- Lemon Press
- Posts
- 🧚♂️ Хүчирхэг брэнд= Урлаг+ШУ
🧚♂️ Хүчирхэг брэнд= Урлаг+ШУ
Данагараас данагар тэр юу вэ? | NIO-н сэргэлт | Бодлогын хүүгийн шийдвэр айсуй
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Манай Монгол дахь гаднын иргэд, хөрөнгө оруулагч нарт чиглэсэн Inside Mongolia шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн шүү. ЭНД дарж Inside Mongolia-н товхимолд и-мэйлээ бүртгүүлэн 7 хоног бүрийн Даваа гарагт уншиж байгаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан энэ сарын 16-20-нд болно.
FRC: СЗХ-ноос Тэнгэр Даатгал ХХК IPO хийх зөвшөөрлөө авлаа.
MNG: ЗГ ирэх оны нүүрсний экспортын төсөөллийг 20% өсгөж 83.3 сая тн-д хүргэхээр төлөвлөж байна.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮29.8 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮18 тэрбум нь хоёрдогч зах зээл дээр арилжаалагджээ.
⚖️ Данагараас данагар тэр юу вэ?
Тамин түмээн, ирэх оны төсвийн төсөлтэйгөө танилцсан уу? ₮31.9 их наядын татвар төлөхөө мэдэж байгаа юу? Ирэх онд яах вэ гэхээр 👇
😐 5 нугалсан зардал
Одоо бол түүхэн том төсөв, төсвийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж ярих утгагүй болжээ. Жил бүр л өмнөх өмнөх жилээсээ нэлээд өссөн төсвийн төслийн санал гарч батлагддаг. Ирэх жилийн төсвийн төслийн нийт зардал л гэхэд жилийн өмнөхөөсөө буюу 2024 оны тодотгосон төсвөөс 17.4%, 11 жилийн өмнөхөөс 5 дахин тус тус нэмэгдэн ₮35.8 их наяд байхаар тусгагджээ.
💰 Орлого нь яах вэ? Мэдээж жилийн өмнөхөөсөө 17.3% нэмэгдэхээр тусгагдсан буюу ₮28.9 их наядын орлогын 94.3%-ийг нь татварын орлого бүрдүүлнэ. Үүний хамгийн том бүрдүүлэгч нь орлогын албан татвар. Уг нь 2024 оны төсвийн төсөл батлагдаж байхад нийт орлогын 92.9%-ийг татвар бүрдүүлэх байв. Тэгэхээр татварын орлогын жин 1.4 нэгж хувиар нэмэгдсэн хэрэг.
😔 Мэдээж алдагдалтай: Төсвийн төсөл анх танилцуулагдахдаа зардал нь орлогоосоо давсан байдаг нь жам болсон. Ирэх жилийн төсөв ч алдагдалтай байхаар тусгагдаад зогсохгүй алдагдал нь 18.7% нэмэгдэж ₮1.9 их наядаар тусгагдсан байна.
🥲 Өргүй болохыг ерөөдөг өртэй Монгол
Цаашлаад, Засгийн газрын нийт өрийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 15% нэмэгдэж ₮40.5 их наяд болохоор байгаа юм. Энд гадаад зээлийн хэмжээ хамгийн ихээр жин дарж буй. Дотоодын өрийн хувьд бол ₮426.7 тэрбум байх нь. Энэ нь мэдээж Нийслэл бондын үлдэгдэл. Түүнчлэн,
🐚 Онцлог: Ирэх онд түүхэн дэх хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Тодруулбал, 2025 онд 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл. Үүнд Хөшигийн хөндийн туннел, газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт багтаж буй.
Эцэст нь… Нэг л мэдэхэд түүхэн хамгийн том төсөв батлагдаж, нэг л мэдэхэд тодотгох болж дээ. Нөгөө талд төв банк нь бодлогын хүүгээрээ инфляцаа тогтворжуулчих гээд л… Нэмээд энэ жил бүсүүд ялгаатай татвар төлдөг болно гэж байгаа. Заа тэгээд, дагуул хот, станц, газрын тосны үйлдвэр, метроны ажлууд маань хүлээгдсээр л байна даа.
🚘 NIO-н сэргэлт
NIO: Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч NIO-н борлуулалтын орлого II улиралд өнгөрсөн оны мөн үеэс 98.9% өсөж $2.4 тэрбумд хүрлээ. Улмаар алдагдал нь багасаж $709.8 сая болоод буй. Компанийн борлуулалтын орлого өсөхөд тус улиралд түүхэн дээд буюу 57,373 EV нийлүүлсэн нь нөлөөлсөн юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 143.9% өссөн үзүүлэлт аж. Тайлангийн араас NIO-н хувьцааны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр буюу 14% өссөн хэдий ч он гарснаас хойш 43% унаж $4.8-т хүрээд буй.
🧚♂️ Хүчирхэг брэнд= Урлаг+ШУ
Amazon (AMZN) сүүлийн 20 гаруй жилийн туршид дэлхийн жижиглэн худалдааны салбар дахь хаан сэнтийгээ хадгалсаар байгаа. Өдгөө компанийн зах зээлийн үнэлгээ энэ оны байдлаар $1.3 их наяд бол брэндийн үнэлгээ нь $308 тэрбум.
🌠 Брэнд: Компанийн үнэ цэн
Тэд анх 1994 онд онлайн номын дэлгүүрээр үүсгэн байгуулагдаж түүнээс хойш жижиглэн худалдааны салбар руу орж бизнесээ хурдацтай тэлэх болсон. Улмаар 20 хүрэхгүй жилийн дотор буюу 2010 оны эхээр дэлхийд тэргүүлэгч жижиглэн худалдааны акулаар тодорч байсан бол одоо технологийн хэдтэй ч эн зэрэгцэн үзэлцдэг компани болоод буй.
💎 Үнэ цэнтэй брэнд: Жижиглэн худалдааны салбар дахь хамгийн үнэ, цэнтэй брэндийн жагсаалтыг тэд Walmart (WMT)-тай урд, хойноо орсоор 9 дэх жилдээ өнгөлж яваа. Харин тэдний араас The Home Depot (HD)-с эхлээд компаниуд дурайтал жагсдаг даа.
🔳 Том зургаар: Жижиглэн худалдааны салбарт хамгийн өндөр үнэлгээтэй брэндүүдийг улсаар нь харвал ТОП-10 компанийн 7 нь Америк, 3 нь Хятад. Хятад компаниудын тухайд тус жагсаалтад 2019 онд JD.com (JD) орж ирж байсан бол 2020 оноос хойш Alibaba (BABA)-н Taobao болон Tmall дэлхийн жижиглэнгийн салбарт тодрон гарч ирж өндөр үнэлгээтэй брэнд болоод буй.
Хэнийх өсөж, хэнийх уруудав? Салбартаа гялалзаж буй ТОП-10 брэндийн 8-ынх нь үнэлгээ энэ онд овоо буурсан. Энэ дундаа Taobao-нх 32%, Tmall-нх 31% буюу хамгийн их унасан бол өсөлттэй байсан 2 болох Costco 4%, Amazon 2% өсжээ.
🧮 Үнэ цэнийг нь хэрхэн тооцох билээ?
Брэндийн үнэ цэнийг компанид авчирч буй ашиг болон тухайн брэндийн хүчирхэг байдлаар тооцдог. Брэндийн хүчирхэг байдал гэдэгт Apple (AAPL) iPhone-н шинэ загвараа танилцуулах бүрд “Хуучин загвараасаа сүртэй өөрчлөгдөөгүй байна” гэж шүүмжлүүлдэг ч iPhone нь талх шиг зарагддаг тэр чадвар. Тиймдээ ч Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй буюу $516.6 тэрбумын брэнд гэх цол, гуншинтай байдаг биз ээ.
Эцэст нь… Дэлхийн жижиглэнгийн худалдааны салбарт Хятад компаниуд цөмрөн орж ирж, өөр хоорондоо ч ихээхэн өрсөлдөх болсон. Магадгүй ирэх жил тус жагсаалтад Pinduoduo (9PDA.DU), TikTok цохиж явахыг ч үгүйсгэхгүй.
8 сарын 31-ний байдлаар Монгол 2,777 ширхэг цахилгаан дугуй импортолсон байна. Цахилгаан дугуйтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг хуваалцахад,
13: Монголд өдгөө цахилгаан дугуй импортлох зөвшөөрөлтэй компаниудын тоо.
$1 сая: Цахилгаан дугуйны импортын нийт үнийн дүн.
31%: Нийт импортолсон дугуйт тээврийн хэрэгслийн үнийн дүнд цахилгаан дугуйн үнийн дүнгийн эзлэх хэмжээ.
☕ Toki-доод cashback-тай
Кофенд дурлагсад анхаараарай! Цаана чинь Toki апп татгалзахын аргагүй урамшуулал зарласан байна.
🙄 Ямар урамшуулал гэхээр…
📦 Дон-дон хүргэлт: Toki апп-ийн “хүргүүлж авах” үйлчилгээг ашиглан оффистоо ойр байрлах кофе шопоос хүссэн зүйлээ захиалан хүргүүлж авах боломжтойг мэдэх л биз дээ? Гол нь тэдний “очиж авах” үйлчилгээгээр нь кофегоо урьдчилан бэлтгүүлж, төлбөрөө Toki апп-аар төлснөөр худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ 10%-ийг дансандаа буцаан авах боломжтой юм байна.
🔗 ЭНД дарж Toki aпп-аа татаад намрын сэрүүнд халуун кофегоо хүргүүлж cashback-аа аваад байж дээ!
📅 Урамшуулал дуусах хугацаа: 9 сарын 16 хүртэл
Renew Energy
🍋 Багануурт 50мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станц баригдаж эхэлжээ. Тус станцыг Хятадын Envision Energy корпораци барих бөгөөд ирэх 11 сарын 30-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлэх гэнэ. Сонирхуулахад, уг станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой аж.
🍋 Боловсролын яам боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлд Дэлхийн банктай хамтарч ажиллана. Энэ хүрээнд нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгох, цаашлаад малчдын хүүхэд гэрээсээ сургуульдаа явах боломжийг бүрдүүлэх юм байна. 2022 онд Монгол анх удаа PISA үнэлгээнд ороход Дэлхийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
🍋 Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ) хагас жилийн төлөвлөгөөгөө 97.2% гүйцэтгэлтэй биелүүлэв. Тус хугацаанд НХОГ үйл ажиллагаандаа чанарын менежментийн MNS ISO 9001:2015 стандарт болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын InvestUb апп-ийг тус тус нэвтрүүлсэн аж.
🍋 Хятад Wall Street-тэй өрсөлдөх брокерын компанийг байгууллаа. Тус компанийг Guotai Junan Securities болон Haitong Securities компаниудыг нэгтгэж байгуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтад ¥1.6 их наядыг төлөвлөөд буй. Цаашид тус улс 2035 он гэхэд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой 2-3 хөрөнгө оруулалтын банк байгуулах сонирхолтой байгаа гэнэ.
📷 Google-н шинэ Ask Photos функцаар хадгалсан зургаа хурдан олоорой. (TheVerge)
❗ Скүүтэр, суррон унадаг иргэд анхаарна уу! (UBSTV)
⚙️ Алгоритмын талаар ойлголттой болсноор ташаа мэдээллийг ялгах боломжтой. (NiemanLab)
🧑💻Олон улсын техникийн шинжээчдийн өдрийн мэнд хүргэе! (AwarenessDays)
Даваа: “Япон Улсад суралцацгаая” өдөрлөг болно гэнэ ээ.
Мягмар: Монголбанкны 8-р сарын тойм гарна.
Лхагва: Америкийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард хэр хэлбэлзсэнтэй танилцана.
Пүрэв: "A Journey to Digital Citizenship" нээлттэй өдөрлөг зохиогдох гэж байна.
Баасан: Оросын бодлогын хүүгийн шийдвэр гарах өдөр.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply