- Lemon Press
- Posts
- 🇨🇳 Бяцхан Уоррен Баффеттууд
🇨🇳 Бяцхан Уоррен Баффеттууд
Шатахуун дагасан уянгын халил | $BAN-н бууралт | УБ хурдны галт тэрэг
POWERED BY
Өглөөний мэнд! С.Зоригийн хөшөөг зөөвөрлөсөн асуудалд СБД-ийн Засаг даргад 3 сарын хугацаанд үндсэн цалинг нь 20% хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. Түүхэн дурсгалд зөвшөөрөлгүй халдсан хэрэгт цалингийн хөнгөн шийтгэл оногдуулсныг хариуцлага гэх үү, толгой илэлт гэх үү. 😬🧐


*Нэг өдрийн өөрчлөлт.
ADB: Азийн Хөгжлийн Банк COP17-н бэлтгэл ажлыг дэмжих зорилгоор $500,000-ын дүн бүхий техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.
MNG: Өвлийн оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулж, импортын цахилгааныг илүү уян хатан ашиглах боломжийг бүрдүүлэх Зэс-Оюу 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо.
OT: “Оюу толгой” ХХК-ийн өнгөрсөн улиралд төлсөн татварын хэмжээ жилийн өмнөхөөсөө 49.5% өсөж ₮834 тэрбумд хүрчээ.

🤦 Шатахуун дагасан уянгын халил

Монголчууд шатахуунд дугаарлаад 5 дахь 7 хоног руугаа орлоо. Шуурхай штабын суут шийдэл нь тэгш, сондгойгоор нэг машинд ₮50 мянгаас дээш шатахуун олгохгүй гэнэ. Асуудлыг шийдэх бус аргацаахдаа сайн даа.
‼️ Үнэ нэмэгдэж байдал бишдэв
Оросоос АИ-92-г тн тутмыг нь $705-оор тогтмол авах гэрээ хийсэн ч гэрээний дагуу үнэ 30%-иас дээш нэмэгдсэн тул АИ-92-н үнэ нэмэгдсэн. Зах зээлийн хуулиараа нийлүүлэлт буурч үнэ өссөн хэрэг. Манай нийлүүлэгч өөрөө гал алдаж, шатахууны экспортод 2027 он хүртэл хатуу хориг тавьж, 78 мужид 30 литрээс илүү шатахуун олгохгүй байгаа гэнэ. Төр засаг Хятад, Өмнөд Солонгос, Сингапураас шатахуун импортлохоор ярьж байгаа ч тулсан цагт газар самардахтай адил л юм болж байна.
😣 Өмнө нь юу хийж байв аа?
Стратегийн чухал бүтээгдэхүүн дээрээ ганц улсаас бүрэн хамааралтай байхын аюулыг мэдсээр байж өнөөдрийг хүртэл агуулах ч үгүй, үйлдвэр ч үгүй гараа хумьж суусны гачгийг одоо иргэд эдэлж байна. Газрын тосны үйлдвэрийг барих ажил 10 жилийн өмнөөс эхэлсэн ч ажил хэрэг болоогүй нь дээр шатахууны тасалдах үеэр л "2028 онд үйлдвэрийг яг ашиглалтад оруулна" гэж ам гардаг уламжлал тогтов. 2028 онд юу болох билээ, мэдээж сонгууль.
😬 Алджээ, засъя: Салбарын сайд маань "Төр өмнөх алдаагаа засаж байна" гэв. Энэ оны төсөвт ₮20 тэрбум тусгаж, арилжааны банкнуудын хөнгөлөлттэй зээлээр 18 ААН-ийн 22 байршилд агуулах барих ажил эхлүүлсэн гэнэ. Улмаар 2027 онд 2 сар, 2028 онд 3 сарын шатахууны нөөцтэй болно гэнэ. Шийдэл нь зөв ч цаг хугацаа нь хэтэрхий хожимджээ.
📌 Алдсан боломж: Хэрэв бид 2016 онд газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан байсан бол өнөөдөр үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн сайн сайхан байдал хохирохгүй байв. Тоон утгаараа бол сүүлийн 10 жилд дотооддоо үйлдвэргүй байсны төлөө $14.8 тэрбум буюу ₮53.2 их наядыг Орос руу урсгасан билээ.
Эцэст нь… Уянгын халил, хоосон амлалтаар машин явдаггүй биз ээ. Иргэдийн хэрэглээг ₮50 мянгаар хязгаарлах бодит шийдэл биш. 2028 оны сонгуулийн амлалт болгон хойшлуулах биш асуудлыг бодитоор харж одоогийн нөхцөлд ажиллах шийдлийг боловсруулах хэрэгтэй байна.

С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? (Baabar.mn)
📊 SpaceX-н санхүүгийн тайлангаас харах ёстой 5 чухал график. (Morningstar)
🦆 Z үеийнхний шинэ дуртай хоббигоор шувуу ажиглах нэрлэгдэж эхэллээ. (CNN)
👓 Цөлжилттэй тэмцэх буюу UNCCD-н тухай мэдэх шаардлагатай зүйлс. (Unread)

🔻 $BAN-н бууралт
BAN: Багануур ХК-ийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 27.7% буурч ₮944.9 сая болжээ. Түүнчлэн богино болон урт хугацаат өрийн хэмжээ нь ₮250 тэрбум байгаа юм. Тус компанийн хувьд улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52%-ийг дангаараа хангаж байгаа. Уурхайн нүүрс олборлолтын жилийн хүчин чадал 4 сая тн боловч ирэх онд олборлолтыг 5 саяд хүргэнэ гэнэ. Сонирхуулахад, $BAN-н ердөө 3.9%-ийг л олон нийт эзэмшиж буй.

🇨🇳 Бяцхан Уоррен Баффеттууд

Хэрэв та хүүхэдтэй бол IQ 🆚 EQ-н аль нь илүү чухал вэ? Сүүлийн үед дэлхий даяар хувь хүний EQ-г чухалчлах хандлагатай болсон. Харин хятад эцэг, эхчүүд FQ (Financial Quotient) буюу хүүхдийн санхүүгийн боловсролыг чухалчлах болжээ.
🔥 Эрчимжүүлсэн зуны сургалт
Сүүлийн 2 жилийн хугацаанд Хятадад 6-15 насныханд зориулсан зуны FQ сургалтын төвүүд эцэг, эхчүүдийн дунд алдаршиж, бүр хүүхдээ заавал хамруулах сургалтад зүй ёсоор багтах болоод буй. Харж байгаачлан уг төрлийн сургалтад бага сургуулийн сурагчид ихээр хамрагддаг бөгөөд гол зорилго нь бяцхан Уоррен Баффеттуудыг бэлдэх.
🧒👧 Дан ганц 6-13 насныхнаар хязгаарлахгүйгээр эрэлттэй байдаг болохоор тэр үү 13-аас дээш өсвөр насныханд зориулсан тусгай сургалт ч байдаг гэнэ. Сонирхолтой нь ердөө 7-10 хоногийн хөтөлбөртэй хэр нь сургалтын үндсэн төлбөр нь хамгийн багадаа ¥12,800 буюу ойролцоогоор $1,900 гэж байгаа.
🤑🫰 Үндсэндээ 6-13 насныхан асар богино хугацаанд хувьцаа, хөрөнгө оруулалт буюу санхүүгийн суурь мэдлэгээс эхлээд бизнес эрхлэх ур чадварт суралцаж байна. Хажуугаар нь манлайлах ур чадвар, ШУ, технологи, инженерчлэл, математик (STEM)-н нэмэлт хөтөлбөрүүд авах боломжтой бөгөөд төлбөр нь талийж өгдөг гэнэ ээ.
🥊 Өрсөлдөөний өлгий нутаг
Хүүхдээ багаас нь санхүүгийн боловсролтой болгох эцэг, эхчүүдийн улайрч буй шалтгаан нь тус улсад 16-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин асар өндөр байгаа нь нөлөөлж буй. Тухайлбал, сүүлийн 3 жил залууст ажил олдохгүй, төр засаг нь тусгай бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэмжээнд хүрчихсэн. Уг нөхцөл байдал эцэг, эхчүүдэд хүүхдээ улам эртнээс илүү өрсөлдөх чадвартай болгох хэрэгтэй гэх дохио болж очоод байна уу гэлтэй.
🙊 Хэдий нийтээрээ шуурч байгаа ч уг төрлийн сургалтыг хүүхдийг хэтэрхий мөнгөнд дурласан, бодит бизнесийн эрсдэлийг заадаггүй гэх мэт шүүмжлэлтэй хандаж буй хэсэг ч бий.
Эцэст нь… Эдгээр сургалтын төвүүд “Ядуурал бол статус биш, сэтгэлгээ” гэх уриа, лоозонгоор эцэг, эхчүүдийн сэтгэлийг татаж, хүүхдүүдийг нь мөнгөтэй зөв харьцаж, удирдах арга барилд сургах амлалтыг өгч буй. Дэлхийн хамгийн их хүн амтай улсад төрж, өсөөд асар их өрсөлдөөнийг туулах нь тодорхой гэхээр ингэж багаас нь бэлдэх нь тодорхой зүйл ч юм шиг. Юу гэж бодож байна?

Дэлхий нийтээр тоос сорогчийн зах зээлд инновац гэж юу болохыг харуулсан Dyson-н технологи, хөгжүүлэлтийн ард Жэймс Дайсон 5,127 удаа бүтэлгүйтсэн гэдгийг мэдэх үү?

Dyson
Түүний Dyson-г бүтээх болсон шалтгаан нь ч уламжлалт тоос сорогчийн хог дүүрээд ирэхээрээ соролтын хүч буурдгаас залхсанаас эхэлсэн түүхтэй. 1970-аад онд тэрбээр модны үртэс ялгах үйлдвэрт ашигладаг циклон технологийг харж, түүн шиг агаарын хурдтай эргүүлэг үүсгэн тоосыг төвөөс гадагш ялгах хогийн уутгүй тоос сорогчийг бүтээх гэж 5 жилийн турш 5,127 удаа бүтэлгүйтсэн гэдэг. Мятаршгүй гэдэг үг хүн байсан бол Жэймс Дайсон л байх байсан юм даг уу даа. 😮


Dribble
🍋 Улаанбаатар-Чингис хаан нисэх буудлыг холбох өндөр хурдны галт тэрэгний төсөл. Энэхүү төсөл нь Монгол болон Японы хооронд агаарын тээврийн либералчлал, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Чингис хаан ОУ-ын нисэх буудлын өргөтгөл гэхчлэн агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хэлцлийн нэгээхэн хэсэг юм. Гэснээс төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажил эхэлсэн байгаа юм байна.
🍋 Японы алдарт хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Pigeon Америкийн зах зээлд төвлөрч ажиллана. Угтаа Pigeon үйл ажиллагааны ашгийнхаа 60% гаруйг Хятадаас олдог байсан ч төрөлт буурч, эдийн засгийн удаашралтаас үүдэн дотоодын хямд брэндүүдтэй өрсөлдөхөд хэцүү болж байгаа аж. Улмаар өдгөө ердөө зах зээлийн 3%-ийг бүрдүүлж буй Америкт төвлөрч, хөрөнгө оруулалт, маркетингийн стратегиа эрчимжүүлэхээр болжээ.
🍋 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён олон нийтийн дундах нэр хүнд 3 долоо хоног дараалан буурч, түүхэн доод буюу 45.9%-д хүрчээ. Түүний ЗГ иргэд ҮХХ-д хөрөнгөө хэт төвлөрүүлж буйг бууруулж, оронд нь ХЗЗ-рүү чиглүүлэх бодлогыг эрчимтэй шахаж буй. Гэтэл түүнийг гадаад айлчлал хийгээд завгүй байх зуур Kospi индекс 6 арилжааны өдрийн 4-т нь унаж, 1 өдрийн 10% гаруй огцом унасан гэхчлэн хэт савлагаатай зах зээл рүү түлхэх хатуу бодлого барьж буйг нь буруутгаж байгаа аж.
🍋 ByteDance-н AI экосистем угсрах мөрөөдөл. ByteDance TikTok-с олсон орлогоороо AI чатботоор тогтохгүй, программ хангамж, үүлэн үйлчилгээ, дата төв гэхчлэн AI экосистемийг бүтэхэд зарцуулж байгаа сурагтай. Үүнээс ч өмнө 2023 онд компани Шанхайд нууцаар жижиг баг байгуулан ChatGPT-тэй өрсөлдөх Doubao хэмээх AI чатбот хөгжүүлэн Хятадын зах зээлд гаргасан байдаг.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply