- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Sky Resort х 🇰🇷 Казино эзэмшигч
🇲🇳 Sky Resort х 🇰🇷 Казино эзэмшигч
SKYtel-н өөрчлөлт | $MSE: Ашиг буурлаа | Түгжрэлийн эсрэг сургууль
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Цаг агаар нэг хүйтэрч, нэг халж, төсвийн тэнцэл ₮353 тэрбумын алдагдал хүлээж байх зуур Засгийн газрынхан орон нутгаар аялж хуралдаад л. Тэд маань төсвийн мөнгө, төрсөн биеэ үл хайхран хаашаа ч юм зүтгэх юм даа. 🥴🤕


*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Энэ оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр экспорт өмнөх оны мөн үеэс 17.5% буурч $3 тэрбум, импорт 5.5% өсөж $2.5 тэрбумд хүрснээр худалдааны тэнцлийн ашиг 62% буураад байна.
FRC: Бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлд "Бонд форум 2025" арга хэмжээ энэ Пүрэв гарагт буюу 4 сарын 14-нд болно.
CHN: Өнгөрсөн 3-р сард Хятадын экспорт 12.4% өсөж $313.9 тэрбумд хүрсэн бол импорт нь 4.3% буурч $211.3 тэрбум болсноор худалдааны тэнцэл нь $102.6 тэрбумын ашигтай гарав.

🪂 SKYtel-н өөрчлөлт

SKYtel-н 2 том хувьцаа эзэмшигчийн нэг Алтай холдинг тус компанид хувь эзэмшихээ больжээ. Юу болоод байна вэ?
🌅 Нэгэн бүлгийн төгсгөл
1999 он. Энэ бол SKYtel буюу 2 дахь оператор компани үүсэн байгуулагдсан жил. Үүнээс хойш 11 жилийн турш SKYtel-г Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар удирдсан байдаг. Харин 2010 онд Алтай Холдинг болон Шунхлай Холдинг Солонгосын талын хувь эзэмшлийг бүрэн худалдаж авснаар SKYtel 100% Монголын хөрөнгө оруулалттай болж байсан билээ. Харин одоо SKYtel-н ирээдүй Шунхлай Холдингоос бүрэн хамаарах нь дээ.
🌁 Өндөрт гараагүй тэнгэр: SKYtel анх Тэнгэрийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байв. Байгуулагдсан цагаасаа хойш нийт зах зээлийн дунджаар 18%-ийг эзэлж байсан. Хамгийн оргилдоо 2009 онд 22.3%-ийг эзэлсэн аж. Үүнээс байр суурь нь тасралтгүй унасаар 2015 онд 15%-д хүрч байв. Харин өнгөрсөн оны хагас жилийн байдлаар энэ тоо 18.2% байна.
🧐 Асуудал = Засаглал
Өнгөрсөн хугацаанд SKYtel-н 2 том хувьцаа эзэмшигч тус компанийн менежментийг сонгуулийн зарчмаар буюу 4, 4 жил орчмоор ээлжилж хариуцаж ирсэн гэдэг шуум бий. Иймдээ ч тэдний хувьд 41 үндсэн салбар, 26 гэрээт салбар, 5,300 гаруй гэрээт борлуулагчтай, 25 жилийн туршлагатай хэдий ч зах зээл дэх байр суурь, бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь ч нэг их гавихгүй л байна даа.
‼️ Засах уу, замхрах уу: Одоо SKYtel-н эзэмшил өөрчлөгдсөнөөр цаашид засаглалаа сайжруулж, менежментээ шинэчлэх асуудал гарч ирж байна. Яг бизнесийн зарчмаар бүтээгдэхүүнээ сайжруулж хэрэглэгчдээ татахгүй бол энэ салбарт гуравхан жилийн түүхтэй ONDO-н зах зээлд эзлэх байр суурь л гэхэд 4% руу ойртсон цөвүүн цаг даа.
Эцэст нь… Саяхан Тапа болон ABA компаниуд нэгдэж байсан бол одоо SKYtel-н хувьд том өөрчлөлтийг хийжээ. Тайван байсан бизнесийн талбарт маань хөдөлгөөн нэмэгдэж байна уу даа. Ямартай ч Шунхлай Холдинг SKYtel-н логог сагсан бөмбөгийн багийн цамцан дээр хэвлэхээс илүү зүйл хийнэ гэж хүлээж байя даа.

🔻 $MSE: Ашиг буурлаа
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн энэ оны I улирлын цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 13.2% буурч ₮6.4 тэрбум болжээ. Учир нь тэдний борлуулалтын орлого 2.4 дахин багассан байна. Нэмээд тайлангаас харахад уул уурхайн биржийн дэнчинд байршиж буй мөнгө ч мөн 11.2% агшиж ₮757.8 тэрбум болсон аж. Нэмээд МХБ-ийн нийт хөрөнгийн дүн ч буурсан харагдаж байна. Тайлан гарсан өдөр буюу өчигдрийн арилжаагаар $MSE-н үнэ 5.65% унаад амжив.

🛎️ Зочлох салбарын шилдгүүд нэг дор
“Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ тус салбарын төлөөллүүддээ зориулан “Horeca Mongolia Conference - 2025”-г 7 дахь жилдээ “Be Pro - Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” уриан дор оюуны өмчийн албан ёсны эрхтэй зохион байгуулах гэж байна. 📢
Тус чуулган нь илтгэл, хэлэлцүүлэг, манлайлал гэх үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Монгол, Филиппин, Казакстан, Сингапурын зочлох үйлчилгээний салбарын төлөөллүүд нэг дор цугларч шинэ чиг хандлага, тулгамдсан асуудлууд, хөгжлийн боломжуудын талаар хэлэлцэж, мэдлэг мэдээллээ хуваалцах юм.
📍 Хаана: The Corporate Hotel and Convention Centre
🗓️ Хэзээ: 4 сарын 16-нд

🏅 2028 онд Лос Анжелест болох зуны олимпын хөтөлбөр батлагджээ. (LA28)
🥼 ЭМД-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болох нь. (Parliament)
🌟 Ирэх 1 жилийн хугацаанд тарифын халуурлыг сөрж зогсох 38 хувьцаа. (BusinessInsider)
⚒️ Сртатегийн ордод ямар ордуудыг нэмэх вэ? (Ikon)

🤝 Kangwon Land x Sky Resort

Өмнөд Солонгосын хамгийн том мөн дотоодын иргэдэд нээлттэй цорын ганц Kangwon Land компани Sky Resort-той аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлд бизнесийн гэрээ байгууллаа.
Өдгөө Өмнөд Солонгост 17 казино үйл ажиллагаа явуулж буй. Хуулиараа дотоодын иргэд казиногоор үйлчлүүлэх хориотой тул үлдсэн 16 нь зөвхөн гаднын иргэдэд үйлчилдэг аж.
📖 Бяцхан танилцуулга
Kangwon Land Corporation (035250.KS) нь 1998 онд төрийн дэмжлэгтэй байгуулагдаж, казиногоос гадна зочид буудал, амралтын газар, High1 Ski Resort гэхчлэн аялал жуулчлалын бүрэн угсармал бизнесүүдийг эзэмшдэг. Компани өнгөрсөн жилээс K-HIT 1.0 буюу High1 Integrated Tourism төслийг эхлүүлж, Ази болон дэлхийн жишигт нийцсэн, олон салбарыг нэгтгэсэн амралтын газар болохоор хөдөлж эхэлсэн. Улмаар гадаад маркетингийн багтай болж, 7 улсын 9 компанитай шууд борлуулалтын гэрээ байгуулжээ.
🥊 Хатуу & халуухан өрсөлдөгч: Учир нь Японы MGM Resorts 2030 он гэхэд Осака хотод хэдэн тэрбум долларын өртөгтэй казино, зочид буудал гээд л байхгүй юм байхгүй томоохон ресортыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Жилдээ 20.5 сая жуулчин татах зорилготой гэхээр нэлээн том өрсөлдөгч.
🫰🏻🤑 Харин Kangwon Land-н бизнесийн гол орлого нь казиногийн бизнесээс орж ирдэг бөгөөд жилдээ ₩1 их наядыг өлхөн давдаг аж.
🧑🤝🧑 Хамтын ажиллагааны төлөвлөгөө
Sky Resort болон High1 Ski Resort-н хамтын ажиллагааны хүрээнд талууд дотоодын аялал жуулчлалын чиг хандлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэдээлэл солилцож, соёлын солилцоогоор дамжуулан дотоодын сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх, мөн амралтын газрын үйл ажиллагааны систем, менежментийн туршлагыг хуваалцах байдлаар хамтран ажиллана. Цаашлаад, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
🏆 Хэрэв та мэдэх бол Sky Resort нь MCS Группийн охин компани бөгөөд Монголдоо томд тооцогдох цанын баазаас гадна 3 гольфийн талбайтай амралтын цогцолбор.
🗣️ Тэд биднийг: Kangwon Land-н үүрэг гүйцэтгэгч Гүйцэтгэх захирал “Mонгол бол бидний хувьд шинэ зах зээл бөгөөд High1 Resort брэндийг танилцуулах чухал алхам” хэмээснээс нь харахад Монголоос жуулчид татах сонирхол ихтэй байгаа бололтой.
Эцэст нь… K-HIT 1.0 төсөл зөвхөн жуулчдыг татах бус, дотоодын тэр тусмаа орон нутгийн эдийн засгийг дэмжиж, олон улсад таниулан сурталчлах зорилготой. Айлын хүүхдүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ улсаа сурталчилдаг бол харин бид хэдэн стриймер, инфлүнсэрүүдийг урьж, залан улсаа сурталчлуулдаг. Дотооддоо хүнд гайхуулах юмтай бол тэд өөрсдөө ирээд эс хүссэн ч сурталчлаад л өгөх байх даа.

Excel дээр тодорхой утгад хүрэхийн тулд ямар утга өгөх шаардлагатайг тодорхойлж өгдөг “Goal Seek” функцийг ашиглаж сурцгаая. 👇🏻
Жишээ нь, C3 нүдэнд байх ₮12 саяын орлого олохын тулд B1 нүдний ₮50 мянгын үнэтэй бүтээгдэхүүн борлуулах тоо хэмжээг C3 нүдэнд олно гэж төсөөлье.
Эхлээд, Data цэс рүү очиж What-If Analysis ➡️ Goal Seek-г сонгоно.
Эндээс C3-г зорилтот тоо буюу “To Value”, B1-г орлогыг тооцож буй томьёотой нүд “Set cell” харин бидний олох C3-г тооцоолж олох гэж буй хувьсагч буюу “By changing cell”-д тохируулан бөглөхөд болох нь ээ. ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

🎓 iPad-тай болоод хичээнгүйлэн суралцаарай
Мэдсэн үү? Өмнөд Солонгосын Стратеги, Сангийн яамны албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг GME Finance тэнд суугаа оюутнууддаа зээл олгодог болсны сацуу “iPad-тай оюутан” хаврын урамшуулал зарлажээ. 📢
Тус урамшууллаар,
📲 Хожил өөдөө: GME апп-ийн “Зээл” цэс рүү орж зээлийн эрхээ шалгуулснаар iPad 11 хожих боломжтой 1 сугалаатай болохоос гадна,
💸 Бэлэг бэлгийн дээд: GME Finance Mongolia-н Facebook хуудсыг дагаад ЭНЭ зааврыг хэрэгжүүлснээр ₩100 мянгыг бэлнээр авах 3 азтаны 1 болох нь ээ.
Гэснээс тэд зээлийн лимитээ 25% нэмж ₩25 сая болгосноос гадна давхар зээл авах боломжтой болсон шүү.
📞 Холбогдох: 010-3384-6864


NK News
🍋 Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын дарга асан И Жэ Мён өрсөлдөнө. Хэрэв сонгогдвол тэрээр AI салбарт ₩100 их наяд хүртэл хөрөнгө оруулахын сацуу Номхон далай, Энэтхэг, Ойрх Дорнодын орнуудтай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж 1 тэрбум хүнийг хамарсан дижитал сүлжээ бий болгох нь. Улмаар Өмнөд Солонгосыг AI салбарт дэлхийд тэргүүлэгч 3 гүрний 1 болгох амлалт өгч буй.
🍋 Улаанбаатарын түгжрэлийг 31.7% бууруулахын тулд гэр хорооллын бүсэд сургууль барих шаардлагатай. Иймд улсын төсвөөс гэр хорооллын бүсэд энэ жил 25, ирэх жил 29, 2027 онд 28 сургуулийг тус тус барихаар төлөвлөжээ. Учир нь дүүрэг, хороо хооронд 168 мянган сурагч, 7,844 багш зорчиж байгаагийн 90% нь хотын төв рүү зорчиж байгаа нь замын түгжрэлийн 54.7%-ийг бүрдүүлдэг гэнэ.
🍋 Америк ухаалаг гар утас, компьютерыг импортын шинэ татвараас чөлөөлөв. Үүнд санах ойн карт, нарны зай, хагас дамжуулагчийн импорт ч багтаж буй. Сонирхуулахад, Apple (AAPL) 3-р сараас хойш Энэтхэг дэх үйлдвэрүүдээсээ Америк руу 600 тн буюу ойролцоогоор 1.5 сая ш iPhone онгоцоор зөөжээ. Гэснээс, iPhone-н 90% нь Хятадад угсрагддаг гэнэ дээ.
🍋 Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 10.9% өсөж ₮41.5 их наяд болжээ. Үүнд ₮-ийн хадгаламж 22% өсөж ₮22.1 их наяд болсон нь голлон нөлөөлөв. Тэгвэл ₮-ийн хадгаламжийн 86.4% буюу ₮19.1 их наяд нь иргэдийн хадгаламж, 13.6% буюу ₮3 их наяд нь ААН, байгууллагын хадгаламж байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply