• Lemon Press
  • Posts
  • 😷 Агаарын бохирдол = ₮3.9 их наяд

😷 Агаарын бохирдол = ₮3.9 их наяд

Уоррен Баффетын дараагийн нүүдэл | Zoom 2.0 | ТоС Форум эхэллээ

POWERED BY

Лхагва гаргийн мэнд ээ! Улаанбаатарт зарагдаж байгаа 1 кг үхрийн цул махны үнэ он гарсаар дунджаар ₮1.2 мянгаар жилийн өмнөхөөс бол ₮1.5 мянгаар нэмэгджээ. 100 кг өвлийн идшинд ₮150 мянгыг нэмж төлж байна гэсэн үг шүү дээ. Ай хорвоо… 

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: СЗХ-ны ээлжит хуралдааны шийдвэрээр 1 компанид ХБҮЦ гаргах үйл ажиллагаа эрхлэх, 2 компанид банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зэрэг зөвшөөрлүүд олгогдлоо.  

MRPAM: Ашигт малтмал, газрын тосны газар Юу Жи Эс компанитай метан хийн хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-ийн шинэ Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт цуцлагдлаа

U.S: Дональд Трамп ирэх оноос Хятадын импортын бүх бараанд 10%, Мексик, Канадад тус тус 25%-ийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдэв.

😷 Агаарын бохирдол = ₮3.9 их наяд

Өвөл ирлээ, Утаанбаатар боллоо. Энэ утаа, агаарын бохирдлын уршгийг мөнгөн дүнгээр хэмжвэл хэд гэж бодож байна?

💨 Хортой орчин 

Улаанбаатар жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд өдөрт дунджаар PM2.5-н бохирдлын хэмжээ шоо метр тутамд 687 микрограмм хүрдэг нь ДЭМБ-ын аюулгүй гэж зөвлөдөг түвшнээс 27 дахин их байгаа юм. Ийм учраас бид дэлхийн хамгийн их бохирдолтой томоохон хотуудын жагсаалтын 21-т буюу “Эрүүл бус” ангилалд бичигдэж байна

  • Эрүүл мэндийн зардал 🆙:Энэхүү агаарын бохирдолтой орчин амьсгалын замын өвчлөлөөс эхлээд дархлаа буурах, хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж бүр сэтгэцийн болон мэдрэлийн тогтолцоонд ч нөлөөлөх боломжтой. Ингэснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жил бүр ₮47 тэрбумын эрүүл мэндийн зардал гардаг аж. 

  • 😓 Уршиг = ДНБ-ий 7.6%: Нэмээд агаарын бохирдлын байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ жил бүр ₮360 тэрбумаар хэмжигддэг гэж бод. Ингэсээр ингэсээр том зургаараа дотоод орчны агаарын бохирдол буюу айл өрхийн зуухны хэрэглээнээс жил бүр ₮3.9 их наяд буюу манай ДНБ-ий 7.6%-тай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна

🤧 Төгсгөлгүй хор уршиг

Түүнчлэн Улаанбаатарын агаарын бохирдол шууд болон шууд бусаар маш олон зүйлд нөлөөлж буй. Гадаадад оршин сууж буй 10 хүн тутмын 8 нь Монголд эргэн ирэх хүсэлгүй байгаагийн нэг шалтгаан нь агаарын болон орчны бохирдол байх жишээтэй. 

💭 Шийдэл тооцоолол байна

Уг нь бол дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад айл өрхүүдийн ашиглаж буй нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан зууханд шилжүүлснээр $1.7 саяын болзошгүй зардлаас урьдчилан сэргийлэх боломжтой аж. Ер нь бол бид өрхийн эрчим хүчний хэрэглээг өөр эх үүсвэрт шилжихэд урамшуулах, гадаад орчны агаарын бохирдлын интервенцүүдэд хөрөнгө оруулалт хийх, агаарын бохирдлын хяналт, мониторингийг өргөтгөх шаардлагатай. 

  • ❗ Шахмал газар авахгүй: Гэтэл одоо хэрэгжиж байгаа нь ердөө шахмал түлш. 2018 онд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудал яригдаж шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой Түлш” ХХК үүсгэн байгуулагдаж уг түлшийг нийлүүлж байгаа. Гэтэл 2018 оноос хойш бид өнөөдрийг хүртэл утаагаар амьсгалсаар байна. Үр дүн нь хаа байна?

Эцэст нь… Агаарын бохирдол нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дунд нас баралт нэмэгдэх гол шалтгааны нэг болж байгаа байтал жил бүр л утаатай байсаар бараг дасаж байна даа. Тун харамсалтай. Дараа жилийн өвөл ч утаатай байх нь тодорхой. Түүний дараа жил гэж явсаар хэдэн хүний амь нас үрэгдэх вэ? 

🆕 Zoom 2.0

ZM: Zoom рэбрэндингийн хийн компанийн нэрээсээ “Video” гэх үгийг хасаж “Zoom Communications” болголоо. Тэдний гол философи цаашид компаниуд руу чиглэх бөгөөд AI-р хүч нэмсэн Zoom Workplace нь хэрэглэгчдэд гагцхүү чухал ажилдаа төвлөрч, аар саархан ажлаа AI-р хийлгэснээр 7 хоногийн 4 өдөр ажиллах боломжийг олгох гэнэ. Сонирхуулахад компани өчигдөрхөн III улиралд орлого нь 4% өсөж $1.2 тэрбум, ашиг нь 47% өсөж $207 саяд хүрснийг мэдээлсэн шүү.

🌱 ТоС Форум эхэллээ!

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Тогтвортой Санхүүгийн (ТоС) Форум энэ жил “Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвтэйгээр эргэн ирлээ. 📢

Тус форумаар санхүүгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл болон бодлого боловсруулагчид ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууддаа олон улсаас санхүүжилт татахаас эхлээд дотоодын нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглахад тулгарч буй саад бэрхшээл болон шийдэл, боломжуудыг хэлэлцэх аж.

📆 Хэзээ: Өнөөдрөөс эхлэн энэ Баасан гараг хүртэл
🔗 ЭНД дарж форумын хөтөлбөртэй танилцаарай.

♟️ Уоррен Баффетын дараагийн нүүдэл 

Хөрөнгийнхөө 99%-ийг хандивлана хэмээн тэртээ 2006 онд амлаж байсан Уоррен Баффет гэрээслэлээ ахин шинэчлэлээ.  

  • 🕊️ Өгөөмөр тэрбумтнууд: Тэрбээр 2006 оноос эхлэн өөрийн хөрөнгийг хандивлаж эхэлсэн бөгөөд 2010 онд Билл Гейтс болон түүний экс гэргий Мелинда Гейтстэй хамтран тэрбумтнуудыг дор хаяж хөрөнгийнхөө 50%-ийг хандивлах “Giving Pledge” санаачилгыг эхлүүлж, үүнд нэгдэхийг уриалах болсон юм.

👑♟️ Өв залгамжлал ба шалгуур

Өдгөө 94 настай Уоррен Баффет өнгөрсөн Даваа гарагт өөрийн гэр бүлийн 4 санд Berkshire Hathaway (BRK-B)-н $1.1 тэрбумын үнэлгээ бүхий хувьцааг хандивлаж буйгаа мэдэгдсэн. Түүний хуучин гэрээслэлд 3 хүүхэд нь түүнийг нас барснаас хойш 10 жилийн дотор нийт хөрөнгийнх нь 99% буюу $147.4 тэрбумыг буяны үйлсэд санал нэгтэйгээр зарцуулахаар тусгаж байсан. 

  • 👑 Залгамжлагчдын залгамжлагчид: Харин энэ удаад хэдийнээ насан өндөр болсон хүүхдүүдийнхээ ч залгамжлагчдыг тодруулав. Учир нь түүний том охин өдгөө 71 настай бол 2 хүү нь 69 болон 66 настай бөгөөд түүний асар их хэмжээний хөрөнгийг 10 жилийн дотор хандивлаж чадахгүй байх вий хэмээн эргэлзсэн бололтой. 

  • 👔 BRK-н ирээдүйн CEO: Харин өнгөрсөн 5-р сард $1 их наядын үнэлгээтэй Berkshire-н эзэнт гүрний шинэ зууныг Грег Абэл удирдах нь тодорхой болсон. Тэрбээр Berkshire-д 25 жил зүтгэсэн нэгэн бөгөөд Уоррен Баффет түүнийг даатгалаас бусад бүх бизнесийг нь өлхөн авч явах чадварлаг нэгэн хэмээн хэдэнтэй хэлж байв.   

Хувьцаагаа ийн хандивласан ч Уоррен Баффет Berkshire-н 14.4%-ийг эзэмшсэн хэвээр байгаа бөгөөд насан эцэстлээ үлдсэн хөрөнгөө 5 санд үргэлжлүүлэн хандивлах аж. Өдгөө түүний хөрөнгө $150 тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд хөрөнгөө хандивладаггүй байсан бол $364 тэрбум орчим хөрөнгөтэй нэгэн байх байжээ

📨 Уоррен Баффетын захиас

Тэрбээр гэрээслэлдээ “Надад эзэнт гүрэн байгуулж, хүүхдүүддээ дааж давахгүй хөрөнгө өвлүүлэх төлөвлөгөө байхгүй. Асар их хөрөнгө ирээдүй хойч үеэ залхуу, хүсэл тэмүүлэлгүй болоход хүргэдэг. Би тэдэнд бүхнийг хийж чадах хэр нь, юуг ч хийж чадахгүй хэмжээний мөнгийг үлдээнэ” хэмээсэн байдаг. Мөн ямар ч хэмжээний хөрөнгө үлдээж байсан гэрээслэлдээ гарын үсэг зурахын өмнө хүүхдүүддээ уншуулж байгаарай хэмээн захижээ.      

Эцэст нь… Өдгөө Америкийн ТОП-500 компанийн CEO нарын 10% гаруй нь л Уоррен Баффет шиг өөрийн хөрөнгөө буяны санд хандивлах амлалт өгөөд буй. Энэ дунд Марк Зукерберг хөрөнгийнхөө 99%, Тим Күүк бүхэлд нь, Илон Маск тодорхой хувийг гэхчлэн амлалтууд өгч байжээ. Таны бодлоор тэрбумтнууд хөрөнгөө хандивлах нь зүйн хэрэг үү, аль эсвэл насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө хэрхэх ээ өөрөө мэдэх нь зүйн хэрэг гэж боддог уу? Аль нь вэ? Яагаад?

Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎

  • Асуудал: … компани вэбсайт хөгжүүлэлт болон программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг аж. Зах зээл дээрх бусад компаниуд маш хурдтай шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэдээ илүү мэргэжлийн шийдлүүд санал болгож эхэлжээ. Улмаар тус компанийн үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцэхгүй болж эхлэв.

  • Шийдэл: Компани мэргэшсэн стратеги бизнесийн шаардлагад нийцсэн программ хангамж, дэлхийн шилдэг үйлдлийн систем болон дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн аж.

Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉

🎯 Интерьерийн төгс шийдэл

Гэр, эсвэл оффистоо тав тухтай интерьер шийдэл бүрдүүлэхээр эрэл хайгуул хийж байна уу? Тэгвэл ST Creative албан ёсоор оруулж ирдэг Туркийн Arkopa брэндийн ханын гоёлын хавтандаа 30%-70% хүртэл хямдрал зарлажээ. 📢

Arkopa хавтан нь 60 гаруй улсад борлуулагддаг бөгөөд модны үртсээр хийгдсэн тул ус чийгийн хамгаалалт, дулаан хадгалалт, дуу чимээний тусгаарлалт болон даралт тэсвэрлэх уян хатан чанартай аж. Үүнээс гадна,

  • 📐 Суурилуулалт нь: Уг хавтангийн өнгө, хээ загварыг хоршуулах болон нумруулах гэх мэт олон аргаар бүх төрлийн интерьерт нийцүүлэх, мөн туузан гэрэлтэй хослуулахаас гадна ханын өө сэвийг далдлахаар тохируулан суурилуулж болох нь.

  • 💧 Арчилгаа нь: Түүнчлэн Arkopa нь угсарч, суурилуулах болон арчиж цэвэрлэхэд хялбар жижиг толбо, зураас үл тогтох Clean touch гадаргуутай гэнэ шүү. Догь байгаа биз?


📆 Хямдрал үргэлжлэх хугацаа: 12 сарын 1 дуустал
📞 Холбогдох: 9118-9789

ROUVY

🍋 12-р сард зах зээлд нийлүүлэх арабика сортын кофены үнэ 1.32% нэмэгдэж кг нь $139.24 болжээ. Ийнхүү тус кофены үнэ сүүлийн 27 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Учир нь тус кофены нийлүүлэлтийн 30% гаруйг дангаараа хангадаг Бразилын кофены нөөц 1981 оноос хойш үргэлжилж буй гангийн улмаас энэ оны төгсгөлд 72 сая кг болж өмнөх оны мөн үеэс 26% буурах төлөвтэй байгаа аж. 

🍋 Капитрон банк Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд тус банк нь ЕБС-ийн сурагчдад математикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, цаашлаад олон улсад өрсөлдөхүйц түвшний боловсрол, ур чадвартай мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллах нь.

🍋 Дональд Трамп Скотт Бессентийг Америкийн Сангийн сайдаар томилов. Тэрээр Дональд Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг урьдчилан таамаглаж $500 саяын хөрөнгө оруулалт хийсэн юм. Улмаар түүний томилгоо нь Дональд Трампын худалдааны хатуу бодлогын хэт туйлшралыг багасгаж, илүү тэнцвэртэй шийдэлд хүрэхэд нөлөөлөх магадлалтай юм. 

🍋 Монгол Улс энэ оны эхний 10 сард 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт $22.8 тэрбумд хүрчээ. Үүнээс экспорт $13.2 тэрбум, импорт $9.6 тэрбумд хүрснээр гадаад худалдааны тэнцэл $3.6 тэрбумын ашигтай гарав. Улмаар экспорт өмнөх оны мөн үеэс 5.9% буюу $732.7 саяар, харин импорт 26.8% буюу $2 тэрбумаар өсөж тэнцэл 26.3% буюу $1.3 тэрбумаар буурчээ.

  • 🌍 Хүн төрөлхтний усны хэрэглээ дэлхийн тэнхлэгийг 80.01 см хазайлгажээ. (Earth)

  • 🏛️ Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал. (Mongolbank)

  • ☑️ Шинэ Зуунмод хотын хөгжлийн корпорацын ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт. (Ulaanbaatar)

  • 💭 Автоматжуулах боломжгүй ур чадварын талаар бодож үзсэн үү? (HBR)

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.