• Lemon Press
  • Posts
  • !!️ Айх айдасгүй ажилла

!!️ Айх айдасгүй ажилла

Хонконгийн амжилт | Орлогоо хуваалцах тохироо | Трамп х Путин

POWERED BY

Hey! Яг сарын дараа уул уурхайн салбарын оролцогч талуудыг цуглуулсан MiningWeek & MinePro 2025 олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн болох нь ээ. Энэ жилийн чуулганы Тэргүүлэх улсаар Хятад тодорсон байна. Бид уг чуулганы албан ёсны санхүүгийн медиа хамтрагчаар ажиллаж байгаа тул удахгүй сонирхолтой мэдээллийг нь хүргэнэ шүү. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Худалдаа Хөгжлийн Банк (TDB) ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргана

U.S.: Украинд гал зогсоох асуудлаар ирэх Баасан гарагт Трамп болон Путин Аляска мужид уулзах гэж байна

GOLD: Өнгөрсөн Баасан гарагт Америк 1 кг алтны импортод 6.5%-ийн тариф тогтоосны дараа алтны фьючерсийн үнэ анх удаа $3,500-ын босгыг давлаа.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮24.1 тэрбумын болон $616.9 мянгын арилжаа явагдав. Үүнээс $-ын арилжаа зөвхөн хоёрдогч зах зээл дээр хийгджээ.

‼️ Айх айдасгүй ажилла

Өчигдөр 13 жилд 31 өөрчлөлт хийсэн Хөгжлийн банканд тайван амгалан амьдрал эхлэх эсэх тухай асуудал сөхөгдлөө. Энэ их хөл хөдөлгөөний дунд хөгжлийн банкны асуудал дэврэх үедээ дэвэрч, буцлах үедээ буцалж байсан билээ. 

  • 📌 Үйл явдал: Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банкны удирдлагатай уулзан, цаашдын зарчим, яаралтай хийх ажил, хууль эрх зүйн чиглэлүүдийг тодорхойлсон юм. 

🕉 Айдас арилгах тарни: Шахааны хүн холуур суха

Хөгжлийн банкны асуудлыг ширэглэж үзтэл тогтворгүй байдлын дүрс гарч ирж. Угаас өнгөрсөн 13 жилд хууль 2 удаа, ТУЗ 11 удаа, удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь тогтворгүй засаглалыг томруулдаг шилээр харуулж буй. Харин энэ барцдыг Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй, олон улсын байгууллагын төлөөллийг оруулах урилга явуулах замаар арилгах шийдэл олж. Ингэж байж энэ банк “айх айдасгүй”  ажиллах гэнэ. 

  • 🧐 Айлгах зүйл нь юу байв? Хөгжлийн банкны зарим томилгоо шударга бус. Энэ утгаараа тус банкны 6 захирлын 3-ыг нь цагдан хорьж, 1-ийг нь шалгаж байв. Улмаар 2021 оны эцэст ₮3.2 их наядын активынх нь ₮1.8 их наяд нь чанаргүй зээлд бүртгэгдэж, гол усаар шуурч байв. Үүний цаана боломж алдагдаж, эрсдэл үүсэж, итгэлцэл буурсан билээ. 

🔍 Одоо юуг өөрчлөх гээд байна вэ? 

Хамгийн түрүүнд засаглалыг тогтворжуулна гэнэ. Энэ хүрээнд АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ зэргээс төлөөлөл оруулж, ТУЗ-ийн хараат бус байдлыг хангах юм. Үүний дараа санхүүжилтийн төслүүдийг эрэмбэлнэ. Одоо яамдын хэмжээнд 149 төсөл төлөвлөгдсөн байгааг чухлаар нь эрэмбэлж санхүүжүүлэх нь. Үүнээс гадна эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, зээлийн чанарыг сайжруулах даалгавар хүлээж буй. 

Хүлээлт 🆚 Одоо

Энэ бүх өөрчлөлтийг хийсний дараа Хөгжлийн банк жинхэнэ утгаараа хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлж, гаднын экспорт руу чиглэсэн дэд бүтцийн асуудалд оролцох ёстой. Харин тэдний одоогийн нөхцөл байдлын хувьд өөрийн хөрөнгөө ₮1.5 их наядаар нэмэгдүүлж, олон улсын зах зээлээс $350 саяыг босгочихсон яваа. Өнөө чанаргүй зээлээс нь ₮891.9 тэрбум үлдсэн бөгөөд 2024 оны алдагдал нь жилийн өмнөхөөсөө 69% буурч ₮12.3 тэрбум болсон байдалтай байна. 

Эцэст нь… Хөгжлийн банк зорилгоосоо хол хазайж, том алдаж үзсэн. Одоо засах замдаа яваа. Хэрэв зорилгынхоо дагуу ажилласан бол өнөөдөр цахилгаан тасрахгүй, том төслүүд гацаанд орохгүй байх боломжтой байв. Бидэнд тогтвортой байдал, шударга үнэн, оновчтой шийдвэр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ айх айдасгүй болгоно гэх мэтээр попрохоос илүү түс тас бодит үр дүн л чухал байна. 

🍰 Орлогоо хуваалцах тохироо

NVDA: Nvidia болон AMD (AMD) Хятад руу экспортолсон чипийхээ орлогын 15%-ийг Америкт өгнө. Товчхондоо, компаниуд Nvidia H20, MI308 чипүүдээ Хятадад борлуулахын тулд ЗГ-тай орлогоо хуваалцах онцгой гэрээ байгуулж чадлаа. Оны эхээр Трамп чипийн экспортын хатуу хязгаарлалт тавьж, H20 чипийг Хятад руу экспортлохыг хориглож байсан ч дараа нь зөвшөөрөл олгох нөхцөлтэй болгож байсан билээ.

  • 🤥 7 хэмжиж, нэг огтолсны дараа санхүүгийн шийдвэрээ гаргана шүү. (ЦЕГ

  • 🎓 Чевенингийн 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. (Chevening)

  • 🔦 Цагтаа цалгиж явсан Intel-н уналтын шалтгаан. (Yahoo!Finance)

  • 🚘 Lexus-н хурд, хүчийг Монголын тал нутагт сорьсон нь. (Chosunbiz)

🏆 Дээд амжилт: 1.5 сая компани

2025 он Хонконгийн нар, сар, од, гараг ивээсэн жил байх бололтой.

🎡 Монголоос 6 дахин их

Өнгөрсөн 7-р сарын байдлаар Хонконгт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн компаниудын нийт тоо 1.5 саяд хүрч, түүхэн дээд амжилт эвдэв. Үүний 15,000 нь гаднын компаниуд бөгөөд мөн адил дээд амжилт эвдээд буй. Тус улсад бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо ийн нэмэгдэж байгаад эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн таатай орчин нөлөөлж байгаа ч үүнээс илүү том давуу тал нь зохицуулалтын орчин. 

  • ☝🏻 Тодруулбал, Хонконгт компани байгуулахад ердөө 1-3 хоног шаардлагатай буюу зөвшөөрөл олгох процесс нь маш хялбар. Үүгээрээ ч дэлхийд толгой цохидог. 

  • 📈 Гэнэтийн өсөлт: Компаниудын мэдээллийг сүүлийн 10 жилээр харахад, 2023 оноос өмнө жилд дунжаар 20-25 мянган компани бүртгүүлдэг трэндтэй байсан бол 2023 оноос уг тоо 2 дахин нэмэгдэж, дээд амжилт тогтоогоод буй. 

  • 🤑 Төрийн дэмжлэг: Уг өсөлтийн ард ЗГ-ын харьяа InvestHK 2023 оноос эхлэн компаниудад дэмжлэг олгосон нь ихээхэн нөлөөлсөн. Сүүлийн 3 жилд тэд 1,333 компанид дэмжлэг үзүүлсэн бөгөөд эхний жилдээ HK$174 тэрбумын шууд хөрөнгө оруулалтыг татаж, 19,000 гаруй ажлын байр бий болгожээ.

🆚 Бид ба тэд

Өнгөрсөн I улирлын байдлаар Монголд бүртгэлтэй ААНБ-ын тоо 266.1 мянгад хүрсэн. Сүүлийн 10 жилд гэхэд, жилд дунджаар 17,000 ААНБ шинээр бүртгүүлсэн буюу энэ нь 2023 оноос өмнөх Хонконгийн үзүүлэлтээс хэт алсарсан үзүүлэлт биш.  

  • 🔍 Гол ялгаа: Монголд бизнес эрхлэхэд хамгийн хэцүү зүйл нь юу вэ хэмээн асуувал “ТАТВАР” гэж хариулах хүн олон. Гэтэл од болоод байгаа Хонконгийн орлогын албан татвар хамгийн ихдээ 16.5% байдаг төдийгүй компаниудын хэмжээнээс хамаарч 2 шатлалттай тогтоодог аж. Гол зорилго нь жижиг компаниудад бага татвар ногдуулах.  

Эцэст нь… 2023 оноос хойш Хонконг бизнесүүдэд ногдуулж буй татварын бодлого болон зохицуулалтаа хялбаршуулснаар хөрөнгийн зах зээл, бизнесийн орчин нь жил жилээр ахих болов. Бизнесүүдэд ээлтэй болохын тулд хамгийн түрүүнд олон жил ярьж буй татварын реформоо хийхгүй бол Монголын нийт ААНБ-ын 60% нь зогсонги байдалтай байгаа даа

Excel дээр томьёо ашиглан текстийг тоон утгад хөрвүүлэх арга сурцгаая. 

  • Жишээ нь, хүснэгтийн B баганад $20,850 гэхчлэн тоо, тэмдэгт холилдсон текст өгөгдсөн байна. Үүнээс тусдаа багана буюу C баганад зөвхөн тоон утгуудыг ялгаж авах нь.

  • Үүний тулд B баганын хамгийн эхний нүд буюу B2-т $20,850 өгөгдсөн гэж үзье. Энэ тохиолдолд C2 нүдэнд 🟰VALUE(RIGHT(B2, LEN(B2)1)) томьёог бичээд 20,850-г ялган авах нь ээ. 

Мэдээж B баганын тоон өгөгдлүүдийг бүтнээр нь ялган авах бол дээрх томьёог доош чирэхэд хангалттай юм.

Investopedia

🍋 Ethereum (ETH)-н үнэ сүүлийн 4 сарын дотор 190% өсөж $4,045 болжээ. Үүнд Дональд Трампын баталсан криптовалютын зах зээлийг дэмжих хууль нөлөөлж улмаар энэ жил Америкт бүртгэлтэй ETF-т $6.7 тэрбумын хөрөнгө хуримтлагдсан бол стратегийн “дижитал хөрөнгийн сангууд” $12 тэрбумын ETH худалдан авсан байна. Сонирхуулахад, Ethereum одоогоор бүх тогтвортой коинийн тал хувийн гүйлгээг боловсруулж буй. 

🍋 ЗГХХГ болон МҮХАҮТ хамтран төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулна. Тодруулбал, МҮХАҮТ-ын зүгээс мэргэжлийн холбоодод энгийн зөвшөөрлийг шилжүүлэх замаар хүнд суртлыг халах, цаашлаад төрийн үйлчилгээний хүнд суртлын үнэлгээнд хяналт тавих нь. Гэснээс, бизнес эрхлэгчид төрийн 1 үйлчилгээг авахдаа дунджаар 12 хоног зарцуулдаг гэнэ.  

🍋 Омни Капитал ББСБ Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багтай стратегийн түншлэл байгуулав. Түншлэлийн хүрээнд Омни Капитал ББСБ тус сагсанбөмбөгийн багт санхүүгийн удирдлага, бүх түвшний зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын оновчтой шийдэл, зардлын үр ашигтай зохион байгуулалт зэрэг чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх аж.

🍋 Японы төлбөрийн апп PayPay энэ оны сүүлээр Америкт IPO хийнэ. Компани IPO-р $2 тэрбумаас дээш дүнгээр хөрөнгө оруулалт татах боломжтой бөгөөд удирдах андеррайтераар Goldman Sachs (GS), JPMorgan Chase (JPM), Mizuho (MFG), Morgan Stanley (MS) нар сонгогджээ. Сонирхуулахад PayPay-г Vision Fund, LY Corp (4689.T) тэргүүтэй Softbank (SFTBY)-н хэд хэдэн охин компаниуд хуваан эзэмшдэг. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.