- Lemon Press
- Posts
- 🪖 Хятадын шинэ зэвсэгт хүчин
🪖 Хятадын шинэ зэвсэгт хүчин
OT-н Rio-д үзүүлсэн нөлөө | Хятадын батлан хамгаалах салбарын шинэчлэл | GOV-н алдагдал өслөө
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Lemonade цувралын ээлжит дугаар цацагдсан шүү. 🎉 Энэ удаагийн дугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Х.Энхбилиг оролцсон байгаа. Тэрбээр 16 настайдаа Герман Улсыг зорьж боловсролын удирдлагын магистраар сурсан ч хөдөө орон нутагт амьдрахаар шийдсэн нэгэн. Тэр яагаад ингэж шийдэв?
*Нэг өдрийн өөрчлөлт
UB: Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлнэ.
CUS: Гаалийн ерөнхий газар Тайландын Гаалийн Байгууллагатай Гаалийн хэргийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туслалцах санамж бичиг байгууллаа.
INV: Инвескор ББСБ ХК (INV) нь зээлжих зэрэглэлийн А тогтвортой үнэлгээгээ дахин баталгаажуулав.
⚒️ Оюу толгойн Rio Tinto-д үзүүлсэн нөлөө
Rio Tinto (RIO)-н энэ оны I улирлын нийт зэсийн олборлолт 7% өсөж 140.1 мянган тн-д хүрсэн байна. Үүний 21.7%-ийг Оюу толгойн зэсийн олборлолт бүрдүүлсэн аж. Цаашлаад Rio tinto-н бусад олборлолтод Оюу толгойн нөлөө хэр байв?
Зэсийн гурвал
Rio Tinto нь Америкт, Чили, Монголд 3 зэсийн уурхай эзэмшдэг. Эндээс Rio Tinto-н өнгөрсөн улиралд олборлосон нийт зэсийн 21.7%-ийг Оюу толгойгоос олборлосон зэс бүрдүүлжээ.
Агууламж 🆙: Түүнчлэн Оюу толгойн олборлосон зэсийн үйлдвэрлэл Rio Tinto-н зэсийн уурхай дундаасаа хамгийн ихээр буюу 8% өссөн байна. Мөн гүний уурхайн олборлолтын өсөлт үргэлжилснээр зэсийн агууламж өмнөх оны мөн үеэс 0.31 нэгж хувиар нэмэгдэж 1.67%-д хүрсэн аж.
Оюу толгойн бусад нөлөө: Цаашлаад Rio tinto-н алтны олборлолт 3.4% өсөж 66.6 мянган унцад хүрсэн. Үүний 42.3% буюу 28.2 мянган унц нь Оюу толгойн олборлолт юм.
Гэхдээ…
Оюу толгой бол Rio Tinto-н хамгийн потенциалтай төсөл хэмээх байр суурийг эзэлдэг. Энэ ч утгаараа Rio Tinto нь Оюу толгойн гүний уурхайд л гэхэд 2016-2022 оны хооронд $6.3 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн аж. Улмаар гүний уурхайн олборлолт ч идэвхжиж буй. Гэхдээ Оюу толгой Rio Tinto-н орлогын маш бага хэсгийг л бүрдүүлдэг.
Орлогын 2%-3%: Rio Tinto 2022 онд нийт $55.5 тэрбумын орлого олсон бол Оюу толгой $1.4 тэрбумын орлоготой ажилласан нь энэхүү орлогын 2%-тай тэнцэж буй.
Тэгвэл орлогын дийлэнх хэсгийг юу бүрдүүлдэг вэ?
Rio Tinto нь баруун Австрали тэр дундаа Пилбара мужид нэг бүр нь Оюу толгой шиг хэмжээтэй төмрийн хүдрийн 17 төмрийн хүдрийн уурхайг эзэмшдэг. Тиймээс Rio Tinto-н орлогын дийлэнх хэсгийг Төмрийн хүдрийн групп бүрдүүлдэг. Тодруулбал, Rio Tinto 2023 онд $57.1 тэрбумын орлого олсны 56.4% нь төмрийн хүдрээс орж ирсэн байна.
Эцэст нь… Rio Tinto болон Оюу толгойн эхний улирлын нөхцөл байдал нэг иймэрхүү. Харин цаашид 2028-2036 он бол Оюу толгойн уурхайн оргил үе буюу жилд 500 мянган тн зэс үйлдвэрлэж дэлхийн топ уурхайнуудын нэг болно. Энэ үед Rio Tinto-д үзүүлэх нөлөө нь ч зах зээлд эзлэх байр суурь нь ч нэлээд томрох биз ээ.
📃 Алдагдал өслөө
GOV: Говь ХК-ийн энэ оны эхний улирлын борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 13.4% буурч ₮35.6 тэрбум боллоо. Улмаар тайлант үеийн алдагдал 117.1% нэмэгдэж ₮6.7 тэрбумд хүрэв. Түүнчлэн богино хугацаат зээл нь 52.6% өсөж ₮264.6 тэрбум болсон аж. Харин компанийн нийт хөрөнгийн дүн нь 4.1% өсөж ₮337.4 тэрбумд хүрсэн байна.
🪖 Хятадын батлан хамгаалах салбарын шинэчлэл
Өнгөрсөн Баасан гарагт урд хөрш маань батлан хамгаалах салбартаа сүүлийн 9 жилд тохиогоогүй бүтцийн өөрчлөлт хийлээ. Тус өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь Хятад шинээр мэдээллийн дэмжлэг үзүүлэх хүчнийг байгуулсан явдал байв.
Мэдээлэл, сансар, кибер аюулгүй байдал
Хятадын Ардыг чөлөөлөх арми өмнө нь хуурай замын, тэнгисийн, агаарын, пуужингийн, стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин, үндэсний цэрэг, цагдаагийн хүчин, нөөц хүчин гэсэн 7 ангиас бүрддэг байв. Харин шинэчлэгдсэн бүтцийн өөрчлөлтөөр стратегийн дэмжлэг үзүүлэх хүчинг татан буулгаж дотор нь харьяалагдаж байсан сансар, кибер аюулгүй байдал, логистикийн дэмжлэг үзүүлэх ангиудыг бие даасан салбар хүчин болгож шинээр мэдээллийг дэмжих хүчинтэй болоод буй. Тэд ийм том хэмжээний бүтцийн өөрчлөлтийг 9 жилийн өмнө буюу 2015 онд хийж байсан юм.
Түүх сөхөх аваас: Хятад 2015 онд Ардыг чөлөөлөх армийн бүтцэд өөрчлөлт хийхдээ Шэньян, Бээжин, Ланжоу, Жинан, Нанжин, Гуанжоу, Чэнду зэрэг хотуудад байрлах 7 цэргийн тойргоо цомхотгон зүүн, өмнөд, баруун, умард, төв гэсэн 5 тойрог болгож байв.
Ухаалаг арми: Цаашлаад, цэргийнхээ тоог 300 мянгаар бууруулж 2 сая болгосны улмаар хуурай газрын цэргийн тоо нийт цэргүүдийн 50%-иас бага болж нөгөө талд тэнгисийн болон агаарын зэвсэгт хүчин эрс нэмэгдсэн байдаг. Энэ нь армийнхаа хэмжээ бүтцийг цомхон болгож тоонд биш үр ашигт суурилсан армитай болохоор зорьсон юм.
Юуны тулд?
Ганц Хятадаар тогтохгүй Америк болон Орос батлан хамгаалах салбарын зардлаа эрс өсгөж 2023 онд дэлхийн батлан хамгаалах салбарын зардал $2.4 их наяд болон ахин шинэ дээд түвшинг тогтоов. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн 7 хоногт Америкийн Израиль, Тайвань, Украинд дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим батлаад авсан. Бөмбөрцгийн энд тэнд болж буй дайн санхүүжүүлэгч их гүрнүүд батлан хамгаалах зардлаа нэмээд байдаг, дайн дуусах шинж байна уу?
Эцэст нь… Хятад бол хамгийн олон хөрш оронтой, хамгийн урт хуурай газрын хилтэй, далайн аюулгүй байдлын орчин хамгийн ээдрээтэй орны нэг. Гэхдээ Хятад ихэнх хөрш орнуудтайгаа хил хамгаалах гэрээтэй байдаг тул хуурай газрын армиасаа илүү тэнгисийн болон агаарын армиа томруулахаар шинэчлэл хийх болсон. Энэ ч утгаараа цахим дайн, сансрын өрсөлдөөнд илүүтэй анхаарч жинхэнэ утгаараа цэрэг армийн бүтцээ ч тэр зүгт хандуулж буй нь уг үйл явдлаас харагдах шиг…
Heyo! Macbook ашигладаг хүмүүс байна уу?
Хэрвээ та Macbook ашигладаг бол зургийнхаа өргөтгөлийг өөрчлөхдөө курсороо зурган дээрээ аваачаад Touchpad-нхаа баруун тал дээр дарж Quick Actions ➡️ Convert Image функцийн тусламжтайгаар зургийнхаа өргөтгөлийг PNG, JPEG болгох боломжтой шүү. 🍋
KNN India
🔹Дэлхий цэвэр эрчим хүчинд шилжихийн тулд ирэх 10 жилд жил бүр $4 их наядын зарцуулах шаардлагатай. Өнгөрсөн онд эрчим хүчний шилжилтийн хүрээнд $1.8 их наядын хөрөнгө оруулалт хийгдсэн аж. Сонирхуулахад, Blackrock (BLK)-н тус тооцоолол өнгөрсөн удаагийнхаас нь 2 дахин нэмэгдэж $4 их наядад хүрээд буй.
🔹Хятадын чипийн үйлдвэрлэл эхний улиралд 40% өсөж дотоодын чипийн үйлдвэрлэл нь эрчтэй нэмэгдэж байна. Улмаар тус улиралд үйлдвэрлэсэн чипийн тоо 98.1 тэрбум ширхэгт хүрээд буй. Сонирхуулахад, тэдний өнгөрсөн 3-р сард үйлдвэрлэсэн чип 28.4% өсөж 36.2 тэрбум ширхэгт хүрснээр дээд түвшин тогтоожээ.
🔹Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Германд суралцуулахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг $1,000 болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлэхээ мэдэгдэв.
🔹Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх платформыг нэвтрүүлнэ. Тодруулбал, тус платформыг Монголын банкнуудын холбоо болон Дижитал Кредит ХХК хамтран хөгжүүлж байгаа аж. Тус платформ нэвтэрснээр ЖДБ эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагууд зардал багатай, барьцаагүй, хүү багатай санхүүжилт авах боломж бүрдэх юм.
ТУЗ-ийн хараат бус гишүүн / Омни капитал ББСБ: Зээлийн эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр та банк болон ББСБ салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан бол доорх хаягаар CV-гээ явуулаарай. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалsн чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Мэд: Та хэтэрхий хувиа хичээгээд байгаа юм биш биз? (TED-Ed)
Оролц: Шилдэг гарааны бизнес тодруулах үндэсний аврага шалгаруулах тэмцээн. (StartupChallengeMGL)
Унш: 1 жил орох дайны бороо 1 өдөрт орж Дубай үерт автав. (CNBC)
Судал: Европын Холбооны сонгууль юу болоод байна? (WorldView)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.
Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply