- Lemon Press
- Posts
- ☁️ Тэнгэр. Төлбөр. Түгжрэл.
☁️ Тэнгэр. Төлбөр. Түгжрэл.
Их сургуулийн төлбөр болон Arm-н IPO-н талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Зээ, хичээлийн шинэ жилийн ачаалалтай холбоотойгоор энэ сарын 28-наас эхлэн 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох гэнэ шүү. 🚥 🚸 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д 5 жилийн хугацаатай олголоо.
NSO: Даваа гарагийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 6.9% буурсан байна.
^N225: Японы Nikkei 225 индекс энэ онд 24.5% өсөж 32,010 нэгжид хүрлээ.

Их сургуулиудын төлбөр 👀

Хичээлийн шинэ жил ч юу юугүй хаяанд ирлээ. Гэснээс их сургуулиудын төлбөр хэд байна?
1 кредит = ₮116,839
2023-2024 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчийн их сургуульд элсэн суралцагчид 1 кредит цагт дунджаар ₮67-₮163 мянгыг төлнө. Тухайлбал, МУИС-ийн ерөнхий суурийн хөтөлбөрийн 1 кредитийн төлбөр ₮123,300 байгаа бол мэргэжлийн хичээлийнх дунджаар ₮129,100 байгаа аж.
Харьцуулалт: Тэгэхээр МУИС-д элсэн суралцагч жилд 35 кредит цаг үзлээ гэж бодоход жилийн төлбөр нь ₮4,518,500 болох нь. Гэтэл Шинэ Монгол Харумафүжийн ахлах ангийн сургалтын төлбөр ₮7,900,000 байх жишээтэй.
Их сургуулийн орлого хэрхэн бүрддэг вэ?
МУИС л гэхэд сургалтын төлбөрийн орлого, улсын төсөв, шууд бус үйл ажиллагааны гэсэн 3 урсгалаас орлого олдог аж. Тус сургуулийн хамгийн сүүлд гаргасан буюу 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн тайланд дурдсанаар орлого нь ₮45.8 тэрбум байсан ч зардал нь ₮50.5 тэрбумд хүрчээ.
Хамгийн их нь: Мэдээж тэдний орлогын хамгийн их буюу 77.9% нь сургалтын төлбөрийн орлогоос шууд хамааралтай. Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэх сургаар л нийгэм тэр аяараа 2 талд гарчихдаг. Гэтэл үүнээс хамаараад хамгийн түрүүнд сургалтын чанар цаанадаж суралцагчид тав тухтай орчинд суралцах гээд олон асуудлууд төлбөр нэмэх асуудалд дарагддаг.
Шийдэл байна уу? Их дээд сургуулийг чанаржуулъя гэвэл төлбөр нэмэгдэх эсвэл эрдэмтэн проффесоруудын судалгааны ажлыг илүү эрчимтэйгээр эргэлтэд оруулах бүр цаашлаад төрөөс олгох дэмжлэг нэмэгдэх хэрэгтэй мэт.
Чанар = Санхүүжилт
Санхүүжилт хангалттай хэмжээнд хүрж байж сургуулийн чанар нэмэгдэх нь дамжиггүй.
Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх;
Судалгааны их сургууль болох;
Хэрэв сургалтын төлбөрийг нэмэх боломжгүй бол төсвөөс санхүүжилтээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Эцэст нь… Сүүлийн үед бакалаврын дипломтой ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үнэхээр их дээд сургуулийн чанарт байна уу аль эсвэл босго оноо хэт доогуур байгаа юу гэх асуултад хөтөлнө. Дүгнэлтийг танд…

☁️ Тэнгэр дээрх NVDA
NVDA: Nvidia-н хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв. Тодруулбал, компанийн ээлжит улирлын тайлан гарахаас 1 өдрийн өмнө хувьцааны үнэ нь 2022 оны 10-р сараас хойш 315% өсөж $480.8-т хүрсэн нь энэ. Учир нь тэдний AI сегмент дэх борлуулалт жилийн өмнөхөөс 2 дахин, ашиг нь 4 дахин өсөх төлөвтэй буй. Ер нь бол AI трэндээс үүдэн Nvidia нь ЗЗ-ийн үнэлгээ сүүлийн 10 сард JPMorgan (JPM)-н ЗЗ-н үнэлгээнээс л гэхэд 2.1 дахин буюу $890 тэрбумаар өсөөд байна.

📭 Чипийн “Гар” IPO хийнэ

Энэ оны хамгийн том IPO айсуй. Чих тавин сонсох нь ээ чипийн ертөнцөд том орон зайг эзлэгч Arm ирэх сард IPO хийх нь.
🚪 Тог, тог. Хэн бэ?
Arm бол чип үйлдвэрлэгч биш. Харин чип үйлдвэрлэгч компаниудын чипт ашигладаг бүрэлдэхүүн хэсэг, программчлалын хэл зэрэг ерөнхий загварыг гаргах үйлчилгээ үзүүлдэг Их Британийн компани юм. Тодруулбал, тэдний чипийн загвар нь iPhone, Android зэрэг дэлхийн бүх ухаалаг гар утсаны 99%-д ашиглагддаг байна.
Эцэг эхийн барилдлага: 2016 онд SoftBank (9984.T) Arm-г $32 тэрбумаар худалдаж авахаар тохиролцсон нь тухайн үед Европын технологийн компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болсон юм. Тэгэхээр одоо Arm-г SoftBank эзэмшдэг гэсэн үг.
IPO-н эргэн тойронд
Arm IPO хийхдээ $60-$70 тэрбумын үнэлгээтэй байх төлөвтэй байгаа. Түүнчлэн компани IPO хийж $8-$10 тэрбумыг босгохоор зорьж байсан ч SoftBank Vision Fund-с Arm-н 25%-ийн эзэмшлийг $64 тэрбумаар худалдаж аваад буй. Тэгэхээр Arm-н олон нийтээс босгох зорилтот дүн багасаж магадгүй нь. Ямартай ч IPO хийгээд компанийн үйл ажиллагаа илүү өргөжих болов уу?
🛑 Байз, 1 асуудал байна
Нэг өгүүлбэрээр, Хятадын хэт төвлөрөл асуудал болоод буй. Arm нь Arm Technology Co гэх нэгжээр дамжуулан Хятадад үйл ажиллагаа эрхэлдэг аж. Компанийн 2022 оны борлуулалтын орлогын 24%-ийг Хятад бүрдүүлсэн гэхээр хэр их нөлөөтэй нь илт. Гэтэл Хятадын ЭЗ уналтад орсноос гадна геополитикийн асуудлаас үүдэн тэндхийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл үүсэж байна. Ер нь бол энэ бүхний нөлөө аль хэдийн мэдрэгдэж Arm-н борлуулалт II улиралд жилийн өмнөхөөс 4.6% буурсан юм.
Эцэст нь… Arm IPO хийж байгаа нь олон боломжийг авч ирэх нь мэдээж. Гэхдээ Хятадын хамаарал болон орлогын тогтворгүй байдал нь тэдний өсөлтийг удаашруулж буй. Компанийн лицензийн борлуулалт л гэхэд жил бүр 60% өссөн ч сүүлийн 1 жилд 12% буурсан байна. Гэтэл хөрөнгө оруулагчид галзуу хулгана биш тогтвортой өсөлттэй компанийг л сонгоно шүү дээ. Заа тэгээд Arm-н талаарх дараагийн нийтлэлээр юу болсныг дуулгая.

₮83.5 тэрбум
Өнгөрсөн 7-р сард ₮83.5 тэрбумын ипотекийн зээл шинээр олгогджээ.
691
Улмаар шинээр нэмэгдсэн ипотекийн зээлдэгчдийн тоо 691-д хүрсэн байна.
13.37%
Тайлант сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 13.37% байсан аж.


Meta
🔹Meta (META) 100 орчим хэлийг текст болон ярианы хооронд орчуулах боломжтой AI бүтээв. Энэ нь SeamlessM4T хэмээх AI загвар бөгөөд үүнийг сургахын тулд 4 тэрбум өгүүлбэр, 4 сая цагийн ярианд шинжилгээ хийжээ. Түүнчлэн тэд SeamlessAlign гэх орчуулгын мэдээллийн багцыг танилцуулсан юм.
🔹Төрийн өмчийн 6 их сургуулийн харьяа ахлах сургууль байгуулна. Тодруулбал, ЕБ-ын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр хөгжүүлэх, ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн 6 ИС-ийн Улаанбаатар болон орон нутгийн салбар сургуулиудад түшиглэн байгуулах гэнэ.
🔹Golomt Capital Championship тэмцээн эхэлснээс хойш ТОП-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 23.6% байна. Тэдний ХО-ын багцын 80%-ийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 20% нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байгаа аж.
🔹Үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, борлуулах үйлчилгээний дүн II улиралд ₮992 тэрбумд хүрлээ. Өөрөөр бол жилийн өмнөхөөс 40.2% өссөн хэрэг. Учир нь 127 ҮХЭХЗ-ын байгууллага 4,728 хэлцлээр, 707.6 мянган м.кв талбайг зуучлан худалдсан байна.

Хувийн хэвшлийн гаргасан АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ -г төр давхардуулан хийхгүй байх Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагдлаа 👏👏👏
Аялал жуулчлал, мэдээллийн технологи, зам тээврийн салбарт давхардсан ажлууд маш олон бий ‼️
— Batgerel Tapatrip (@BaggiRunner)
5:55 AM • Aug 23, 2023

Мэд: 2023 оны томоохон дампуурлууд. (GlobalFinace)
Сонирх: Tesla утас гаргах нь бүтэшгүй санаа юу? (DigitalTrends)
Унш: XXI зууны шилдэг номууд. (TheGuardian)
Судал: Хичээлийн шинэ жилийн төсвөө хэмнэхэд тань тусална. (SpringFinancial)


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply