- Lemon Press
- Posts
- 🧳 Монголоос зоригсод
🧳 Монголоос зоригсод
Тамхины үнэ 5 дахин өснө | $KLAR стэйбл койн гаргана | Huawei eKit Монголд
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр “Хар Баасан” гарагийн хямдралаар юм авахаар төлөвлөж байна уу? Хачирхалтай судалгаанаас хуваалцахад, энэ өдөр хямдардаг нийт барааны 36% нь сүүлийн 1 сарын үнэтэйгээ адил үнээр худалдаанд гардаг гэнэ шүү. 🥸


*Нэг өдрийн өөрчлөлт.
KHAN: ХААН Банк ХК өөрийн нийт зээлийн багцын 22%-ийг ногоон, жендэр, нийгмийн салбарт төвлөрүүлж, Монгол Улсын ногоон зээлийн нийт багцын 52.6%-ийг бүрдүүлэх болов.
MNG: УБТЗ ХНН өнгөрсөн 10-р сард 3.1 сая тн ачаа тээвэрлэж, нийт тээвэрлэсэн ачааных нь хэмжээ түүхэн дээд түвшинд хүрлээ.
BOM: Ирэх 12 сарын 16-нд Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд сонсгол хийнэ.
GOV: Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбоотой Нийслэлийн 7 дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэв.

🇰🇷 Эрчийг авсан эмчилгээний жуулчлал

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос эрүүл мэндийн аялал жуулчлалын салбараас нийт ₩1.24 их наяд буюу ₮3 их наядыг олжээ. Цаашлаад Солонгост жуулчид нь хамгийн их зорчсон орнуудын 7-т Монгол жагсаж, 2024 онд 25.7 мянган жуулчин Солонгос руу эмчилгээ хийлгэхээр явсан гэнэ шүү.
🏥 Аварга салбар
Өмнө нь Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалд шүд, дотрын эмчилгээ давамгайлж байсан бол өдгөө арьс, үс арчилгаа, гоо сайхны мэс засал эрчийг авч байна. Yanolja судалгааны төвийн мэдээллээр, Солонгосыг зорин эмчлүүлэх жуулчдын тоо 2023 оноос 2.4 дахин өсөж, өнгөрсөн онд 1.2 саяд хүрч рекорд тогтоосон аж. Үүнээс хамгийн ихээр 441.1 мянган жуулчин Японоос очоод байна. Бусад сонирхолтой тоонуудыг харвал:
705 мянга: Гоо сайхны мэс засалд орж буй жуулчдын тоо 2019 оноос хойш 8.3 дахин нэмэгдэж 705 мянгад хүрчээ.
85.4%: Нийт жуулчдын 85.4% нь нийслэл Сөүл хотын эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн үйлчилгээ авдаг.
$2,408: Солонгост нэг жуулчин дунджаар $2,408-оор эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж буй нь K-pop хөгжимд зарцуулж буй дүнгээс 2.4 дахин өндөр дүн.
7,147: Хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр зорчсон жуулчдын 7,147-д хүрсэн нь 2019 оноос 35% буурсан үзүүлэлт аж.
🧳 Монголоос зоригсод
2024 оны байдлаар Монголоос Солонгос руу нийт 169.5 мянган жуулчин зорчсон нь 2023 оноос 15.1%, 2019 оноос 74.7% өссөн дүн болжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авч буй жуулчдын хувьд 2019 оноос 43.6% нэмэгдэж, 25.7 мянгад хүрсэн бол зарцуулж буй дүн 2.8 дахин ихсэж ₩138 саяд хүрээд байна. Сонирхуулахад, нийт Солонгос руу зорчиж буй аялагчдын хамгийн их буюу 44% нь тус улс руу жуулчлалын шугамаар зорчдог аж.
Эцэст нь… Солонгост жуулчдыг татах олон зүйлс байгаагаас эрүүл мэндийн үйлчилгээ бусад салбараас онцгойрч, томоохон давуу талыг өгөх болжээ. Манайхан магадгүй энэ талаар туршлага судлахаар Солонгосыг зорих л байх. Гэвч юу л бол доо…

💡 Мөнгөний талаар хамгийн буруу ойлголт юу гээч? (AmarjinPodcast)
📜 Apple-н үүсгэн байгуулах баримт бичиг дуудлага худалдаанд. (AppleInsider)
💸 ЧЭСЯ Монголын ТББ-уудын төслүүдэд €20 мянга хүртэлх санхүүжилт олгоно. (БНЧУЭСЯ)
⏸️ Netflix-г доргиосон “Stranger Things 5”-н нээлт. (IMDb)

🪙 $KLAR стэйбл койн гаргана
KLAR: Одоо аваад, төлөх үйлчилгээний томчуудын нэг Шведийн Klarna ирэх онд $ суурьтай KlarnaUSD стэйбл койн гаргахаа мэдэгдлээ. Тус шийдвэртэй холбоотойгоор тэд өнгөрсөн сард Stripe-н Bridge платформ дээр тогтвортой койныхоо дэд бүтцийг хөгжүүлж эхэлсэн аж. Ингэснээр компанийн нэгж хувьцааны үнэ 2.3% өсөж $31-т хүрээд байна.

🆙 Тамхины хяналт чангарна!

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Тамхины хяналтын хууль хэрхэн өөрчлөгдөх вэ, ямар өөрчлөлт гарах вэ?
😏 Мэдээж татвараа нэмнэ
Хэдий эрх баригчид тус хуулийг татвар нэмж, төсөв бүрдүүлэх бус хүүхэд, өсвөр үеийнхний тамхидалтыг бууруулахад чиглэнэ гэж байгаа ч гол өөрчлөлт нь ирэх 5 жилд тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлж, үнийн бодлогоор хяналтаа чангаруулахад чиглэж буй. Одоогийн байдлаар 100 ширхэг тамхи ₮4,180-ийн татвартай орж ирдэг. Харин шинэчилсэн найруулгаар ирэх 5 жилд тамхины татвар 5 дахин нэмэгдэхээр байгаа юм.
🤔 Хэрхэн өөрчлөгдөв? Хуулийн төсөлд татвар ногдуулах тамхины нэр, төрлийг нэмэгдүүлж, ширхэг, мг-аар нь нарийн зааж оруулсан. Тухайлбал, ямар ч зохицуулалтгүй электрон тамхи гэхэд ирэх оноос 1 ширхэг тутамд ₮5,000, 1 мг-д ₮1,000-ийн татвартай болж эхэлнэ.
📦 Харин 1 хайрцаг янжуур тамхины татвар ₮2,000 болж буй. Улмаар 2030 он гэхэд хуульд тусгагдсан бүх төрлийн тамхины татвар 5 дахин өсөх нь ээ.
🙄 Энэ их мөнгөөр юу хийх вэ?
Нийт хүн амын 28.4% нь тамхи татаж буй энэ нөхцөлд, хүүхэд, өсвөр үеийнхний дундах тамхидалтыг бууруулах зорилгоор татвар нэмэх нь зүйтэй. Гэхдээ татвар гээд хураан авч буй тэр их мөнгөө нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, тамхины худалдан авалт бүрийн 2% нь ЗГ-ын 13 тусгай сангийн нэг болох Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрдөг. Сүүлийн 5 жилд тус сангийн төсөв 3 дахин нэмэгдэж, энэ онд ₮9.7 тэрбум болоод буй.
🤨 Гэсэн ч сангийн зарцуулалт ил тод биш, хэрэгжүүлж буй төслийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төсвийн Facebook хаяг дээрх хэдэн бичлэгээр хэмжихээс цаашгүй байна.
⚠️ Тэгээд яах юм?
Дэлхийн улс орнуудад “Tobacco Fund” буюу тамхины татвараас төвлөрсөн орлогоор нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд зориулагдсан сан ажилладаг. Угтаа манай Эрүүл мэндийг дэмжих сантай ижил чиг үүргийг гүйцэтгээд явах боломжтой. Уг хуулийн төслийг батлаад, татвараа нэмээд явлаа гэхэд үүний хажууд зайлшгүй тамхины татвараас төвлөрсөн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг нь олон нийтэд нээлттэй тайлагнах ёстой. Үгүй бол татвар нэмсний үр ашиг нийгэмд бус эрх мэдэлтнүүдэд л ашигтай байдаг буруу жишиг үргэжлэх магадлал өндөр.

💡 Таавар таацгаая.
1977 онд цацагдсан нэгэн киноны ачаар алдартай болсон … дуу өдгөө Spotify дээр 1 тэрбум сонсолттой болжээ. Энэ ямар дуу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.
Жич: Энэхүү дууг дуулсан хамтлаг нь 3 гишүүнтэй. 🎤

😎 Huawei eKit Монголд

Шинэ технологиос хоцордог цаг үе дууссан шүү! Юнител группийн охин компани Nexmind ХХК нь Huawei-н албан ёсны стратегийн түнш болж бүх төрлийн байгууллагуудад зориулсан нэгдсэн сүлжээний ухаалаг шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. 📢
💡 Сүлжээний ухаалаг шийдэл гэдэг нь бизнесийн үйл ажиллагааг цахимжуулах, сүлжээний аюулгүй байдлыг хангах цогц шийдэл юм. IT мэргэжилтнүүд болон байгууллагын бүтээмжийг өсгөх давуу талтай ба жижиг, дунд бизнесүүдэд IT мэргэжилтний үүрэг гүйцэтгэх нь байна шүү дээ.
Ийнхүү Монголын хаанаас ч компьютер эсвэл гар утсаа ашиглан байгууллагынхаа сүлжээний ачаалал, хандалт, аюулгүй байдлын мэдээллийг бодитоор хянах, удирдах, тохиргоо хийх, цаашлаад сүлжээний гэмтэл, саатлыг олж засварлах боломж бүрдлээ дээ. Янзын биз?


CBC
🍋 Хонконгийн орон сууцны түймрийн дараа Хятадын томоохон компаниуд нийт HK$200 гаруй саяын хандив амлажээ. Үүнд Jack Ma сан HK$30 сая, Anta Group HK$30 сая гэхчлэн одоогоор нийт 18 компани нэгдээд буй. 1983 онд ашиглалтад орсон тус орон сууцны цогцолборт сүүлийн 1 жилд HK$330 саяар засвар хийсэн бөгөөд засварын үеэр ХАБ алдагдсаны улмаас ашигласан хөөсөн материал шатаж түймэр тархсан байж болзошгүй гэнэ.
🍋 АХБ Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд $10 тэрбумын санхүүжилт олгоно. Санхүүжилтийг ирэх 10 жилд тус бүс нутгийн тээвэр, худалдааг хөнгөвчлөх, дижитал холболт, эрчим хүчний тогтвортой хөгжил, уур амьсгалын тэсвэртэй дэд бүтцийг төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Гэснээс тус хөтөлбөрийн ирэх оны Сайд нарын уулзалт Монгол Улсад зохион байгуулагдана.
🍋 Real Madrid охин компани байгуулж, гаднын хөрөнгө оруулагчдад 5% хүртэлх цөөнхийн хувьцаа эзэмшүүлнэ. Тодруулбал, Real Madrid нь 1902 онд байгуулагдсан цагаасаа хойш клубийн гишүүд эзэмшдэг бүтэцтэй байгаа бөгөөд цөөнхийн хувьцаа эзэмшигчидтэй болсноор клубийн үнэ цэн, хөрөнгийг хамгаалах ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид клубийн орлогоос хувь хүртэх эрхтэй ч, саналын эрхгүй байх юм.
🍋 Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд улсын цолыг допингийн шинжилгээний хариу ирсний дараа олгодог байх, унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.
🍋 Нийслэл 2026-2028 онд төвийн 6 дүүрэгт 253 км урт дугуйн зам барина. Нийт замын 30%-ийг ирэх онд барих бөгөөд одоогоор нарийвчилсан зураг төслийг боловсруулж байгаа аж. Өдгөө Улаанбаатарт нийт 101.7 км дугуйн зам байгаа бөгөөд 2040 он гэхэд үүнээс 16 дахин их буюу 1,677 км дугуйн замтай болсон байх юм гэнэ дээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply