- Lemon Press
- Posts
- 📄 Хаврын чуулганы тойм
📄 Хаврын чуулганы тойм
NVDA: $3 их наяд | Симпл III бонд | 1 өдөрт 23 ХК-ийн хувьцааны үнэ унав
POWERED BY
Өглөөний мэнд! Саяхан “Nomadic Masters 2024” eSport-н тэмцээн зохиогдож The MongolZ баг аваргалсан. Тэгвэл одоо $400 мянгын шагналын сантай YaLLa Compass 2024 тэмцээн эхэлж, А хэсгийг нь The MongolZ тэргүүлж байна гэнэ. Манайхан ч ярилтгүй сайн болжээ. 🔥🎮
*Нэг өдрийн өөрчлөлт
MFA: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дэх удаагийн бага хурал 2 хоног үргэлжилсэний эцэст өнөөдөр өндөрлөнө.
MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК Бээжингийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллахаар болжээ.
BOND: Симпл III бондын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ.
📄 Хаврын чуулганы тойм
Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж УИХ-ын хаврын чуулган хаагдаад байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталжээ. Эндээс онцлох зүйл юу байв?
Том зургаараа юу хийв ээ?
Сонгууль эхлэхэд 20 хоног үлдэж одоогийн парламент шинэчлэгдэхэд тун ойртоод байна. Тэгвэл 8 дахь удаагийн буюу одоогийн парламент нь нийт 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2,200 хууль тогтоомж баталсан аж. Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэгдсэн зүйлсээс онцолбол,
Баялаг: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлав. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй холбоотой орлогууд ямар санд, яаж хуваарилагдах нь тодорхой болоод буй.
Том том төлөвлөгөө: Цаашлаад Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө болон Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслүүд батлагдсан. Нэмээд энэ хавар Шинэ Зуунмод дагуул хот болон метроны бүтээн байгуулалтын асуудал дээр нэлээн бужигналаа.
Чухал нэмэлт хууль
Цаашлаад, өнгөрсөн Лхагва гаргийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлав. Өөрөөр хэлбэл, аливаа банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалтын хэрэгжих хугацаа 2023 оны 12 сарын 31 байсныг 2026 он болгож сунгасан хэрэг.
Амьсгаа авах боломж: Банкнууд 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх гэсэн заалтыг хангаагүй гэх үндэслэлээр нийт $1.3 тэрбумын зээлийн санхүүжилт эргэн татагдах магадлалтай байсан. Тэгвэл уг хууль батлагдсанаар банкнууд 2026 он хүртэл хувь эзэмшлээ өөрчлөх боломж бүрдэж байна.
Эцэст нь… УИХ-ын 2024 оны хаврын чуулганы онцлох хэсгүүд нэг иймэрхүү байлаа. Гэснээс хаврын чуулган хаах өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөл хэсэгт бараг 10 секундэд 1 хууль баталлаа. Үзэхэд сонирхолтой л юм. 😅
🌉 Рэива наит 2024
Жугамо нийгэмлэгийн зүгээс зохион байгуулж буй "Рэива наит 2024 : 未来を育てる、希望の種を植えよう!" хүндэтгэлийн арга хэмжээ болох гэж байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь "Growth" буюу хамтдаа өсөн дэвших гэсэн уриатай зохион байгуулагдаж байгаа бөгөөд менторшипээс эхлээд олон сонирхолтой зүйлс болох нь ээ. Уг арга хэмжээнд оролцсоноор нэтворкинг хийж, найз нөхдийн хүрээгээ тэлэн, Японд өнгөрүүлсэн цагаа дурсах нь байна шүү. 🙂
⏲️ Хэзээ : 6 сарын 8-ны 18:00 цагаас
📍 Хаана : MG Steak, Galleria Ulaanbaatar Center 3F
🔻 1 өдөрт 23 ХК-ийн хувьцааны үнэ унав
MSE: Өнгөрсөн Лхагва гарагт Монголын Хөрөнгийн Биржийн CSD системд техникийн саатал үүссэнтэй холбоотойгоор тухайн өдрийн арилжаа эхлэх цагийг 14 цаг болгож хойшлуулсан. Улмаар тус өдрийн арилжааны нийт үнийн дүн өмнөх өдрөөсөө 53.4% буурч ₮154 сая болсон байна. Сонирхуулахад, уг өдрийн арилжаагаар 23 компанийн хувьцааны үнэ буурчээ.
📈 NVDA: $3 их наяд
Nvidia (NVDA)-н зах зээлийн үнэлгээ $3 их наядад хүрснээр Apple (AAPL)-г ардаа орхилоо. Улмаар тэд Америкийн хамгийн өндөр үнэлгээтэй 2 дахь компани болж Microsoft (MSFT)-н араас нэхэж буй. Гэснээс Nvidia-н энэхүү амжилтад юу нөлөөлөв?
AI-н буян
Өдгөө хиймэл оюун (AI)-г ашиглаагүй салбар гэж бараг л үгүй. Тэгвэл AI-н гол тархи болсон чип үйлдвэрлэгчдийн нэг нь Nvidia. Тэд дата төвүүдэд нийлүүлдэг AI чип үйлдвэрлэлийн зах зээлийн 80% орчим хувийг эзэлж буй. Эргэн сануулахад, өнгөрсөн 5-р сард Nvidia I улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 24% өссөн билээ.
Nvidia-н өсөлт
Nvidia анх тоглоомын болон мэргэжлийн программуудад зориулсан график карт үйлдвэрлэн гарч ирээд зэх зээлд богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Харин 2016 онд AI-д зориулсан анхны чипээ үйлдвэрлэснээр энэ зах зээл рүү эргэлт буцалтгүй оржээ.
AI-д суурилсан бизнес нь хурдацтай хөгжсөнөөр өнгөрсөн 5 жилийн хугацаанд хувьцааны ханш нь 3,290% өссөн байна. Сонирхуулахад, тус компани 5-р сард нэгж хувьцаагаа 10 хуваахаа зарлаад буй.
Цаашилбал компани шинэ үеийн AI чипийн загваруудыг шаргуу танилцуулж байгаа. Тухайлбал, хамгийн хүчирхэг гэгдэж байсан Hopper H100 чипээсээ 5 дахин хурдан Blackwell-г өнгөрсөн 3-р сард танилцуулсан. Тэгвэл өнгөрсөн Ням гарагт Rubbin чипийн загварыг мөн танилцуулсан байна. Арай л хурдтай юу?
ТОП-5
Гэснээс технологийн ТОП-5 компанийн зах зээлийн үнэлгээг авч үзвэл Microsoft $3.2 их наяд, Nvidia $3 их наяд, Apple $3 их наяд, Google (GOOG) $2 их наяд, Amazon (AMZN) $1.8 их наядын үнэлгээтэй явж буй. Харин Nvidia-н хойно үлдсэн Apple-н хувьцааны ханш он гарснаас хойш 5% л өссөн бол нийт борлуулалт нь өнгөрсөн жилийнхээс 4%, iPhone-н борлуулалт нь 10% буурчээ.
Эцэст нь… Хамгийн хүчирхэг чипийг үйлдвэрлэдэг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Nvidia-н чипийн эрэлт цаашид ч улам бүр нэмэгдэх биз ээ. Тэгэхээр урдаа байгаа аваргыг давж аварга болох цаг ойрхон байна уу даа.
🧑⚖️ NFT-н эрх зүйн зохицуулалт
Фиделитас Партнерс ХХН болон LegalData.mn хамтран хүргэж буй ээлжит видео хичээлийг танилцуулж байна.
Уг хичээлээр NFT-ийн үндсэн шинжийг виртуал хөрөнгийн шинжтэй харьцуулж, виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт үйлчлэх тохиолдол болон үйлчлэхгүй байх үндэслэлийг тайлбарлах юм. Мөн тухайн токены хэрэглээнд үндэслэн зохицуулах хууль тогтоомжийг тодорхойлоход анхаарах асуудлыг авч үзэх аж.
Хичээлийн агуулга:
NFT ба эрх зүйн асуудал
NFT хэрэглээ ба түүний төрөл
Боломж ба эрсдэл
Зохицуулалтын чиг хандлага
📞 Хууль зүйн зөвлөгөө авах бол 77497070 дугаарт холбогдоорой.
Дараах эможи дүрсүүдийг ажиглаад ямар орнууд болохыг таагаарай! 😎
👑🍊🏄🏻♂️
🏦⌚🍫
🍌☕🌋🐢
За тэгээд таачихвал хариугаа бидэнд имэйлээр явуулаарай.😊
Giphy
🍋 Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Тодруулбал, тус талбайг нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хянах аж. Улмаар цаашид тус хүрээлэнг ОУ-ын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг эхлүүлэх гэнэ.
🍋 DBX үнэт цаас, брокерын цогц программ болох iStock SAAS 2.0-н шинэчилсэн хувилбараа танилцуулаа. Тус программыг Интеллижент Финанс ХХК болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран өнгөрсөн 5 сарын 30-нд танилцуулсан юм. Сонирхуулахад, iStock SAAS 2.0 нь мэдээллийн аюулгүй байдлын ОУ-ын стандарт ISO27001-г хангасан аж.
🍋 Golomt Capital Championship-н 9 дэх 7 хоногт тэргүүн байрын оролцогч Omodo-н өгөөж 219%-тай байлаа. Тэрбээр өгөөжөө өмнөх 7 хоногоос 2.6 дахин өсгөөд буй. Харин ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 96.9%-тай байсан юм.
🍋 Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц ашиглалтад оржээ. Тус ДЦС-ын бүтээн байгуулалт 2019 онд эхэлсэн бөгөөд уг бүтээн байгуулалт нь зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэгтэй аж.
Инновац: Эрдэмтэд ухаалаг контакт линзэнд зориулсан нулимсаар цэнэглэгддэг хэт нимгэн зай бүтээжээ. (CNBC)
Уриалга: Украин удахгүй Швейцарт болох энхийн дээд хэмжээний уулзалтад Монголыг нэгдэхийг уриалав. (Ukrinform)
Шалгаруулалт: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж бүртгэлийн хорооны гишүүн сонгон шалгаруулж байна. (LemonPress)
Зөвлөгөө: Давгүй амьдрахад тань туслах 10 дадал. (RyanHoliday)
Зиа, шинэ сарын эхний 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногийн товхимолд үнэлгээ өгөөрэй.
Үндэслэлтэй үнэлэнэ шүү. 😉 |
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writer: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply