- Lemon Press
- Posts
- 🇭🇰 Хонконг-д юу болов?
🇭🇰 Хонконг-д юу болов?
Salesforce-н өсөлт | COP28 | Tesla Cybertruck
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Өнгөрсөн Баасан гарагт “Grand Bull 2023” хөрөнгийн зах зээлийн шагнал гардуулах ёслол болж, санхүү хөрөнгийн зах зээлийн шилдгүүд шалгарлаа. Хэн хэн, ямар шагнал авсныг ЭНД дарж хараарай. 🥇🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
XAC: Moody's агентлаг ХасБанк (XAC)-ны зээлжих зэрэглэлийг "B3", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээлээ.
MIK: Монголын ипотекийн корпораци банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ₮311 тэрбумын ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргав.
CU: Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр 14 цагаас болно.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮33.7 тэрбумын арилжаа хийгдсэний ₮23.2 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
🇭🇰 Хонгконгд юу болов?
Сүүлийн 5 жилд 22 IPO хийгдсэн. Тэр дундаа топ-5 банк IPO хийж дотоодын зах зээлээс ₮443.5 тэрбумыг амжилттай босгосон. Гэхдээ, манай хоёрдогч зах зээл дээр хөрвөх чадвар муу, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид бараг байхгүй байна.
Тэгэхээр бидэнд зах зээлээ дэлхийд нээх шаардлага үүсээд буй. Тийм учраас Монголын хөрөнгийн зах зээлийнхэн өнгөрсөн 7 хоногт Хонконг-д ажиллаа. Аяны богцноос товч хуваалцъя.
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Сайхан боломж байлаа гээд гадаадын ХО-чид ороод ирэхгүй. Зохицуулалтын орчин бүрдсэн үү, татвар хэр байна гэх суурь асуудлууд бий. Тийм ч учраас СЗХ-ны болон МХБ-ийн удирдлагууд Хонконгийн холбогдох байгууллагуудтай хэд хэдэн асуудлаар уулзаж хэлэлцсэн юм.
Монголын компаниудыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэх эсвэл зэрэг бүртгэх боломжийг эрэлхийлсэн. Ингэснээр топ банкнууд болон томоохон компаниудын хувьд Хонконгийн зах зээл дээр гарч хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Мөн холбогдох зохицуулалтын талаар санал солилцсон.
Хонконгийн ХО-чдыг Монголын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор МХБ-ийг “Recognized Stock Exchange” статустай болгох хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсон.
Ташрамд дурдахад Хонконгийн хөрөнгийн бирж бол Азийн №1 IPO гаргагч бирж бөгөөд өдөрт $15 тэрбумын хувьцааны арилжаа явагддаг ажээ.
Өөрсдөө л хүүе хаая гэхгүй бол…
Саваа бэлдээд ч ирэхгүй байж магадгүй, өнөөх хөрөнгө оруулагчид чинь. Тэгэхээр бид зорьж очоод хүүе хаая бидэнд юу байгааг хардаа гэж байхгүй бол болохгүй ажээ. Тийм учраас ковидоос хойш анх удаа Хонконгд гадаадын ХО-чдад зориулсан эвент зохион байгуулсан юм.
Энэ удаад бид гаднынханд ярих юм, үзүүлэх сонин их байлаа. Топ банкнууд нь IPO хийчихсэн, биржийн бус зах зээл нь бий болчихсон, бондууд нь рейтинг хийлгэдэг болчихсон, зарим компаниуд нь ESG тайлан гаргадаг болчихсон байлаа.
Ямартай ч богц дүүрэн буцлаа. Цаашид холбогдох зохицуулалтын ажлуудаа жин тан болгохоос гадна гадагшаа чиглэсэн ажлуудаа үе шаттай хэрэгжүүлэх ялангуяа хөрөнгө оруулагчдад тогтмол мэдээлэл өгөх их чухал байна.
🟢 Өвөлдөө ногоорно…
CRM: Salesforce-н III улирлын үр дүн шинжээчид болон хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бут ниргэсэн билээ. Тэдний орлого л гэхэд өмнөх оны мөн үеэс 11% өсөж $8.7 тэрбумд хүрсэн юм. Үүний араас тэдний хувьцааны үнэ 10% өсөж сүүлийн 1 жилийн дээд түвшинд хүрээд байлаа. Түүнчлэн компани Amazon (AMZN)-той AI-н түншлэл байгуулснаар хувьцааны үнэ нь сүүлийн сард л гэхэд 25.7% өсөөд байна.
COP28: Ярьж ханалаа! Одоо хийе!
Жил бүрийн өдийд дэлхийн удирдагчид болон бусад талууд “Дэлхийн дулаарлыг хэрхэн зогсоох вэ? Үүний тулд юу хийх вэ?” гэх асуултад хариулт олохоор COP28 арга хэмжээг зорьдог. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөтэй их гүрнүүд амлалтдаа хүрсэн гэнэ үү, яасан гэнэ?
Товчхон: Энэ удаад COP28 дэлхийн газрын тосны өлгий нутаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдаж байгаа бөгөөд 12 сарын 12-нд дуусах товтой байна.
Чихэн дээр чинь цэцэг ургуулъя
Энэ жил Парисын хэлэлцээр батлагдах үеийнх шиг улс орнуудын уур амьсгалын эсрэг хэрэгжүүлсэн ажлыг үнэлж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Тэгвэл эхний ээлжид хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч Америк болон Хятадын нүүрсний хэрэглээ буурсан эсэхийг харцгаая.
Америкийн нүүрсний хэрэглээ 2008 оноос хойш эрчимтэй буурч оронд нь байгалийн хийн хэрэглээ нэмэгдэх болсон. Улмаар өнгөрсөн онд нүүрснээс ялгарах CO2-н хэмжээ 7% буюу 68 сая тн-оор буурсан байна. Түүнчлэн цаашид тэд шинээр нүүрсний үйлдвэр барихгүй, одоо байгаагаа үе шаттай унтраахаа мэдэгдсэн юм.
Харин Хятадын хувьд энэ онд нүүрсний импорт 450 сая тн-д хүрч дээд түвшинд тогтоох төлөвтэй байгаа. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Саяхан Монголын нүүрсний экспорт 60 сая тн-ыг давсан нь ч үүнтэй холбоотой. Тэгэхээр муу!
Шинэ амлалт
Энэ удаад улс орнууд “Ярьж ханалаа, одоо хийе!” гэх уриатай байсан юм шиг шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, Америк, Франц тэргүүтэй 22 орон 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 3 дахин нэмэгдүүлэх тунхагт нэгдэв.
Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират зохион байгуулагч улс хэрхэн манлайлах хэрэгтэй вэ, гэдгийг үлгэрлэж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх $30 тэрбумын санг байгуулан 2030 он гэхэд $250 тэрбумыг ХО оруулах гэнэ.
Дуншсаар2 арай гэж: Харин их гүрнүүдийн буурай орнуудад өгнө гээд үлгэр домог болох шахсан нөхөн олговрын сан эцэст нь нэг юм албажив. Одоогоор тус санд 5 улсаас $429 саяыг өгөхөө мэдэгдэв. Уг нь анх $100 тэрбум гэж яриад байсан юм сан.
Эцэст нь… НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш илтгэлдээ дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд баръя гэвэл хүн төрөлхтөн нүүрс түлэхээ бүрэн зогсоох хэрэгтэй хэмээсэн юм. Тэгэхээр нүүрсний экспортоос хамаараад улсын төсөв нь улайх уу, ногоорох уу гэдэг Монгол яана аа!
🚀 Centralized to Decentralized
Үндэсний хэмжээний төвлөрсөн бус урамшууллын оноо болохоор зорьж буй Ардкойн 3.0 шинэчлэлийг товч танилцуулж байна.
Нээлттэй урамшууллын оноо: Ард Санхүүгийн Нэгдэл (AARD)-ээс бусад байгууллагууд уг койныг урамшууллын оноогоор ашиглах боломжтой,
Төвлөрсөн бус засаглал: Койн эзэмшигчид тэдний засаглал, шийдвэр гаргалтад оролцох боломжтой,
Технологи: Polygon, Binance Smart Chain болон Ethereum гэсэн 3 блокчэйн дээр зэрэг ашиглах боломжтой ба сүлжээ хоорондын шимтгэл 350 дахин буурч буй.
Түүнчлэн дээрх 3 блокчэйн МОСТ, Ард апп-тай интеграци хийгдэж байгаа учир хэрэглэхэд илүү хялбар болж байгаа аж.
За тэгээд, Ардкойноор дамжуулан бизнесээ тэлж, экосистемээ өргөжүүлээд байж дээ.
The Hill
🔹Tesla (TSLA) 4 жил хүлээлгэсний эцэст Cybertruck-г танилцуулав. Уг автомашиныг анхны үнээс 52.8% үнэтэй буюу $60,990-оор зарах аж. Tesla Cybertruck-н 3 өөр үзүүлэлттэй загварыг танилцуулаад буй. Мөн тэд $6,500 нэмж төлөөд уг автомашины өнгийг хар болгох сонголт санал болгов.
🔹ХААН Банк (KHAN) банкны салбарын нэр хүндтэй шагналуудын нэг болох The Banker сэтгүүлийн оны шилдэг банкны шагналыг 9 дэх удаагаа хүртлээ. The Banker тэдний санхүүгийн үзүүлэлт, ногоон зээл олголт, цахим гарын үсгийн нэвтрүүлэлт, олон нийтэд нээлттэй банк болсон зэрэг үзүүлэлтийг харгалзаж шалгаруулсан аж.
🔹Apple (AAPL) болон Paramount Global (PARA) стриминг үйлчилгээгээ нэгтгэж магадгүй. Энэ нь тэдэнд уг салбарт хүчирхэгжих боломжийг олгох аж. Улмаар Paramount-н хувьцааны үнэ 9.8% өсөж $15.8-т хүрсэн бол Apple-н хувьцааны үнэ 0.7% л өсөв.
🔹Санхүүгийн инноваци текспринт - 2023-н шилдгээр Stood баг тодорлоо. Тэд нийт 22 багаас дундын хуримтлалын тоглоомын апп-ийн төслөөрөө тэргүүлжээ. Тэмцээнийг Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын инновацыг дэмжих, сэндбокс зохицуулалтыг олонд таниулах дор зохион байгуулав.
Шалга: Та хиймэл оюун ухааны зурсан зургийг бодит зургаас ялгах уу? (Bloomberg)
Мэд: Amazon-н AWS үйлчилгээний эвент дээр юу яригдав? (TechCrunch)
Сонирх: Монголд яагаад туйлын туяа үзэгдсэн бэ? (GejYuVe?)
Сонс: Бид хуурамч фотосинтез бий болгож чадах уу? (TED)
Даваа: Германы өнгөрсөн сарын гадаад худалдааны тэнцэл танилцуулагдана.
Мягмар: Үргэлжлүүлээд Австралийн ДНБ үзүүлэлт гарах юм байна.
Лхагва: Хятадын өнгөрсөн 11-р сарын гадаад худалдааны тэнцэл гарна.
Пүрэв: Оросын төв банкны нөөц зарлагдах товтой байна.
Баасан: Ингээд 7 хоногийн төгсгөлд Америкийн ажилгүйдэлтэй танилцах нь байна шүү.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply