🤝 ONDO x LEND

Kincora Copper: Баяртай | Хамтарсан ЗГ | Монгол-Японы Бизнес Форум

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Сонгууль, наадам, олимп гээд хэсэг хугацаанд ч бужигналаа шүү. Хичээл, сургууль эхлэхээс өмнө хэсэг хугацаанд ч гэсэн цахим орчноос холдож тархиа амраагаад аваарай. 🧘‍♂️

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: 8 сарын 12-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараасаа 2.1% буурчээ

АUS: Австралийн цалингийн үнийн индекс II улиралд өмнөх улирлаасаа 0.8% өссөнөөр он гарснаас хойш хамгийн бага өссөн улирал болов

OIL: Өнгөрсөн Даваа гарагт нефтийн үнэ 3% өсөж 5 дахь өдрөө дараалан өслөө.

📢 ЗГ: Хурдтай хөгжлийн төлөө зориг гаргана 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Өмнөх жилүүдийн хөтөлбөрөөс юугаараа өөр вэ? 

⭐ Онцлох нь

Тус хөтөлбөрийг шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, ЭЗ-ийн хөгжлийн суурь реформын эхлэл гэж үзэж буй. 

  • 📖 Төслийг боловсруулахдаа 2024 оны сонгуулиар УИХ-д суудал авсан МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгажээ.

  • ↗️ 4 чиглэлээр ажиллана: Цаашилбал, бодлогын үндсэн 4 чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд тус бүр 4 зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  

🔎 Намуудын мөрийн хөтөлбөрөөс юу тусгав? 

Энэ удаагийн ЗГ хамтын ЗГ гэдгээрээ онцлогтой. Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн барихын өмнө хамтарсан ЗГ-ын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд УИХ-д суудалтай 3 намын дарга нар гарын үсэг зурсан. Тус гэрээнд намуудын нийтлэг зорилтыг тусгасан ба үүнд,

  • 🏦 МАН:-Нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, 

  • 📈 АН: Хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн ЭЗ, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, ЭЗ-ийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, 

  • 👩‍🎓 ХҮН: Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна.

Сонирхуулахад, энэ оны төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь шинэ ЗГ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж буй гэнэ. Тухайлбал, Зэс боловсруулах цогцолбор, Үндэсний хиймэл дагуул зэрэг 15 мега төслийг хэрэгжүүлснээр ЭЗ-ийн өсөлтийг 5%-6% ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.

⚖️ Өмнөх жилүүдийн хэрэгжилт

Харин ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг авч үзвэл цар тахлаас үүдэлтэй нийгэм, ЭЗ-ийн хүндрэлийг даван туулах, ногоон хөгжлийн, засаглалын бодлого зэрэг 6 чиглэлийн 1,087 арга хэмжээг тусгаж байсан ба хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5%-тай байна гэж дүгнэсэн аж

Эцэст нь… Харж байгаачлан өмнөх ЗГ хөтөлбөрөө батлуулсан даруйдаа бараг жилийн дотор талаас илүү хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Харин бодит байдал дээр хэрэгжилт нь хэр байсныг уншигч та өөрөө бас дэнсэлнэ биз ээ. Цаашлаад ирэх жилүүдэд шинэ ЗГ-ын бодлого хэр хэрэгжилттэй, бодитой байхыг харах л  үлдлээ. 

🎯 Монгол-Японы Бизнес Форум 2024

Монгол-Японы Бизнес Форум 3 дахь удаагаа 8 сарын 19-нд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн арга хэмжээнд Японоос 150, Монголоос 400 гаруй зочид, бизнес эрхлэгчид оролцох ба “Монголын эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлалын салбарын асуудлуудыг хэлэлцэх аж.

За тэгээд хүрэлцэн ирж өөрсдийн бизнесийг танилцуулан Япон, Монголын түншүүдтэй харилцаа тогтоож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно биз ээ. 

🤝 ONDO x LEND

LEND: ЛэндМН ББСБ ХК ОНДО ХХК-д ₮1.5 тэрбумын бизнесийн зээл олгоно. Тус зээлийг олгохдоо ОНДО ХХК-ийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Оюу толгой ХХК-д 4G/LTE сүлжээ байгуулсан, цаашид хэрэглэгчийн тоо нь нэмэгдэх боломжтой болон сансрын, газрын хосолмол сүлжээг ашигладаг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй зэрэгт тулгуурлан олгож байгаа аж.

👋 Kincora Copper: Баяртай

Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-тай ₮2.7 тэрбумын маргаантай байгаа Kincora Copper (KCC.XA) Монгол дахь “Хүрэл үнэг” төслөө Woomera Mining (WML.XA)-д худалдахаар болоод буй. Улмаар 175 км.кв талбайг хамардаг “Хүрэл үнэг” хайгуулын лицензийн 80%-ийг Woomera Mining эзэмшихээр болж байна. 

🧔‍♂️ Шинэ эзэн Woomera Mining

Тохиролцооны дагуу Woomera Mining төслийн 80%-ийг эзэмшихийн тулд 5 жилийн хугацаанд $6.1 саяыг хөрөнгө оруулах бөгөөд 80%-д хүрмэгц компани үлдсэн 20%-ийг $10 саяар худалдан авах эсвэл эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарах хүртэл хамтран ажиллах боломжтой юм. Kincorra Copper-н хувьд татварын маргааны дараа буюу өнгөрсөн оноос эхлэн Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөж буйгаа мэдээлж байсан. 

  • 😏 Явлаа: Юутай ч Kincora Copper Монгол дахь төслөө эцэслэн Австрали дахь төсөл рүүгээ бүрэн анхаарах боломжтой болж байгаа гэнэ. 

  • 🏔️ Нөөц: “Хүрэл үнэг” төслийн хувьд Kincorra copper-н гол төсөл байсан төдийгүй хайгуулын явцад 3 цооногт 46 мянга гаруй м-ийн өрөмдлөг хийн анхан шатны тооцооллоор 426 мянган тн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж тогтоосон байдаг.  

📝 Хэрэг явдал

Kincora Copper-н татварын маргаан өдгөө 4 дэх жил рүүгээ орж байна. Тухайлбал, 2021 онд тэдний охин компани болох Golden Grouse IBEX-тэй нэгдэх хэлцэл хийснээр ТЕГ-аас ₮2.7 тэрбумын татвар ногдуулж байсан. Улмаар компани тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсанаас хойш маргаан нь давж заалдах шатны шүүхээс Дээд шүүх, Дээд шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэхчлэн хөлбөмбөг тоглож байгаа юм шиг л шидэгдсээр ирсэн. 

  • Өөр нэг маргаан: Оюу толгой ХХК ч мөн ЗГ-тай ₮649 тэрбумын татварын маргаантай байгаа. Ялгаа нь тэд татварын маргаандаа цэг тавихаар ОУ-ын арбитрын шүүхэд хандаад буй. Юу болсон юм бол доо. 

Эцэст нь… Гадаадын хөрөнгө оруулалтын талаар ярих бүрд “Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого байдаггүй юм аа гэхэд ядаж хууль эрх зүйн орчноо тогтвортой, тодорхой байлгаач ээ” гэх үг олонтоо сонсогддог. Дээрх компаниудын хувьд шийдвэр аль ч талдаа гарсан одоогийн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин хий ихтэй, хөрөнгө оруулагчдыг татах нь байтугай үргээх чиглэлд ажилладаг гэдэг нь харагдах шиг.      

💚 ‍LIME: Хязгааргүй яриа, мессеж

Дэлхийн хаанаас ч, хүссэн үедээ интернэттэй байхад л дуудлага хийж, мессеж бичих боломжтой Монголын анхны виртуал оператор LIME-г танилцуулж байна.

  • 📱 Виртуал оператор: Утсандаа сим карт суулгах шаардлагагүй ба LIME апп-аа татаж дугаартай болоод Монголын бусад оператортай хаанаас ч дуудлага хийх, мессеж илгээх боломжтой юм.

  • 🔢 Нэмэлт дугаар: Хэрэв ажлын шаардлагаар өөр дугаар ашиглах, байнга утсаар ярих, эсвэл гадаад руу явах гэж байгаа бол тохиромжтой сонголт.

  • 💸 Зардлаа хэмнэ: Утасны төлбөр, нэгжид зарцуулдаг зардлаа хэд дахин багасгах боломжтой гэнэ шүү.

Гэснээс, тэдний бүтэн жилийн турш бүх сүлжээнд хязгааргүй ярих, мессеж бичих эрхтэй багцыг ердөө ₮40 мянгаар идэвхжүүлээрэй.

TechBrew

🍋 Өнгөрсөн 7-р сард дэлхийн зах зээл дээр 1.3 сая ширхэг цахилгаан автомашин (EV) борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21% өсжээ. Хэдийгээр Европын зах зээлд эрэлт нь буурч байгаа ч Хятадын автомашин үйлдвэрлэлийн салбарын борлуулалт энэ жил өсөлттэй байгаа нь үүнд нөлөөлсөн аж. Тодруулбал, 7-р сард борлуулсан цахилгаан машины 0.8 саяыг Хятадад борлуулжээ. 

🍋 УБТЗ ХНН болон Кэй Эйч Эм Зэт Фактору ХХК хамтран анхны ачааны хагас вагоныг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Сонирхуулахад, Кэй Эйч Эм Зэт Фактору ХХК Монголд ачааны вагон угсрах, үйлдвэрлэх засварлах үйлдвэр барих томоохон төслийг хэрэгжүүлж буй бөгөөд жилдээ 1,000 ачааны вагон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах аж.

🍋 Энэ оны эхний 7 сарын байдлаар хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхдийг 3 нас хүртэл өсгөж буй 104,441 эцэг эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ. Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар нийслэлд 9,384 ихэр хүүхэд өсөн торниж буй.

🍋 Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 35.7% өсөж ₮36.1 их наядад хүрэв. Тус орлогын 21.6%-ийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4%-ийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. ХББ-ий өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 50.3%, шатахууны бөөний худалдаа 41.5% өссөн нь нөлөөлжээ.  


Алдааг олоорой! 🔎

A. Woomera Mining төслийн 80%-ийг эзэмшихийн тулд 5 жилийн хугацаанд $10 саяыг хөрөнгө оруулах шаардлагатай. 
B. Энэ оны эхний хагас жилд хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт 78.4% өсжээ.
C. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөв. 

  • Нийтлэл: Орос, Хятад худалдааны хуучин арга барилд шилжих үү? (BusinessInsider)

  • Судалгаа: Америкчууд Камила Харрисыг ЭЗ-ийн нөхцөл байдлыг дээрдүүлж чадна гэж итгэж байгаа гэнэ ээ. (FT)

  • Сонирх: Дональд Трамп, Илон Маск нарын ярилцлага. (BBC)

  • Оролц: Монгол-Словений бизнес форум ирэх Лхагва гарагт болно. (Mongolchamber)

Зөв хариулт нь A буюу Woomera Mining 5 жилийн хугацаанд $10 саяыг биш $6.1 саяыг хөрөнгө оруулахаар байгаа шүү. 

Reply

or to participate.