- Lemon Press
- Posts
- ❤️🔥 Reddit-д суугаа Монголчууд
❤️🔥 Reddit-д суугаа Монголчууд
Төсөв 2026 | $AMD: 60%-ийн амлалт | Physical Asia-н үзэлт ТОП-3
POWERED BY
Баасан гаргийн мэнд! Их ажлын хажуугаар тархиа сэргээхдээ ямар арга ашиглаж байна даа? Хэрэв тоглоом тоглох хоббитой хүмүүс байвал 2 мянга орчим жижиг үнэгүй видео тоглоомтой Google Doodles-г туршаад үзээрэй. 🎮


*Нэг өдрийн өөрчлөлт.
CN: Хятад дотоодын хэт үйлдвэрлэлээ бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээр Шанхайн хөрөнгийн биржийн аж үйлдвэрийн индекс II хагаст 20% гаруй өсөж, SSE индексийн өсөлтийг давлаа.
MNG: Энэ оны эхний 10 сарын байдлаар самнасан ноолуурын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.6% өсөж 2,976 тн-д хүрлээ. Тус хугацаанд самнасан ноолуурын экспортын орлого $244.1 саяд хүрээд буй.
RUS: Орос, Казакстан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоожээ.

🔻 Төсөв 2026: ₮1 их наядын алдагдалтай

Улс төрийн хэрүүл маргаан, зодоон нүдээн дунд мартагдах шахсан 2026 оны төсөв арай гэж хугацаандаа батлагдлаа. Ирэх оны төсвийг хэрхэн батлав? Харъя.
⚖️ Орлого, зарлага
2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд, харин нийт зарлагыг ₮32.9 их наяд байхаар баталсан. Өөрөөр бол ₮1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү сүүлийн 10 жилд алдагдал нь ₮1 их наядын босгыг даваагүй төсвийн жил 3 боллоо. Цаашлаад, төсвийн нийт зардлын 75% буюу ₮24.9 их наяд нь урсгал зардал, 25% буюу ₮8.6 их наяд нь хөрөнгийн зардал байхаар тооцоолжээ.
➕ Энэ удаагийн төсөвт багш нарын цалинг 2 удаа, эмч нарын цалинг 1 удаа нэмэх цалингийн нэмэгдэл болон тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд нийт ₮969 тэрбумыг нэмж төсөвлөснөөрөө онцлог.
➖ Эдгээр нэмэгдлийг төсөвт багтааж, шингээхийн тулд урсгал зардлыг ₮990 тэрбумаар, хөрөнгийн зардлыг ₮361 тэрбумаар тус тус бууруулан баталсан гэж байгаа.
🆕 Төсвийн хөрөнгө оруулалт
Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төслийг ₮3.3 их наядаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дундаас, хэрэгжүүлэх төслийн тоогоор хамгийн өндөр нь боловсролын салбар бөгөөд нийт 198 төслийг ₮448 тэрбумаар санхүүжүүлэхээр төлөвлөв. Харин хөрөнгө оруулалтын дүнгээр хамгийн өндөр нь зам тээврийн салбар буюу нийт 69 төсөлд ₮902.8 тэрбумыг төсөвлөжээ.
🍰 Хувьчлан харвал, нийт төсвийн хөрөнгө оруулалтын 27.6% нь зам тээвэрт, 13.7% нь боловсролын салбарт, 9.8% буюу ₮322.4 тэрбум нь эрчим хүчний салбарт гэхчлэн хуваарилжээ.
Харин гаднын зээл, тусламжаар 98 төслийг ₮1.9 их наядаар санхүүжүүлнэ. Үүнээс Азийн хөгжлийн банк хамгийн олон буюу 47 төслийг ₮556.8 тэрбумаар санхүүжүүлэх бол удаад нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк 12 төслийг ₮254.3 тэрбумаар санхүүжүүлэх нь ээ.
Эцэст нь… Эрх баригчид ирэх оноос эхлэн төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24%, 2027 онд 23%, 2028 онд 22%, мөн ЗГ-ын өрийг 2026 онд ДНБ-ий 50%, 2027 онд 45%, 2028 онд 45% байхаар жил дараалан бууруулахаа амласан. Ирэх оноос эхлэн эрх баригчид төсвийг тасралтгүй багасгах амлалтаа хэр биелүүлэхийг харах л үлдлээ.

🧗 Egune AI Төв Азийн “Digital Startup Awards 2025”-н финалын шатанд шалгарчээ. (EguneAI)
🏷️ Пентагоны нэрийг өөрчлөхөд $2 тэрбум шаардагдана. (CNBC)
🛰️ AI дата төвүүд сансарт. (GoogleResearch)
🪫 Play Store апп-уудын батарейн хэрэглээг хянана. (Engadget)

✊🏻 $AMD: 60%-ийн амлалт
AMD: Ирэх 3-5 жилд AMD дата төвийнхөө борлуулалтын орлогыг 60% нэмэгдүүлэх хүлээлттэй байгаагаа зарлалаа. Гүйцэтгэх захирал Лиза Сү хэлэхдээ, ирэх 5 жилд AI-д суурилсан дата төвийн зах зээлийн үнэлгээ $1 их наядад хүрэх төлөвтэй байгааг мэдээлсэн ба үүнтэй зэрэгцэн компанийн одоогийн $34 тэрбумын орлого 35% өсөх боломжтой хэмээн үзсэн аж. Уг мэдээний дараа $AMD-н нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 9% нэмэгдэж $258.9-т хүрчээ.

❤️🔥 Reddit-д суугаа Монголчууд

Гудамжаар зөрөх залуусаас “Интернэтийн хамгийн халуухан яриа хаана өрнөдөг вэ?” гэж асуувал олон хүн Reddit (RDDT) хариулах нь гарцаагүй. Энэ талаар төдийлөн сайн мэдэхгүй лимончууд байвал яагаад энэ талбарт онцгой халуухан яриа өрнөдөг болохыг хамтдаа харцгаая.
🔥 Халуухан бүлгэм: Өнгөрсөн III улиралд $RDDT платформын өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2024 оны мөн үеэс 19% өсөж 116 саяд хүрсэн бөгөөд үүнийг дагаад цэвэр ашиг 28% нэмэгдэж $163 саяд хүрээд байна. Энэхүү амжилтын амин сүнс нь $RDDT-н 138 мянган идэвхтэй бүлгэмүүдтэй холбоотой юм.
🇲🇳 r/mongolia = 78.5 мянга
Дэлхийн олон хүн $RDDT-г өдөр тутамдаа идэвхтэй ашиглаж, нэгэнтэйгээ санал бодлоо солилцож байна. Уг трэнд бидний дунд ч адилхан ба Монголын хамгийн олон гишүүдтэй r/mongolia бүлгэмийн нийт гишүүд сүүлийн 14 жилд 655 дахин өсөж 78.5 мянгад хүрчээ. Үүнтэй холбоотой өөр сонирхолтой мэдээллийг харвал:
🕰️ Бээжингийн олимп: Тэртээ 2008 оны Бээжингийн олимптой зэрэгцэн r/mongolia нээгдэж, 2012 оноос хойш тус бүлгэмийн гишүүдийн тоо жилд дунджаар 75.6%-иар нэмэгдэж байна.
🗣️ Түгээмэл үг: r/mongolia бүлгэмд хамгийн түгээмэл ашиглагддаг үг нь “mongolia” аж. Цаашлаад түгээмэл ашиглагддаг ТОП-20 үгсээс анзаарвал ихэнхдээ гишүүд нэгнээсээ тусламж хүсэх, мэдэхгүй зүйлсээ асууж буйг харах боломжтой.
⌚️ Идэвхтэй цаг: Хэрэглэгчид шөнийн 22 цагт r/mongolia бүлгэм рүү хамгийн их ханддаг бөгөөд энэ үеэр ойролцоогоор 1,000 орчим пост, коммент нийтлэгддэг. Эсрэгээрээ, хамгийн бага хандалттай цаг нь өглөөний 7 цаг.
Эцэст нь… Хэрэглэгч талаас Reddit нь халуухан яриа өрнүүлэх цахим платформ бол бизнес талаас амжилттай сурталчилгаа явуулах боломжит талбар болоод байна. Энэ боломж нь Монгол бизнесүүдэд ч нээлттэй бөгөөд нэг өдрийн сурталчилгааны зардал $5-оос эхэлдэг ажээ. 🔍

💡 Таавар таацгаая.
… оны энэ өдөр Dow Jones Industrial Average (^DJI) индекс анх удаа 1,000 дээш оноог давж хаагдаж байв. Өөрөөр хэлбэл энэ өдөр Америкийн хөрөнгийн зах зээл анх удаа түүхэн дээд түвшинд хүрч байжээ. Энэ хэдэн он бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉


Netflix
🍋 “Physical: Asia” Netflix (NFLX) дээр нийт 25.7 сая үзэлттэй болж, англи хэлний бус контентуудын ТОП-3-т жагсав. Тус ангиллыг 10 сарын 29-нд цацагдсан “Rules of Fortune” сүүлийн 7 хоногт 5.9 сая, нийт 44.4 сая үзэлттэй тэргүүлжээ. “Physical: Asia”-н хувьд сүүлийн 7 хоногт 3.6 сая үзэлт авсан бөгөөд задлан харвал, Хонконг, Филиппин, Катар, Сингапурт тэргүүлсэн бол, Өмнөд Солонгос, Австрали тэргүүтэй 26 оронд ТОП-10-т жагссан байна.
🍋 Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулxлтын ажлыг 2027 оны дунд үе гэхэд дуусгана. Гагцхүү Энэтхэгийн талаас Монголд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй Megha Engineering-н төлбөрийг цаг хугацаанд нь олгох, ажилтнуудад урт хугацааны виз олгох, тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх шаардлага тавьж буй. Гэснээс тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт өртөг $1.4 тэрбум.
🍋 Skims $225 саяын санхүүжилт татаж $5 тэрбумын үнэлгээтэй боллоо. Ийнхүү брэндийн үнэлгээ 2023 оныхоос 25% нэмэгдсэн бөгөөд санхүүжилтэд Goldman Sachs (GS)-н удирдлага дор BDT & MSD Partners оролцжээ. Сонирхуулахад Skims одоогоор Victoria’s Secret (VSCO), Under Armour (UA), Beats by Dre брэндүүдээс өндрөөр үнэлэгдэж байна даа.
🍋 Хянан шалгах түр хороо Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ. Үүнд 2006 оноос хойш буюу 19 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллүүд багтсан байна. Одоогоор Хянан шалгах түр хороо 60 мянга гаруй баримт материал цуглуулсан гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply