- Lemon Press
- Posts
- 👑 Starboy-н хаанчлал
👑 Starboy-н хаанчлал
ХЗЗ-ийн эмэгтэй удирдагчид | $JD: Санхүү тааруу ч НА тараана | Эрэлттэй Galaxy S26
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Өнгөрсөн долоо хоногт Непалын парламентын сонгууль болж, Rastriya Swatantra нам ялалт байгуулжээ. Ингэснээр Z үеийнхний дэмжлэгийг авсан, өмнө нь реппер явсан Балендра Шах дараагийн Ерөнхий сайд болоход тун ойртоод байна. Яг дуунуудыг нь сонсоод үзвэл манай УИХ-ын даргын “Timon” байсан үеийг бол гүйцэхгүй л сонсогдож байна лээ. 🎤🤪


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: Ерөнхийлөгчийн санаачилсан "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ.
MNG: Өнгөрсөн онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортоор орж ирсэн нь 2024 оны мөн үеэс 80% өссөн дүн болжээ. Улмаар сүүлийн 3 жилд энэ тоо 2.9 дахин өссөн байна.
UB: Нийслэлийн төсвийн тодотголоор ₮325 тэрбумыг батлуулсан Улаанбаатар трамвай төслийн 2-р шугам буюу Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл үргэлжлэх трассын газар чөлөөлөлтөд 278 нэгж талбар өртөв.

🤵🏻♀️ ХЗЗ-ийн эмэгтэй удирдагчид

Сүүлийн жилүүдэд бизнесийн ертөнцөд амжилттай яваа эмэгтэйчүүд өсөн нэмэгдсээр байна. Тэгвэл манай хөрөнгийн зах зээлд компанийн толгой буюу Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй эрхмүүдийг онцлон хүргэе.
🇲🇳 28% нь эмэгтэй
Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-н I ангилалд бүртгэлтэй 25 ХК-ийн 7-г буюу 28%-ийг эмэгтэй Гүйцэтгэх захирлууд эзэлж байна. Эдгээрийн компаниудын 4 нь банк, санхүүгийн салбарынх бол үлдсэн 3 ХК нь барилгын материал үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Өөр сонирхолтой тоонууд гэвэл,
1457 өдөр: Эмэгтэй Гүйцэтгэх захирлууд ажлаа хүлээн авснаас хойш дунджаар 1457 өдөр буюу 4 орчим жил ажиллажээ.
9.8 жил: Хамгийн удаан хугацаанд Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй эрхэм Монос Хүнс ХК (MFC)-ийн А.Отгондарь захирал бөгөөд тэрээр ажлаа 2016 оны 5-р сард ажлаа хүлээн авч, түүнээс хойш 9.8 жил ажиллаад байна.
Отгон CEO: Өнгөрсөн сард Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн ээлжит хурал болж Инвескор ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Оролмааг томилогдсон. Тэрээр 2019 онд Покет ББСБ ХХК-ийг байгуулагдсанаас хойш Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв.
💼 Гадаадад ямар байна?
S&P 500 (^GSPC) индексийн компаниудын 7% нь буюу 35 нь эмэгтэй Гүйцэтгэх захиралтай ба тэдний нэг жилийн медиан цалин $18.5 сая байгаа нь эрэгтэй захирлуудаас 11%-иар их дүн аж. Харин Russell 3000 (^RUA) индексийн нийт компаниудын хувьд 189 буюу 6%-ийг нь эмэгтэй Гүйцэтгэх захирлууд эзэлж байна. Эдгээр захирлуудын жилийн медиан цалин $7 сая буй нь эрэгтэй захирлуудаас 3% өндөр дүн юм.
Эцэст нь… Олон улсын ХЗЗ-тэй харьцуулахад Монголын эмэгтэй Гүйцэтгэх захирлуудын тоо өндөр байна. Гэхдээ эрэгтэй захирлуудтай харьцуулахад цалингийн хувьд ямар хэмжээнд байгааг таашгүй. Хамгийн гол нь захирлуудын ур чадвар, туршлага, манлайлал нь хүйсээс үл хамааран үнэлэгдэх ёстой гэдгийг санаж явах нь чухал шүү. 🤝🏻

