• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Өсөж, уруудахын зааг

🇲🇳 Өсөж, уруудахын зааг

Нобелийн 7 хоног | Y Combinator-т Монгол стартап | Шинэ платформтой $PYPL

POWERED BY

Өглөөний мэнд! Нийтийн тээврээр зорчдог лимончууд хэр их байна? Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн тал буюу “120“-ийн буудал Улаанбаатар хотын хамгийн их суудаг автобусны буудал гэнэ шүү. Үүний араас Баянгол зочид буудлын автобусны буудал ордог ажээ. 🚌

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Маргааш буюу Баасан гарагт УИХ Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. 

SN: Монгол Сингапуртай нүүрсхүчлийн хийн кредит хөгжүүлэх, арилжаалах чиглэлд хамтран ажиллана

OIL: Ирэх оны 1-р сарын 31-ний дотор газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195.9 мянган тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэхээр болов.

🇲🇳 Өгсөх, уруудахын зааг дахь эдийн засаг

Саяхан гарсан Дэлхийн Банкны 10-р сарын тайланд Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 нэгж хувиар бууруулж 5.9%-т хүргэжээ. Өсөлтийн хувь буурсан нь анхаарал татах ч бүс нутагтаа эдийн засгийн өсөлтийн таамгаар 2-т эрэмбэлэгдсэн нь тун сонирхолтой…  

🌏 Бүс нутгийн тойм

Дийлэнх Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ДНБ энэ онд дунджаар 4.8% өсөх хүлээлт үүссэн бөгөөд ирэх онд 0.5 нэгж хувиар буурч 4.3%-д хүрэх тооцоо гарчээ. Тус бууралтад тарифын маргаан, улс орнуудын дотоод зөрчил, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт шалтгаанууд томоохон нөлөөтэй аж.  

  • 🇨🇳 Бүс нутгийн аварга: Хятадын эдийн засаг экспортын өсөлт буурах болон улсын өр нэмэгдэж байгаагаас шалтгаалж энэ онд 4.8%, ирэх онд 4.2% өсөх төлөвтэй байна. 

🔎 Удаах байр

2025 онд бүс нутагтаа Монгол эдийн засгийн өсөлтөөр 2-т орох хүлээлттэй ба “Оюу толгой” ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуй салбарын өсөлт томоохон түлхэц болох аж. Харин ирэх жилийн ДНБ-ий өсөлт 5.6%-д хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн 4-р сард гарсан төсөөллөөс 0.4 нэгж хувь, бүс нутгийн дунджаас 1.3 нэгж хувиар өндөр дүн.

  • 📝 Оюутолгойн амжилт: Монголын эдийн засгийн артерийн судас болсон Оюу толгой энэ оны эхний хагас жилээр 152 мянган тн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд оны эцэст ч дахин дээд амжилт тогтоох хүлээлттэй байгаа. 

  • 📑 Төсвийн төсөл 2026: Ирэх оны төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 5.7% байхаар тооцсон нь бодит цалингийн орлогыг 9%, бусад орлогыг 7% өсгөж өрхийн бодит орлогын өсөлтийг 7% нэмэгдүүлэх аж.

Эцэст нь… Энэ бүх тооцоолол нь зөвхөн таамаглал буюу 100% биелэхгүй гэдгийг санах нь зүйтэй. Хэрэв нөхцөл байдал сайжирвал үүнээс илүү ч байхыг үгүйсгэхгүй.

Манай лимонууд энэ жилийн эдийн засгийн өсөлтөд ямар хүлээлттэй байна?

Login or Subscribe to participate in polls.

  • 👀 iPhone 17 дэлхий даяар ямар үнэтэй байна вэ? (Apple)

  • 🏆 Англи хэлний олимпиадын дэлхийн аварга Монголоос тодорчээ. (MNB)

  • 🚔 ChatGPT-с болохгүй зүйл асуугаад шоронд оров оо! (Futurism)

  • 🤲 Миний эх орон хандивын орон билээ. (БоловсролынЯам)

🆕 Шинэ платформтой $PYPL

PYPL: Төлбөр тооцооны акул PayPal шинээр жижиг, дунд бизнесүүдэд зориулсан зар сурталчилгааны платформоо танилцууллаа. Ингэснээр бизнесүүд өөрсдийн медиа сүлжээг үүсгэж, шинэ орлогын урсгал бий болгох боломжтой болжээ. Үүнтэй нөлөөгөөр компанийн нэгж хувьцааны үнэ 4.7% өсөж $74.6-т хүрсэн аж. Мөн тэдний хувьд одоо аваад дараа төлөх үйлчилгээндээ 5%-ийн буцаан олголтыг танилцуулснаар хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаад байна.

🩰 Хүүхдийн төлөө балетын үдэш 

Нэг санал байна! Монголын сонгодог болон модерн бүжгэн жүжгийг нэг тайзнаас үзэхийн сацуу хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулах уу?

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Контемпорари Балетын Хөтөлбөр, Үндэсний ДБЭТ хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх Балетын үдшийг толилуулах гэж байна. 📢

  • Балетын үдшийн тасалбарын нийт орлогыг орон нутгийн гэр цэцэрлэгүүдийн нүүрсээр галладаг зуухыг халж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн CHIP багц суурилуулах ажилд хандивлах юм. Улмаар 1,000 гаруй хүүхдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломж олгох нь ээ.

📍 Хаана: УДБЭТ
📆 Хэзээ: 10 сарын 16

🏆 Энэ оны Нобелийн эзэд 

Нобелийн 7 хоногийн мэнд! Одоогийн байдлаар Физик болон Физиологи, Анагаах ухааны Нобелийн шагналууд эздэдээ очоод байна. Шинэхэн Нобелийн шагналтнууд болон тэдний нээлттэй танилцацгаая.

🤓 338 нэр дэвшигч

Нобелийн шагнал хүртээгүй байсан ч нэр дэвших нь асар том хэрэг. Энэ жилийн тухайд Нобелийн энх тайвны шагналд 338 нэр дэвшигч буюу 244 хувь хүн, 94 байгууллага  нэр дэвшээд буй. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 18% өссөн үзүүлэлт юм. 

  • 🩻 Физиологи ба анагаах ухааны Нобелийн шагналтнууд хамгийн эхэнд тодорсон бөгөөд Америкийн эрдэмтэд Мэри Бранкоу, Фред Рамсделл болон Японы Шимон Сакагучи нар дархлааны систем хэрхэн эрүүл эс рүү халдахгүйгээр өвчин, хорт хавдрын эстэй тэмцдэгийг тайлбарласнаар Нобелийн шагналтнууд болов. Энгийнээр бол тус нээлтийн ачаар дархлааны систем өөрийгөө устгадаг (аутоиммун) өвчнийг эмчлэх, цаашлаад эрхтэн шилжүүлэх эмчилгээг шат ахиулах боломжтой болжээ. 

  • 🖥️ Физик: Америкийн эрдэмтэд Жон Кларк, Мишель Деворет, Жон Мартинис нар цахилгаан хэлхээ дэх макро хэмжээний квант туннелчлэл болон энергийн квантчлалыг илрүүлсэн нээлтээрээ Нобелийн шагнал хүртэв. Тэдний туршилт квант физикийн үзэгдлийг анх удаа  хүний гарт багтах системээр нотолж, квант компьютер, мэдрэгч гэхчлэн квант технологийн хөгжилд шинэ үеийг эхлүүлсэн нээлт хэмээн шуугиулж байна. 

🫢 Трампд Нобелийн Энх тайвны шагнал зохих уу?

Гэснээс Доналд Трамп энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшсэн байх магадлалтай гэнэ ээ. Энэ нь түүний анхны Нобелийн шагналд нэр дэвшсэн тохиолдол биш төдийгүй түүний хувьд экс Ерөнхийлөгч Барак Обама шиг Нобелийн Энх тайвны шагнал авахыг олон жил мөрөөсөж байгаа гэх шуум байдаг. Ямартай ч түүний мөрөөдөл биелэх эсэхийг 10 сарын 13-нд харах нь.

Эцэст нь… Ирэх Баасан гараг хүртэл Хими, Уран зохиолын салбарын Нобелийн шагналтнууд тодрох бол  10 сарын 13 буюу Даваа гарагт Нобелийн Энх тайвны шагналын эзэн тодорно. Монголын цагаар орой 17–19 цагийн хооронд болох тул хамт олон, найз нөхдөөрөө үзээд суувал бас л сонирхолтой доо. Гэснээс ЭНД дарж Нобелийн шагналтнуудын нээлтийн талаарх мэдлэгээ сориорой. 

25%-28%
Улаанбаатарын агаарын бохирдлын 55%-ийг нүүрсний утаа бүрдүүлдэг бөгөөд өрхүүд хагас кокс түлш рүү шилжсэнээр утаа 25%-28% буурах юм гэнэ.
170 мянга
Тэгвэл Нийслэлээс 170 гаруй мянган айл өрхийг хагас коксон утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх аж.
₮5,000
Улмаар 382 цэгт шахмал түлшийг нэг уутыг нь  ₮3,750, хагас коксон түлшийг ₮5,000-өөр борлуулах сурагтай. 

🧐 Усны амт, чанар ямар байх ёстой вэ?

Зарим усыг уухад хэт зөөлөн, зарим нь хэт хатуу санагдаж байсан уу? Энэ нь тухайн усны эх үүсвэр түүнд агуулагдах эрдэс бодис, таны амтлах чадварын онцлогоос хамаарч танд мэдрэгдэж буй амт юм.  

🗻 Байгалийн амт

Сонирхолтой нь байгалийн гүнээс ундарч буй эрдэст ус гэхэд тухайн газар нутгийн онцлогоос хамаарч сүүн, давслаг, шороон амттай ч байж болдог. Байгалийн эрдэст ус цэвэршүүлсэн уснаас өөр амтагддаг даа. Үүнд 4 төрлийн эрдэс хамгийн их нөлөөлж байдаг ажээ. Гэснээс усанд агуулагдсан эрдэс бодис, давсны хэмжээг PPM гэх нэгжээр хэмждэг шүү. Ус худалдан авахдаа харах ёстой л нэгж.

  • Гидрокарбонат (HCO₃⁻): Усыг зөөлөн амттай болгодог хэдий ч их хэмжээгээр агуулагдвал усны хатуулаг нэмэгддэг.

  • Сульфат (SO₄²⁻): Усанд хатуулаг амт нэмж, 250 ppm-с дээш байвал усны амтанд сөргөөр нөлөөлдөг.

  • Кальци (Ca²⁺): Хатуу, металлын амт бий болгодог бөгөөд агууламж нь 100-150 ppm орчимд байвал зохистой.

  • Магни (Mg²⁺): Зөөлөн, гашуун амттай.

Эдгээр эрдэс бодисын нийлбэр хэмжээг “TDS буюу Total Dissolved Solids” гэж нэрлэдэг бөгөөд түлхүү литр тутамд 50-1500 ppm хооронд байвал зохистой. Тухайлбал, San Benedetto усны TDS 38-53 ppm байдаг тул цэвэр, амтгүй мэт амтлагддаг бол San Pellegrino-н TDS 1,000 ppm буюу хатуулаг ихтэй мэт  амтагддаг байх нь. 

🥈 Мөнгөн медальтай Монгол ус

Саяхан зах зээлд “Pearl on the Taiga” хэмээх эрдэст ус нэвтрээд буй. Өнөө Water Expo”-д дэлхийн 65 брэндтэй өрсөлдөн дэд байр хүртсэн ус. Тус усны хувьд найрлагадаа 250 мг/л HCO₃⁻, 50 мг/л кальци, 17 мг/л магни агуулсан тул эрдсийн агууламж нь тэнцвэртэй, зөөлөн амттай. Сонордуулахад, “Pearl of the Taiga” усны гол эрдэс болох гидрокарбонат нь дотоодын бусад усанд байдаггүй аж. За тэгээд туршаад амтлаад үзээрэй. 💦 

Fondo

🍋 YCombinator-т орсон анхны Монгол үүсгэн байгуулагчтай стартап Prohost AI $2.6 саяын санхүүжилт татжээ. Эргэн харвал, ProhostAI өнгөрсөн онд YCombinator-н “Summer 2024” хөтөлбөрт шалгарч хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ авч бизнесээ хөгжүүлэх боломжтой болсон юм. Тэгвэл өдгөө тус стартап 9 ҮХХ эзэмшиж жилдээ $1.5 саяын орлого олдог болжээ.

🍋 Итали Европыг байлдан дагуулах шинэ хиймэл дагуулын үйлдвэртэй боллоо. Францын Thales Alenia Space €1 тэрбумын санхүүжилтээр барьсан тус үйлдвэр нь салбарын ойролцоогоор 150 ЖДҮ-ийг нэгтгэн ажиллуулж жилд ойролцоогоор 100 хиймэл дагуул үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэснээс тус компани Монголын анхны үндэсний хиймэл дагуулыг бүтээж буй. 

🍋 ЗГ нүүрстэй холбоотой гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгов. Үүнд Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2020-2022 онд байгуулсан нүүрс нийлүүлэх нийт 32 гэрээнээс гадна 3 төрлийн баримт бичгийг ил болгосон гэнэ. Юутай ч, хэрүүл дагуулаад удаж буй тус баримт бичгүүдийг холбогдох цахим хуудаснуудад нь нээлттэй байршуулах аж. 

🍋 Johnson & Johnson (JNJ) хүүхдийн нунтагтай холбоотой хорт хавдрын хэрэгт $966 саяын торгууль төлнө. Үүний $16 саяыг хохирогчид нөхөн төлбөр болгон олгохоор шийдвэрлэсэн ч хожим нийт дүнг бүхэлд нь олгохоор болжээ. Он удаан хугацаанд буюу 15 жилийн турш үргэлжилсэн тус хэргийн шүүх хуралд компани дээрх дүнгээс гадна нийт $3 тэрбумыг зарцуулсан юм. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.