- Lemon Press
- Posts
- 🤑 Пүүх! Хаа сайгүй ногдол ашиг
🤑 Пүүх! Хаа сайгүй ногдол ашиг
S&P 500-н түүхэн өсөлт | Ногдол ашиг тараах болон тараахгүй компаниуд | Хөдөлмөрийн бүтээмж
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Манай Lemon #101 контентыг үзэж байгаа юу? Шинэ дугаар гарсан шүү. ЭНД дарж анх удаа орон сууц худалдаж авахдаа юуг анхаарах ёстойг сонирхоорой. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
ECON: Өнгөрсөн онд ДНБ 7% өсөж ₮68.9 их наядад хүрлээ.
GER: Германы ДНБ $4.5 их наядад хүрснээр дэлхийн 3 дахь том эдийн засагтай улс болов.
CHN: Хятадын төв банк бодлогын хүүгээ 2.5%-д хэвээр үлдээлээ.

❓ Хамгийн өгөөж өндөртэй нь аль нь вэ?

Өчигдрийн буюу 2 сарын 19-ний байдлаар 27 хувьцаат компани нийт ₮450.5 тэрбумын ногдол ашиг (НА) тараахаар шийдвэрлэлээ. Тэдний НА-ийн өгөөжийг ТУЗ-ийн шийдвэр гарсан өдрөөр тооцоход дунджаар 5.2%-тай гарав. Аль салбарт хөрөнгө оруулбал илүү өндөр НА хүртэх вэ?
Акулуудыг гүйцэхгүй нь
Энэ жил банкнууд хэр их ногдол ашиг тараах вэ гэдэг асуулт хөрөнгө оруулагчдыг бараг л нойргүй хонуулсан. Тэгвэл одоогийн байдлаар нээлттэй 6 банкны 4 нь ₮362.8 тэрбумын НА олгохоор болсон нь нийт НА-ийн 80.6%-ийг дангаараа бүрдүүлж, өгөөж нь дунджаар 6.8%-д хүрэв. Тэр дундаа,
Аргагүй л ХААН: ХААН Банк (KHAN) ₮271 тэрбумын НА тараахаар болсон. Улмаар НА-ийн өгөөж нь 11.8%-тай гарсан нь 27 компанийн дундаж өгөөжөөс 6.6 нэгж хувиар илүү бөгөөд нийт НА-ийн үнийн дүнгийн 60.2%-ийг дангаараа бүрдүүлээд байна.
Гэхдээ: Банкнууд НА тараахын тулд ТУЗ-өөс гадна Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байгаа. Одоо Төрийн банк (SBM) болон ХХБ (TDB)-н ногдол ашиг хэр их байх нь сонирхолтой хэвээр.
Банкны араас
Хагас жилийн ашгаасаа ₮46.8 тэрбумыг тараахаар болсон АПУ (APU)-гийн нөлөөгөөр хүнс үйлдвэрлэгчид нийт ₮54.4 тэрбумын НА-тайгаар банкны араас ороод ирлээ. Ийнхүү тус салбар нийт НА-ийн үнийн дүнгийн 12.1%-ийг бүрдүүлж, дундаж өгөөж нь 4.9%-тай гарав. Мөн,
Олуулаа: Банкнаас бусад санхүүгийн 9 ХК ₮25.2 тэрбумын НА олгохоор болсон бөгөөд НА-ийн өгөөж нь дунджаар 6.8% байгаа. Улмаар нийт ногдол ашиг тараах шийдвэр гаргагсдын бараг тал нь буюу 48% нь банк болон санхүүгийн салбарынхан байна. ХЗЗ-ийг тэд л өнгөлж байна даа.
Басаж болохгүй ээ: Үлдсэн 11 ХК ₮8 тэрбумын НА олгохоор болж, өгөөж нь 3.4%-тай гарав. Үүнд Монгол базальт (MBW) болон Монложистикс Холдинг (MLG) багтаж буйг санаарай.
Үүнээс гадна 6 ХК НА-ийн төлөлтийн өдрөө тодорхой зарлажээ. Тодруулбал, ЛэндМН ББСБ (LEND), Ард Кредит ББСБ (ADB), Ард Даатгал (AIC), Инвескор ББСБ (INV), Сэндли ББСБ (SEND), Анд-Энерги (AND) зэрэг ХК-иуд тодорхой 1 өдөрт НА-аа олгох аж. Календарь дээрээ тэмдэглээрэй.
Эцэст нь, банкны реформын дүнд банкнууд нээлттэй болж, ногдол ашгийн өгөөж нь ч өндөр гарч хөрөнгө оруулагчдыг баясгалаа. Мөн энэ жилээс бидний санаачилгын хүрээнд нэлээд хэдэн компани ногдол ашиг тараах өдрөө тодорхой зарлаж байгаа нь авууштай. Одоо нийтээрээ тодорхой, мэдээлэлтэй байгаад сурчихвал…
Жич: МХБ-ийн вэбсайт дээр орсон ХК-иудын ногдол ашгийн шийдвэрийн мэдээнд үндэслэн бичив.

💀 Торгууль

🆙 S&P 500: Бух унаад ирлээ!

Он гарсаар S&P 500 (^GSPC) 5.5% өсөж 5,000 нэгжийг давж түүхэн дээд түвшинд хүрлээ. Улмаар Goldman Saches (GS) л гэхэд тус индексийг энэ онд 5,200 нэгжид хүрнэ хэмээн өсөлтийн таамаглалаа 2 дахь удаагаа нэмээд амжив.
Төсөөлснөөс чинь илүү
Wall Street-н шинжээчид S&P 500 индексийг 2024 онд 4,700 нэгж, Goldman Sachs-н шинжээчид 5,100 нэгжид хүрнэ гэж таамаглаж байсан. Гэтэл тэдний таамаг бут цохигдох нь тэр. Сонирхуулахад тус индекс сүүлийн 10 жилд дунджаар 9.9%-ийн өсөлттэй байсан аж. Ер нь бол технологийн компаниудын галзуу өсөлт тус индексийг 5,000 нэгжид хүргэсэн юм.
💨 Технологийн шуурга
Энэ он гараад л технологийн акулуудын зах зээлийн үнэлгээ $1 их наяд, $3 их наяд гээд урд хойноо орон хэн нь хамгийн өндөр үнэлгээтэй компани болохоо үзэлцье гэсэн шиг нэхий дээлээ шидэлцэх нь холгүй байна. Тэр дундаа Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ л гэхэд он гарснаар 52% өсөж $726 болоод амжсан. Түүнчлэн томоохон хөрөнгө оруулалтын сангууд ч технологийн хувьцааг илүүд үзэх болж. Тухайлбал,
Эцэст нь… Технологийн салбарынхны өсөлтөөс гадна энэ жил ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлалтай байгаа нь Америкийн хөрөнгийн зах зээлд хавар ирэх нь үү дээ гэсэн итгэлийн төрүүлж буй. Гэснээс таны хөрөнгө оруулалтын багцад технологийнхны хувьцаа байдаг уу? Ойрын жилүүдэд AI, EV болон ногоон шилжилтэд хувь нэмэртэй компаниуд хаданд гарахаар байна даа…

Гадаад хувьцааны мэдээллийг хурдан авмаар байвал STOCKHISTORY аргыг ашиглаарай. Өдөр бүр, 7 хоног эсвэл сарын дата, өгөгдлийг авах боломжтой шүү. 🍋



🔹Нэг ажилтанд ногдох хөдөлмөрийн бүтээмж өнгөрсөн онд 8.7% өсөж ₮24.8 сая болжээ. Тодруулбал, уул уурхайн салбарынх 16% өсөж ₮60 сая, үйлчилгээний салбарынх 10% өсөж ₮22 сая болсон бол ХАА салбарынх 6.7% буурч ₮13.5 сая болжээ. Гэснээс хөдөлмөрийн бүтээмжийг үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгаар тооцдог шүү.
🔹Амгалан ДЦС-ын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөнө. Тус ДЦС-д 1 зуухыг нэмж өргөтгөж байгаа бөгөөд үр дүнд нь Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмын хүн амыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах боломжтой болох юм. Сонирхуулахад, тус өргөтгөлийг Хөгжлийн банкны ₮65.6 тэрбумын зээлээр хийж байгаа аж.
🔹Монгол базальт (MBW) ХК-ийн ашиг 2023 онд 37.9% буурч ₮1.2 тэрбумд хүрчээ. Тэд чулуун хөвөн дулаалгын материалын үнийг 35% бууруулсан тул ашиг нь ийнхүү багассан байна. Харин нийт хөрөнгө нь 24.6% өсөж ₮43.8 тэрбум болоод буй. Улмаар P/B 0.3, эздийн өмчийн өгөөж 4%, P/E 8.7-тай гарав.
🔹Хөдөлмөрийн насны хүн амын 42% нь ажиллах хүчнээс гадуур байна. Цаашлаад 15-24 насныхны хөдөлмөрийн дутуу ашиглалт бусад насны бүлгээс хамаагүй их байгаа юм. Харин ажил эрхэлж буй хүмүүсийн тоо 2023 онд 3.3% өсөж 1.2 сая болсон бол ажилгүй хүмүүсийн тоо 24.5% буурч 48.8 мянга болоод буй.

Ахлах бизнес шинжээч / Intelmind LLC: Бизнесийн шинжээчээр 2+ жил ажилласан, үнэлгээ, шинжилгээг хашраадаг хүмүүс байна уу? 👉 (Link)
Fullstack хөгжүүлэгч / Shoppy: ReactJS, NextJS, GraphQL, REST API болон React Native программчлалын хэлний мэдлэгтэй, мэргэжлээрээ 2 жил ажилласан бол ийшээ. 👉 (Link)
Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сонирх: Код бичих арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. (AmericanCorner)
Оролц: Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэл өгнө. (BCMongolia)
Унш: Самар бол Монголын уул уурхайн бус экспортын 2-рт орох чухал нөөц. (LemonPress)
Бэлд: Төсвийн хяналтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх сэдэвт уралдаан зарлагдлаа. (UNDPinMongolia)

📢 Найзаа уриад мерч ав

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply