- Lemon Press
- Posts
- 📱 QPay-н ард хэн байна?
📱 QPay-н ард хэн байна?
Хар Баасан гараг | Nissan EV-н төлөө | QPay-н IPO
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ. Цанын бааз нээгдсэнийг мэдсэн үү? Одоо тэгээд өвлийг дуустал гулгаад байж дээ. 🏂
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монголросцветмет ТӨҮГ-ын 52%-ийн агууламжтай 3,300 тн төмрийн хүдэр 1 тн нь $86.5-оор арилжаалагдлаа.
BTC: Оны эхэнд $16,625 байсан Биткойны ханш Баасан гарагт $38,000-ыг давж энэ жилийн дээд цэгт хүрээд амжлаа.
OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮35.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮25.4 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.
📱 QPay-н ард хэн байна?
Та картгүй худалдан авалт хийхдээ ихэвчлэн QPay-р төлбөр тооцоогоо хийдэг биз дээ? Тэгвэл уг үйлчилгээг нэвтрүүлэгч Innovation Investment ХХК IPO хийх гэж буй. Тэд яг яадаг компани юм бэ?
Үүх түүх
Тэдний түүх 2016 оноос эхлэлтэй. Компани тус онд QPay үйлчилгээг хөгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2017 онд Innovation Investment ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдсан аж. Одоо бол Innovation Investment ХХК нь QR код ашиглан цахим төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ ХХК болон Мерчантуудад зориулсан мобайл, веб апп хөгжүүлэгч ДМС ХХК гэсэн 2 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй.
QPay in your area
Харин QPay-н тухайд 2019 оноос хойш маш хурдтай нэвтэрсэн. Энэ ч утгаараа QPay-р өнгөрсөн онд нийт 63 сая гүйлгээ хийгдсэн байна. Харин энэ оны эхний 10 сард гүйлгээний тоо нэмэгдэж ₮4.7 их наядын үнийн дүн бүхий 98.6 сая ширхэг гүйлгээ хийгджээ.
Илүү их 💪: QPay үйлчилгээ өдгөө давхардсан тоогоор 3.2 сая хэрэглэгчтэй, CU, Emart зэрэг 14 мянга гаруй системийн холболттой харилцагчтай болсон аж. Иймд QPay гүйлгээний зах зээлд эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж, 2018 онд 0.2% байсан бол 2027 он гэхэд 12.5%-д хүрэх төлөвтэй буй.
Ирээдүй
Innovation Investment ХХК-нд одоогоор 16 этгээд хувьцаа эзэмшдэг. Үүнээс хамгийн их буюу 22%-ийг Ай Си Ти Групп эзэмшиж буй. Харин компани ирэх сард IPO хийж компанийнхаа 20%-ийг олон нийтэд санал болгоно. Ингэхдээ тэд нэгж хувьцаагаа ₮225-өөр санал болгож ₮8.3 тэрбумыг босгох юм. Компанийн IPO-д оролцох уу, яах уу гэж бодож байгаа бол,
Үйл ажиллагааг нь харах хэрэгтэй: Жил ирэх бүр цаасан мөнгө, төлбөрийн картын хэрэглээ багасаж буй энэ үед хамгийн өргөн сүлжээтэй төлбөр тооцооны үйлчилгээнд хөрөнгө оруулах нь цаг хугацааны хувьд зөв шийдвэр байж болох юм.
Санхүүгийн үзүүлэлтийг анхаар: Компани 2021 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд ₮3.5 тэрбумын ашигтай ажиллажээ. Түүнчлэн эздийн өмч нь ₮6.1 тэрбумд, өгөөж (ROE) нь 78.4%-д хүрсэн байна. Харин 2027 он гэхэд тэдний ашгийн хэмжээ нь 4 дахин нэмэгдэж ₮14 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж.
Заа тэгээд, QPay-н IPO 12 сарын 4-нд эхэлнэ шүү. Гэснээс энэхүү нийтлэл нь ямар нэгэн байдлаар таны хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх биш мэдээллийн зорилготой гэдгийг анхаараарай.
🚗 EV-н төлөө
7201.T: Nissan Их Британийн EV-н бизнест нэмэлтээр £2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингэснээр тэдний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ £3 тэрбумд хүрэх юм. Тус хөрөнгө оруулалтыг Nissan-н Сандерландад үйлдвэрлэх 3 шинэ EV моделийг хөгжүүлэх болон батарейны гига хэмжээтэй үйлдвэр барихад ашиглах аж. Уг мэдээний араас компанийн хувьцааны үнэ 2.2% өсөж ¥596.5 болоод байна.
👋 Ямар Баасан гараг гэнэ ээ?
Энэ удаагийн Black Friday-н орлого өнгөрсөн оны мөн үеэс 7.5% өсөж $9.8 тэрбумыг давж дээд амжилт тогтоолоо. ЭЗ хямралтай байгаа ч зад хямдралын үеийг алгасаж хэрхэн болох билээ, тийм ээ?
Хямдралын сар
Жил бүрийн 11 сарыг дэлхий даяар Singles Day, Black Friday, Cyber Monday зэрэг томоохон хямдралын өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөх болсон. Энэ жилийн Black Friday-н хувьд хүмүүс инфляц, үнийн хөөргөдлийг үл харгалзан хэзээ хэзээнийхээс илүү худалдан авалт хийсэн нь ЭЗ үнэхээр хямарсан эсэхэд эргэлзэхэд хүргэв. Сонирхуулахад, Америкчууд өнгөрсөн Пүрэв гарагт буюу Талархлын баярын өдөр $5.6 тэрбумын худалдан авалт хийжээ.
Хамгийн галзуу нь гар утаснаас хийсэн захиалгын дүн нийт борлуулалтын дийлэнх буюу $5.3 тэрбумыг эзэгнэв. Улмаар,
Үеэ өнгөрөөсөн: Дэлгүүрүүдийн борлуулалт цахим борлуулалтаас ердөө 1% л өссөн байна. Ер нь л хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв цахим shopping руу нүүчхээд байна шүү дээ.
Эдгээр өдрүүдэд: Хямдралын үеэр борлуулагчид бараа бүтээгдэхүүнээ зад хямдруулахаас гадна төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг санал болгох болсон нь худалдан авалтыг гал авалцтал ноцоодог.
Нэмэгдсээр: Улмаар “Одоо аваад, дараа төлөх” нөхцөлтэйгөөр хийсэн худалдан авалтын дүн өнгөрсөн жилээс 47% өсөж $79 саяд хүрчээ. Хэмнэлт нь хэмнэлт ч өр шүү дээ, өр.
Black Friday-н араас залгаад энэ 7 хоногт Cyber Monday эхэлж байгаа бөгөөд нийлбэр дүнгээр $12 тэрбумыг олох төлөвтэй байна. Ингээд харахаар хүмүүс ЭЗ-ийн хямралтай үед хэмнэлт нэрийн дор илүү их зардал гаргадаг юм шиг.
За тэгээд, хэрэгтэй юм аа авч чадсан бол хэмнэлт, хэрэггүй ч хямдарсан юм чинь гээд авсан бол хэрэггүй зардал шүү дээ. Монголд ч энэ сарыг дуустал энд тэндгүй хямдралууд үргэлжлэх төлөвтэй байна. Та хэмнэсэн нь үү, хэрэггүй зардал гаргасан нь уу? Аль нь байв?
ББСБ-уудын нийт хөрөнгө сүүлийн жилүүдэд нэлээн сайн өсөж байгаа бололтой. Тэгвэл тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ хэд байгааг харцгаая.
2018 оны III улирал - ₮1.2 их наяд
2019 оны III улирал - ₮1.6 их наяд
2020 оны III улирал - ₮1.9 их наяд
2021 оны III улирал - ₮2.5 их наяд
2022 оны III улирал - ₮3.4 их наяд
2023 оны III улирал - ₮4.3 их наяд
Товчхондоо, сүүлийн 5 жилд ББСБ зах зээл 3.6 дахин өсжээ. Дажгүй шүү.
🚀 ХЗЗ-ийн хөгжлийн хурдасгуур | UBX
Монголын хөрөнгийн зах зээлд арилжаа, тооцооны үйл ажиллагаа эрхэлж буй Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX)-ийг танилцуулж байна.
UBX: Монголын анхны хувийн бирж ба NASDAQ болон ОУ-ын биржүүдийн жишиг DVP2, хосолсон загвартай дэд бүтцийг бий болгосон юм. Мөн арилжааны цаг урт буюу 09:00-16:00 цаг хүртэл.
Тус биржээр хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх арилжаалахаас гадна удахгүй фьючерс, опцион зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл, шорт болон маржин арилжаа хийх боломжтой болох аж.
Түүнчлэн Мост Финтек ХХК-н IPO болон NASDAQ биржийн индекс дагасан Монголын анхны хамтын биржээр арилжаалагддаг сан Инвескор Глобал Кью (INQ ETF) нэгж эрхийг арилжаалах гэж буй.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Reuters
🔹X буюу Twitter зар сурталчилгааны орлогоосоо $75 саяыг алдаж магадгүй. Тус асуудал анх платформ дээрх еврей хүмүүсийн эсрэг нийтлэлээс үүдсэн юм. Улмаар Walt Disney (DIS), Warner Bros Discovery (WBD) зэрэг 200 компани тус платформ дээрх зар сурталчилгаагаа зогсоохоор болжээ.
🔹ONDO-н үүсгэн байгуулагчид үнэнч хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэглэхээр болжээ. Тодруулбал, ONDO.mn-с үйлчилгээ аваад тасралтгүй хэрэглэсэн эхний 100 мянган хэрэглэгчид нийт төлсөн төлбөртэй нь дүйцүүлж хувьцаагаа бэлэглэх аж.
🔹Оюу толгой ХХК БОАЖЯ-тай хамтран 187 га газрыг нөхөн сэргээнэ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумын нутаг дахь хариуцлагагүй уул уурхайгаас сүйдсэн газрыг ирэх онд нөхөн сэргээхээр болжээ. Сонирхуулахад, тэд Ерөө сумын Ялбагийн 110 га талбайг нөхөн сэргээж байв.
🔹Хамтын хаалттай ХОС-гийн нэгж эрхийн бүртгэлийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо. Нэмэлт өөрчлөлтөөр нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс 1% байсныг 0.25%, биржийн үйлчилгээний жилийн хураамжийг тооцохдоо сангийн цэвэр хөрөнгийн 0.1%-иас тогтоодог байсныг 0.025% болгон тус тус бууруулжээ.
🔹Хятадын Хөгжлийн банк эрчим хүчний нийлүүлэлтийг дэмжин ¥100 гаруй тэрбумын зээл олгожээ. Энэхүү зээлийг энэ оны эхнээс олгож эхэлсэн бөгөөд голлон нүүрс олборлодог бүс нутгуудад эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг дэмжихэд зориулсан байна.
Унш: Дэлхийг өндөр энергитэй сансрын цацраг оносон гэнэ үү? (ATTHEU)
Жагсаалт: Шинэ жил болохоос өмнө хийх зүйлс. (WiseBread)
Мэд: Дэлхийн хамгийн үнэтэй оффисын талбай. (ThePropertyTribune)
Сонирх: LP-н өнгөрсөн7 хоногийн онцлох 5 нийтлэл. (LemonPress)
Даваа: Хонгконгийн гадаад худалдааны тэнцэл танилцуулагдах өдөр.
Мягмар: Японы төв банкнаас өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индексийг зарлана.
Лхагва: Европын Холбооны өнгөрсөн 11-р сарын бизнесийн орчны тайлан гарах сурагтай.
Пүрэв: Үргэлжлүүлээд Оросын ДНБ-ийн үзүүлэлт гарах нь.
Баасан: Өмнөд Солонгосын гадаад худалдааны тэнцэл зарлагдсанаар энэ 7 хоногийг өндөрлүүлэх нь дээ.
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply