• Lemon Press
  • Posts
  • 🫡 Татвар: Хэн, юу хожих вэ?

🫡 Татвар: Хэн, юу хожих вэ?

ХЗЗ-ийн 2Х үсрэлт | $MLG: Геополитик нөлөөлсөн үү? | Хятадын шинэ хууль

POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Домгийн шувуу үргээж, Монголын улс төрийн халуухан сэдвүүдийг өдөөх УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. За тэгээд ирэх 7 сарын 1 хүртэл 32 шинэ хууль, УИХ-ын тогтоолын төслүүд хэлэлцэгдэх нь байна шүү. 👨🏻‍⚖️ ♨️

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: 2025 онд улсын нийт өр өмнөх оны мөн үеэс 8.7% өсөж $40.5 тэрбумд хүрчээ. Үүнд хадгаламжийн байгууллагын өр 54.6%, бусад салбаруудын өр 7.5%, шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 5% өссөн нь голлон нөлөөллөө.

MIMR: Өнгөрсөн Баасан гарагт Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас Монголын A92 шатахууны нөөц 40 хоногтой байгаа болон ойрын 3 сард энгийн АИ92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүйг мэдэгдэв.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮104.3 тэрбумын болон $3 саяын арилжаал явагдсан байна. Бүх $-ын арилжаа хоёрдогч зах зээл дээр хийгдсэн аж. 

MR: Монголын төмөр зам ТӨХК нь Чайна энержи коксжих нүүрс ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээгээр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 2025 оны 6-р сараас 2026 оны 3-р сар хүртэлх хугацаанд 5 сая тн нүүрс тээвэрлэжээ.

🤔 Татварын шинэчлэл: Хэн, юу хожих вэ?

Сангийн яам болон Татварын ерөнхий газраас Татварын багц хуулийн шинэчлэлийг танилцуулсан. Шинэчлэлийн үр дүнд иргэн, ААН-ийн татварын ачааллыг ₮2.7 их наядаар бууруулна гээд байгаа. Яаж вэ гэдгийг харъя.

👛 Иргэд: Халаасанд үлдэх мөнгө

Иргэдийн татварын ачааллыг нийтдээ ₮2 их наядаар бууруулах гэнэ. Энэ нь нийт хөнгөлөлтийн 74%-ийг эзэлж байна. Үүнийг хэрэглээг дэмжих замаар эдийн засгийг доороос нь өдөөх тактик гэж харж болох юм. Өөрчлөлтийн тухайд,

  • 🗽 НӨАТ-ын шинэ шатлал: Сарын ₮500 мянга хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100% буцаан авна. Энэ нь бага болон дундаж орлоготой өрхүүдэд хамгийн ашигтай. Дараагаар нь ₮500 мянга-₮1 сая хүртэлх НӨАТ-ын буцаалт 50%, +₮1 сая хэсэгт 20% буцаалт хийгдэх нь.

  • 👌 Орлогын татварын "Тэг" босго: Цаашлаад хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн цалингийн эхний ₮500 мянгаас татвар авахгүй болсноор гар дээр авах буюу татварын дараах цэвэр цалингийн дүн ₮50 мянгаар нэмэгдэхээр байна. 

  • 🏠 Орон сууцны дэмжлэг: Мөн төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийг зорих болон эрчим хүчний хэмнэлттэй сууц авах иргэдэд ₮15 саяын татварын хөнгөлөлт өгөх аж.

😮‍💨 ААН: Бизнесийн амьсгалах зай

Дээр дурдсан нийт ₮2.7 их наядын хөнгөлөлтийн үлдсэн 26% буюу ₮700 тэрбум нь бизнесийнхэнд дэмжлэг болж очих гэнэ. Тодруулбал, шинэчлэлийн үр дүнд ААН-ийн ₮6-10 тэрбумын орлогод 15%, +₮10 тэрбумын орлогод 25% татвар ногдуулах юм. Үүнээс гадна,

  • ⛅️ Бичил бизнесүүдийн 1%-ийн боломж: Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босгыг ₮400 сая болгож өсгөж, 1%-ийн татвар төлөх замд оруулах нь. Мөн тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан аж. 

  • 🙀 Данс битүүмжлэхгүй байх 20%-ийн дүрэм: Цаашлаад, татварын өртэй байгууллагын дансыг 100% хааж, үйл ажиллагааг нь зогсоодог байсан бол одоо орлогынх нь 20%-ийг үлдээхээр болжээ. Нэмээд жижиг дунд ААН-ийн татварын 90% буцаалт авах босго ₮2.5 тэрбум болно гэнэ шүү.

📌 Сул тал байгаа юу? 

Татварын шинэчлэл нь сайшаалтай хэдий ч төсвийн орлого тасрах, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийж үйл ажиллагаагаа зориудаар жижиглэх зэрэг эдийн засгийн эрсдэлүүдийг дагуулж болзошгүй юм. Тиймээс энэхүү хөнгөлөлтийг зөвхөн хэрэглээг дэмжихэд бус, харин үйлдвэрлэл болон эдийн засгийн бодит өсөлтийг тэтгэхэд оновчтой чиглүүлсэн тохиолдолд л жинхэнэ үр өгөөжөө өгөхөөр байна. 

  • 🏆 2026 оны “Оскар”-н ялагчдаар хэн тодрох вэ? (THR)

  • 🔎 Ираны дайны Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө. (ThinkMongol)

  • 🗣️ Гадаадын банкийг дотоодод оруулах талаар салбарын могулууд юу хэлэв? (iToim)

  • 🦞 Улаан хавч буюу хувийн AI туслах OpenClaw-н амжилтын нууц. (SixthTone)

🛢️ $MLG: Геополитик нөлөөлсөн үү?

MLG: Өнгөрсөн Баасан гарагт Монложистикс Холдинг ХК-ийн нэгж хувьцааны үнэ 11.5% буурч ₮154.9 дээр хаагджээ. Энэхүү уналт нь компанийн энэ өдөр арилжаа эхлэх үеэр сошиал сувагтаа нийтэлсэн мэдээлэлтэй холбоотой байх талтай байна. Уг мэдээлэлд Ойрх дорнодын бүс нутагт үүссэн асуудлын улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдах, нефтийн үнэ өсөж буйг дурдсан бөгөөд үүнтэй холбоотой Монгол руу ирэх тээвэр логистикийн өртөг өсөхөд шууд нөлөө үзүүлж байна хэмээн мэдээлсэн аж. 

🌠 $MSE-н 2Х өсөлтийн стратеги 

Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн Earnings Call болж, 2025 оны гүйцэтгэл болон 2026–2028 онд хэрэгжүүлэх стратегийн чиглэлээ танилцууллаа. Үүнээс хамгийн анхаарал татсан зорилт нь 2028 он гэхэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ₮32.8 их наядад хүргэх төлөвлөгөө байв.

  • 🔙 Жилийн тойм… Өнгөрсөн онд $MSE дээр нийт ₮8.3 их наядын арилжаа хийгдсэний ₮7.3 их наяд нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа байжээ. Түүнчлэн, зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 6.6% өсөж, ₮13.8 их наядад хүрсэн бөгөөд $MSE ₮45.4 тэрбумын орлоготой, ₮35.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллав.

📯 Жанжин шугам

Ирэх жилүүдэд $MSE арилжааны идэвх, хөрвөх чадвар, олон нийтийн санхүүгийн боловсрол, бүтээгдэхүүний төрөлжилт, дата платформ, автоматжуулалт, e‑KYC, зайнаас авах үйлчилгээ, олон улсын хөрөнгө оруулалт, давхар бүртгэл зэрэг чиглэлд төвлөрч, зах зээлийг илүү амьтай, хүртээмжтэй болгохоор ажиллах аж. Уг ажлыг амжилттай хэрэгжүүлбэл 2028 он гэхэд дараах үр дүнд хүрэхээр зорьж байна. Тухайлбал:

  • ₮32.8 их наяд: $MSE‑д бүртгэлтэй ХК-иудын нийт үнэлгээг 2.4 дахин өсгөж, ₮32.8 их наядад хүргэх.

  • ₮8–10 тэрбум: 2025 онд ₮3.7 тэрбум байсан үнэт цаасны өдрийн дундаж арилжааг ₮8-₮10 тэрбум болгож нэмэгдүүлэх.

👀 Гол хөдөлгүүр

Энэ оны өндөр хүлээлттэй асуудлын нэг нь төрийн өмчит 18 компанийн хувьчлал. Өнөөдөр эхэлж буй УИХ‑ын хаврын чуулганаар тус асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна. Эдгээр 18 компанийн дунд Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, МИАТ ТӨХК зэрэг томоохон компаниуд багтаж буй. Хэрэв тус ажил бодитой хэрэгжвэл томоохон IPO-ууд, арилжааны идэвх огцом өсөх, гадаад хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарах боломжтой.

Эцэст нь… Ойрын хугацаанд $MSE шинэ 4 индексийг бүртгэж, арилжаалах боломжийг бүрдүүлэх аж. Мөн тусгай хөтөлбөрийн хүрээнд арилжааны идэвх, хөрвөх чадвар, олон нийтийн санхүүгийн боловсролд чиглэсэн ажлуудыг хийх болон бүтээгдэхүүний төрөлжилт, дата платформ болон зах үүсгэгч (market maker), хадгаламжийн бичиг (MDR), ҮХХ-ийн хөрөнгө оруулалтын сан (REITs) зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлнэ. Энэ бүхнээс харахад тэднийг ойрын жилүүдэд том зорилт, түүнтэй дүйцэх том сорилт хүлээж байна.

Хөрөнгийн зах зээл Израйл-Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш 3 дахь долоо хоногтоо нар үзсэнгүй хаагдлаа. Тодруулбал, 2 сарын 27-ны хаалтаас өнгөрсөн Баасан гаргийн хаалт хүртэл:

📉 Хөрөнгийн зах зээлийн индексүүд:

  • S&P 500: 3.58% буурч 6,632.19, 

  • NASDAQ: 2.48% буурч 22,105.36, 

  • Dow Jones: 4.94% буурч 46,558.47, 

  • Russell 2000: 5.78% буурч 2,480.05 болжээ.

📊 Бусад гол хөрөнгийн хөдөлгөөнийг харвал:

  • Алт: 3.96% буурч 5,023.3, 

  • Мөнгө: 13.26% буурч 80.39 болсон байна. 

Тэгвэл эсрэгээрээ Биткойны үнэ 8.03% өсөж 71,173.27 болсон бол зах зээлийн айдас, тодорхойгүй байдлыг хэмждэг CBOE Volatility Index 37.71% өсөж 27.35-тай хаагджээ.

🚀🛜 Өндөр хурдны интернэтээр аял

Минут, секунд алдсаар л сууна уу? Интернэтийн хурдаа нэмэгдүүлэх цаг болж ээ, гэхдээ зардлын хэмнэлттэйгээр… 👇

Кевико ХХК нь албан байгууллагад хамгийн өндөр интернэтийн хурдыг санал болгож буй. 

  • 💰 Хэмнэлттэй шийдэл: Өөрөөр хэлбэл, тус компанийн инженерүүд танай байгууллагын интернэтийн хурдыг судалж одоо интернэтэд гаргаж буй зардлыг тань аль болох нэмэгдүүлэхгүйгээр интернэтийн хурдыг нэмэгдүүлэх шийдлийг боловсруулж өгөх нь.

  • 🐾 Тэд хаа сайгүй: Улаанбаатар хотыг хамарсан шилэн кабелийн болон WiFi сүлжээтэй тул танай байгууллагыг аль ч цэгээс бага зардлаар интернэтийн сүлжээнд холбох боломжтой юм.

За тэгээд интернэтийн хурдаа сайжруулаад ажлын бүтээмжээ нэмэгдүүлнэ биз ээ. 😎

🤙 Холбогдох: 9801-7778

Sight

🍋 Хятад 55 үндэстний цөөнхийн дунд “Үндэстний эв нэгдэл ба хөгжлийг дэмжих тухай” хууль баталжээ. Одоогоор Хятадын нийт хүн амын 91% буюу 1.2 тэрбумыг Хань үндэстэн бүрдүүлдэг бөгөөд тус хууль нь үндэстний цөөнхүүдийг олонход уусгах бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид үзэж буй. Жишээ нь, хуулийн хүрээнд Мандарин хэл сургалтын үндсэн хэл байх, бусад хэлнүүдийн дунд байрлал дарааллын хувьд тэргүүн эгнээнд байхаар заажээ.

🍋 “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 2 жилд нийт 368 иргэн ₮3.1 тэрбумын зээл авчээ. Үүнээс өнгөрсөн онд 174 иргэн 3 жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, тус бүр ₮20 сая хүртэлх, нийт ₮1.3 тэрбумын зээл авсан байна. Тэгвэл энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг идэвхтэй олгоно гэнэ.

🍋 Америк дахь TikTok-н шинэ хөрөнгө оруулагчид Америкийн Сангийн яаманд $10 тэрбумыг төлөхөөр болов. Тодруулбал, Америкийн ЗГ-ын зүгээс уг төлбөрийг хэлцлийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэсэн үүргийнхээ “гүйлгээний шимтгэл” хэмээн үзэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид өнгөрсөн 1-р сард хэлцэл эцэслэгдэх үед нийт төлбөрийн 25%-ийг төлжээ. Энэ нь Цагаан ордон корпорацын хэлцэлд хүчтэйгээр оролцож буйн тод жишээ болж байна даа.

🍋 УБЦТС ТӨХК энэ онд 2,132 нэр төрлийн засварын ажил хийнэ. Төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд жил бүр 3-10-р сар хүртэл хийдэг засварын ажлыг энэ сарын 2-ноос эхэлсэн бөгөөд засварт хамрагдах байршлын хэрэглэгчдийн гэрээт утасны дугаарт мэдээллийг мессежээр урьдчилан илгээж байгаа аж. Мөн нийт ажлыг УБЦТС ТӨХК-тэй гэрээтэй нийт хэрэглэгчдийн 27.2%-ийн хэрэглээг нь таслахгүйгээр хийж гүйцэтгэх нь.

  • Даваа: Үнэт цаасны зах зээлийн статистик гарна

  • Мягмар: Банкнуудын нэгдсэн балансын үзүүлэлттэй танилцана

  • Лхагва: Банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүүний статистиктай танилцах нь.

  • Пүрэв: Ипотекийн зээлийн тайлан гарна

  • Баасан: Гадаад худалдаа хэр байв?

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.