- Lemon Press
- Posts
- 🤯 Наадмын төсөв хэд юм бэ?
🤯 Наадмын төсөв хэд юм бэ?
Зуны Давос дуусав | $JLT-н чинээлэг 2025 он | Ээлжит баялгийн сан
POWERED BY
Өглөөний мэнд! Өнөөдөр 2026 оны ЭЕШ 10:00 цагаас түүхийн хичээлийн шалгалтаар эхэлж байна. Энэ удаад математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжлэх бол бусад хичээлийн шалгалтын гүйцэтгэх хугацаа 80 минут байх аж. Нийт 49 мянган шалгуулагч бүртгүүлсэн энэ жилийн ЭЕШ-т манай лимонуудын ойр дотнын хүмүүс хэр их байна даа? 👋🏻


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк инфляцын дарамт, гадаад эрсдэлийг харгалзан макро эдийн засгийг тогтворжуулах үүднээс бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалав.
MNREC: Халзан бүрэгтэй төслийн баяжуулалтын технологийн туршилтын ажил 90%-д хүрч, эцсийн бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг хүлээн авлаа.
EBRD: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) ХААН Банк ХК (KHAN)-нд ногоон төсөл, ЖДҮ, эмэгтэйчүүд болон залуусын бизнесийг дэмжих $170 саяын буюу түүхэн дэх хамгийн том санхүүжилтийг олголоо.
GOV: Монгол Улс Өмнөд Солонгостой цэргийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулах батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна.

🤯 Наадмын төсөв хэд юм бэ?

Наадмын амралт эхлэхэд 8 хоног үлдлээ. Энэ жилийн наадмын төсвийг та бүгд хэд гэж бодож байна? Сүрдмээр том тоотой жил байна даа.
🫨 Түүхэн рекорд
Энэ жилийн наадам өргөн дэлгэр болохоор байгаа. ЗГ-аас бүх нийтээр 10 хоног амрах шийдвэр ч гаргаадахсан. Нэмээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдуулахаар болсон билээ. Улмаар энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул нижгэр наадаж ₮9.3 тэрбумын зардал гаргахаар тусгаад буй.
💸 Хэр их мөнгө юм бэ? ₮9.3 тэрбум гэдэг бол бүх цаг үеийн хамгийн өндөр төсөв. Жилийн өмнөх наадмын төсвөөс 1.9 дахин 2014 оноос хойших жил бүрийн төсвөөс дунджаар 2.9 дахин их дүн юм.
🏁 Дараагийн шат: Динамикийг харвал, 2014-2022 оны хооронд наадмын төсөв ₮2.2-₮3 тэрбумын хооронд байсан бол 2023 оноос анх удаа үсрэлт хийн ₮5 тэрбумд хүрч, 2025 он хүртэл хэвээр хадгалагджээ. Харин дараа жилийн наадмын төсөв одоогийнх шиг ₮9 тэрбум орчимд байх уу, тэгш ойтой жил биш гээд ₮5 руугаа буух уу гэдэг сонирхолтой.
🏇🏹 Олон, олон наадам
Гэхдээ төсөв үүгээр ₮9.3 тэрбумаар зогсохгүй. Энэ жил зөвхөн төв наадам төдийгүй улсын хэмжээнд маш олон баяр наадам, түүхт ойнууд болохоор төлөвлөгдсөн. Энэ сарын сарын 27, 28-нд болох Нийслэлийн иргэдийн баярын түрүү бөх ₮30 сая,үзүүр бөх ₮20 сая гэх мэтчилэн шагнал авахаар байгаа. Нэмээд Дэлхийн адууны өдрийг л гэхэд ₮4.5 тэрбумаар зохионо гэж зоожээ.
Эцэст нь… Жил бүрийн наадмаар амрах өдрүүд нь ч, гаргах зардал нь ч өссөөр байна даа. Юутай ч энэ жилийн наадмын нээлт сайхан болж, сонгосон хүлэг нь тод магнай, дэмжсэн бөх нь гарьд магнай, хүндэлсэн харваач нь цэц магнай болох биз ээ.

🇲🇳 Mongolian Mike буюу Ш.Энхийн-Од NBA-д орж чадах уу? (AMAZNHQ)
🍿 Холливуд Сэм Алтманы тухай хийгдэх киног цуцаллаа. (TechBuzz)
🎙️ Зах зээл үүсгэгчийн ХЗЗ-д үзүүлэх бодит нөлөө. (InsightsPodcast)
🎰 Ирээдүйд META дээр бооцоо тавих боломж бий болох уу? (TechCrunch)

💰 $JLT-н чинээлэг 2025 он
JLT: Саяхан зөвлөх үйлчилгээний Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлан танилцуулагдлаа. Хамгийн сонирхолтой нь 2024 онд тэд ₮329.8 саяын алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд ₮59.6 саяын цэвэр ашиг, цаашлаад дэлгэрэнгүй орлогын хэмжээ нь ₮756.3 саяд хүрсэн байна. Үүнд ₮422.4 саяын орлоготой ажилласан, хүнтэй холбоотой зардал 42.3% буурч ₮190.4 саяд хүрсэн болон бусад олз 1,903.3% өсөж ₮696.7 сая болсон нь голлон нөлөөлжээ.

🔚 Зуны Давос дуусав

Энэ Даваа гарагт эхэлсэн Хятадын Далянь хотноо Дэлхийн Эдийн Засгийн Форумын 17 дахь удаагийн Зуны Давос чуулганы уулзалт өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Нийт 90 гаруй орны 1,700 гаруй хүн оролцсон тус уулзалтаар сонин содон зүйл юу болсныг харцгаая.
🔮 Ирээдүйн ТОП-10 технологи
ДЭЗФ-аас ойрын 5 жилд хүн төрөлхтний амьдралыг орвонгоор өөрчлөх ТОП-10 технологийн шийдлийг тодорхойлжээ. Тухайлбал,
⚡️ Эрчим хүчний чиглэлд илүү цахилгааныг төвийн сүлжээнд эргүүлэн нийлүүлэх эрчим хүчний 2 чиглэлтэй ухаалаг систем, хэдхэн цагийн дотор байгальд хор хөнөөлгүйгээр литийг шууд олборлох технологи, цахилгаан хэрэглэхгүйгээр нарны дулааныг сансарт буцаан ойлгож, барилгын хөргөлтийн зардлыг бууруулах пассив цацрагийн хөргөлтийн материал багтав.
🧬 Эрүүл мэнд, биотехнологийн салбарт хэзээ ч задардаггүй хорт нэгдлийг молекулын түвшинд устгах мөнхийн химийн бодисыг задлах шийдэл, бичил биет ашиглан амьтан, ургамлын гаралтай шим тэжээлийг хувилах биотехнологийн нарийн исгэлт, эсийн бичил цэврүүг ашиглан эмийг өвчилсөн эсэд нь хүргэх экзосомоор эм дамжуулах технологи, хавдрын эсэд тулгуурлан дархлаа суулгах мРНХ хавдрын вакцин зэрэг оржээ.
🤖 AI болон квант технологийн хүрээнд шинэ төрлийн эмийг боловсруулах, турших хугацааг товчлох эм бүтээх квант загварчлал, физик ертөнцийн хуулиудыг хүнтэй адил түвшинд ойлгож ирээдүйн эрсдэлийг урьдчилан таамаглах дэлхийн загварчлалтай AI, супер квант компьютер ч эвдэж чадахгүй кибер аюулгүй байдлыг хамгаалах торлогт суурилсан криптографийн шийдлүүдийг онцолсон байна.
♨️ Халуухан сэдэв
Уулзалтын хамгийн халуухан сэдэв яах аргагүй цаг минуттай уралдан хөгжих AI-н хөгжил байв. Мөн үүнийг дагасан эрчим хүчний хэрэглээ олны анхаарлын төвд орсон аж. Зарим нэг тоог харвал, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх болсон AI-н дэд бүтцийн хөрөнгө оруулалт дэлхийн ДНБ-ий 1%-тай тэнцэх хэмжээнд хүрчээ. Экспертүүдийн хувьд AI-н дэд бүтэц сайжрахын хэрээр цахилгааны эх үүсвэрээ шинэчлэх шаардлагатай гэж үзэв.
Эцэст нь… ДЭЗФ-д Ерөнхий сайд Н.Учрал оролцож, хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй мега төслүүд, хөрөнгө оруулалтын боломжоо хүмүүст танилцуулжээ. Мөн хөрөнгө оруулагчдыг Монголд ирэхийг урьсан байна. Энэ жил Монголын Эдийн Засгийн Форум байхгүй гэхээр ирэх жил ёстой нижгэр болох нь гарцаагүй бололтой.

39%
Өнгөрсөн 5-р сард нийт CFA Level 1 шалгалтыг өгсөн хүмүүсийн 39% нь тэнцжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн дундаж болох 40%-иас бага зэрэг доогуур үзүүлэлт байв.
31 мянга
Энэ удаагийн шалгалтад дэлхий даяар нийт 31 мянган хүн оролцсон нь 2019 оноос хойших хамгийн өндөр дүн болжээ.
25%
Түүнчлэн анх удаа өгсөн хүмүүсийн 45% нь тэнцсэн бол дахин оролдсон хүмүүсийн дөнгөж 25% нь л шалгалтаа давсан байна.

🔎 Байр авах бол blist.mn-г ашигла

Монгол компаниудын эзэмшиж буй байрнуудыг худалдан авах сонирхолтой хүмүүст шууд хүргэдэг blist.mn платформ үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Давуу талыг нь сонирхуулахад,
💯 Ашигтай хэлцэл: Байртай холбоотой хэлцлээс хамааран төлбөрийг нь шууд хэсэгчлэн төлөх, бартердах болон банкны процессыг хурдасгах бүрэн боломжтой.
👁️ Баталгаажсан байр: Бүхий л байрууд нь өмчлөл тодорхой буюу худалдан авалт хийхдээ бүртгэлтэй компаниудтай холбогдох юм.
🆕 Эрт мэдэх боломж: Зарим байрны мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэхээс өмнө захиалагчид хүрэх бөгөөд blist ашигласнаар байрны зарыг хамгийн эхэнд мэдэж чадна.
Эцэст нь… blist.mn-н тусламжтай тархай, бутархай байрны заруудаас мэдээллийг харьцуулах, найдвартай эсэхийг шалгах замыг дөтлөх боломж бүрдээд байна. Хэрэв та blist.mn дээр үнэгүй бүртгүүлж, сонирхсон байр байвал 7299-9989 утаснаас лавлаж, боломжит нөхцөлүүдтэй танилцаарай. 👓


🍋 Монгол Улсын нийт ажиллах хүчний 23%-ийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн дэмжлэг 2026 онд ₮33.2 тэрбумд хүрчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 25.8% өссөн дүн аж. Насны хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон малчны тоо 2025 онд 34.5 мянга болсон бол малчдын өндөр насны тэтгэврийн зардалд улсаас нийт ₮287.8 тэрбум зарцуулсан гэнэ.
🍋 Португалийн Засгийн газар стратегийн салбарууд дахь төрийн оролцоог хадгалах зорилгоор баялгийн сан байгуулахаар төлөвлөж байна. Уг сан нь эрчим хүч, банк, харилцаа холбоо, нисэх буудлын дэд бүтцийн салбарт чиглэх нь ээ. Уг сан нь стратегийн компаниуд дахь төрийн эзэмшлийг удирддаг Испани Улсын "Sepi" сантай төстэй байх хүлээлттэй буй.
🍋 Хятадын China Resources New Energy компани Шэньжэний биржид сүүлийн 4 жилд байгаагүй том IPO хийж $3.6 тэрбумыг босгов. Уг IPO-н анхдагч зах зээлийн арилжааны үеэр гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласнаас үүдэн жижиг хөрөнгө оруулагчдын захиалга хүлээлтээс 683 дахин давжээ. Тус компани нь Хятадын 31 мужид нар, салхины станцтай бөгөөд нийт 41.6 сая гаруй кВт.ц-н суурилагдсан хүчин чадалтай аж.
🍋 Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн охин компани болох Монложистикс Экуйпментс ХХК Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IBEC)-наас нэмэлт зээл авна. Уг санхүүжилт нь €400,000-гийн дүнтэй, жилийн 7.5%-ийн хүүтэй бөгөөд 2 жилийн хугацаатай байх юм. Зээлийн барьцаа болгож $MLG-н 50 ширхэг вагоныг барьцаалахаар шийдвэрлэжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply