- Lemon Press
- Posts
- Бодлогын хүү ➡️ Хадгаламжийн хүү
Бодлогын хүү ➡️ Хадгаламжийн хүү
Raspberry IPO | $3.2 тэрбумын хөрөнгө оруулалт | 3R философи
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өмнөд Солонгосын алдарт дуучин Ён Таг Аялал жуулчлалын элчийн хувиар Монголд аялж буй. Гэснээс тэрбээр бэлгэнд авсан хонио өөрийн хоёр дахь цомгийн гол дууны нэр болох FORM хэмээн нэрлэсэн байна. Хонь бэлгэнд авбал хэн гэж нэрлэе гэж бодож байна даа? 🤣
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
UB: Монгол нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд Хятадтай хамтран ажиллана.
CUS: Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн жилээс 34.6% өсөж он гарснаас хойш экспортолсон чулуун нүүрсний хэмжээ 31.6 сая тн-д хүрчээ.
Бодлогын хүү ➡️ Хадгаламжийн хүү
Хадгаламж нээхээр төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Одоогоор ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн дундаж хүү 12.2% байна. Ер нь энэ хүү цаашид яах вэ?
🔁 Хамаарал
Бодлогын хүү 2022 оны сүүлээс өнгөрсөн 3-р сар хүртэл сүүлийн 6 жилийн дээд хэмжээ буюу 13%-д хадгалагдсан. Тус хугацаанд ТОП-5 банкны 1 жилийн хугацаатай төгрөгийн, энгийн хадгаламжийн хүү 11%-12.6%-д тогтворжив. Тодруулбал, ХААН Банк (KHAN)-ны хадгаламжийн хүү сүүлийн 1.5 жил орчмын хугацаанд 12.3%, ХХБ (TDB)-ных 12.5%, Голомт банк (GLMT)-ных 12.4% байлаа.
Харин: Монголбанк өнгөрсөн 3 болон 5-р саруудад 14 сарын турш 13%-д барьсан бодлогын хүүгээ дараалан 1 нэгж хувиар бууруулж 11% болгоод буй. Тэгвэл хадгаламжийн хүү хэрхэх вэ?
Трэнд
Бодлогын хүү хадгаламжийн хүүгийн хооронд эерэг хамаарал бий. Энэ ч утгаараа одоогоос 4 жилийн өмнө буюу 2020 оны 10-р сард бодлогын хүү 8% байхад ТОП-5 банкны хадгаламжийн хүү дунджаар 12% байж. Харин 2021 оны 7-р сард бодлогын хүү 2 нэгж хувиар буурч 6% болоход уг банкнуудын хадгаламжийн дундаж хүү 8% болтлоо буурсан юм.
Одоо яах вэ?
Одоогийн байдлаар инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа. Тиймээс бодлогын хүү цаашид ч буурах хүлээлттэй байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурна гэсэн үг. Манайхан тэгээд хадгаламжаа байршуулах банкаа сонгохдоо 1 нэгж хувийн хүүгийн зөрүүг ч анхаарч үздэг хэр нь бодлогын хүүг тэр бүр анхаардаггүй. Уг нь бол бодлогын хүүгийн шийдвэрийг цаг алдалгүй хараад уялдуулж шийдвэрүүдээ гаргадаг бол сайн сан.
💰$3.2 тэрбумын хөрөнгө оруулалт
MSFT: Microsoft Швед дэх үүлэн технологи, хиймэл оюуны дэд бүтцээ өргөтгөх зорилгоор $3.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Үүнд хиймэл оюуны чиглэлээр 250,000 хүнийг сургах төсөв багтсан бөгөөд энэ нь хүн амын 2.4%-ийг эзэлж буй аж. Мөн Шведийн Дата төвд хамгийн хүчин чадал сайтай 20,000 график картыг ашиглахаар төлөвлөсөн байна.
🥹 Raspberry Pi: Лондонгийн хөрөнгийн биржийн аврал
Хямд өртөгтэй, халаасанд ч багтчих компьютер үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай Raspberry Pi Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Тэдний толгой компани нь буяны байгууллага гэж байгаа. Заа тэгээд гол яриандаа оръё.
Хэний хүү билээ?
Raspberry Pi Foundation нь 2008 онд Их Британид боловсролын буяны байгууллага хэлбэрээр байгуулагдсан бөгөөд Raspberry Pi бол тус сангийн хямд өртөгтэй компьютер үйлдвэрлэгч охин компани юм. Хамгийн сонирхолтой нь Их Британид буяны байгууллагууд арилжааны үйл ажиллагаагаа явуулдаг охин компаниудтай байх нь түгээмэл үзэгдэл гэнэ.
IPO-н тухай: Компани хөрөнгийн зах зээл дээр $637 саяын үнэлгээтэйгээр гарч олон нийтээс $200 саяыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Үргэлжлүүлээд санхүүгийн үзүүлэлтийг нь харвал Raspberry Pi өнгөрсөн онд $265.8 саяын орлоготой ажилласан бөгөөд $43.5 саяын цэвэр ашигтай ажилласан юм.
Гол нь чип: Raspberry Pi чипийн бизнест ч хүч үздэг төдийгүй Arm (ARM), Sony (SONY)-той хамтран ажилладаг. Гэснээс тэднийг IPO хийх сургаар Arm тус компанийн $35 сая, Lansdowne Partners $20 саяын үнийн дүн бүхий хувьцааг тус тус худалдан авахаар тохиролцоод буй. Одоогийн байдлаар Arm тус компанийн 3.3%-ийг, Lansdowne Partners 4.15%-ийг эзэмшдэг.
D-Day: Компанийн анхдагч зах зээлийн арилжаа 6 сарын 11-нд эхлэх бөгөөд IPO-н үнэ нь £2.6-£2.8 байх төлөвтэй байна.
Лондонгийн хөрөнгийн биржийн аврал
Гэснээс Их Британийн хөрөнгийн бирж өнгөрсөн жил компаниудыг бүртгэх дүрмээ зөөлрүүлсэн бөгөөд энэ нь тус биржийн хувьд сүүлийн 40 гаруй жилд харагдаагүй шинэчлэлт болсон юм. Үүнээс өмнө компаниуд тус бирж дээр гарах гэж хэт төвөгтэй шат дамжлагыг туулдаг байсан төдийгүй 2008 оноос хойш Их Британи дахь хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон компаниудын тоо 40% буурсан байдаг.
Дараагийн IPO: Тус шинэчлэлийн өгөөж эхнээсээ харагдаж Raspberry Pi-н араас Shein, Boots Лондонгийн биржид бүртгэлтэй болох талаар яриа яваад л байгаа.
Юутай ч Raspberry Pi-н IPO өнгөрсөн 2-р сард Лондонгийн бирж дээр хадгаламжийн сертификат гаргасан Kazakhstan Air Astana-с хойших хамгийн том IPO болох төлөвтэй байгаа шүү.
🧑⚖️ Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын мэдлэгээ нэмэгдүүлээрэй!
Ажил олгогч, ажилтан хоёрын харилцааг зохицуулдаг чухал бичиг баримтуудын нэг болох Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын талаар хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсэж байна уу? 🧑⚖️
Тэгвэл Фиделитас Партнерс ХХН болон LegalData.mn хамтран, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамын төсөл боловсруулахад шаардлагатай мэдлэг олгох ээлжит видео хичээлийг сонирхуулж байна.
Хичээлийн агуулга:
Хөдөлмөрийн гэрээ: Үндсэн агуулга, байгуулах процесс
Хөдөлмөрийн гэрээ боловсруулахад анхаарах зарим асуудал
Хөдөлмөрийн дотоод журам: Бүтэц, танилцуулах процесс
Хөдөлмөрийн дотоод журам боловсруулахад анхаарах зарим асуудал
📞 Хууль зүйн зөвлөгөө авах бол 77497070 дугаараар холбогдоорой.
AKIpress
🍋 Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хотын захирагч НИТХ-д өргөн барилаа. Нийслэл дотоодын зах зээлээс ₮500 тэрбумын бондыг энэ онд багтаан босгох зөвшөөрлөө авсан. Энэ хүрээнд үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган ажиллахыг даалгасан тул Төсвийн тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулахаар өргөн барьсан аж.
🍋 ТҮК-иудад ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин ₮3.5 сая болсон. Үүнтэй холбоотойгоор ирэх 7 сарын 1-ний өдрөөс ТҮК-иудын тендерийг дахин зарлахаар болжээ.
🍋 Нийт 1,200 үнээний “Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор” аж ахуй байгуулах шавыг тавилаа. Тодруулбал, Беларусьтай ХАА-н салбарт хамтран ажиллаж тус аж ахуйг Сэлэнгэд байгуулахаар болжээ. Ингэснээр сүүний чиглэлийн үхрээс авах ашиг шим, үхрийн үүлдрийг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүүний импортыг багасгаж, экспортыг дэмжих юм.
🍋 Энэ оны 6 сарын 3-ны байдлаар Монгол 50,505 ширхэг суудлын автомашин импортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 дахин өссөн үзүүлэлт юм. Харин тус хугацаанд 11,881 ширхэг ачааны автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 46.5% өссөн үзүүлэлт болов.
🌳 3R философи гэж юу вэ?
Бизнесийн ертөнцийнхний тогтвортой хөгжлийн сонин сайханг хуваалцдаг ногоон буландаа эргэн тавтай морил. Гэснээс уншигчид маань 3R философийн талаар мэдэх билүү?
Doing well by doing good
Цэнхэр дэлхийн тогтвортой хөгжлийн аяллын томоохон хэсэг болох бизнесийн ертөнцөд сүүлийн үед “Doing well by doing good” хэмээн үзэл дэлгэрч байгаа сурагтай. Энэ ч утгаараа компанийн цар хүрээ том байхын хэрээр бизнесээ эх дэлхийд ээлтэй байлгаж тогтвортой хөгжлийн манлайллыг харуулах болсон. Тус үзлийн нэгээхэн жишээ бол MCS Coca-Cola-н хэрэгжүүлж буй 3R зарчим. 3R нь гагцхүү зарчим гэхээсээ илүүтэй MCS группийн хэмжээнд философи болон хэрэгжиж байгаагаараа онцлог.
Бууруул, боловсруул, дахин ашигла
Улмаар компани 3R философийн хүрээнд 2021 оноос эхлэн хүлэмжийн хийн ялгаруулалтаа тооцох болсон бөгөөд тус үзүүлэлтийг 2030 он гэхэд 25% бууруулахаар ажиллаж буй. Тэд ганц хүлэмжийн хийгээ бууруулаад зогсохгүй үйлдвэрлэлийн усны хэрэглээг ч үе шаттай бууруулж, дахин боловсруулах байгаа.
Тойрог эдийн засаг: Түүнчлэн хуванцар хог хаягдлаа дахин боловсруулж, түүнийгээ дахин ашиглах замаар нийт бүтээгдэхүүнийхээ 28%-ийг дахин боловсруулсан савлагаатай болгох аж.
Хамтын ажиллагаа: Сонирхуулахад, MCS Coca-Cola өнгөрсөн онд TML ХХК, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран хуванцар дахин боловсруулах гинжин хэлхээг байгуулах гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсанаар, оршин суугчид хуванцрын хаягдалгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломж бүрдэж буй.
Эцэст нь… Хүн төрөлхтний ашиглаж болох био нөөц минут, секундээр дундарсаар л байгаа энэ үед том жижиг гэлтгүй хаа хаанаа л эко хэрэглээг дэмждэг, сурталчилдаг үнэ цэнийг нь ойлгодог байх шаардлагатай байна даа.
Алдааг ол. 🔎
A. ТҮК-иудад ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхлэхээр болжээ.
B. Microsoft үүлэн технологи, хиймэл оюуны дэд бүтцэд $3.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.
C. Энэ оны 6-р сарын байдлаар 50,505 ширхэг суудлын автомашин импортолсон нь 46.5% өссөн үзүүлэлт юм.
Унш: Энэтхэгийн сонгуулийн санал хураалт дуусаж, Моди дахин ялах магадлалтай байна. (FT)
Сонирх: Сонгуулийн дараах Монголын эдийн засаг ямар байх вэ? (GoGo)
Өө, хө: Toyota шинээр үйлдвэрлэж буй машиндаа хуурамч шалгалт хийж гэрчилгээ авсандаа уучлалт гуйв. (AP)
Өсөлт: Spotify Америк дахь хэрэглэгчдийн төлбөрийг ирэх сараас ахин нэмнэ. (TheVerge)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Зөв хариулт нь C буюу 50,505 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.5% биш 2 дахин өссөн үзүүлэлт шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply