• Lemon Press
  • Posts
  • 🤕 Зодоонтой 7 хоног

🤕 Зодоонтой 7 хоног

Зээлжих оноотой хууль | MBTI-р Ерөнхийлөгчөө сонгоно | Цементийн үйлдвэрээр аялав

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монголын нэгэн 7 хоног уран эсэргүүцсэн иргэд Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг биед халдсан, зодоон нүдээнээр эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдаа бодлогоор хөөж туудаг байсан бол одоо шууд л нударгын арга руу шилжиж байна даа. 🥶

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Тэнгэр Даатгал (TGI) энэ оны эхний улиралд ₮1 тэрбумын цэвэр ашигтай, ₮5.9 тэрбумын орлоготой ажиллалаа

QPAY: Инновэйшн Инвестмент ХК-ийн өнгөрсөн оны засаглалын кодексын хэрэгжилт 94%-тай үнэлэгдэв

KZH: Казакстанаас Монголд суух Элчин сайдаар Алмас Сейтакынов томилогджээ

GOLD: Нэг унц алтны үнэ $3,400-т хүрч түүхэн дээд түвшнээ дахин шинэчлэв.

🧳 Монцемент үйлдвэрээр аялсан тэмдэглэл

Энэ удаагийн Travel With контентоор бид барилгын талх гэгддэг цементийн үйлдвэрээр аялсан түүхээ хуваалцаж байна. Хүлээн авна уу. 

Улаанбаатар хотоос 507 км-ийн алсад Монголын томоохон олборлолт, үйлдвэрлэлийн бүс оршдог. Бидний аяллын эцсийн цэг жилийн 4 улиралд налайгаад л байдаг Дорнын их говь хэдий ч өвөлдөө ховорхон тохиох цасан шуурганаар эхэлсэн юм. 

  • Монцемент Билдинг Материалс ХХК-ийн цементийн үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд байршдаг. Энэ жил 10 жилийн ойн босгон дээр ирсэн тус үйлдвэрийг 2015 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Монполимет Групп хамтран үүсгэн байгуулж байлаа. Үндсэн буюу үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулалт нь $250 сая.

🔢 Нэгдсэн зээлжих оноо 

УИХ энэ 7 хоногт Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

  • Тоонууд: Өнгөрсөн оны байдлаар нийт 2.3 сая гаруй хүн ББСБ-д ₮5.2 их наядын зээлтэй байна. ББСБ-уудын чанаргүй зээлийн хувь хэмжээ 6.1%. Харин нөгөө талд банкны салбарынх ₮37.1 их наяд, чанаргүй зээл нь 5.1% байжээ

🧭 Хуульд шинэчлэл хийх шаардлага

Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 ББСБ, 1.6 сая иргэн, 19.6 мянган ААН, төрийн сангийн мэдээлэл хадгалагдаж буй. Одоо мөрдөгдөж буй хуульд зээлийн мэдээллийг ашиглан зээлжих чадвар, зэрэглэл тогтооно гэж заасан ч аль байгууллага, ямар аргачлалаар, хэрхэн хийх талаар тодорхой заалт байхгүй.

  • 🤔 Үүнээс үүдэн банк болон ББСБ-ууд иргэн, ААН-ийн зээлжих зэрэглэлийг тогтоохдоо өөр өөрийн аргаар үнэлж, зээлийн үнэлгээ жигд бус тогтож байна гэж үзэж байгаа аж. 

  • 🆕 Шинэ хуулиар: Тиймээс зээлжих зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалаар тогтоох, мөн зэрэглэл тогтоох хугацааг зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээлэл гэснийг 6 хүртэлх болгон өөрчлөх аж. 

🗣️ ББСБ-ын салбарт юу болоод байна?

Өнгөрсөн сард СЗХ ББСБ-аас иргэд хэрэглээний зээл ихээр авч байгаатай холбоотойгоор өр орлогын харьцааг 60:40 болгоод буй. Мөн ББСБ-уудын олгож буй хэрэглээний зээлийг хумьж оронд нь  бизнесийн зээлийг нэмэгдүүлэх зорилгоор банкнаас эх үүсвэр татдаг явдлыг зогсоосон билээ. Оронд нь ББСБ-ууд банкнаас бус гаднаас санхүүгийн эх үүсвэр татдаг болсноор зээлийн хүү бууруулах, эрсдэлээ удирдах боломж бүрдэнэ. 

Юутай ч нэг талаас зээл авагчдын зээлжих оноог илүү тодорхой, ил тод аргачлалаар тодорхойлж санхүүгийн хүртээмжийг нэмэх асуудал яригдаж байгаа бол нөгөө талд ББСБ-ын банкнаас хараат байдаг асуудлыг цэгцлэх томоохон шинэчлэл хийхээр зэхэж байна. 

🦌 Хятад, Америкт хавчуулагдсан $NVDA

NVDA: Nvidia-н хувьцааны үнэ 4 сарын 15-наас хойш тасралтгүй унасаар. Оны эхэнд $138-т арилжаалдагдаж байсан технологийн титаны хувьцааны үнэ он гарснаас хойш 24.5% унаж $101-т хүрээд буй. Өнгөрсөн 7 хоногт Америкийн Худалдааны яам Nvidia-н хэдийн экспортлохоо больсон H20 чипээс экспортын лиценз шаардах болсон. Эрх баригчдын тус шаардлагаас үүдэн компани $5.5 тэрбумын хохирол амсах төлөвтэй байгаа.

 🏦👔 Financial Elites 2025

Календарь дээрээ тэмдэглээрэй! СЭЗИС-ийн ОУ-ын хөтөлбөрөөс ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтнүүддээ зориулан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Financial Elites Event” цар хүрээгээ тэлж ОУ-ын чуулга уулзалт хэлбэрээр болох гэж байна. 📢

  • Тус чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийг дэмжсэн стратегийн шийдвэр гаргалтыг компаниудын урт хугацааны бодлогод тусгаж өгснөөр бизнесийн өсөлт, хөгжил болон бусад оролцогч талуудад ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар хэлэлцэх юм.

📍 Хаана: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт, Juulchin Ballroom
🗓️ Хэзээ: 5 сарын 9

  • 👁️‍🗨️ ААН-ийн орлогын албан татварын шинэчлэл начир дээрээ… (iKon)

  • 🧱 OpenAI-тай эелдэг харьцах хэрэггүй дээ. Бөөн зардал. (BusinessStandard)

  • 👊 Европын Холбоонд нэгдэхийг хүсвэл Ялалтын баяраар бүү шагай! (Politico)

  • ⛪ Ромын Пап Францис 88 насандаа таалал төгслөө. (NYT)

🃏🏷️ MBTI-д донтсон үндэстэн 

Өмнөд Солонгос улс төрийн кампанит ажилдаа “Зан төлөвийн тест” (MBTI) ашигласан анхны улс боллоо. Дэвшил үү? Дэмийрэл үү?

👔 Удирдагч төрдөг нам

Юу болсон бэ гэхээр, Ард түмний хүч намын дотоод сунгааны үеэр ирэх 6 сарын 3-нд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид MBTI төрлөө тодорхойлж, олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

  • 🙋 Бүгд экстроверт: Тэдний тэн хагас нь өөрсдийгөө ENTJ гэж танилцуулсан бол үлдсэн нь ESFJ, ESTJ болон ENFJ гэхчлэн тодорхойлж. Барак Обама, Нельсон Мандела, Опра Уинфри гээд ENFJ зан төлөвтэй улс төрчид угаас олон. Анзаарвал, эд бүгд MBTI-н улс төрийн луужингийн “удирдагч” хэв шинжийг агуулсан интервалын ноён оргилуудад байна

Өмнөд Солонгосын ард түмэн хэзээний энтертайнмент трэндэд амь тавин хошуурцгаадаг. Тэндхийн 2021 оны насанд хүрсэн 1,000 иргэдийн дунд хийсэн судалгаагаар л гэхэд MBTI-д итгэдэггүй хүмүүс 35%, итгэдэг хүмүүс 36% байсан бол 20-иод насныхны 52% нь итгэдэг гэж тодорхойлсон байна.  

  • 💯 Ташраараа итгэдэг: 2021 онд Өмнөд Солонгосын нийт иргэдийн тал хувь буюу 25.9 сая хүн, харин 19-28 насныхны 90% нь MBTI тест өгч байжээ. Түүнчлэн 16Personalities дээр л гэхэд сар бүр 730 мянга гаруй Өмнөд Солонгосчууд MBTI тест өгдөг тооцоо гарч.

🌀 Соёлын популизм

Анх 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Юн Сок Ёл MBTI төрлөө ENFJ гэж зарлаж байв. Эндээс харахад тус намын хувьд аливаа сонгуульд улс төр ба соёл хооронд эвтэйхэн огтлолцдог “Би та нарын нэг” ойлголтыг ард түмэнд төрүүлэх стратеги ашиглах хандлагатай аж. 

  • ☝️ Тэр цагаас Өмнөд Солонгосын ард түмний эрх баригч намд итгэх итгэл бууран буурсаар Юн Сок Ёлийн импичментээс хойш 39%-д хүрсэн. Харин сөрөг хүчинд итгэх итгэл 44.3% хүртэл өссөн байна

Хэдийгээр 16 тестээр 8 тэрбум хүний зан чанарыг яг таг тодорхойлох нь учир дутагдалтай ч, энтертайнмент соёлын нөлөөгөөр “үнэмшилтэй” брэнд болжээ. Энэ ч утгаараа улс төрийн салбарт ард түмний ой тойнд хоногших стратегийн хэрэгсэл болж эхлэв. Гэвч улс төр бол бодлого, хариуцлага, үнэт зүйл дээр тогтдог тогтолцоо гэдгийг санах хэрэгтэй.

Excel дээр байгаа том өгөгдлийг гараар гүйлгэж харах хэцүү. Энэ тохиолдолд яах вэ? 

  • Хамгийн эхний мөрөөс сүүлийн мөр лүү очих: Ctrl+⬇️, эсрэгээрээ бол Ctrl+⬆️

  • Харин баруунаас зүүн бол Ctrl+⬅️, зүүнээс баруун бол Ctrl+➡️ гэж ашиглаарай. 

Сониноос Ctrl командыг 50-70 хувилбараар ашиглаж болдог шүү. ЭНД дарж заримыг нь хараарай. 

Lifestyle Asia

🍋 Coldplay хамтлаг Хонконгийн аялал жуулчлалын салбарт HK$1.2 тэрбумын орлого цутгалаа. Энэ дүн 4 шөнийн дотор цугларсан бөгөөд тус улсын аялал жуулчлалын салбарын жилийн орлогын 0.4%-тай дүйх юм. Онцолбол, тоглолт болсон Коулун хотын цэнгээний газар, ресторануудын орлого 5%-10% өссөн байна. Сониноос, Coldplay аялан тоглолтоосоо цугларах нийт орлогын 10%-ийг Их Британийн Music Venue Trust-д хандивлана.

🍋 ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг ирэх сард зарлана. Түүнчлэн төслийн ТЭЗҮ-ийг дахин шинэчилснээр тус цахилгаан станцыг барих талбайн хэмжээг 50% нэмж 15 га болгожээ. Үүнд нэмэгдсэн 5 га талбайн газар чөлөөлөлтөд өртөж буй 26 иргэн, ААН-үүдэд дүйцүүлж газар олгох, эсвэл Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор өгөх аж.

🍋 Хятад Америкийн гадаад худалдааны хэлэлцээрт найр тавьсан орнуудтай худалдаагаа хязгаарлана. Хаданд дунд хавчуулагдсан халиуны зулзага болж буй орнуудын ихэнх нь Зүүн Өмнөд Азийн орнууд байна. Тодруулбал, тус бүс нутгийн нийт гадаад худалдааны 25%-30% нь Америк болон Хятадаас хамаардаг. Гэтэл тэдгээрээс энэ сард л гэхэд Индонез Америкаас $10 тэрбумын эрчим хүч импортлох санал тавиад байгаа. 

🍋 Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн 3 давхар барилгад орох үйлчилгээний төвүүдийг нийслэлээс шийднэ. Барилгад үйлчилгээний төвүүдээс гадна жуулчдын мэдээллийн төв, үндэсний үйлдвэрлэлийн үйлчилгээний талбай, хүүхдийн цэцэрлэг тэргүүтэй байх аж. Хугацааны хувьд цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орохоос 2 сарын дараа буюу 9-р сард ашиглалтад орох нь. 

Reply

or to participate.