🪄 Багш нар үр дүнтэйгээр AI ашиглах арга. (FastCompany)
📵 Хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглосон улс орнууд. (TechCrunch)
🔮 Биткойны энэ оны чиг хандлагыг юу тодорхойлох вэ? (Yahoo!Finance)
🏙️ Гаднын иргэд Сөүл орчимд орон сууц худалдан авах боломжгүй болжээ. (TheKoreaTimes)

💵 $JD: Санхүү тааруу ч НА тараана
JD: Хятадын жижиглэн худалдааны аварга JD.com 2025 онд орлогоо өмнөх оны мөн үеэс 13% өсгөж $187.2 тэрбумд хүргэжээ. Гэвч хоол хүргэлтийн бизнест их хэмжээний хөрөнгө оруулсан, зардлууд огцом өссөн нь цэвэр ашгийн хэмжээ 52.7% буурч $2.8 тэрбумд хүрэхэд голлон нөлөөлжээ. Цаашлаад, $JD 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд $1.4 тэрбумын ногдол ашиг тараахаар төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 6.1% өсөж $27 дээр хаагдаад байна.

🎤🤑 Сая сая долларын орлого

Өнөөдөр дуу хөгжмийн ертөнцийн хов живд дурлая. Өнгөрсөн онд хөгжмийн салбарын супер 20 од нийтдээ $1.7 тэрбумыг тоглолтоосоо олсон байна. ₮6 их наяд гэсэн үг шүү дээ базардарь.
👑 Starboy-н хаанчлал
Жагсаалтыг Канадын уран бүтээлч The Weeknd $298 саяын орлогоор тэргүүлсэн бол удаах байрт Taylor Swift $202 сая, Beyoncé $148 саяын орлогоор бичигджээ. Онцлууштай нь The Weeknd өөрийн дууны каталогийн тодорхой хувийг Lyric Capital-д ойролцоогоор $1 тэрбумаар худалдахаар болсноо зарласан. Энэ гэрээ нь After Hours 'Til Dawn Tour аялан тоглолтынх нь дараа хийгдсэн бөгөөд энэ тоглолтоос нийтдээ $1 тэрбумаас давсан орлого олсон нь эрэгтэй соло уран бүтээлчдийн дунд шинэ рекорд болсон аж.
💫🍥 Эсрэг утгаараа: Харин саяхан сүй тавьж, шинэ цомгоо гарган дуулиан тарьсан Taylor Swift эсрэгээрээ олон жил үргэлжилсэн маргааныг эцэслэж анхны 6 цомгийнхоо мастер бичлэгийг Shamrock Capital-с ойролцоогоор $360 саяар буцаан худалдан аваад буй. Мэргэжилтнүүд энэхүү шийдвэрийг маш ашигтай хөрөнгө оруулалт гэж харж байгаа аж.
🤠 Halo, Шинэ тэрбумтан: Жагсаалтын 3-рт бичигдсэн Beyoncé өнгөрсөн онд 32 тоглолтоос бүрдэх “Cowboy Carter Tour” аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд үүнээсээ $407.6 саяын орлого олсон нь Billboard-н Boxscore түүхэн дэх энэ төрлийн хамгийн өндөр орлоготой тоглолт болжээ. Ингэснээр Beyoncé тэрбумтнуудын бүлэгт шинээр нэгдэв.
🧑🎤🎵 ТОП-20: Дундаж $87 сая
Цаашлаад, өнгөрсөн онд хамгийн их орлого олсон ТОП-20 одын 7 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй уран бүтээлчид байна. 1 одын дундаж орлого $87 сая аж. Харин хамтлаг дундаас Coldplay хамгийн дээгүүрт буюу 5-рт бичигдсэн. Учир нь тэдний дэлхийг тойрсон “Music of the Spheres” аялан тоглолт нь түүхэн дэх хамгийн их ашигтай аялан тоглолтуудын нэг болж чадсан билээ.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд супер оддын тоглолтын тоо эрс нэмэгдэж, амьд тоглолт, аялан тоглолтын зах зээлд хамгийн том мөнгө эргэлддэг болжээ. Том уран бүтээлчид цөөн хотод олон удаа тоглох, өндөр үнэтэй тусгай тасалбар гаргах, тоглолттой холбоотой бүтээгдэхүүн борлуулах зэргээр олон сувгаас орлого бүрдүүлэх бизнесийн загвар бий болгож байна байна даа.

Эмэгтэй уншигчид маань Мартын 8-ны баяраа сайхан тэмдэглэсэн үү? Гэснээс Монгол Улсын хэмжээнд Мартыннайман нэртэй 1 хүн байдаг гэнэ. Тус баяртай холбоотой зарим нэрийн статистикийг дурдвал, 👇
Улс даяар Сарнай нэртэй хүн хамгийн их буюу 2,407 бий.
Цаашлаад Анхилам нэртэй 40 хүн,
Лили нэртэй 15,
Үзэсгэлэн нэртэй 10,
Тэр ч бүү хэл Бүсгүй, Эмэгтэй нэртэй тус тус 1 хүн байдаг аж. Манай лимонууд дунд Монголд цор ганц байдаг нэртэй уншигч байвал: 🙋♀️

🆕 Компьютерээ шинэчлээд бэлэгтэй

Яг энэ урамшууллыг ашиглан IT төхөөрөмжүүдээ шинэчлээд авбал төсвөө хөөрхөн хэмнэчих юм биш үү? ITStore-с зөөврийн болон суурин компьютер хямдралтай үнээр худалдан аваад монитор эсвэл олон үйлдэлт өнгөт принтер бэлгэнд авах нь ээ. 🍋
🛒 Ажлын ширээ дүүргэх бэлэг: Урамшуулалд Dell, Acer, lenovo гээд бүх брэндийн загварууд багтсан бөгөөд үүнээс онцолбол, Dell Pro загварын зөөврийн компьютер аваад монитор эсвэл Canon брэндийн олон үйлдэлт принтерээс сонгон авах боломжтой.
💸 Давхар хэмнэлттэй: За тэгээд бусад төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгслүүд ч мөн хямдрал зарласан байна шүү. Keychron Keyboard Mouse Combo + Aigo Mouse Pad багц л гэхэд 20% хямдарсан сурагтай.
Гэснээс ITStore-н онлайн дэлгүүрт зочлон худалдан авалтаа хийгээд 5 цагийн дотор хүргүүлээд авах боломжтой. Цагаа ч хэмнэнэ, төсвөө ч хэмнэнэ. Янзын биз?


Chosun
🍋 Өмнөд Солонгост Galaxy S26 цувралын урьдчилсан захиалгын тоо 1.35 саяд хүрчээ. Ингэснээр S26 цувралын захиалга S25 цувралын 1.3 саяын захиалгын рекордыг эвдсэн бөгөөд нийт урьдчилсан захиалгын 70%-ийг Ultra хувилбар бүрдүүлсэн байна. Сонирхуулахад Ultra болон үндсэн загварын хамгийн түгээмэл өнгө нь цагаан, хар байхад, S26+ загварын хар, ягаан өнгө хамгийн их захиалгатай байжээ.
🍋 ЭХЯ, Шивээ-Овоо ХК (SHV), Ар и Си Эм Жи ХХК “Нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Ийнхүү сүүлийн 15 жилд яригдсан төсөл хөдлөх боломжтой болж буй. “Ар и Си Эм Жи” ХХК-ийн хувьд Вьетнамын хөрөнгө оруулалттай ROX Energy группийн охин компани гэнэ.
🍋 Америкийн хөрөнгө оруулагчид Венесуэлд хөрөнгө оруулах боломжуудыг судалж эхэллээ. Хөрөнгө оруулагчид тус улсын чухал ашигт малтмал, уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт $25-$100 саяын хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж. Тэгвэл хөрөнгө оруулагчдын Венесуэл дэх аяллыг Trans-National Research, Orinoco Research, Signum Global Advisors компаниуд зохион байгуулж буй сурагтай.
🍋 Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр ашиглана. Үүнд ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам, “Сэлбэ 20 минутын хот” төслүүдийн бүтээн байгуулалт орох бөгөөд Багануурт байрлах “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрээс нийлүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр нь улсын жилийн дундаж хэрэглээний 40%-тай тэнцэх буюу 120 мянган тн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай аж.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply