- Lemon Press
- Posts
- 🦸♀️ Хамгийн залуу эмэгтэй тэрбумтан
🦸♀️ Хамгийн залуу эмэгтэй тэрбумтан
УБ хотын 2026 оны төсөв | Интермед эмнэлэгтэй танилцъя | Boeing бут авна
POWERED BY
The MongolZ-той өдрийн мэнд! Өнөөдөр орой 20 цагаас The MongolZ баг $1.2 саяын шагналын сантай StarLadder Budapest Major 2025 тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтоо Бразилын Imperial багтай хийнэ. Өмнө нь тус багтай өнгөрсөн оны Thunderpick World Championship 2024 тэмцээнд учраа таарч, 2:1 харьцаатай ялалт байгуулж байжээ. Манайхан тоглолтоо хаанаас үзэх гэж байна даа? 🍿


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ $6 тэрбумд буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
MNG: Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) хөтөлбөрийг даргална.
GOV: ЗГ үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулж, Шадар сайд Т.Доржхандаар ахлуулахаар болов.

🤑 Нийслэлийн 2026 оны төсөв

Нийслэл ирэх оны төсвийн төслөө танилцуулаад байгаа билээ. Задлан, шинжилье.
📝Төсвийг товчхон
Хэдий ирэх оны төсвийн суурь орлогыг ₮3.5 их наяд, суурь зарлагыг ₮2.6 их наяд байхаар тусгасан ч төсвийн нийт орлогыг ₮4.6 их наяд, нийт зарлагыг ₮4.3 их наядад хүргэхээр төлөвлөөд буй.
🫨 Одоогийн нөхцөл байдал: Гэснээс энэ онд ₮4.3 их наядын орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх баталсан ч 10-р сарын байдлаар ₮2.9 их наяд, ₮358.3 тэрбумын татварын бус орлого төвлөрчээ.
☝️ Өмгөөлөл: Төсвийн орлого тасарсныг хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, торгуулийн орлого тасалдсантай холбоотой хэмээсэн байх юм. Сүүлийн үед Татварын Ерөнхий Газраас гэнэт залгаж хэзээ хойно шийдэгдсэн татварыг ч лавлаж асуусан, түүн дээр нь асуудал үүсгэсэн тохиолдол их гарч байгаа нь төсөв тасалдсантай холбоотой байжээ.
Гол нь ирэх онд ₮4.6 их наядыг төсөвтөө төвлөрүүлэхээр батлах гэж байна. Энэ жилийн гүйцэтгэлээсээ сургамж авч орлого, зарлагаа хөнжлийнхөө хэрээр төлөвлөхгүй бол оны төгсгөлд ААН-ийг дарамталж, шахах тохиолдол давтагдсаар л байх биз ээ.
🏗️ Барина, хучна, шинэчилнэ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирэх жил 291 төслийг санхүүжүүлнэ. Тус төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг нь ₮10.5 их наяд. Энэ дунд Тоньюукукийн замаас Playtime-н талбай хүрэх замыг засмал зам болгон хучих ажилд ₮18.6 тэрбумыг төсөвлөсөн байгаа.
💭 Бондууд яав?
Цаашлаад, өнгөрсөн жил гадаад, дотоодын зах зээлээс бондын санхүүжилт татсантай холбоотойгоор 2026 онд ₮408.4 тэрбумыг бондын эргэн төлөлтөд зарцуулахаар байна. Үүний 13% буюу ₮53.5 тэрбумыг Нийслэл өөрийн төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг нь банкны хүүгийн орлого, төсөл хөтөлбөрүүдийн орлогоор санхүүжүүлэх аж.
Мэдээд авахад, ирэх онд Нийслэлийн бондоор санхүүжиж буй 3 төсөл ашиглалтад орох хуваарьтай байгаа. Эдгээр 3 төсөл нийт ₮1.9 их наядын төсөвт өртөгтэй бөгөөд ирэх онд ₮1.3 их наядыг нь санхүүжүүлэх юм.
Эцэст нь… Ирэх оны Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, 9 дүүргийн 77,246 төсөл, хөтөлбөрийн саналыг хүлээн авсан гэдгээ тодотгон ярьж байна. Гэсэн хэдий ч асуудлаа эрэмбэлж, юу нэн тэргүүний, юу 99 дэх асуудал вэ гэдгийг бодолцсон зүйл харагдсангүй. Юутай ч ирэх жил мега төслүүдийн хажуугаар Улаанбаатар хотын мега засварууд үргэлжлэх нь ээ.

🧳 Интермед эмнэлэгт өнгөрүүлсэн 1 өдөр

Интермед эмнэлэг байгуулагдаад хэдийнээ 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд Улаанбаатар хотод 2 салбар, 1 сувилал, орон нутагт 2 салбартай болж өргөжин тэлээд буй. Энэ удаа ашиглалтад ороод 1 жил гаруй болж буй Интермед эмнэлгийн өргөтгөлөөр аялцгаая.
Жич: Интермед эмнэлэг анх удаа хэвлэл, нийтлэлийн байгууллагуудад нээлттэйгээр өргөтгөлөө танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан билээ. Уг нийтлэлийг тус танилцуулах арга хэмжээнд тулгуурлан бичив.

👔 Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ТУЗ-ийн шинэ гишүүдээ сонгожээ. (AmChamMongolia)
🕊️ Friends Netflix-с татан буугдах нь ээ. (Independent)
👥 Ерөнхий сайдын хөгжлийн бодлогын зөвлөлд УИХ-ын 10 гаруй гишүүн багтав. (Mongolia)
🤳 IPhone 18 ямар онцлогтой байх вэ? (9to5Mac)

✈️ 2026 онд Boeing бут авна
BA: Нисэх онгоцны зах зээлийн хамгийн том тоглогч болох Boeing ирэх онд 737 болон 787 загварын онгоцны нийлүүлэлтээ өсгөнө хэмээн мэдээллээ. Ингэснээр компанийн мөнгөн урсгал эрс сайжирч, эерэг түвшинд хүрэх боломжтой юм. Мөн удаан хүлээгдээд буй 737-10 загварын онгоцны сертификат 2026 оны сүүлээр олгогдох хүлээлт өндөр аж. Тус мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 10.2% өсөж $205.4-т хүрээд байна.

🔮 Ирээдүйг таадаг айхтар компани

Өмнө нь зөвхөн спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг байсан бол одоо бүхий л төрлийн үйл явдлууд дээр бооцоо тавих боломжтой болсон. Тэгвэл энэ зах зээлийн хамгийн том тоглогчдын нэг Kalshi гялалзаж явна гэнэ дээ.
🔥 11 дахин өсөв
Өнгөрсөн Мягмар гарагт Kalshi $1 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаа олон нийтэд мэдээлсэн бөгөөд ингэснээр компанийн үнэлгээ $11 тэрбумд хүрээд байна. Тус хөрөнгө оруулалтад Paradigm, Sequoia Capital, Andreessen Horowitz, Capital G сангууд оролцож, Kalshi-н үнэлгээ 2 сарын дотор даруй 2 дахин өсжээ.
🛣️ Алдарын зам: The New York Times-н мэдээлснээр, 2024 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүмүүс Kalshi ашиглан таамагласан нь тэднийг олонд танигдахад томоохон нөлөө үзүүлсэн аж. Тэд тус үйл явдлын бооцоог оруулахдаа шүүхээс зөвшөөрөл авсан ба сонгуулийн үр дүнг таамаглахтай холбоотой ойролцоогоор $1 тэрбумын арилжааг хийж байв.
🤝🏻 Ирээдүйн хамтрал: Компани удахгүй CNN-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд ойртжээ. Мөн төрийн үйл ажиллагаа, цаг агаарын гамшигт үзэгдэл зэрэг бизнест учирч болох макро эрсдэлийг платформдоо нэвтрүүлж, эдгээр эрсдэлд бооцоо байршуулсан мэдээллийг үндэслэн компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглах боломжтой гэж үзжээ.
👩🏼💻 Хамгийн залуу эмэгтэй тэрбумтан
Kalshi-н үнэлгээ $11 тэрбумд хүрсэнтэй зэрэгцээд хамтран үүсгэн байгуулагчдын нэг Луана Лопез Лара 29 насандаа $-н тэрбумтан болоод байна. Улмаар 2023 онд Тейлор Свифтын 33 насандаа тогтоосон хамгийн залуу эмэгтэй тэрбумтны амжилтыг эвджээ. Бразил иргэншилтэй Луана Лопез Лара нь мэргэжлийн балетчин бөгөөд MIT-н компьютерын шинжлэх ухаанаар бакалавр болон магистрын зэрэгтэй аж.
Эцэст нь… Манайд Kalshi шиг платформ нэвтэрвэл тун сонирхолтой. Гэвч төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах нь хориотой тул сэрүүн зүүд л юм даа. 😴

115 мянга
2024 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын ойролцоогоор 3.3% буюу 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
57%
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүйсээр нь ангилбал, 57% нь эрэгтэй бол 43% нь эмэгтэй аж.
80%
Харин хөдөлмөрийн чадамжаар нь авч үзвэл, тэдгээрийн 80% буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных бөгөөд 51% нь олдмол байдлаар хөдөлмөрийн бэрхшээлтэй болжээ.

🔍✅ Шийдвэр гаргалтаа Onchly

Юнайтэд Аллианс ХХК богино хугацаанд оновчтой, чанартай судалгаа хийхэд туслах “Onchly” судалгааны платформыг зах зээлд нэвтрүүлжээ. 📢
Onchly нь Монгол хэрэглэгчдийн өдөр тутамдаа хэрэглэдэг апп-уудад мини апп хэлбэрээр байршиж 23 бүлэг мэдээллээр сегментлэн шууд зорилтот хэрэглэгчдээс судалгаа авдаг онцлогтой. Давуу талуудаас дурдвал,
🥏 Хурдан, хэмнэлттэй: Судалгааны түүвэр бүрдүүлэлтийн зардлыг 55% хэмнэх бол бүрдүүлэх хугацааг 2 дахин багасгана.
🪪 Баталгаатай: Мөн хэрэглэгч бүрийг ХУР системээр баталгаажуулж хамгийн том панелист санг бүрдүүлээд буй.
🛡️ Аюулгүй: Түүнчлэн Onchly нь ISO/IEC 2700, GDPR, HIPAA, SOC 2 Type II зэрэг олон улсын стандартуудаар баталгаажсан тул мэдээллийн аюулгүй байдал ОК.
Гэснээс Onchly-р судалгаанд оролцогчид судалгаагаа бөглөж дуусаад 70 гаруй байгууллагад ашиглах боломжтой U-Point оноогоор урамшууллын оноотой болно гэнэ шүү.


The Conversation
🍋 Prada (PRDSY) Versace-г $1.375 тэрбумын бэлэн мөнгөөр худалдан авлаа. Угтаа хэлцэл өнгөрсөн 4-р сард эхэлсэн ч бүх зохицуулалтын зөвшөөрлөө авахад ийн хугацаа шаардагджээ. Capri Holdings (CPRI) Versace-г ийн анх худалдан авсан үнээсээ $700 саяар бага үнээр худалдахад өөрийнх нь базаахгүй байгаа санхүүгийн байдал болон Versace хэдэн 10 сая $-н алдагдал хүлээх болсон нь голчлон нөлөөлсөн.
🍋 Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем бий болгоно. Тус систем бий болсноор аймаг, нийслэл, төрийн өмчит 7 мянга гаруй байгууллагад бүртгэлтэй нийт ₮135 их наядын хөрөнгийн мэдээлэл олон нийтэд ил болох аж. Цаашлаад нэгдсэн системийг статистикийн мэдээллийн сан тэргүүтэй төрөлжсөн мэдээллийн сангуудтай холбож, E-Mongolia-р дамжуулан үйлчилгээ үзүүлдэг болгох юм гэнэ.
🍋 Antrophic 2026 он гармагц IPO хийх бэлтгэл ажлаа эхлүүлнэ. Компани IPO хийх бэлтгэл ажилдаа Wilson Sonsini хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахаар сонгосон бол IPO гаргагч банкаа хараахан сонгоогүй байгаа аж. Эргэн санавал, Antrophic өнгөрсөн сард Microsoft (MSFT) болон Nvidia (NVDA)-тай нийт $15 тэрбумын хэлэлцээр хийснээр сүүлийн 2 сарын дотор үнэлгээгээ 2 дахин нугалж $350 тэрбумд хүргээд буй.
🍋 Монгол Улс Oracle (ORCL)-тай хамтран ирэх 3 жилд AI, их өгөгдлийн ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрт Монгол Улсын 60,000 эмч, багш, төрийн албан хаагчид болон иргэд оролцох бөгөөд “Oracle Academy”-н олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болох аж. ЦХИХХЯ-ны хувьд ирэх 5 жилд их өгөгдөл, AI-н нийт 66 төсөл хэрэгжүүлэхээр байгаа.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply