🔴 Төлбөр: Ув улаан

GPT-5 юу чадах вэ? | $MNP тойрсон асуудал | ₮30 тэрбумын бонд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Наадмын дараа намар гэгчээр нэг л мэдэхэд 8-р сар дундаа орох нь. Хичээл сургууль цуглахаас өмнө ажил төрлөө зохицуулж, наанадаж зам засварын ажлаа нугалахгүй бол их Монголын маань түм түжигнэж, бум бужигнасан сар айсуй. 😌

*Нэг өдрийн өөрчлөлт.

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент ХК (ERDN) Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр 50 мянган шинэ хувьцаа бүртгүүлж, нийт энгийн хувьцааны тоо нь 365.7 сая ширхгээс 365.8 сая болж өсөв.

ADB: Өнгөрсөн 7-р сард Азийн Хөгжлийн Банк 3 дахь удаагаа төгрөгөөр нэрлэгдсэн бондоо гаргаж, нийт ₮30 тэрбумыг татан төвлөрүүллээ.

MSE: Зам тээврийн яамнаас Монгол Шуудан ХК (MNP)-ийн ялган боловсруулах төв байршиж буй газрын эзэмших эрхийг нь цуцалж, байгууламжийг нөхөн төлбөргүй нураах мэдэгдэл гаргасан. Харин $MNP үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн, өмчийн эрхээ хамгаалах арга хэмжээ авахаа мэдэгдлээ

U.S.: Доналд Трамп ХНС-гийн даргад Стивен Мираныг нэр дэвшүүлсний дараа Биткойны үнэ $118.5 мянгыг давав.

🔻 Төлбөрийн тэнцэл хасахтай

Өнгөрсөн Баасан гарагт Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний хагас жилийн төлбөр тэнцлийн статистикийг танилцууллаа. Товчхондоо, $462.4 саяын алдагдалтай гарчээ. 

🤒 Дахиад нэг алдагдал

Сүүлийн 10 жилийн эхний хагасын төлбөрийн тэнцлийг ажвал 7-д нь алдагдал хүлээсэн. Харин энэ оны эхний хагас жилийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс алдагдал $405.1 саяар нэмэгджээ. Улмаар энэ оны хагас жилийн алдагдал сүүлийн 10 жилийн эхний хагасаас 3-т эрэмбэлэгдээд байна. Хамгийн сүүлд 2023 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарсан бөгөөд тухайн хагаст $473.8 саяын ашигтай байсан аж. 

🧮 Голлох тоонууд

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2024 оны мөн үеэс 73.6% өсөж $1.7 тэрбумд хүрсэн нь голлох тоонуудын нэг байв. Өөр онцлох тоо юу байна? 

  • Үйлчилгээний алдагдал: Энэ оны эхний хагаст үйлчилгээний худалдааны алдагдал мөн үеэс 12.5% буурч $1.5  тэрбумд хүрэв. Задлаад харвал, үйлчилгээний худалдааны орлого $838.8 саяд хүрсэн бол нөгөө талаар зардал $2.3 тэрбум болсон аж.  

  • Бараа бараантай: Урсгал дансны алдагдалд барааны худалдааны тэнцэл $852.8 саяын ашигтай гарсан ч тус ашиг өмнөх оны мөн үеэс 56.1% буурсан нь нөлөөлсөн аж. 

  • Санхүүгийн данс: Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагаст мөн үеэс 78.3% өсөж $1.6 тэрбумын ашигтай гарахад ЗГ-ын бондын орлого $186 саяар, хадгаламжийн байгууллагуудын  урт  хугацаат зээлийн  орлого $487.5 саяар өссөн нь голлон нөлөөлөв. 

Эцэст нь… Ковидын хүнд цаг үед ЗГ-ын нэг сайд “Сонгдо Сөрөг Ураа” хэмээн тестийн хариу зарлаж, баярлаж байв. Харин одоо жил бүрийн эхний хагаст “Төлбөрийн Тэнцэл Эерэг Ураа” хэмээн баярладаг бол мөн сайхан байх юм даа…  

  • 🕵️ Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн жагсаалт. (СЗХ)

  • 🕊️ Жил ирэх тусам хөгширч буй Японы иргэдийн тоо 1 саяар хорогдлоо. (BBC)

  • 🪤 Цахим мөрийтэй тоглоомд орооцолдвол ямар шийтгэх хүлээж байгаа вэ? (Parliament)

  • 🏙️ Starbase хот болох хөгжлийн замдаа… (TechCrunch)

 💔 Таамагт хүрээгүй $PINS

PINS: Олон нийтийн сүлжээний Pinterest-н энэ оны эхний хагас жилийн борлуулалт 2024 оны мөн үеэс 17% өсөж $998.2 саяд хүрсэн бол цэвэр ашиг 29.8% нэмэгдэж $38.8 саяд хүрчээ. Улмаар нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн (EPS) хэмжээ $0.33-т хүрсэн нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт байлаа. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 10.3% унаж $35.1 болсон аж. Сонирхуулахад, $PINS-н сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 578 сая болсон нь 2024 оны мөн үеэс 11% өссөн дүн гэнэ дээ.

🎓 PhD зэрэгтэй GPT-5

OpenAI 3 жилийн дараа бүрэн шинэчлэгдсэн том загвар болох ChatGPT-5-г олон нийтэд танилцууллаа. 

🔮 Шинэ үеийн GPT

Сэм Алтман GPT-5-г дэлхийн хамгийн шилдэг, оновчтой AI төдийгүй уг загвар OpenAI-г дараагийн шатанд гаргасан загвар хэмээн нэлээн итгэлтэй хэлсэн. Энэ удаад хэрэглээ бус чадваруудыг нь тухайлсан даалгавруудыг хэр гүйцэтгэлтэй биелүүлж байснаар нь үнэлж дүгнэе. 

  • SWE-bench Verified буюу GitHub дээрх бодит код засварлах сорилд GPT-5 74.9%-ийн гүйцэтгэлтэй буюу Claude-н Opus 4.1 загвар 74.5%, Google-н Gemini 2.5 Pro 59.6%-ийн үнэлгээг даваад буй

  • Humanity’s Last Exam буюу математик, хүмүүнлэг, байгалийн ухааны сорилд Grok 4 Heavy загвар 44.4%-тай, GPT-5-н 42%-тай буюу тус төрлийн даалгавруудад чүд доор гүйцэтгэлтэй байна. 

  • Харин GPQA Diamond буюу PhD түвшний шинжлэх ухааны асуултад 89.4%-тайгаар Claude Opus 4.1-н 80.9% болон Grok 4 Heavy-н 88.9%-ийн гүйцэтгэлийн давав.

Уг үзүүлэлтүүдээс харахад код бичих, засварлах, шинжлэх ухааны гүнзгий мэдлэг шаардсан даалгавруудад ChatGPT-5-г гүйцэтгэх AI байхгүй.  

☝🏻 Өмнөх загваруудаас ялгаатай нь 

GPT-5-г ашиглах үед хэрэглэгчдийн хамгийн эхэнд анхаарч харах ёстой зүйл нь хурд болон өгөгдсөн даалгаврыг хэр хүн шиг ойлгож, биелүүлж байгаа явдал. Учир нь тус загвар өмнөх загваруудынхаа буюу о-загваруудын даалгаврыг ухаж ойлгон биелүүлэх чадвар, нано, турбо гэхчлэн бүх жижиг GPT загваруудын чадварыг нэгтгэсэн анхны загвар. 

  • Сонирхолтой нь ихэнх хүмүүс ChatGPT-г эрүүл мэндийн зөвлөгөө авах, оношилгоо хийх зорилгоор өргөн ашигладаг аж. Энэ ч утгаараа компани хамгийн эрэлттэй байдаг сэдэвтээ онцгойлон анхаарч тус сэдэвтэй холбогдолтой асуудалд хариулах чадварыг нэмэгдүүлжээ. Тус чиглэлд GPT-5-н төөрөгдөл буюу худал мэдээлэл өгөх нь ердөө 1.6% болжээ. 

  • Өргөн хүрээнд GPT-5 худлаа ярих нь 4.5% буюу өмнөх загваруудаасаа нэлээн буурсан. Өөрөөр бол оновчтой, үнэн мэдээлэл өгөх чадвар нь 95%.

🦬 OpenAI-н хэтийн зорилго

Өдгөө ChatGPT-г хүн төрөлхтний 10% хэрэглэж, 7 хоногт 700 сая хүн ажил, амьдралдаа ашиглаж байна. Компани энэ хурдаа алдахгүйгээр 2025 онд 1 тэрбум хэрэглэгчтэй болох зорилт тавиад буй. Үүний тулд “Operator”, “Deep Research” зэрэг тусгай чиг үүрэгтэй операторуудаа илүү нарийвчлалтай болгож хэрэглэгчийн өмнөөс хүсээд байгаа үр дүнг нь өөрөө олоод, тооцоолдог болохоор зорьж буй. 

Хэрэглэгч юу хүсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Тиймээс түүнийг нь санал болгоно л гээд байгаа юм даг уу даа. 

Монгол Улс 1991 оноос хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд түншлэгч орон болон ОУБ-аас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авсаар иржээ. Цухасхан сонирхъё.

  • Анхны тусламж: Үүнээс өмнө Япон Улс 1977 онд “Говь улсын үйлдвэр” буюу ноолуурын үйлдвэр барихад анхны буцалтгүй тусламж үзүүлж байв. Үүнээс цааш 37 удаагийн буцалтгүй тусламж, түүн дотор 17 удаагийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. 

Улмаар Хятад, Кувейт, Герман, Европын Холбоо, Америк тэргүүтэй орнууд Монголд хэдэнтээ буцалтгүй тусламж үзүүлсээр иржээ.

🌃 “The Tonight Show” Монголд 

Hey! "The Tonight Show Starring Jimmy Fallon" нэвтрүүлгийн үнэнч үзэгчдэдээ гоё мэдээтэй! Хайрт нэвтрүүлгийн тань албан ёсны эрхийг Азиас анх удаа Central TV авчээ. 👏

  • 🌠 Ганц эрдэнээ өглөө шүү! NBC-н сонгодог бүтээл болох “The Tonight Show” нь 71 жилийн турш нийт 6 хөтлөгчөөр дамжин дэлхий дахиныг баясган цэнгээж буй. Энэ хугацаанд NBC тус нэвтрүүлгийн эрхийг өөр улсад борлуулж байгаагүй бөгөөд ийн анх удаа Монголоос эрхийг нь авсан байна.

  • 🤵 Дэлгэцдээ ойрт: Ийнхүү тус нэвтрүүлгийн Монгол хувилбар болох "The Tonight Show Starring Ankhbayar”-г Central TV 2025 оны сүүлээр үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ базааж байгаа гэсэн шүү. Stay tuned!

Гэснээс, 2014 онд Жимми Фаллон “The Tonight Show”-г хөтөлж эхлэхэд өдөр тутмын үзэгчдийн тоо 2 дахин өсөж 6.3 сая болж байв.

Mint

🍋 Tesla (TSLA) AI сургалтын суперкомпьютер Dojo-н хөгжүүлэлтийг зогсоолоо. Учир нь Dojo төслийн багийн ахлагч тэргүүтэй 20 гишүүд тус төслийг орхин, Tesla-с гарч “DensityAI” гэх AI программ хангамжийн компани байгуулжээ. Угтаа Dojo төсөл роботакси ба программ хангамжийн үйлчилгээгээр дамжуулан Tesla-д шинэ орлогын эх үүсвэр нээж, улмаар зах зээлийн үнэлгээг нь $500 тэрбумаар нэмэгдүүлэх тооцоололтой байв. 

🍋 МСК-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд барьж буй ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5%-ийн гүйцэтгэлтэй байна. Тус байгууллагаас $461 саяын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах 2 томоохон үйлдвэр байгуулах, цаашлаад усны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэгвэл хөтөлбөр ирэх оны 4-р сар гэхэд бүрэн хэрэгжиж дуусах нь. 

🍋 Apollo Global Management (APO) цэвэр хөрөнгийн үнэ цэн дээр суурилсан зээл (NAV)-н салбарт рекорд тогтоов. Тодруулбал компани SoftBank (SFTBY)-н “Vision Fund 2”-т олгосон зээлийн хэмжээгээ 18.5% нэмэгдүүлж $5.4 тэрбум болгожээ. Хувийн ХОС-гууд “Vision Fund 2” шиг олон компанид хөрөнгө оруулсан санг бүхэлд нь үнэлж зээл олгосноор харьцангуй хямд өртгөөр хөрөнгө татах боломжтой болдог билээ. 

🍋 ₮66.4 тэрбумаар тавигдаж буй Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн авто замын гүйцэтгэл 27%-тай байна. Замын бүтээн байгуулалт эхэлснээс хойш жил гаруй хугацаанд ийм үр дүнд хүрээд буй ч, энэ онд багтаан гүйцэтгэлийг 40%-д хүргэж, ирэх оны 11-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уг 54.18 км урттай замыг дотоодын 3 компани хуваан тавьж буй. 

  • Даваа: Төв банкны 7-р сарын тойм гарна

  • Мягмар: Дотоод худалдааны хагас жилийн үзүүлэлт зарлагдана. 

  • Лхагва: Зочид буудал, газар тариалан тэргүүтэй салбаруудын хагас жилийн үзүүлэлт танилцуулагдана

  • Пүрэв: Өнгөрсөн сарын мөнгө, зээлийн тоон мэдээлэл гарна

  • Баасан: Гадаад худалдаа 7 сард хэр байсантай танилцах нь ээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

1 

Reply

or to participate.