- Lemon Press
- Posts
- 🌗 Гадаад харилцааны хагас жилийн өнгө
🌗 Гадаад харилцааны хагас жилийн өнгө
$350 саяын бонд | Сэргэлт ойр $NKE | ТОП-10 баг
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Алтны үнэ он гарснаас хойш 3 ч удаа түүхэн дээд амжилтаа шинэчлэн өссөөр өдгөө унц нь $3,332-т хүрээд байна. Энэ оны эцэст бүр $3,700-руу пуужиндах төлөвтэй. Өмнөх болон одоогийн ЗГ “Алт-3” аяныг эхлүүлж, нүүрсний шархаа нөхөх талаар дуулдаж байсан юу болсон юм бол? 2025 он талдаа орлоо. Аянаа эхлүүлэх гэж мунгинасаар байтал 2025 он дуусах вий дээ... 👀🙊


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.
DBM: Монгол Улсын Хөгжлийн Банк Австрийн Венийн хөрөнгийн бирж дээр $350 саяын, 8.5%-ийн тогтмол өгөөжтэй бондыг 3 жилийн хугацаатай гаргалаа.
PRO: Энэ оны 5-р сарын байдлаар улсын хэмжээнд Telegram залилангийн хохирол ₮7.3 тэрбумд хүрчээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮77.6 тэрбумын болон $727.8 мянгын арилжаа явагдлаа. Үүнээс хоёрдогч зах зээл дээр ₮-ийн арилжааны 61% буюу ₮47.4 тэрбум, $-ын арилжаа бүхэлдээ арилжигдсан байна.

🌗 Гадаад харилцааны хагас жил
2025 оны эхний хагас жил шувтарлаа. Сурсан дадсанаараа гадаад харилцааны хагас жилд тохиосон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Монголд айлчилсан Ерөнхийлөгч нар болон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын сонин сайхныг ЭНД-ээс дэлгэрэнгүй уншаарай.
✅ Даалгавар биелсэн
Өнгөрсөн Баасан гарагт Гадаад харилцааны сайд УИХ-ын даргад Эсватини, Барбадос, Тринидад, Тобаго, Ботсвана гэсэн 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, НҮБ-ийн бүх улсуудтай дипломат харилцаа тогтоох даалгавар амжилттай биелснийг мэдэгдэв.
💁🏻♀️ Угтаа 2 жилийн өмнө буюу 2023 онд Монгол улс тус зорилтоо биелүүллээ гээд гол усаар нэг юм болж байсан ч энэ удаад албажиж байгаа бололтой.
Харин олон улсын түвшид Монгол Улсын санаачилгаар Дэлхийн дурсамж хөтөлбөрийн ОУ-ын жагсаалтад “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг бүртгэсэн бол жил бүрийн 7 сарын 11-нийг Дэлхийн морины өдөр болгон батламжилсан билээ. Цаашлаад, COP17 буюу НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх талуудын бага хурал ирэх жилийн 8-р сард Монголд зохион байгуулагдахаар болоод буй.
📝 Айлчлалын протокол
Үргэлжлүүлэн Гадаад харилцааны сайдын гадаад айлчлалын тухайд Индонез, Филиппин, Исланд, Испани, Унгар, Япон, Оман гэсэн 7 улсад гадаад айлчилж, энэ хагас жилийг нэлээн завгүй өнгөрөөжээ. Өнгөрсөн оны айлчлалууд жилийн дараа биежиж, бодит үр дүн нь шууд нислэгийн тоо нэмэгдсэн явдал байсан бол энэ жилийнх Төв Азийн орнуудтай шууд хамааралтай байх төлөвтэй.
🔗 Учир нь Монгол болон Төв Азийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш ойр байгаагүйгээр ойртож, зузаарч байна. Үүнийг 2 жилийн дотор Төв Азийн 5 улсын 4 Ерөнхийлөгч Монголд айлчилснаас харж болно.
👀 Боломжийн цоорхой: Харилцаа зузаарах болсонд Монгол гавиад байгаа гэхээсээ илүү тус бүс нутгийн улсууд 10 гаруй жил хилийн маргаан, худалдаа, соёлын асуудалтай байсан нь сүүлийн жилүүдээс намжиж, гадаад харилцаандаа илүү анхаарал хандуулах болсон нь нөлөөлсөн. Товчхондоо 2 талаас тохироо нь бүрдсэн хэрэг.
Эцэст нь… Гаднын өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал эрчимжиж буй нь манай улс олон улсын тавцанд анхаарч байх, харилцаагаа бэхжүүлэх дайны улс болж байгааг харуулж буй. 2025 оны эхний хагаст Чех, Польш, Казакстан тэргүүтэй улсуудтай хөрөнгө оруулалт, худалдаагаа нэмэгдүүлэх талаар нэлээдгүй яригдлаа. Ирэх жилээс бодит үр шим, өгөөжөө харуулна гэж найдъя.

🏀 Монголын эмэгтэй шигшээ баг 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. (FIBA 3x3)
🏖️ Амралтаа авахаас сарын урьдаар ажил хүлээлцэх төлөвлөгөөгөө гаргадаг юм шүү. (HBR)
📜 Одоо мөрдөгдөж буй 350 гаруй хуулийг “Хүн төвтэй” болгон өөрчилнө гэнэ. (Parliament)
🪄 AI ашиглан жилийн дотор 100 мянган компани байгуулах боломжтой юу? (TechCrunch)

❤️🩹 Сэргэлт ойр $NKE
NKE: Спорт хувцсаар алдаршсан Nike-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн Баасан гарагт огцом 17% өсөж $72-т хүрчээ. Тус өсөлт нь компанийн Гүйцэтгэх захирал Эллиот Хилл хөрөнгө оруулагчдад хандан сэргэлт ойрхон байгааг мэдэгдэж, ирэх улирлуудад борлуулалт болон ашгийн хэмжээ дахин буурахгүйг мэдэгдсэн нь нөлөөлөв. Компанийн өнгөрсөн улирлын тайланг харвал, борлуулалт нь мөн үеэс 12% буурч $11.1 тэрбумд, цэвэр ашиг 86% багасаж $211 саяд тус тус хүрсэн байдаг.

⚽️ ТОП-10 баг

Дэлхийд хамгийн өргөн тархсан спортын нэг яах аргагүй хөлбөмбөг. Тэгвэл аль хөлбөмбөгийн баг хамгийн өндөр үнэлгээтэйг сонирхоцгооё.
💰 Бэл бэнчин
Хамгийн өндөр үнэлгээтэй ТОП-10 багийн дундаж үнэлгээ $5 тэрбум бөгөөд үүний 6 нь Английн PL-н багууд ажээ. Эдгээр 6 багийн нийт үнэлгээ $27.7 тэрбум байгаа нь ТОП-10 багийн 55.7% бүрдүүлж буй. Харин орлогын хувьд өнгөрсөн онд дунджаар $820 саяын орлоготой ажилласан ба нийт орлогын дийлэнх буюу 48%-ийг солилцоо наймаа, ивээн тэтгэгч, лиценз зэргээс олсон гэнэ.
👀 Нэг сонирхолтой зүйл нь ТОП-10 багийн 9 нь ашигтай ажилласан бөгөөд ганцхан Английн PL-н Chelsea $29 саяын алдагдал амсжээ.
🫅🏻 Эзэн хааны баг
Хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэлгээтэй баг бол $6.7 тэрбумын үнэлгээтэй Испанийн эзэн хааны баг гэгдэх Real Madrid. Тэдний хувьд өнгөрсөн улиралд $1.13 тэрбумын орлого олсон нь 2022-2023 оны үеэс 26% өссөн дүн аж. Тус өсөлтөд Santiago Bernabéu цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэл дуусаж, тоглолтын өдрийн орлого 2 дахин нэмэгдэж $268 саяд хүрсэн нь гол нөлөө үзүүлэв. Өмнөх улиралд Францийн супер од Килиан Мбаппе, саяхан Английн авьяаслаг хамгаалагч Трент Александр-Арнольд-г эгнээндээ нэгтгээд байна.
🏆 Дэлхийн аварга
Энэ оноос эхлэн FIFA Club World Cup буюу багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 4 жилд 1 удаа зохион байгуулагдахаар болсон. Нийт шагналын сан $1 тэрбум бөгөөд тив бүрийн шилдэг 32 баг оролцох аж. Одоогийн байдлаар хасагдах шатанд Европын 9, Өмнөд Америкийн 4, Хойд Америкийн 2, Азийн 1 баг үлдсэн бөгөөд аваргын төлөөх тоглолт 7 сарын 14-нд болох гэнэ.
☝🏻 Ямартай ч энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d'Or-н эзэн хэн болох нь FIFA Club World Cup-д аль клуб түрүүлэхээс ихээхэн хамаарах бололтой.
Эцэст нь… Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгийн багууд санхүүгийн хувьд томоохон тоглогчид ажээ. ТОП-10 багийн дийлэнх нь Английн PL-н багууд байгаа бол үнэлгээ, орлогоор Испанийн Real Madrid тэргүүлж байна. Ингэхэд манай лимончууд аль багийн дэмжигчид байна вэ? 😛

Монгол Улс дахь ЖДҮ эрхлэгчдийн тоо 2023 оны байдлаар 2020 оноос 38.7% өсөж 76.6 мянга болжээ. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн ердөө 5.2%.
Тархалт: Нийт ЖДҮ эрхчлэгчдийн 72.6% буюу 55.6 мянга нь Улаанбаатарт байршиж буй.
Орлого: Тэдний хамгийн олон буюу 77.8% нь жилийн ₮300 сая хүртэлх, эсрэгээрээ дөнгөж 7.3% нь жилийн ₮1-₮2.5 тэрбум хүртэлх орлоготой байна.
Ажилтны тоо: Мөн нийт ЖДҮ эрхлэгчдийн 93% нь 10 хүрэхгүй ажилтантай байгаа бол хамгийн бага буюу 2% нь 49-199 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Голлох салбарын хувьд, 47% нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Playtime болоход 🤏 хугацаа үлдлээ
Yeay! Энэ 7 хоногт “Playtime Festival 2025”-тай! 🪩 Энэ жилийн фестиваль ОУ-ын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлжээ.
Фестиваль тайзны тоогоо эрс цөөлж энэ жил 8 тайз засах тул дуу чимээний бохирдлоос ангид байх нь. Үүнээс гадна,
🤌 Төгс дуугаралт: Наадмын дууны инженерийн багт Нидерландын мэргэжилтэн нэгдсэн тул тайз, дуугаралтын чанар янзтай болж.
💳 Хялбар төлбөр тооцоо: Фестивалийн бугуйвч NFC технологитой болсон тул бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг түргэн хялбар хийхээс гадна зарцуулалтаа хяначхаж болох нь.
⌚ Түргэн нэвтрэлт: Түүнчлэн тасалбар баталгаажуулалтын системтэй болсон тул хуурамч тасалбарын асуудлууд гарахгүй, иймд тасалбараа идэвхжүүлээд наадмын талбай руу гялс гялс нэвтрэх боломжтой болсон байна.
🔗 ЭНД дарж тасалбар идэвхжүүлэх заавартай танилцаарай.

Unsplash
🍋 Apple (AAPL) App Store-н бодлогодоо өөрчлөлт оруулж, ЕХ-ны $585 саяын торгуулиас зайлсхийхээр оролдож байна. Тодруулбал, ЕХ App Store дээр байршиж буй апп-ууд зөвхөн App Store-р дамжин төлбөр цуглуулах ёстойн дээр хэрэглэгчдэд хялбар төлбөрийн сонголт санал болгох эрхийг хязгаарласан гэж Apple-г буруутгасан. Тэгвэл Apple гаднын төлбөрийн системийг зөвшөөрч, оронд нь шимтгэлийн хэмжээг 5% нэмье гэжээ.
🍋 ЗГ төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 10% буюу ₮3.3 их наядаар танаж ₮30.2 их наяд болгохоор шийдвэрлэв. Харин нийт зарлагыг 2.8% буюу ₮856.5 тэрбумаар танаж, ₮31.6 их наяд болгожээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.4 их наяд буюу ДНБ-ний 1.5%-тай тэнцэх юм. Голлон төрийн бүтэц, төсөл хөтөлбөрт хэмнэлт, цомхотгол хийх замаар төсвөө танах нь ээ.
🍋 Нийслэл энэ онд 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ. Эдгээрийг гадна, дотоодын нийт 7 ААН-ээс худалдан авч буй бөгөөд өнгөрсөн Баасан гарагт нийт 66 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж хүлээн авснаар нийт 80 гаруйг эзэмших болж. Цаашлаад эдгээрийг Нийслэлийн 9 дүүргийн холбогдох чиг үүргийн байгууллагуудад тарааж, хот тохижилтод ашиглах нь.
🍋 Хятадын үйлдвэрлэлийн ашиг энэ оны эхний 5 сард өнгөрсөн оныхоос 9.1 нэгж хувиар буурчээ. Энэ нь өнгөрсөн оны 10-р сард 10% буурснаас хойших хамгийн том үзүүлэлт бөгөөд үүнд түүхий эдийн үнэ бууралт, дотоодын эрэлт сул байгаа нь голчлон нөлөөлжээ. Тухайлбал, нефтийн үнэ 12%, байгалийн хийнийх 18.7%, металл 5-14 нэгж хувиар буураад буй.
🍋 ЗГ сүүлийн жил хагасын хугацаанд хүнс, ХАА-н салбарт ₮1.5 их наядын татаас олгожээ. Нийт санхүүжилтийн 71% буюу ₮1 их наяд гаруйг хоршоодод олгосон хөрөнгө оруулалт, батлан даалт, 20% буюу ₮312.9 тэрбумыг ноолуурын эргэлтийн зээл олгоход зарцуулсан бол үлдсэн 9%-ийг ЖДҮ-ийн зээл, тариалан, агуулах, техник, бордоо, малчдын урамшуулал зэрэгт зарцуулсан гэнэ.

Даваа: Их Британи эхний улирлын эдийн засгийн өсөлтөө тайлагнана.
Мягмар: Өмнөд Солонгос ээлжит сарын инфляцын үзүүлэлтээ танилцуулна.
Лхагва: “Mongolia fashion week 2025” эхэлнэ.
Пүрэв: Америкийн тусгаар тогтнолын өдрийг угтан биржүүд нь амарна.
Баасан: Өнгөрсөн 5-р сарын төлбөрийн тэнцлийн статистик гарна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply