- Lemon Press
- Posts
- 🔎 Монголын цементийн зах зээл
🔎 Монголын цементийн зах зээл
Shoppy x Alibaba | Байгальд ээлтэй Мега төслүүд | Үнэт Кредит ББСБ-ын бонд
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ эцэслэн гаргалаа. Морин цагт албан ёсоор товхимлоо илгээнэ. 😜
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: “Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
NSO: Өнгөрсөн сард улсын хэмжээнд инфляцын түвшин жилийн өмнөхөөсөө 4.9 нэгж хувиар буурч 6.4%-тай гарлаа.
GOV: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.
🔎 Монголын цементийн зах зээлийг шинжье!
Өнгөрсөн 7 хоногт ЗГ-аас импортын цементийн татварыг 20% байсныг 5% болгон бууруулсан билээ. Тэгвэл Монгол ер нь хаанаас, хэр хэмжээний цемент авч байна?
🇨🇳 Гол нийлүүлэгч
Өнгөрсөн оны байдлаар Монгол $34.5 саяын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортоор авсны 98%-ийг Хятад дангаар нийлүүлсэн байна. Тэр дундаа тус улсаас дан цемент авахад л $15.7 саяыг зарцуулсан аж. Хятадын импортын цементэд эзэлж буй хувь, хэмжээ үлэмж юм шиг харагдах ч үүнийг 10 жилийн өмнөх буюу 2015 онтой харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлт гээд л бод. Бараг 10 жилийн өмнө бүхэл бүтэн барилгын салбар маань Хятадын цементээс шууд хамааралтай байсан гэхээр.
Шил дарагсад: Араас нь Япон жагсаж байгаа ч бид тус улсаас цементийг дангаар нь авахаас илүү бүтээгдэхүүн буюу $102 мянгын үнэ бүхий асбест цементэн бүтээгдэхүүн авсан байна. Харин Оросоос бол импортын цемент, цементийн бүтээгдэхүүнийхээ 0.2%-ийг л авчээ.
Дотоод 88% vs импорт 12%
Өдгөө Монголд цементийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд жилд 4.5 сая тн цемент үйлдвэрлэх чадалтай гэгддэг. Харин Монголын цементийн жилийн хэрэглээ 1.8 сая тн гэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд Монгол импортоор 255 мянган тн орчим цемент авч дотоодын хэрэгцээгээ хангасан байна. Энэ нь тус жилд дотоодын цементийн хэрэгцээний 13.7%-ийг бүрдүүлсэн бол нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчид 1.6 сая тн цемент үйлдвэрлэсэн байдаг.
Эцэст нь… Импортын цементийн хэмжээ 10 жилийн өмнөхөө бодоход багасаж байгаа төдийгүй Ковид-19-ийн жил болох 2021, 2022 онд л гэхэд нийлбэр дүнгээр $254 саяыг дотооддоо хадгалаад буй. Өнгөрсөн жилийн тухайд $98.9 саяыг дотооддоо хадгалсан зэргээс харахад ядаж нэг салбар маань ч гэсэн бусад улсаас хараат бус байх нөхцөл бүрдэж байтал нөгөө талд импортоор чанаргүй цемент орж ирэх гээд асуудал ч гарсаар байгаа даа.
💰 Бонд айсуй
SEND: Сэндли ББСБ ХК нэг бүр нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй нийт ₮10 тэрбумын үнийн дүн бүхий нээлттэй өрийн хэрэгсэл буюу “Сэндли Бонд 2.0”-г гаргана. Уг бондыг МХБ (MSE)-ээр дамжуулан нээлттэй арилжаалах бөгөөд жилийн хүү нь 18.5%, хугацаа нь 24 сар байх юм. Түүнчлэн хүү нь улирал тутамд төлөгдөх аж. Бондын үндсэн андеррайтераар Өлзий энд Ко Капитал ҮЦК ажиллах нь.
🍸 RTD-н зах зээл
Ready to Drink (RTD) буюу савласан коктейлийн зах зээл 2030 он хүртэл жилд дунджаар 14% өссөөр $2.3 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тус төрлийн бүтээгдэхүүнүүд дэлхийн согтууруулах ундааны зах зээлийн халуухан бүтээгдэхүүнүүдийн нэг гэгдэж буй.
Шинэ үеийнхний сонголт?
Савласан коктейлийн зах зээл 2022 онд $853 саяар үнэлэгдэж байсан төдийгүй тус төрлийн бүтээгдэхүүний зах зээл дэх өсөлтийг текила, Ирланд виски тэргүүтэй бусад согтууруулах ундаатай харьцуулахад 3 дахин өсөлттэй байгаа аж. Сонирхуулахад, савласан коктейлиуд соёолж, дарс, спирт, коктейль гэсэн үндсэн 4 суурьтай байдаг бөгөөд энэ дундаасаа спирт болон коктейль суурьтай төрлүүд нь хамгийн эрэлттэй байдаг гэнэ дээ. Тэгвэл хүмүүс яагаад RTD-руу хошуурч байна?
Юугаараа онцлог юм? Тус төрлийн бүтээгдэхүүн нь алкоголийн түвшин багатай төдийгүй эрдэс, амин дэмийн орц найрлагатай согтууруулах ундаа гэдгээрээ давуу.
Монгол ч юугаараа дутах вэ…
Монголын савласан коктейлийн зах зээлийн угшлыг нь ухах аваас тэртээ 2018 онд монголчууд савласан коктейльтой танилцаж байсан гэдэг. Улмаар өнгөрсөн жил АПУ ХК (APU) 68 бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр гаргасны нэг нь Ooze байсан юм.
Дараагийн 100 жилд: АПУ ХК-ийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Улмаар тэд ирэх 100 жилдээ архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүнийхээ алкоголийн хэмжээг бууруулахын сацуу нийт бүтээгдэхүүний нэр төрөлд эзлэх сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлэх гэнэ.
Өсөлт: Энэ ч утгаараа тэд коктейлийн зах зээлд хөл тавьж, Ooze шиг алкоголийн түвшин багатай бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлсэн. Хэдий тэд Ooze-г зах зээлд нэвтрүүлээд удаагүй ч өнгөрсөн онд борлуулалт нь 30% орчим өссөн сурагтай. Энүүхэндээ гэж хэлэхэд, Ooze коктейль суурьтай тул мөстэй сайн хоршдог гэнэ лээ шүү.
Эцэст нь… Нэг үеэ бодоход монголчууд, тэр дундаа залуус алкоголийн соёлтой хэрэглээг эрхэмлэх болсон. Ганц Монголд гэлтгүй дэлхий даяар залуус, Z үеийнхэн ах нар шиг хатуу архины оронд олон төрлийн амттай алкоголийг илүүд үзэн сонгож буй нь нууц биш билээ.
🇨🇳 нийт импортын 38.2%
Энэ оны эхний 4 сард Монгол нийт импортын бараа бүтээгдэхүүнийхээ 38.2%-ийг Хятадаас авчээ.
🇷🇺 нийт импортын 27%
Харин Орос нийт импортын 27%-ийг эзэлсэн бөгөөд үүнд тус улсаас бид газрын тосны бүтээгдэхүүн, тэжээвэр амьтдын хоол, хүнсний бүтээгдэхүүн, бордоог түлхүү авсан байна.
91.3% & 0.8%
Цаашлаад, нийт экспортынхоо 91.3%-ийг Хятад руу, 0.8%-ийг Орос руу нийлүүлсэн аж
🧮 Санхүүгийн менежментийн улсын олимпиад
Санхүү менежмент чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудын дунд тэдний мэргэжлийн мэдлэгийг сорих, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Санхүүгийн менежментийн улсын олимпиад”-ыг 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус олимпиадыг СЭЗИС-иас зохион байгуулдаг байсан бол энэ жил Залуу Санхүүгийн Мэргэжилтнүүдийн Манлайлал НҮТББ бие дааж буюу их сургуулиудын оролцоогүй зохион байгуулж буй. Сонирхуулахад, нийт 8 их сургуулийн 13 багийн 65 оюутан оролцох аж.
📅 Хэзээ: 5 сарын 10, 11
BlinderTech
🔹Монголын №1 худалдааны платформ Шоппи ХХК Alibaba Group (9988.HK)-тэй албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тодруулбал, компани Alibaba-н "1688" платформтой хамтарч shoppyhub.mn платформыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Шинээр гарч буй уг платформ нь Монгол хэрэглэгчдийг 1688.com-н бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.
🔹Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-аас М банканд $30 саяын санхүүжилт олголоо. Тус санхүүжилтийн 25% нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулагдах аж. Энэхүү санхүүжилт нь ЖДҮ-т чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байна. Сонирхуулахад, ОУСК сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын банк, санхүүгийн байгууллагуудад $345 саяын санхүүжилт болон техникийн туслалцаа үзүүлжээ.
🔹Үнэт Санхүүгийн Нэгдлийн охин компани “Үнэт Кредит ББСБ” ХХК биржийн бус зах зээлээс ₮2.7 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Тодруулбал, компани Инвескор Капитал ҮЦК-тай хамтран ББЗЗ дээр нийт ₮5 тэрбумын хөрөнгө оруулалт татах хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатны өрийн хэрэгслийг гаргаж 100%-ийн биелэлтэй татан төвлөрүүлсэн байна.
🔹АМТХ-ийн нэмэлт өөрчлөлт ЗГ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд хамаарахгүй. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийт гаргасан хувьцааны 34%-иас дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглосон юм.
🌳 Байгальд ээлтэй Мега төслүүд
Уул уурхайн мега төслүүд байгаль орчны асуудалд хэр их анхаардаг вэ?
Газрын нөхөн сэргээлт
Томоохон хэмжээний олборлолт нь газрын эвдрэлийг бий болгодог. Тиймээс зарим уул уурхайн компаниуд олборлолт хийсэн газраа дахин сэргээх ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд уугуул ургамлыг дахин тарих, хөрсийг сэргээх, амьдрах орчныг бий болгох зэрэг орно.
Сонгодог жишээ: Манай улсад 30.7 мянган га талбай эвдрэлд орсны 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн аж. Тиймээс “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 398.7 га газрыг нөхөн сэргээж байв. Түүнчлэн компани Цагаан хөтөл дэх нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд буй.
Асуудал ба шийдэл
Түүнчлэн уул уурхайн томоохон компаниуд экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд автоматжуулсан тоног төхөөрөмж ашиглаж буй. Автоматжуулалт нь тухайн газар нутгийн экосистемийн эвдрэлийг багасгаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах юм. Мөн зарим уул уурхайн төслүүд нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглаж байна.
Эцэст нь… Уул уурхайн томоохон төслүүд эдийн засагт хувь нэмэр оруулахын хэрээр байгаль орчинд нөлөө үзүүлж байгаа ч сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлт хийх, усны менежментээ сайжруулах зэргээр байгальд ээлтэй болсоор байна даа.
Financial Writer / Lemon Press: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, зах зээлийн хөдөлгөөн, шинэ мэдээллийг сонирхдог хүнийг хайж байна. 👉 (Link)
Гэрээт ажилтан / Үндэсний Статистикийн Хороо: Эдийн засаг, статистикийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, судалгаа хийх чадвартай хүн байна уу? (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Олимп: Парисын олимпийн бамбар албан ёсоор Францад иржээ. (InsideTheGames)
Танилц: Нью-Йорк хот дэлхийн хамгийн баян 50 хотын жагсаалтыг тэргүүлсэн байна шүү. (NBC)
Ойрхон байна даа: Канье Вэст ирэх сард Москва хотод тоглолтоо хийх нь. (OreandaNews)
Сонирх: "Vibe-аа гайхуул" видео уралдаанд оролцоорой. (LemonPress)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply