- Lemon Press
- Posts
- 🎤 Аялан тоглолт ба ЭЗ-ийн нөлөө
🎤 Аялан тоглолт ба ЭЗ-ийн нөлөө
ХЗЗ-ийн хөрөнгө оруулагчдын хандлага | Аялан тоглолт ба ЭЗ | Ажил хэрэг NFT
POWERED BY
Morning! Лимонууд аа, манай Lemon #101 контентыг үзэж байгаа юу? Хэрэв үзэж амжаагүй бол ЭНД дарж цалингийн зөв менежмент хэрхэн хийх талаар мэдлэгтэй болоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
BOM: Гадаад валютын албан нөөцийн хэмжээ сарын өмнөхөөс 4.9% нэмэгдэж $4.1 тэрбумд хүрлээ.
MNG: Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наяд, зардал нь 22.3% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ.
MOR: Улаанбаатарт олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 33.3% нэмэгдүүлж ₮200 саяд хүргэв.
📉 Мэдээ мэдээллээр цангасаар л
ХЗЗ мэдээ мэдээллээр тэжээгдэж, хөдөлж байдаг ч мэдээлэл хангалтгүй байвал юу болдог вэ? Компани хувьцаа эзэмшигчийн итгэлийг алдахаас эхлээд асуудал хөврөх байхдаа...
Case: CU
Саяхны бодит жишээ гэвэл Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN) байна. Компанийн 8 сарын 1-нд гаргасан энэ оны хагас жилийн тайланд хуримтлагдсан алдагдал ₮96.9 тэрбумд хүрч, эздийн өмч хасах дүнтэй гарснаар хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргаад авсан.
Яаж мэдэв?: Тайлан гарсан өдөр ₮155 дээр хаагдсан хувьцааны үнэ тайлангаас хойш 7 хоногийн дотор ₮117.2 болов. Улмаар хувьцааны үнэ эргэж сэргэхгүй явсаар тайлангаас хойш 30.6% унасан юм.
Сургамж: Тайлан гарах үедээ компани санхүүгийн үзүүлэлтээ үйл ажиллагаатайгаа уялдуулан цаг тухайд нь зохих тайлбар гаргаагүйгээс ийм зүйл болсон гэхэд буруудахгүй.
Одоо ер нь яах вэ?
Энэ мэтээр хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүйн тулд компаниуд аудитлагдсан тайлангаа тодруулгатай нь гаргаж, МХБ (MSE)-ийн тайлагналын хугацаанд багтаан “earnings call” зохион байгуулах гэх мэтээр мэдээллийг илүү тодорхой өгч болно. Ингэснээр компани болон хөрөнгө оруулагчдын хоорондох буруу, ташаа мэдээллүүд багасаж, компани хувьцааныхаа зорилтод түвшинд хүрэх билээ.
Хямралуудын араас хөгжсөөр
Тэгвэл гадаадад мэдээллийн ил тод байдлын ямар зохицуулалтууд байдаг вэ?
Enron-н хямрал: 2000-аад оны дампуурлуудаас үүдэн Америк хөрөнгө оруулагчдыг санхүүгийн луйвраас хамгаалах Sarbanes-Oxley хуулийг баталсан байна. Хуулийн зорилго нь компанийн засаглал, санхүүгийн тайлангийн тодруулгын үнэн зөвийг хараат бус аудитаар баталгаажуулах байв.
2008 оны хямрал: Сүүлийн том хямрал нь ХЗЗ-ийн оролцогчдын эзэмшиж буй хөрөнгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх Dodd-Frank хууль гарахад нөлөөлжээ.
🚗 Tesla-н нийлүүлэлт: -7%
TSLA: Tesla өнгөрсөн III улиралд 435,059 автомашин нийлүүлсэн нь өмнөх улирлаас 7% буурсан үзүүлэлт байв. Мөн шинжээчид компанийн нийлүүлэлтийг 461,000-д хүрнэ гэж таамаглаж байжээ. Уг мэдэгдлийн араас Tesla-н хувьцааны үнэ 3% унаад амжив. Компани 2023 онд 1.8 сая автомашин үйлдвэрлэх зорилтдоо хүрэхийн тулд IV улиралд 476,000 орчим автомашин нийлүүлэх ёстой болж байна даа.
💸 Алдартнуудын аялан тоглолт = ЭЗ-ийн аврал
Хэрэв Тэйлор Свифтийн тусгаар улс байсан бол түүний эдийн засаг 50 гаруй улсын ЭЗ-аас ч том байх байсан гэнэ үү?
Шинэ дээд амжилт тогтоох уу?
Алдартай одуудын аялан тоглолт шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад зогсохгүй тоглолт зохион байгуулагдаж буй улсын ЭЗ-ийн ч магнайг тэнийлгэдэг бололтой. Тухайлбал, Тэйлор Свифтийн тоглолт гэхэд $1.9 тэрбум, Бейонсегийнх $2 тэрбумыг олж түүхэн дээд түвшин тогтоох төлөвтэй байна. Тэгвэл аялан тоглолтууд хэрхэн улс орны ЭЗ-т нөлөөлж байна?
Аялан тоглолтын нөлөө ЭЗ-т
Тэйлор Свифтийн аялан тоглолтоор зөвхөн Америкт гэхэд $4.6 тэрбумыг эдийн засагт оруулах боломжтой аж. Ганц уран бүтээлчийн аялан тоглолт зарим улсын ДНБ-ээс ч давж байна гэхээр галзуу байгаа биз. Аялан тоглолтуудын ЭЗ-т үзүүлж буй гайхамшиг үүгээр ч зогсохгүй.
Тухайлбал, Бейонсегийн Лондонд хийсэн тоглолтын нөлөөгөөр алдартай худалдааны дүүргүүдийн борлуулалт 30% нэмэгджээ. Үргэлжлүүлээд, өнгөрсөн 5-р сард Филадельфид болсон Тайлор Свифтийн тоглолтын дараа цар тахлын дараах зочид буудлын орлогын хамгийн өндөр түвшинд хүрсэн сурагтай. Үүнээс аялан тоглолтын эргэн тойронд тасалбарын бизнесээс гадна тухайн улсын жижиглэн худалдаа эрхлэгчид, зочид буудал, аялал жуулчлалын гээд олон бизнес эргэлдэж байдгийг харж болох юм.
Монголд
Энэ жилийн зун болон намар цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн томоохон тоглолт болж өнгөрлөө. Манайхан дунд тоглолт болохоор л олон нийтийн сүлжээнд шоу цэнгээнд хуйларлаа гээд буруутгах хандлагатай байдаг. Гэтэл ганцхан тоглолт ч эргэн тойрны бизнес эрхлэгчдэд, цаашлаад улсын ЭЗ-т хэрхэн дэм болдог гэдэг талаас нь харвал ч….
🚀Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан
Ханбогд сумыг хөгжүүлэх, хөгжлийн хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилготой Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан (ОТХС)-г танилцуулж байна.
Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй.
Сонирхуулахад, “Оюу толгой” ХХК болон Өмнөговь аймаг, Ханбогд сумын ЗДТГ, БХБЯ хамтран ирэх 5 жилийн орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө болох Ханбогд сумын төвийн мастер төлөвлөгөөг боловсруулан $50 саяын хөрөнгө оруулалтыг зарцуулж байгаа аж.
🔗 Сангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Crowdy World
🔹Өргөө сүлжээ кино театр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуулсан ₮107.5 саяын торгуулийг хүчин төгөлдөр боллоо. ШӨХТГ уг компанийг давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Угаас ШӨХТГ 2018 онд Нью тур сафарис ХХК-ийг давамгай байдалтай ААН-ээр тогтоосон аж.
🔹Монголбанк ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулав. Тодруулбал, Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг ₮50 саяар нэмэгдүүлж ₮150 сая болгосон аж. Мөн орон нутагт орон сууц худалдан авагчдын урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллага батлан даалт гаргах боломжтой болов.
🔹ByteDance энэ оны эхний улиралд $6 тэрбумын ашиг олжээ. Гэсэн ч тэдний орлого буурч байгаа тул ЗЗ-ийн үнэлгээ нь 26% буурч $223.5 тэрбум болсон аж. Мөн компани одоо ажиллаж байгаа ажилчдынхаа хувьцааг нэгж бүрийг нь $160-оор эргүүлэн худалдаж авахыг санал болгосон аж.
🔹ЗГ Үндэсний ипотекийн корпорац гэх агентлаг байгуулахаар ажиллаж байна. Харин тэр болтол ипотекийн зээлийг Монголбанк хариуцах аж. Сонирхуулахад, Монголбанк ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлж 3.6 их наядын эх үүсвэр гаргажээ.
🤝 Бизнесүүдэд илүү ойр…
Өмнө нь NFT-г энтертайнмент, спорт, видео тоглоомын салбарынхан хэрхэн ашиглаж байгаа талаар хүргэж байсан даа. Тэгвэл NFT-г бизнесүүд хэрхэн ашиглаж болох юм? 🤔
😉 Амьдралд илүү ойр
Бизнесүүд компаниудын зүгээс харвал, NFT-г өөрсдийн үйл ажиллагааг таниулах, өөрсдийн коммюнитиг бий болгоход ашиглах боломжтой. Хэрэглээний хувьд NFT-гээ гишүүнчлэлийн карт, хаалттай арга хэмжээний урилга зэргээр ашиглах боломжтой юм.
Илүү ойлгомжтой байх үүднээс Burger King-н NFT-г үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлагыг сонирхуулъё.
Burger King Royal Perks нэртэй NFT рояалти хөтөлбөрийг эхлүүлсэн. Ашиглах арга нь их энгийн буюу аливаа багц дээрх QR кодыг уншуулаад л NFT тоглоом авах цаашлаад 1 жилийн турш үнэгүй Whooper сэндвич авах, алдартнуудтай утсаар ярих зэрэг олон боломжийг NFT эзэмшигчиддээ санал болгоод буй.
Эцэст нь… NFT бизнесүүдэд бодит ертөнцөд төдийгүй дижитал ертөнцөд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох юм. Юмыг яаж мэдэх вэ, та ч гэсэн дараа нь NFT гаргах болвол хэрэг болох ч юм билүү?
Доор бэлтгэсэн мэдээний хэсгээс бурууг олоорой.
A. Орон нутагт олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг ₮50 саяар нэмэгдүүлж ₮150 сая болголоо.
B. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ сарын өмнөхөөс 4.9% нэмэгдэж $4.1 тэрбумд хүрэв.
C. Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн хагас жилийн тайлан гарснаас хойш хувьцааны үнэ нь 30.6% өсжээ.
Сонирх: eSport-н тамирчдийн нийт орлого. (eSportsEarnings)
Оролц: Дэлхийн сансрын 7 хоног Монголд. (ЦХХХЯ)
Унш: Америкийн анхны элчин сайд Уиллиам Браун ба Монгол Америкийн харилцаа. (Baabar.mn)
Шалга: 15 минутанд хэр олон улс орнуудын нэрийг бичиж амжих вэ? (Sporcle)
Зөв хариулт C буюу Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн хагас жилийн тайлан гарснаас хойш хувьцааны үнэ нь 30.6% өсөөгүй буурсан шүү.
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply