ч өнгөрсөн Баасан гарагт хуучин ЗГ-ын тэргүүн Михаил Мишустиныг ахин Ерөнхий сайдаар томилов. 

  • Сонирх: 7 хоногийн онцлох зургууд. (Reuters)

  • Яана вэ! Dell-н 49 сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан байна шүү. (BleepingComputer)

  • Зочил: “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн бүтээлүүдийг тольдоорой. (UBIMAF)

  • Танилц: TEDxUlaanbaatar 2024 арга хэмжээний илтгэгчид. (LemonPress)

  • Даваа: ҮСХ-ноос барилгын салбарын эхний улирлын тайланг танилцуулна

  • Мягмар: Сангийн яамнаас нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн 4-р сарын мэдээг танилцуулна

  • Лхагва: Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж өнгөрсөн улиралд хэр байсантай танилцах нь дээ

  • Пүрэв: Өмнөд Солонгосын I улирлын ажилгүйдлийн түвшин зарлагдана

  • Баасан: Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа хаагдах өдөр шүү.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.