- Lemon Press
- Posts
- 👶 Хүүхдийн тань санхүүгийн мэдлэгт
👶 Хүүхдийн тань санхүүгийн мэдлэгт
Nikkei 225 индексийн хөдөлгөөн болон бондын зах зээлийн талаар тоймлолоо.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. Хүүхдийн баяр айсуй. Энэ жилийн хүүхдийн баяраар "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа болон "Хөгжлийн харандаа" үзэсгэлэн, "Хүүхдийн ертөнц" фестиваль зохион байгуулагдах юм байна. 👶
*Нэг өдрийн өөрчлөлт
IPO: ХасБанкны IPO-н анхдагч зах зээлийн арилжаа эхний өдрөө 4,728 захиалга авч захиалгын явц нь 80.5%-д хүрлээ.
MSE: Өнгөрсөн 7 хоногт 2.5% унаад байсан ТОП-20 индекс өчигдрийн байдлаар 1.4% өсөж 35,660 болов.
TUR: Эрдоган Туркийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой зэрэгцэн лирагийн доллартой харьцах ханш $1=₺20.1 болж түүхэн доод түвшинд хүрлээ.
Бүртгэлтэй крипто биржийн үйл ажиллагаа
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions булангийн ээлжит дугаараар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан уншина уу!
Хууль тогтоогчид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг нөлөө гарна хэмээн үзэж тус хуулийг баталж байсан. Гарах эерэг нөлөө:
ФАТФ стандартыг биелүүлэх;
эдийн засгийн эргэлт нэмэгдэх;
гаднын хөрөнгө оруулагчдыг татах;
санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах;
өмчийн эрх зүйн хамгаалалттай болох;
мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах;
Ийнхүү хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэхэд СЗХ-ны дотоодын крипто биржийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавихаас шууд хамаарна.
💹 Бондын зах зээлд юу болов?
Үнэт цаасны компаниуд он гарсаар ₮134.7 тэрбумын бондын анхдагч зах зээлийн арилжаа хийжээ.
Тэргүүлэгч
Нийт бондын анхдагч зах зээлийн арилжааны дийлэнх буюу 49.6%-ийг Голомт Капитал ҮЦК-ийн арилжаа бүрдүүлэв. Тодруулбал, тэд нийт ₮66.8 тэрбумын бондын арилжаа хийсэн нь Таван Богд Капитал ҮЦК-ийнхаас л гэхэд 3.6 дахин их дүн аж.
Тэдний тухайд: Монголын анхны нээлттэй, хаалттай, даатгалтай, банкны баталгаат бондыг зах зээлд нэвтрүүлсэн Голомт Капитал ҮЦК нь ХЗЗ-ээс нийт ₮250 тэрбумын бондыг татан төвлөрүүлсэн байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд тэдний харилцагчид бондын хүүгээс ₮16.1 тэрбумын өгөөж хүртсэн бөгөөд нийт ₮105 тэрбумын эргэн төлөлт хийгджээ.
Юу арилжив?
Нийт бондын ЗЗ-ийн арилжааны 86.3%-ийг биржийн бус зах зээлийн арилжаа бүрдүүлсэн бол 13.7%-ийг нээлттэй бондын арилжаа бүрдүүлсэн байна. Гүн ухвал,
Нээлттэй: ҮЦК-иуд он гарсаар Сэндли бонд болон Инвескор бондын ₮18.5 тэрбумын үнийн дүн бүхий анхдагч ЗЗ-ийн арилжаа хийсэн бөгөөд үүний 38.8%-ийг Таван Богд Капитал ҮЦК, 23.5%-ийг Голомт Капитал ҮЦК бүрдүүлэв.
ББЗЗ: Харин энэ онд биржийн бус зах зээл дээр нийт ₮116.2 тэрбумын үнийн дүн бүхий бондын арилжаа хийгдсэн аж.
Эцэст нь… Хэрэв та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын бондыг эзэмшихийг хүсвэл бүгдэд нээлттэй шүү.
❌ Shipment Zero
🔥 Японы зах зээл
Nikkei 225 (^N225) индекс он гарсаар 84.4% өсөж 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр түвшин буюу ¥30,916-д хүрлээ. Тэгвэл уг өсөлт цаашид үргэлжилж магадгүй 3 шалтгаан байна.
Шалтгаан 1: Хямд хувьцаа
Уаррэн Баффет хүртэл Японд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Тэрээр өнгөрсөн 4-р сард Японд очих үеэрээ Японы томоохон компаниуд маш хямдаар арилжигдаж буйг онцолж өөрийн багцын топ 5 компани дахь эзэмшлээ нэмэгдүүлснээ зарласан юм. Мөн Японы -0.1%-ийн бодлогын хүү бүр ч сайхан нөхцөлийг бүрдүүлж буй аж.
Шалтгаан 2: Компанийн сайн засаглал
Нэг үеэ бодвол Японы зах зээл хөрөнгө оруулагчдад, ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй ханддаг болж байна. Ихэнх компаниуд нь эзэмшлийн төвлөрөл ихтэй байдаг учир гадны хөрөнгө оруулагчдыг оруулах сонирхол тун бага байдаг. Одоо тэгвэл энэ бүхэн бага багаар өөрчлөгдөж буй гэдэгт хөрөнгө оруулагчид итгэж буй аж.
Шалтгаан 3: Хагас дамжуулагч…
Дэлхийн даяар хагас дамжуулагчийн төлөөх өрсөлдөөн улам гал авалцаж байна. Харин Японы хувьд Америк болон бусад өрсөлдөгчдөө бодвол аль хэдийн бүрдсэн суурь дэд бүтэц сайтай юм. Тийм ч учраас Японы топ 8 компани төрийн дэмжлэгтэйгээр хагас дамжуулагчийн Rapidus үйлдвэрийг Японд өнгөрсөн жил байгуулсан.
Эцэст нь… зах зээлийн өсөлтийг дагаад иений ханш он гарсаар 6.2% чангарлаа.
Хувийн төлөвлөгөө ч юм уу нэгдсэн гарчиг өгөх шаардлагатай ажлуудад тань хэрэг болно. 🤝
Гүнээсээ хайрлая aян x Улаанбаатар марафон
Улаанбаатар марафондоо оролцож, Гүнээсээ хайрлая аяны асраар зочлоорой. 🏃🏃♀️
Газар доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах Гүнээсээ хайрлая аяныг Усны газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС, Гидрогеологийн тэнхим болон “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй.
Тэгвэл 6 сарын 3-нд Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатар марафон 2023”-т хүрэлцэн ирж, “Оюу толгой” ХХК-ийн явуулын мэдээллийн төвөөр зочлон мэдээлэл авах, хөгжилтэй тоглоом тоглох зэрэг арга хэмжээнүүдэд оролцон бэлэг авах боломжтой гэнэ шүү.
Сонирхуулахад, Тэд хүүхэд залууст зориулан Бяцхан Чандманийн түүх комикс номоо гаргаж байгаа аж.
South China Morning Post
🔹Semcorp олон улс дахь анхны үйлдвэрээ Унгарт нээнэ. Тэд Хятадын төдийгүй LG (066570.KS), Samsung (005930.KS) тэргүүтэй EV үйлдвэрлэгчдийн томоохон ханган нийлүүлэгч юм. Түүнчлэн тэд Унгар дахь үйлдвэрээ барихад $365 саяыг зарцуулсан бөгөөд 2025 он гэхэд дэлхийн чипийн ЗЗ-ийн 50%-ийг бүрдүүлэх гэнэ.
🔹 Монголбанк Apple Pay, Google Pay-тэй дүйхүйц төлбөр тооцооны системийг нэвтрүүлнэ. Төв банк нь “Т” картыг токенжуулах буюу картаа гар утсандаа холбох шийдлийг банкнуудтай хамтран хэрэгжүүлж буй. Ингэснээр картаа заавал авч явах шаардлагагүй бөгөөд гар утсаараа төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой болно.
🔹 AI-н хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө идэвхэжсээр байна. S&P 500 (^GSPC) индекс өмнө нь хэзээ ч ийм цөөн хувьцаанаас хамааралтай байгаагүй бөгөөд энэ нь ЗЗ-ийн суурийг ганхуулах сөрөг талтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
🔹 МХБ-д бүртгэлтэй Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) охин компаниа Премиум группт худалдах хэлцлийг хийлээ. Тэд өөрийн 100% хөрөнгө оруулалттай Сэнтрал Коммерс ХХК-ийг ₮51 саяар худалдах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг ТУЗ нь зөвшөөрчээ.
Монголын эдийн засаг Лаосын эдийн засгаас жижиг болжээ
— Khashchuluun (@hash_chuluun)
7:35 AM • May 28, 2023
👶 Хүүхдийн санхүүгийн мэдлэг
Хүүхдийнхээ санхүүгийн мэдлэгт анхааръя гэхээр ийм төрлийн хөтөлбөр байхгүй, яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.
Мөнгөний талаар ойлгуулах
Эхний алхам бол мэдээж хүүхдэдээ мөнгөний талаар ойлголт өгөх. Бага насны хүүхдүүд зоос тоолох, тоглоомын кассаар тоглох зэргээр мөнгөний хэмжээ, эрэмбийн талаар ойлголттой болох боломжтой.
Санхүүгийн үндсэн ур чадварт сургах
Дараа нь мөнгийг хадгалах, зарцуулах, хуваалцах ойлголтуудыг танилцуулах нь чухал. Ингэхдээ хувьцаа, бонд болон бусад ХО-ын хувилбаруудыг ч мөн тайлбарлахаа мартуузай. Түүнчлэн, тэдэнд банкны данс нээж, хэрхэн удирдахыг ойлгуулах хэрэгтэй.
Төсөв зохиох
Хүүхдэдээ тогтмол тэтгэмж олгох, насанд нь тохирсон ажил хийлгэж мөнгөн урамшуулал олгох замаар орлого, зарлага төсвийн тухай ойлголтыг ойлгуулж болно. Мөн та өрхийн төсвийн задаргаагаа ойлгуулахыг хүсвэл санхүү бүртгэлийн апп Keep-г ашиглан хүүхдүүддээ орлого, зарлагаа хэрхэн бүртгэдэг, төсөвт хэрхэн хүргэдэг талаараа ойлгуулж болох нь ээ.
Эцэст нь… Заа тэгээд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд анхаарах юмсан гэж бодох биш үйлдэл хийж эхлэх нь нэн чухал шүү. ✨
Унш: Хойд Солонгос Лхагва гарагт хиймэл дагуул хөөргөнө. (NikkeiAsia)
Анхаар: Орос эвсэлд нь нэгдсэн улсад цөмийн зэвсэг өгнө гэнэ үү? (Yahoo!News)
Сонирх: Финланд эрчим хүчний ядуурлаас гарлаа. (Insider)
Танилц: Windows-н шинэ AI Copilot. (digitaltrends)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, А.Пүрэвжаргал
Graphics by: О.Баасандорж
Reply