🍕 Pizza Hut-г зарна

Эдийн засгийн нүд рүү хуруугаа хийв | Дата төвийн хөндий| Travel With Энержи Ресурс ХХК

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр олон улсын сүшиний өдөр тохиож байна. Хамгийн анх 2009 оноос хойш тэмлэгдэж эхэлсэн энэхүү өдрөөр сүшиг өргөнөөр сурталчлах, шинэ амтыг турших зэргээр тэмдэглэдэг ажээ. За тэгээд амьдралдаа дор хаяж нэг удаа заавал идэж үзэх ёстой дэлхийн шилдэг сүши рестораны жагсаалттай ЭНД дарж танилцаарай. Зарим хүмүүсийн орж үзсэн газар ч байж магадгүй шүү. 🍣😋

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Эрдэнэс Монгол нэгдлийн Дархан стийл ХХК, Багануур-илч ХХК тэргүүтэй 14 компанийг татан буулгаж, Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК болон Эрдэнэс Метан ХХК-ийг Эрдэнэс Монголд нэгтгэж, Шивээ Овоо ХК (SHV)-д мөн 2 компанийг нэгтгэв.

MSE: Xyyp Music Festival Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж буй. Тэгвэл өчигдрийн арилжаагаар Монгол Шилтгээн ХК (MSH)-ийн хувьцааны үнэ 15% өсөж ₮218.5-т хүрчээ.

POL: Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт ₮4 их наядаар 729 төсөл санхүүжүүлж, 490 барилга ашиглалтад оруулахын тулд 1800 орчим ААН-тэй гэрээ байгуулсан.

⛏️ Говийн хөрсөн дээр сүндэрлэсэн дэлхийн түвшний уурхай

Энэ удаагийн "Travel With" контентоороо Улаанбаатар хотоос 560 км-ийн алсад, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайг зорилоо. Нүүрс олборлолтоос эхлээд экспортын бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн дамжлага, түүнийг хөдөлгөж буй хүмүүс, техник, технологи болон говийн хөрсөн дээр сүндэрлэсэн бүтээн байгуулалттай танилцсан түүхээ хуваалцъя.

⛺ Уурхайчдын баянбүрд

Талбайн зүүн талаас хөдөлсөн бидний аялал замдаа камер, дрондоо хэдэн дүрс буулгасан шигээ явсаар нар жаргахтай зэрэгцэн Цогтцэций суманд хүрлээ.

Сүүлийн 20 жилд Цогтцэций сум нь Ухаа худаг, Таван Толгой зэрэг Тавантолгойн бүлэг ордуудыг түшиглэн хөгжиж буй. Эдгээрээс бүлэг ордуудын нөөцийн 4%-ийг эзэлдэг Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхай нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө улсын төсөвт ₮3.2 их наядын орлого, өдөрт ₮2 тэрбум орчмын татвар, АМНАТ-ийг бүрдүүлж буй нүсэр төсөл юм.

😪 Эдийн засгийн нүд рүү хуруугаа хийв

Монгол Улсын эдийн засгийн зүрх болсон уул уурхайн салбарт томоохон ухралтууд ар араасаа гарч эхэллээ. 

🧨 Оюу толгой: 7 хоног тутамд ₮35 тэрбумын хохирол

Өчигдөр өглөөний 09:00 цагаас эхлэн Эрс Шинэчлэл Хөдөлгөөний жагсагчид Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан. Үүний уршиг нь зөвхөн нэг компанийн асуудал биш бөгөөд улс орны эдийн засагт шууд дарамт болж байна.

  • Төсвийн тасалдал: Экспорт саатсан 7 хоног тутамд улсын төсөвт ₮35 тэрбумын татварын орлого, үүнээс ₮21 тэрбумын АМНАТ тасалдах эрсдэл үүсэв

  • 💰 Эдийн засгийн тулгуур: Оюу толгой компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9% орчмыг бүрдүүлж, өдөр бүр ₮23 тэрбумын хөрөнгө оруулалт цутгадаг. Угаас Оюу толгой байгаагүй бол сүүлийн 15 жилийн 8-д нь эдийн засаг агших байсан буюу дундаж нь -3.8% байх байсан.

Уг явдлын дараа ЕС Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно гэсэн ч яаж гэдэг нь тодорхойгүй байна. Бид дараагийн Оюу толгойг эрж хайхад төвлөрөх байтал өмнөхөө нураах чиглэл рүү л явж байна даа.

🗿 Халзан бүрэгтэй: Төрийн шийдвэрийн тогтворгүй байдал

Стратегийн чухал ач холбогдолтой Халзан бүрэгтэй төслийг тойрсон улс төржилт, албан тушаалтнуудын ойлгомжгүй шийдвэрүүд үргэлжилсээр байна. Өнгөрсөн Даваа гарагт уг төслийн хайгуулын үйл ажиллагааг дахин түр зогсоох шийдвэр гарав. Энэхүү төслийн замнал үнэхээр тогтворгүй.

  • 📌 2023 он: ЕС асан Оюун-Эрдэнийг баруун аймгуудад ажиллах үеэр иргэд төслийг эсэргүүцсэн тул судалж үзэх нэрийдлээр үйл ажиллагааг зогсоож, лацдав.

  • 🫩 2024 он: 8-р сард яамнаас үйл ажиллагааг сэргээсэн ч, 11-р сард Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа төслийг дахин зогсоох захирамж гаргав. Жилийн эцэст салбарын ерөнхий байцаагч Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.

  • 🔻 2025 он: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хайгуулыг зогсоосон ч, 9-р сард Сонсгол хийн Байнгын хороодын хамтарсан тогтоолоор "ГХЭ-ийн нөөцөө тогтоохын тулд хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүл" хэмээн шийдвэрлэж байв. Гэвч өнөөдөр дахиад л зогслоо.

Эцэст нь... Монголын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай, цаашдын өсөлт нь ч энэ салбартай уялдаатай. Гэтэл дэлхий нийтээрээ газрын ховор элемент рүү хошуурч, зах зээл нь тэлж, зэсийн үнэ өсөж буй энэ алтан үед дотоодын тэмцэл ширүүсэж төрийн шийдвэр цэгцгүй байгаа нь Монгол Улс өөрийнхөө нүд рүү хуруугаа хийсэнтэй агаар нэг үйлдэл болж байна.

  • 🌍 Монгол ба Африк: Мартагдсан түншлэлээс шинэ боломж руу. (TheDiplomat)

  • 🎶 Grammy-н шагналд Ази поп болон Латин дууны төрөл шинээр нэмэгдлээ. (BBC)

  • 😵‍💫 ТӨК-иудын удирдлагууд хууль бусаар томилогддог. (news.mn)

  • 🍎 Ирэх жил Apple камертай Airpods, эвхэгддэг iPhone танилцуулна. (Bloomberg)

🍕 Pizza Hut-г зарна

YUM: KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг түргэн хоолны сүлжээнүүдийг эзэмшигч Yum! Brands бидний сайн мэдэх Pizza Hut-г $2.7 тэрбумаар худалдахаар болжээ. Ингэснээр Yum! Brands нь Хятадын эх газраас бусад бизнесээ LongRange Capital-д $1.5 тэрбумаар, Хятадын эх газрын үйл ажиллагаагаа Yum China Holdings-д $1.2 тэрбумаар тус тус худалдах аж. Сүүлийн жилүүдэд Pizza Hut-н зах зээл дэх өрсөлдөх чадвар суларч, Америк дахь борлуулалт буурсан нь тус шийдвэрийг гаргахад гол нөлөө үзүүлсэн юм. Үүнтэй холбоотой өнгөрсөн Мягмар гарагт компанийн нэгж хувьцааны үнэ 1.9% өсөж $157.7-т хүрчээ.

📡 Дата төвийн хөндий

Саяхан Төв Азийг хөгжил дэвшлээрээ доргиож буй Казахстан Америкийн AI-н дэд бүтцийн Firebird болон орчин цагийн хамгийн халуухан технологийн компанид тооцогдох Nvidia (NVDA)-тай $10 тэрбумын хэлцлийг амжилттай хийснээ мэдэгдлээ.

🤝🏻 Хамтралын тухайд

Энэхүү хэлцлийн хүрээнд Казахстанд AI-н дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний гол хэсэг нь Казахстаны зүүн хойд хэсэгт байрлах Экибастуз хот бөгөөд тэнд AI, үүлэн технологи болон дижитал дэд бүтцийн бүс нутгийн төв болгох зорилготой дата төвийн хөндийг байгуулахаар тохиролцжээ. Төслийн явцад нийт дараагийн түвшний 100,000 GPU ашиглах бөгөөд үүнд NVIDIA-н GB300 болон Vera Rubin чипүүд багтаж байна. Нэг үгээр энэ нь дэлхийн түвшний AI сургалт, дата боловсруулах хүчин чадлыг бүрдүүлэх гол дэд бүтэц болох юм.

  • 💸 Эдийн засгийн том тоо: Тус төсөл нь жилд дор хаяж $3 тэрбумын экспортын орлого бий болгож, өндөр ур чадвартай ажилтнуудыг нэмэгдүүлж, олон улсын технологийн компаниудыг татах боломжийн бүрдүүлэх гэнэ.

💡 Казахстаны ирээдүй

Дээрх хэлцлээс гадна энэ онд Казахстан AI-г ирээдүйд эдийн засгийн гол тулгуур багана болно хэмээн зарласан. Үүний дагуу 2026 оныг “Digitalization and AI Year” хэмээн тодорхойлж, Казахстаны Цахим хөгжил, инновацын яамнаас AI болон дижиталчлалыг хөгжүүлэхээр $390 саяыг төсөвлөжээ. Уг төсвөөр дэд бүтэц, AI нэвтрүүлэлт, орон нутгийн дижитал шилжилт, орон нутгийн интернэтийн хүртээмжийг сайжруулах, мөн боловсролын салбар дахь дижитал шийдлүүдийг санхүүжүүлэх аж.

  • 📈 Чухал үзүүлэлт: Казахстаны AI стартапуудад чиглэсэн венчур хөрөнгө оруулалт сүүлийн 2 жилийн хугацаанд 5 дахин өсөж, $73 саяыг давсан ба одоо хийгдэж буй нийт венчур хөрөнгө оруулалтын 50%-иас дээш нь зөвхөн AI стартапуудад ногдож байна.

Эцэст нь… AI-г хөгжүүлэхээр Казахстаны төрөөс олон ажлыг амжилттай хийж байгаа бололтой. Манай төр засаг ингэхэд юу хийж байгаа билээ? Манай лимонууд хийж байгаа ажлуудад нь хэр сэтгэл ханамжтай байна? 🤔

850.8 мянга
НДШ-ийн тайланд 2026 оны I улирлын байдлаар нийт 55.8 мянган байгууллагад 850.8 мянган ажиллагч хамрагдсан нь өнгөрсөн оны
мөн үеэс 0.3% буурсан дүн болов.
₮2.9 сая
Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин өмнөх улирлаас 2.9% өсөж ₮2.9 саяд хүрсэн ба уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин ₮5.4 сая байгаа нь улсын дунджаас 84.4% өндөр дүн байв.
34.1%
Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчдын дунд ₮1.5–₮3 саяын цалинтай ажиллагчид хамгийн өндөр буюу 34.1%-ийг бүрдүүлжээ.

🏛️ Дельта, Тета, Вега нь ямар утгатай вэ? 

Опцион арилжааг ойлгож, амжилттай арилжаа хийхэд Грек цагаан толгойн Дельта, Тета, Вега үсгүүдийг ойлгох шаардлагатай. Тэгвэл гол ялгааг нь харцгаая.

  • 📈 Δ (Дельта): Суурь хөрөнгийн үнэ хөдлөхөд опционы үнэ хэр мэдрэг байгааг илэрхийлнэ. Жишээ нь дельта 0.5 бол хөрөнгийн үнэ $100-аар өсөхөд опционы үнэ ойролцоогоор $50-аар нэмэгдэнэ. Дельта өндөр байх тусам опционы үнэ суурь хөрөнгийн үнийн өөрчлөлтийг илүү хүчтэй даган хөдөлдөг.

  • ⏳ Θ (Тета): Цаг хугацаа өнгөрөх тусам опционы үнэ хэр хурдан буурч байгааг хэмждэг. Хөрөнгийн үнэ өөрчлөгдөөгүй байсан ч хугацаа дуусах өдөр ойртох тусам опционы үнэ цэнэ аажмаар элэгддэг аж. 

  • 🌪️ V (Вега): Зах зээлийн хэлбэлзэл өөрчлөгдөхөд опционы үнэ хэр мэдрэг байгааг харуулна. Хэлбэлзэл нэмэгдэх тусам ирээдүйд том хөдөлгөөн гарах магадлал нэмэгддэг тул опционы үнэ ихэвчлэн өсдөг байна.

Эцэст нь… Эдгээр грек үсгүүдийг цогцоор нь ойлговол зөвхөн үнийн хөдөлгөөн бус цаг хугацаа болон зах зээлийн тогтворгүй байдал опцион гэрээнд хэрхэн нөлөөлж буйг бүрэн харж чадна шүү. 😉

AP

🍋 Лионель Месси ДАШТ-ий нээлтийн тоглолтод Алжирын эсрэг хет-трик хийж, Аргентины шигшээ багийг 3-0 харьцаатай ялалтад хөтөллөө. Үүгээр тэрээр дэлхийн аваргад 16 дахь гоолоо оруулж, Германы Мирослав Клозегийн бүх цаг үеийн дээд амжилтыг тэнцүүлсэн байна.

🍋 Шатахууны өсөлтөөс үүдсэн зардлыг нөхөх, орлогоо бодит нөхцөлд нийцүүлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэмнэлтийн хуулиар 5 сарын 31-нээс өмнө гэрээлээгүй төслүүдийг хасаж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн ирэх өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай шахмал түлшний нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх гэнэ.

🍋 Тамхины хяналт болон холбогдох татварын хуулиудад өөрчлөлт оруулж, электрон тамхины зохицуулалт, стандартыг тусгахаар хэлэлцжээ. Үүгээр электрон тамхины 2 мл шингэнийг нэг хайрцаг янжууртай дүйцүүлэн онцгой албан татвар ногдуулахаас гадна дагалдах хэрэгслийг салшгүй хэсэг гэж үзэн татваржуулна. Мөн шингэний хэмжээ, никотины агууламжийн дээд хязгаарыг Европын холбооны стандартын дагуу тодорхойлжээ.

🍋 Хятад улс Америктай хийх өрсөлдөөний хүрээнд квант технологи, цөмийн нэгдэл, AI-н стартапуудын IPO-г дэмжихээ мэдэгдлээ. Шанхайн бирж одоогоор ашиг олоогүй ч ирээдүйтэй хиймэл оюуны компаниудыг хялбар бүртгэх шинэ журам баталсан байна. Энэхүү алхам нь OpenAI, SpaceX зэрэг аваргуудыг бирж дээрээ гаргаж буй Америктай хөрөнгө оруулалтаар өрсөлдөх зорилготой юм.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.