• Lemon Press
  • Posts
  • ⚠️ Үл тасрах алдагдлын цуваа

⚠️ Үл тасрах алдагдлын цуваа

Rio Tinto-н тайлан | Эрчим хүч яасан гэнэ ээ! | NFT нэгдэл

POWERED BY

Гурван 2 давхцсан өдрийн мэнд! Илон Маск сармагчны тархинд чип суулгаж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан бол одоо түүний Neuralink-н тархины чипийг суулгуулсан анхны хүн бодлоороо компьютерын хулганыг удирдах чадвартай болжээ. Хорвоо ертөнц чинь хаашаа л эргээд байна даа. 🤖

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Ирэх 3 сарын хугацаанд хугацаанд том банкнууд ААН-ийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах, иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулах төлөвтэй байна

ADB: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн FPO-н анхдагч зах зээлийн арилжаанд 1,583 захиалагч оролцож, ₮9.1 тэрбумын захиалга ирснээр 102.3%-ийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа

MSE: Улсын Их Дэлгүүр ХК (UID) болон Мандал Даатгал ХК (MNDL) ногдол ашиг тараахгүй

⚡ Эрчим хүчээ яах вэ?

Бид сүүлийн 5 жилд нийт эрчим хүчнийхээ дунджаар 80.2%-ийг үйлдвэрлэж, 19.8%-ийг импортолжээ. Үйлдвэрлэсэн нийт цахилгааны 71.8%-ийг нүүрснээс гаргаж авсан. Гэтэл цаана чинь бүх улс орон эрчим хүчний шилжилт хийж байна. Бид энэ том өөрчлөлтийн хаана явна вэ? 

Том амлалт 

Бид Парисын хэлэлцээрийн үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх томоохон амлалтуудыг авсан. Үүнд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийтэд эзлэх хувийг 30%-д хүргэх зорилт багтана. Ингэхээр бид нүүрсэн цахилгаан станцаа халж сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ёстой. Нүүрсээр хоолоо олж иддэг улс нүүрснээс татгалзах боломжтой болов уу? 

  • 10% ч хүрэхгүй: 2030 он болоход 7 жил үлдэж. Харин одоогийн байдлаар бол манай нийт эрчим хүчний 90.8%-ийг дулааны цахилгаан станц бүрдүүлж байгаа бол ердөө 9.2%-ийг сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-нээс гаргаж авч байна. Түүнчлэн нийт СЭХ-ний 67.9%-ийг салхин цахилгаан станц бүрдүүлж буй. Тэгэхээр СЭХ-ний нийтэд эзлэх хувь 30%-д хүрэх ч өдий байна даа. 

Жинхэнэ дүр төрх

Яг одоо бол манай хэдэн нүүрсний станц алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авч л үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй. Дээрээс нь баахан л салхин, усан цахилгаан станц яриад хэдэн 10 жил болж байгаа ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм даан ч алга. 

  • Үл тасрах алдагдлын цуваа: Манай эрчим хүчний компаниуд жил бүр л алдагдалтай ажилладаг. 2022 оны нийт алдагдал нь л гэхэд 2018 оныхоос 14 дахин өсөж ₮187.3 тэрбумд хүрчээ. Үүний дийлэнх буюу 79.8%-ийг бүсүүдийн нэгдсэн сүлжээ, дулааны станцуудын алдагдал бүрдүүлж буй. 

  • Ганц сайн мэдээ: Өнгөрсөн онд Монголын анхны том чадлын батарей станц ашиглалтад орсноор цахилгааны оргил ачаалал болон Оросоос авах импортын цахилгааны хэрэглээг 59 МВт-аар бууруулсан. Гэхдээ цаашид хэд хэдэн батарей станц шаардлагатай байгаа ч санхүүжилтийн асуудал дээрээ гацчихаад л сууж байна. 

Уг нь бол, эрчим хүчний шилжилтийн яг энэ үеэс бид хоцрохгүй байж чадвал маш том өөрчлөлт гарна. Учир нь дэлхий даяар эрчим хүчний шилжилт хийж байгаатай холбоотойгоор EV моодонд орж чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Бидэнд энэ эрэлтийг хангах зэс, газрын ховор элемент гээд зөндөө л түүхий эдийн нөөц байна. Гэтэл үүнийхээ хайгуул, олборлолтын ажлыг хурдасгах нь битгий хэл өөрсдөө нүүрсээ түлээд л сууж байна даа.

⛏️ Дэлхийн ТОП уурхайчны тайлан 

RIO: Rio Tinto-н ашиг 2023 онд жилийн өмнөхөөсөө 19% буурч $10.1 тэрбумд хүрлээ. Үүнд түүхий эдийн үнийн уналт тэр дундаа хөнгөн цагааны үнэ 18% буурсан нь голлон нөлөөлжээ. Тус тайлангийн араас тэдний хувьцааны үнэ 4.6% унаад амжив. Компани өнгөрсөн онд алдагдалтай ажилласан ч нэгж хувьцаандаа $2.58-ын  ногдол ашиг тараах гэнэ.

🐒 Уйтгартай сармагчны монопол

Yuga Labs өрсөлдөгч Proof-г өөртөө нэгтгэлээ. Ингэснээр Yuga Labs Moonbirds (MoonBird)-г өөрсдийн метаверс болох Otherside-д нэмэхээр болжээ. Ингэхэд нэгэн цагт хэдэн саяар үнэлэгдэж, алдартан бүхэн өөрсдийн NFT-г гаргах гэж шуурч байсан NFT зах зээл ойрд хэр байна?

Өвөл дуусахыг хүлээж байна

Өнгөрсөн 7 хоногт NFT-н арилжаа $409 саяд хүрсэн нь 2022 оны 5-р сард $1.8 тэрбум буюу хамгийн дээд цэгтээ хүрсэн үеэс 4.4 дахин багасжээ. Өөрөөр хэлбэл NFT-н эргэлт буурсан хэрэг. Учир нь,

  • Эргэлтэд оруулахгүй юм уу?: Bored Ape Yacht Club-г эзэмшигчид NFT-нхээ 55.1%-ийг 1 жилээс ч удаан хугацаанд зарахгүйгээр хадгалсан бол Pudgy Penguin (PudgyPenguins)-н 48.1%, CryptoPunks (CryptoPunks)-н 79.8%-ийг зарахгүйгээр хадгалсан аж.

  • Өдөөлт өгөөд амжлаа: Yuga Labs Proof-г худалдаж авах сургаар MoonBirds-н үнэ 19.4% өсөж $6.3 мянгад хүрсэн бол 1 өдрийн арилжааны хэмжээ нь 166.9% өсөж $5.2 саяд хүрэв. Улмаар Moonbirds-с болж NFT зах зээлд сүүлийн 3 сард байгаагүй өндөр арилжаа хийгджээ. Moonbirds NFT эзэмшигчдийг сэрээгээд амжив уу даа?

Энэ онд NFT зах зээл тэлэх үү?

Тэгвэл энэ онд токенжуулсан Бодит Ертөнцийн Хөрөнгийн (Real-World Assets) тусламжтайгаар NFT шиг цэвэр дижитал хөрөнгө бодит ертөнц рүү тэлэх боломж үүссэнээр NFT-н зах зээл тэлэх боломжтой байгаа аж. Ийнхүү тэлэх боломжтой байгаа нь Yuga Labs-г метаверс болох Otherside-аа илүү их идэвхжүүлэх сонирхлыг нь өдөөсөн байх.

Дүгнэхэд, NFT-г илүү үнэд хүргэж, криптовалютаас өөр хөрөнгө гэж батлахын тулд хамгийн түрүүнд Биткойн шиг эрх баригчийн зөвшөөрөл хэрэгтэй. 2021 онд од болж байсан тус салбарт ямар нэгэн шинэчлэлт хийгдэхгүй л бол унтаа байдал нь үргэлжилсээр л байх төлөвтэй байна.

2.6
ДНБ өнгөрсөн онд 7% өссөний 2.6%-ийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлжээ.
4.3
Түүнчлэн үйлчилгээний салбар ДНБ-ий өсөлтийн хамгийн их хэсгийг буюу 4.3 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
-1.3
Харин ХАА-н салбар ДНБ-ий өөрчлөлтөд 1.3 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлжээ.

CNBC

🔹Walmart (WMT) TV бүтээгч Vizio (VZIO)-г $2.3 тэрбумаар худалдаж авна. Ийнхүү тэд стримингийн салбарт орж Amazon (AMZN)-той өрсөлдөхүйц хэмжээнд очихоор зорьж буй. Гэснээс Walmart-н IV улирлын орлого өмнөх жилийн мөн үеэс 5.7% өсөж $173.4 тэрбумд, нэгж хувьцаанд ногдох ашиг 5.3% өсөж $1.8-т тус тус хүрчээ.

🔹Шарын Гол (SHG) ХК-ийн ашиг 2023 онд 2.7 дахин өсөж ₮4 тэрбумд хүрлээ. Ашгийн өсөлтөд компанийн борлуулалтын орлого тус онд 25.7% өсөж ₮100.9 тэрбумд хүрч, валютын ханшийн зөрүүнээс ₮211.4 саяын орлого олсон нь нөлөөлсөн аж. Ийнхүү тэдний P/B 0.2, эздийн өмчийн өгөөж 13%, P/E 2 болов.

🔹HSBC (HSBA.L)-н өнгөрсөн оны татварын өмнөх ашиг шинжээчдийн төсөөллийг даваагүй тул хувьцааны үнэ 7% буурав. Тодруулбал, тэдний татварын өмнөх ашиг 2023 онд 78% өсөж $30.3 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас 11% бага байв. Улмаар хувьцааны үнэ нь 7% унаж £600-д хүрээд байна.

🔹Талын Гал (TAL) болон Хөвсгөл Хүнс (HHS) ХК ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Талын Гал нэгж хувьцаанд ₮45-ийн ногдол ашиг тарааснаар 246.6%-ийн ногдол ашгийн өгөөжтэй байгаа бол Хөвсгөл Хүнс нэгж хувьцаанд ₮20-ийн ногдол ашиг тарааж 7%-ийн өгөөжийг олгох юм.

  • Ахлах бизнес шинжээч / Intelmind LLC: Бизнесийн шинжээчээр 2+ жил ажилласан, үнэлгээ, шинжилгээг хашраадаг хүмүүс байна уу? 👉 (Link)

  • Fullstack хөгжүүлэгч / Shoppy: ReactJS, NextJS, GraphQL, REST API болон React Native программчлалын хэлний мэдлэгтэй, мэргэжлээрээ 2 жил ажилласан бол ийшээ. 👉 (Link)

  • Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Тэтгэлэг: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөх уулзалт. (AustraliaAwards)

  • Кино: The Beatles-н гишүүн болгоны түүхээр кино хийх нь ээ. (BBC)

  • Технологи: Uber Eats Японд автомат роботоор хоол зөөж эхэллээ. (CNBC)

  • Машин сургалт: Монгол хэл дээр машин сургалтын талаар сурмаар байна уу? (MachineLearningUB)

📢 Найзаа уриад мерч ав!

Товхимолд бүртгэлгүй найзаа доорх Unique Referral холбоосоор уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болоорой.  

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.