- Lemon Press
- Posts
- 🎂 Давхар ойн баяртай товхимол
🎂 Давхар ойн баяртай товхимол
Ремикон Евро ази замыг нэгтгэнэ | And Solutions-н экспорт | Цементийн бат бэх
POWERED BY
Hey! Өнөөдөр “Газрын тосны үндэсний өдөр” тохиож байна. Бид ч энэ онд 1.8 сая тн газрын тос импортоор авсан улс даа. Хэзээ нэг дотооддоо үйлдвэртэй болно доо, тийм ээ? ⛽
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргаж буй Инвескор ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлж захиалгын явц нь эхний өдрөө 59.3%-д хүрлээ.
POL: УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны завсарлага авах хугацааг сунгав.
MNG: Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилж байгаатай холбоотойгоор албан ёсны хэлцэл хийж уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр боллоо.
🎉 М банк 2 нас хүрлээ
Монголын анхны необанк М банк 2 нас хүрлээ. 🍾 Энэ хугацаанд юу болов? Ямар өөрчлөлт авч ирэв?
🌈 Зах зээлд авч ирсэн өнгө
М банк 2 жилийн өмнө зах зээлд нэвтрэхдээ дараагийн үеийн бүрэн дижитал банк гэдгээрээ онцлог байсан. Тиймдээ ч тус банк салбаргүй, очергүй бас хаадаггүй гэдгээрээ танигдсан. Энэ нь арилжааны банкнуудын дунд шинэ өнгө төрх нэмсэн гэж хэлж болно. Нөгөөтээгүүр тэд зах зээлд шинэ төрлийн урамшуулал, үйлчилгээ нэвтрүүлж харилцагчдаа татсан. Жишээ нь,
🧧 More yield: М банкны энгийн 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү ТОП-5 банкныхаас 1.46 нэгж хувиар өндөр буюу 13.6% байгаа. Нэмээд тэд ирэх сарын 5-ныг дуустал жилийн 20%-ийн хадгаламжийн хүүг зарлаад буй. Энэ хугацаанд хамгийн багадаа ₮200,0000 ихдээ ₮20 саяар хадгаламж нээх боломжтой бөгөөд хадгаламжийн дүн ₮200,000-₮9,999,999 бол хүү нь 13.6%, ₮10 саяас -₮20 сая болсон тохиолдолд хүү нь 20%-иар тооцогдох нь.
💪 Хэр томров?
М банкны олгосон нийт цэвэр зээлийн хэмжээ 2 жилийн хугацаанд 1,315% өсөж ₮418.7 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн 2022 оны II улирлын байдлаар ямар ч хадгаламж татаагүй байсан тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮357.1 тэрбумын хадгаламж татсанаар нийт харилцах, хадгаламжийн хэмжээ нь 2 жилийн хугацаанд 3,762% өсөж ₮478.9 тэрбум болжээ.
📈 Үр дүнд нь: Энэ ч утгаараа М банкны нийт хөрөнгийн хэмжээ 304% тэлж ₮885.1 тэрбумд, хүүгийн орлого нь 1,732% нэмэгдэж ₮40.3 тэрбум болсон байна.
🤔 Цаашид яах вэ?
М банк энэ эрчээрээ улам тэлж 2028 оны эцэс гэхэд нийт зээлийн багцын дүнгээ ₮3.9 их наядад хүргэх зорилготой. Ингэснээр тэдний зээлийн багц одоогийн ХасБанк (XAC)-ныхтай дүйж очно гэсэн үг. Ямартай ч тэд 4 жилийн дотор 9 дахин тэлэхээр зорьж буй. Иймдээ ч тэд өнгөрсөн сард Монголд анх удаа байгальд ээлтэй картыг хэрэглээнд нэвтрүүлж, орон нутагт ч тэлээд амжсан. Цаашид хэр тэлэхийг нь харж л байя даа.
📰 Ремиконы эргэн тойронд
RMC: Бетон зуурмагийн салбарын тоглогч Ремикон ХК нь барилга угсралт болон гадаад худалдааны чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж буй Евро ази зам ХХК-ийг өөртөө нэгтгэнэ. Компани Евро ази зам ХХК-ийн энэ оны I улирлын тайланд тусгагдсан өр төлбөр, авлага, үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл зэргийг ₮150 саяар худалдан авах юм. Ингэснээр Евро ази зам ХХК нь Ремикон ХК-ийн охин компани болж байна.
🎂 Крипто од: IHC 3 нас хүрлээ
Өнгөрсөн Ням гарагт IHC Монголын крипто зах зээлд мэндэлсний 3 жилийн ой тохиосон билээ. Монголын крипто салбарын халуухан сэдэв болсон тус койны 3 жилийн түүхээр аялцгаая.
🔥 Хамгийн халуухан мөч
Тэртээ 2021 оны 8 сарын 25-нд IHC дотоодын 4 бирж дээр зэрэг анхдагч зах зээлийн арилжаа (IEO)-гаа эхлүүлж, ердөө 30 секундэд ₮30 тэрбумыг олон нийтээс татан төвлөрүүлэн урьд өмнө нь Монгол койнуудын харуулж байгаагүй тэсрэлтийг хийсэн байдаг. Энэ үед хэт их эрэлт үүссэн нь тус 4 крипто биржийн шандсыг сорьж, гацах нь гацаж, биржүүдийн платформ шатах шахаж байсан түүхтэй. Түүнээс хойш 2 сар хүрэхгүй хугацаанд буюу 10 сарын 8-нд IHC бүх цагийн үеийн түүхэн дээд ханш болох ₮7.78-т хүрч IEO үнээ 26 дахин нугалаад авсан даа.
🪬 $10 саяын хамгаалалт: Түүний дараа 11-р сард тус койны үүсгэн байгуулагчдын нэг болох О.Мөнхжин $10 саяар IHC-г худалдан авч, шаардлагатай бол ₮40 тэрбумаар нэмж худалдан авахаа ч мэдэгдэж байсан.
🗺️ Дэлхийд данстай хамтрал: Цаашлаад өөрсдийн бирж болох X-Meta-г үүсгэн байгуулж дэлхийн томоохон бирж болох Binance (BNB)-тай хамтран ажиллахаар болж байв. 2021 оны 11-р сард X-Meta нээлтээ хийснээр ирэх оны 1 сар хүртэл хөрөнгө оруулагчид гүйлгээний шитгэлээ 100% ногдол ашиг болгон авахаар шийдвэрлэж байсан билээ.
🥶 Хамгийн хүйтэн мөч
Тус койн энэ оны 5 сарын 25-нд түүхэн доод түвшин болох ₮0.05-т хүрсэн бөгөөд энэ нь IEO үнээсээ 6 дахин унасан дүн юм. Цаг хугацааг багахан ухраавал үүний өмнө буюу 2 сарын 1-нд IHC-н үүсгэн байгуулагч О.Мөнхжинг холбогдох хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар IHC-н 3 үүсгэн байгуулагч 30 хоног хоригдож, түүнээс хойш IHC-н үнийг өсгөх ямар нэгэн арга хэмжээ авалгүй нам гүмхэн л байна.
Эцэст нь… IHC-н толгой компани Их Бит ХХК крипто салбараас гадна сагсанбөмбөг, eSport-руу нэлээн анхаарал хандуулдаг. Энэ дундаа IHC Esports дотооддоо төдийгүй дэлхийд эрэмбэлэгдэх чансаатай баг болоод буй. Харин зоосны нөгөө талд IHC-н хөрөнгө оруулагчид ч хэцүүхэн цаг хугацааг туулж байна даа.
Excel цонхнуудаа солихдоо заавал mouse-аа чирэх шаардлагагүй. Alt + W + W дараад л болох нь. 😌 Дадал болгоорой.
🌱 Орчин үеийн Органик маркет
Органик хүнсний худалдаа эрхэлдэг компани, хувь хүн болон үндэсний үйлдвэрлэгч нартаа дуулгах таатай мэдээтэй. 📢
Баруун 4 замд байрлах “Orchlon Tower” цогцолбор хотхоны Organic Market-д та бүхнийг бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.
Онцлог, давуу талаас дурдвал,
Зай талбай: Органик маркетын нийт талбай 2038 мкв ба үүнээс 41% худалдааны талбай, үлдсэн талбай нь нийтийн талбай, зорчих хэсэг, авто зогсоол, ачаа хүлээн авах хэсэг, төрөл бүрийн агуулах, Pop-up дэлгүүр, экспо заал зэрэг буй.
Ялгарал: Хотын төвд орчин үеийн шийдэл бүхий эрүүл шинэ бүтээгдэхүүн, ховор нандин, чамин хүнсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч болон органик бүтээгдэхүүнүүд борлуулагчдыг төвлөрүүлсэн иргэд худалдан авагчдын зорин очих газар болгохоор төлөвлөсөн аж.
Жич: 9 сарын 15-ийг дуустал эхний ээлжийн 5 талбайг хөнгөлөлттэй үнээр туршилтаар борлуулалтад гаргаж байгаа сурагтай.
📞 88071398, 88071399 дугаарт холбогдож борлуулалтын мэдээлэл аваарай.
AND Global
🍋 And Solutions Тайландын AEON Thana Sinsap-д зээлийн өргөдлийг 5 минутад боловсруулах программ хангамж нийлүүлнэ. Энэ программ нь AI-д суурилан өргөдөл боловсруулах хугацааг эрс багасгаж, ажлын ачааллыг оновчтой болгон, хэрэглэгчийн зээлжих зэрэглэлийг үнэн зөв үнэлэх онцлогтой аж. Цаашид тэд тус шийдлийг банкны үндсэн системд нэвтрүүлэх зорьж буй.
🍋 МАН-ын бүлэг УИХ-д өргөн барьсан Тендерийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо. Харин энэ оны төсвийг тодотгох, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ЗГ-ын үйл ажиллагаанд тусгагдсан 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлууд дээр санал нэгдэн үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
🍋 Petro Matad (MATD.L) Heron-1 газрын тосны хайгуулыг амжилттай дуусгаж 2024 оны өрөмдлөгийн төлөвлөгөөгөө танилцуулав. Төлөвлөгөөний хүрээнд DQE Drilling-тай хамтран Heron-2 болон Gobi Bear-1 өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх аж. Мөн Petro Matad нь PetroChina болон Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамтай Block XX төслийн боловсруулалт, тээвэрлэлтийн талаар хэлэлцээрийг ахиулж байгаагаа дурдав.
🍋 Оросын Марк Зукерберг гэгддэг Telegram-н үүсгэн байгуулагч Павел Дуров Францад баривчлагдлаа. Тус улсын эрх баригчдын зүгээс Telegram-н контентын зохицуулалт дутмаг, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тус хэрэгтэй холбоотойгоор он гарснаас хойш 249% өсөж $8-т хүрээд байсан түүний Toncoin (TON)-н үнэ оргил цэгээсээ 30% унаж $5.6 болжээ.
🏗️ Цементийн бат бэхийн үзүүлэлт гэж юу вэ?
Цементийн бат бэхийн үзүүлэлтийг тодорхойлохдоо олон улсын стандартуудыг ашигладаг гэдгийг мэдэх үү?
📐 Цементийн стандарт: Улс болгон өөр өөрийн гэсэн стандарттай байдаг бөгөөд бүтээгдэхүүнээ нэрлэх нэршил нь хүртэл ондоо байх нь бий. Энэхүү стандартууд нь цементийн үйлдвэрлэл, хэрэглээг нэг стандартын дор зохицуулдаг бөгөөд цементийн төрөл, шинж чанар, туршилтын аргачлал зэргийг тодорхойлсон байдаг.
👏 Хамгийн алдартай нь = EN
Олон улсын стандартууд дундаа Европын Холбооны улсуудад өргөн ашиглагддаг “EN стандарт” нь CEM 42.5 портланд цемент гэсэн нэршилтэй. EN нь зөвхөн Европ ч гэлтгүй олон улсын түвшинд ч хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд барилгын материалын чанарыг нэгэн жигд, найдвартай байлгах боломжийг олгодог. Харин Монгол улсын хувьд MNS гэх стандартыг ашигладаг бөгөөд энэ нь цементийн чанар, туршилтын аргыг нарийвчлан зааж өгсөн байдаг. Гэхдээ MNS стандарт нь зөвхөн Монголд хэрэгжих юм.
💭 Ямар байх ёстой вэ? Цементийн үндсэн түүхий эд нь шохойн чулуу байдаг бөгөөд эдгээр нь өндөр чанартай, хольц багатай байх ёстой. Нэмээд цементийн нунтаг байдал ус шингээх чадварт нөлөөлдөг буюу нунтаг нарийн байх тусам цемент хурдан хатаж, бат бэх чанар нь илүү сайн байх боломжтой аж.
🇲🇳 Монцементийн тухайд: Хамгийн анх EN стандартыг нэвтрүүлсэн бөгөөд одоо EN болон Монголын MNS стандартыг мөрддөг аж. Тэдний хувьд магадлан итгэмжлэгдсэн лабораторидоо өдөр бүр бүтээгдэхүүний чанарын шинжилгээг хийж стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тэгэхээр бүх цемент нь стандарт хангасан бас чанарын гэрчилгээтэй байдаг гэсэн үг.
Заа тэгээд, цементийн бат бэхийн үзүүлэлт хангалтгүй байвал барилгын аюулгүй байдал, насжилт, чанар эрсдэлд ордог. Тиймээс, цементийн бат бэхийн үзүүлэлтүүдийг стандартын дагуу шалгаж, чанартайг нь сонгох нь маш чухал. Газар хөдлөлт, үер гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн үед, цементийн чанар шууд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй шүү.
Аудиторын туслах / Эрнст энд Янг Монголия Аудит ХХК: Аудит багийн ахлахын удирдлага дор ажиллах, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага болон бусад холбоотой мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)
Төслийн зохицуулагч / Намир Групп: Намир группийн хамаарал бүхий Инженеринг ХХК-д 2+ жилийн туршлагатай, инженерийн төслүүдийг хугацаанд нь, төсөвт багтаан, шаардлагатай чанарын стандартад нийцүүлэн дуусгах зохицуулагч хайж байна. 👉 (Link)
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / Intelmind: Бүтээгдэхүүний санаа боловсруулахаас эхлээд зах зээлд нэвтрүүлэх хүртэл бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах 1+ жилийн туршлагатай хүн байна уу? 👉 (Link)
Жиргээ: Монголын Алдарт эхийн одон Илон Маскийн бодлоор. (X)
Нөлөө: Ши Жиньпиний шинэ уриа юу байв? (XinhuaNews)
Амжилт: "Inside out 2"-н тогтоосон шинэ рекорд. (Forbes)
Зөвлөгөө: NCAA-ын дасгалжуулагч Dawn Staley-н манлайллын арга барил. (Entrepreneur)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply