• Lemon Press
  • Posts
  • 📃 Аймгуудын өрсөлдөөн & сонгууль

📃 Аймгуудын өрсөлдөөн & сонгууль

Финтек эрин | Onch & Company-н шинэ үйлчилгээ | Бодлогын хүүгийн шийдвэр

POWERED BY

Morning! Урлаг уран сайханд дуртай хүмүүс байна уу? Дүрслэх урлагийн музейд “ҮЗЭГДЭЛ” хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна шүү. Сонирхох нэгэнд нь түгээнэ биз ээ. 🖼️🎭

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 11%-д хүргэлээ

MSE: "Эм жи эл акуа" ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 5 сарын 15-нд эхэлнэ

MFA: Монгол болон Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамдууд монгол иргэдийн Өмнөд Солонгост зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар санал солилцлоо

🗒️ Аймгуудын өрсөлдөх чадвар нэмэгджээ

2023 онд аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66.6 болж өнгөрсөн жилээс 1.6 оноогоор өссөн байна. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сонгуулийн бүсчилсэн тойргоор харьцуулж харцгаая.

  • Ахиц: Тус тайланг ЭЗ-ийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн 4 бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Эдгээр үзүүлэлтээс тус онд бизнесийн үр ашиг хамгийн их буюу 17 оноогоор өсжээ. 

Нэг нь нийтийн төлөө байх уу? 

ЗГ-аас бүсчилсэн хөгжлийн бодлогыг баримталж байгаа төдийгүй 2024 оны УИХ-ын сонгуульд орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 буюу нийт 13 тойрогтой байхаар тогтсон билээ. Уг бүсчлэлээр дундаж оноог тооцож үзвэл: 

  • 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай: 60.5;

  • 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд: 50.3;

  • 3-р тойрог буюу Баян-Өлгий: 63.5;

  • 4-р тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл: 65.8;

  • 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв: 79.1;

  • 6-р тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий: 73.9;

  • 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь: 74.1 оноотой байна. 

Эдийн засгийн чадавх = Өрсөлдөх чадвар 

Харж байгаачлан бүсчилсэн 7 тойргоос 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв дунджаар 79.1 оноотой тэргүүлж буй. Сонирхуулахад, тус аймгууд ДНБ-ий үзүүлэлтээр дээгүүрт ордог төдийгүй 2022 онд уг 3 аймаг төвийн бүсийн ДНБ-ий 42%-ийг эзэлсэн байна. Харин өрсөлдөх чадвараар сүүл мушгиж буй Говь-Алтай, Завхан болбоос Увс, Ховдтой 1 бүсэд багтсанаар дундаж оноо буурахад мэдэгдэхүйц нөлөөлжээ.  

Эцэст нь… Говь-Алтайн засаглалын үзүүлэлтүүд, Завханы эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлсөн аж. Тэгэхээр тус бүсчилсэн тойргоос сонгогдсон гишүүд улс төрийн асуудалд бус засаглалыг тогтвортой байлгаж, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад л анхаарах хэрэгтэй байна даа.

⤴️ Хувьцааны үнээ өсгөх төлөвлөгөө

HMC: Японы 2 дахь томоохон автомашин үйлдвэрлэгч Honda Motors нийт хувьцааныхаа 3.7% буюу ¥300 тэрбумын дүн бүхий хувьцааг халаасална. Энэ нь хувьцааны үнээ 2025 оны 3-р сар хүртэл өсгөх ажлын нэг хэсэг юм. Одоогоор компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 12.6% өсөж $30.6-т хүрээд буй. Сонирхуулахад, тэд Канадад цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд C$15 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж буйн сацуу ирэх жил Охайо мужид Америк дахь анхны EV-н үйлдвэрлэлээ эхлүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийх гэнэ.

🎯Санхүүгийн Менежментийн Улсын X Олимпиад

Санхүүгийн Менежментийн Улсын X Олимпиад 5 сарын 10, 11-нд амжилттай болж өндөрлөлөө.

Тодруулбал, уг олимпиадыг Young Finance Professionals Community-с зохион байгуулсан ба 8 их сургуулийн 13 багийн нийт 65 шилдэг оюутан оролцлоо. Тэд өөрсдийн мэдлэг, багаар ажиллах ур чадвараа сорин 2 үе шаттай өрсөлдөж дараах 3 баг шалгарсан юм.

  • Тэргүүн байр: СЭЗИС-ийн InvestIQ баг,

  • Дэд байр: МУИС-ийн Finecon баг,

  • Гутгаар байр: СЭЗИС-ийн Kudos баг.

🔗 Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

👐 Финтек эрин 

Өнгөрсөн оны байдлаар банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын нийт зээлдэгчдийн 94.1% нь финтек суурьтай ББСБ-аас зээл авсан байна. 

Финтек = Хүртээмжтэй

Өнгөрсөн оны байдлаар ББСБ-д 529 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 55 нь финтек ББСБ аж. Хамгийн сонирхолтой нь тус 55 ББСБ-аас салбарын нийт харилцагчдын 94.1%, нийт зээлдэгчдийн 82.4% нь зээлийн үйлчилгээ авсан байдаг. Харин зээлийн хэмжээний хувьд мэдээж уламжлалт ББСБ-аас зээл авсан зээлдэгчдийнх хамаагүй өндөр байсан аж. Тодруулбал,

  • 1 зээлдэгчид ногдох дундаж зээл: Уламжлалт ББСБ-аас зээл авагсдын 1 зээлдэгчид ногдох дундаж зээл ₮10.3 сая байгаа бол финтек зээлдэгчдийнх дунджаар ₮575 мянга байгаа юм. Зээл гэлтгүй өдөр тутмын төлбөр тооцоог ч финтек апп-ууд атгах болсон доо. 

  • Финтек шийдэл: Нэг үеэ бодоход Монголд финтек апп-ууд олширсноор хэрэглэгчид ганцхан платформоор утас, СӨХ, тог цахилгаанаас эхлээд бүхий л хэрэглээний төлбөр, зогсоолын төлбөр зэрэг олон төлбөрийг хийх боломжтой болсон. 

Банкнууд ч тоглоомын талбарт гарч ирэв

Финтекийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр уламжлалт банкнууд ч тус уралдаанд хойш суулгүй эрчимтэй дижиталжиж буйг анзаарсан л биз дээ. Сонирхуулахад, Банкны холбооны мэдээлснээр Монголын банкнууд дижитал банкны үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байгаа төдийгүй тус үзүүлэлтээр Төв Азидаа тэргүүлж буй

Эцэст нь… 2018 онд 2 л ББСБ финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан бол өдгөө 55-д хүрээд байна. 2017 онд буюу Монголд финтек үйлчилгээ төдийлөн дэлгэрээгүй байхад улс даяар 107 мянга орчим зээлдэгч л ББСБ-аас зээл авдаг байсан бол 2018 онд 2 ББСБ финтек үйлчилгээнд орж ирснээр нийт зээлдэгчдийн 46.2%-д зээл олгосон байдаг. Харин үүнээс хойш 5 жилийн дотор зээлдэгчдийн тоо 12 дахин өсөж 1.3 саяд хүрсэн байдаг шүү. Дижиталжилт аа гэж…

Windows 11 Focus mode-тойг мэдэх үү? Тус функц нь төвлөрч суух дуртай, ажил хийж байхад элдэв дээдийн мэдэгдэл ирж сатаарах дүргүй хүмүүст тунчиг хэрэгтэй тохиргоо доо. 

Тус тохиргоог идэвхжүүлэхдээ Settings > System > Focus гэж ороод Start Focus гэх товчийг идэвхжүүлэхэд л хангалттай. 5 минутаас 4 цаг хүртэл нам жим төвлөрч ажиллах арга зааж өглөө шүү. Туршаад үзээрэй. 😉

🍋 Тийрэлтэт онгоцны Монголын анхны эмэгтэй нисгэгч

Lemonade цувралын энэ удаагийн дугаарт Хүннү Эйр ХХК-ийн Embraer E190 агаарын хөлгийн нисгэгч Х.Энхжин оролцлоо. ✈️

Х.Энхжингийн хувьд Канад улсын Торонто хотод "Aviations Operations"-н чиглэлээр сурч төгсөөд 2018 онд эх орондоо ирж анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр Монголын агаарын тээврийн түүхэнд 26 жилийн дараа нислэг үйлдсэн 13 дахь эмэгтэй нисгэгч болсон түүхтэй.

За тэгээд, түүний агаарын тээврийн чиглэлээр гаднын улсад сурч төгсөн мэргэжлээрээ ажиллаж буй туршлага, орлого зарлагаа хэрхэн зохицуулдаг, нисгэгчийн амьдралын хэв маяг гээд сонирхолтой түүхийг Lemon Press-н YouTube-c үзээрэй.

👀 Дараагийн зочин хэн байх бол. Stay tuned!

Giphy

🍋 Нийтийн хоолны салбарын орлого I улиралд өмнө жилээсээ 21.6% өсөж ₮361.9 тэрбумд хүрчээ. Үүнд кафены орлого 29.7% өсөж ₮33.8 тэрбум, катерингийн үйлчилгээ 28% өсөж ₮80 тэрбум, рестораных 18.7% өсөж ₮201 тэрбумд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Сонирхуулахад, тус салбарт 1,421 ААН үйл ажиллагаа явуулж байна. 

🍋 Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, 8 байршилд 1,205 метр урт гүүрэнд их засвар хийнэ. Гэснээс Монголд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа богино гэх шалтгаанаар тус төслийн бэлтгэл ажил, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах гэнэ.

🍋 Onch & Company санхүүжих чадавхын зэрэглэлийг тогтоох үйлчилгээг нэвтрүүллээ. Тодруулбал, тус компани ААН, компаниудын санхүүгийн зээлжих чадварыг үнэлж компани болон өрийн хэрэгслийн санхүүжих чадавхын зэрэглэлийг тогтоох үйлчилгээг үзүүлэх ажээ. 

🍋 Хятадын ЗГ энэ 7 хоногоос эхлэн урт хугацаатай хэд хэдэн бонд гаргана. Тодруулбал, ирэх Баасан гарагт 30 жилийн хугацаатай ЗГ бондын эхний багцыг гаргах бол 20 жилийн хугацаатай бондыг 5 сарын 24-нд, 50 жилийн хугацаатай бондыг 6 сарын 14-нд тус тус гаргах аж. 

🔝 Зорилт: Тогтвортой хөгжлийн манлайлагч

MCS Coca-Cola нүүрсхүчлийн хий (CO2)-н ялгаруулалтаа хэмждэг болоод хэдийнээ 3 жилийг ардаа үджээ. Тэгвэл энэ тал дээр тэд ямар арга хэмжээ авч байна? 

CO2-н ялгаруулалт: ⬇️25% 

Компани 2023 оны байдлаар 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 61.7 гр CO2-г ялгаруулж байгаа бөгөөд 6 жилийн дотор нийт CO2-н ялгаруулалтаа 25% бууруулах зорилт тавиад буй. Тэгвэл тэдний зорилт ямар явцтай хэрэгжиж буйг харцгаая. 

  • Байгальд ээлтэй хөргөгч: Тус компанийн ялгаруулж буй CO2-н 65% нь шууд ялгаруулалт буюу суурин байгууламж, хөргөх, хөлдөөх, агааржуулах байгууламж, явах машинаас нь ялгардаг. Тиймээс ч тэд 100% цахилгаанаар ажилладаг цахилгаан сэрээт өргөгчүүдийг ашиглаж, нийт 12,000 хөргөгчийнхөө 73%-ийг байгальд ээлтэй болгоод буй. Үүнийгээ 2030 он гэхэд 100%-д хүргэх аж. 

  • Хийн зуух: MCS Coca-Cola 3 жилийн өмнө хийн зуухаа ашиглалтад оруулж, нүүрсний хэрэглээг халсан анхны үйлдвэр болж байв. Ингэснээр тэд CO2-н ялгаруулалтаа жилд 4,800 тн-оор бууруулах нөхцөл бүрдсэн юм.

3R - Reduce, Recycle, Reuse 

Сонирхуулахад, MCS Coca-Cola-н ирэх 5 жилийн стратегийн гол зорилтуудын нэг бол “Тогтвортой хөгжлийн манлайлагч” байх. Улмаар тэд үйл ажиллагаандаа 3R буюу Reduce, Recycle, Reuse зарчмыг хэрэгжүүлэх болсон. Тус стратегийн хүрээнд компани бүтээгдэхүүнүүдийнхээ сахрын хэмжээг бууруулсаар ирсэн бөгөөд өдгөө ундаа болон усныхаа 47 амтны 9-ийг нь сахаргүй, 13-ынх нь 100 гр-д агуулагдах сахрыг 5%-иас бага болгоод буй. 

Эцэст нь… MCS Coca-Cola Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 13 зорилтыг ажил болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд ЭНД-ээс илүү дэлгэрэнгүй харах боломжтой шүү. 

  • ТУЗ-ийн хараат бус гишүүн / Омни капитал ББСБ: Зээлийн эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр та банк болон ББСБ салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан бол доорх хаягаар CV-гээ явуулаарай. 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалын чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Анхаар: Дэлхийн хаа сайгүй туйлын туяа харах боломж олдож байна гэнэ ээ. (CBSNews)

  • Мэд: Хиймэл оюун ухаант Siri айсуй. (Quartz)

  • Сонс: Зарим хүмүүс яагаад Адольф Гитлерийг хүмүүс дэмждэг гээч. (TED-Ed)

  • Танилц: Гадаадад суугаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөхдөө анхаарах зүйлс. (MFA)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.

Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.