• Lemon Press
  • Posts
  • 🚬 Монголчуудын тамхидалт

🚬 Монголчуудын тамхидалт

AI-н шинэхэн од | 26 жилийн тэргүүлэл зогслоо | Мэдрэмжгүй эдийн засаг

POWERED BY

Гэгээн өглөөний мэнд! Нийслэлийн түгжрэл бууруулах нэрийдэлтэй төсөл 1-ээр нэмэгдлээ. Тусгай замын автобус (BRT) гэх төслийн тендерийг зарлаадхаж. BRT системийг нийт 19 буудал бүхий коридор дагуу төлөвлөж байна л гэнэ. Төсөл санаачилдгаараа түгжрэлгүй болдог бол автомашинууд сүнгэнэдэг болохоор хэмжээний олон төсөл зарлагдаж, хугацаа ч их алдагдаж байна даа. 🚘🚦🚏 

*Нэг өдрийн өөрчлөлт.

FRC: Өнгөрсөн онд 73 ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй байна. Улмаар тус компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болж, зөвхөн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулах эрхтэй үлдэв.

TAV: Тээвэр, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч Тав ХК (TAV)-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Доржмядаг томилогджээ

MFA: Өчигдөр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монголд албан ёсны айлчлал хийхээр ирэв. Айлчлал өнөөдөр дуусах бөгөөд 2 тал албан ёсны хэлэлцээ хийх юм.

🚬 Монголчуудын тамхидалт

Сүүлийн үед тамхины татвар, хуулийг тойрсон асуудал газар авлаа. Ер нь юу болоод байна вэ? 

💸 $1 тэрбум үрэгдэв

Монгол Улс 2020 оноос хойш сигар, янжуур тамхи, цахилгаан халаагчтай тамхи болон никотин агуулсан бусад бүтээгдэхүүн зэргийг импортлоход нийт $1 тэрбум буюу ₮3.6 их наядыг зарцуулсан байна

  • 📈 Өсөлт: Өнгөрсөн оны дан янжуур тамхины импортыг 2020 оныхтой харьцуулбал, 25.4% нэмэгдэж $76 мянга болсон байгаа юм. Харин янжуурыг орлох бүтээгдэхүүнүүдийн импорт 376% өсөж $23 мянгыг давсан нь анхаарал татна. 

🇮🇩 Хамгийн том нь Индонез

Энэ оны эхний 5 сарын датанаас янжуур тамхийг хаанаас оруулж ирж байгааг харвал Индонезийн импорт тэргүүлж байна. Нийт 1.9 тэрбум ширхэг янжуур импортолсны 49.8%-ийг тус улсаас, 31.8%-ийг Казахстанаас, 15.7%-ийг Өмнөд Солонгосоос, үлдсэн 2.7%-ийг Болгар, Хятад, Армен тэргүүтэй улсуудаас оруулж иржээ. Харин янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхийг 100% Хятадаас $352.1 мянгаар импортолсон аж. 

🤔 Хууль яана гэнэ ээ? 

Тамхины хяналтын тухай хуулийг дагалдуулан электрон тамхинд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийн маргаан эрчээ авав. Нэг талаас бүх төрлийн тамхийг ялгахгүйгээр мл эсвэл хайрцаг, ширхгээр нь ижил түвшинд өндөр татвар ногдуулах ёстой гэж үзэж бол нөгөө талаас уламжлалт утаат тамхи болон электрон тамхины хор уршгийн хэмжээг тогтоож, татвараа ялгаатай тогтоох ёстой гэж байгаа.

  • 📌 Зохицуулалт хэрэгтэй: ДЭМБ-ын судалгаагаар 3 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи тогтмол хэрэглэж, тогтмол хэрэглэгчдийн 5 хүн тутмын 1 нь өдөрт 10+ удаа татдаг буюу донтолтын шат руу орсон  гэсэн үр дүн гарсан билээ.

Эцэст нь… Монголчуудын хувьд бүх төрлийн тамхины хэрэглээ өссөн нь статистикаас харагдаж байна. Үүнийг хянаж, зохицуулахад татвараас гадна олон нийтийг үнэн, бодит мэдээллээр хангах, насны хязгаарлалт ба сургуулийн орчны хяналтыг чангатгах гээд олон талын арга хэмжээ хэрэгтэй байна даа. 

  • 🥪 Монгол дахь Subway франчайз хаалгаа барьжээ. (r/mongolia)

  • 📚 Аавын тухай номууд орчин үеийн аавуудад төдийлөн тус болдоггүй. (Bloomberg)

  • ⛏️ K-pop тоглолтууд газрын ховор элементийн хөрөнгө оруулалтад нөлөөтэй юу? (graph.mn)

  • 📺 Z үеийн стример Колумбын сонгуульд утгаар нь нөлөөлж байна. (TheEconomist)

🇰🇷 26 жилийн тэргүүлэл зогслоо

000660.KS: Өмнөд Солонгосыг 26 жилийн турш зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлсэн Samsung Electronics (005930.KS)-н ноёрхлыг SK hynix булаан авлаа. Тодруулбал, өчигдрийн арилжаагаар SK hynix-н нэгж хувьцааны үнэ 5.6% өсөж зах зээлийн үнэлгээ нь ₩2,080.4 их наядад хүрчээ. Үүнд хөрөнгө оруулагчид AI-тай холбоотой хувьцаанд ихээр хөрөнгө оруулж буй нь голлон нөлөөлсөн аж. Энэхүү үйл явдал нь Samsung Electronics 2000 оны 11-р сараас хойш анх удаа Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа алдсан тохиолдол болоод байна.

🇨🇳 AI-н шинэхэн од

Өчигдөр Zhipu AI буюу Knowledge Atlas Technology (2513.HK)-н нэгж хувьцааны үнэ 42% хүртэл өсөж, зах зээлийн үнэлгээ нь HK$1 их наядыг давжээ. Тэгвэл энэ өсөлтийн ард юу байгааг хамтдаа харцгаая.

🧠 GLM-5.2 модель 

Zhipu AI GLM-5.2 гэх моделио өнгөрсөн долоо хоногт олны сонорт хүргэжээ. Уг модель нь 1 сая токен бүхий асар том контекст цонхтой бөгөөд өчигдрийн байдлаар веб хөгжүүлэлтийн Code Arena чансаанд Anthropic-н танилцуулсан Claude Fable 5-ын дараа удаах байранд бичигдээд байна. Энэ үйл явдал нь компанийн хувьцааны үнэ пуужиндахад нөлөөлсөн аж. Сонирхуулахад, сүүлийн 5 өдөрт Zhipu AI-н нэгж хувьцааны үнэ даруй 119.7% нэмэгдэж HK$2,410-т хүрчээ.

  • 🔮 Илон Маскийн зөн совин: Саяхан X дээр Илон Маск Claude Fable 5-тай дүйцэхүйц Хятадын AI модель ирэх оны I улиралд гарч магадгүй талаар жиргэжээ. Тэгсэн үүний хариуд Zhipu AI-н үүсгэн байгуулагч Тан Жие тийм ч удахгүй байх хэмээн мэдэгдээд байна.

💪🏼 Дараагийн DeepSeek мөн үү?

Түүнчлэн технологи болон хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд Zhipu AI-г Америкийн AI-уудтай ана мана үзэлцэх дараагийн DeepSeek гэж үзэх болсон. Учир нь 2 компани адил төстэй open-source AI загварууд хөгжүүлж, Америкийн өрсөлдөгчдөөс харьцангуй бага зардлаар үйл ажиллагаа явуулж байна. Zhipu AI-н гол давуу тал нь академик суурьтай буюу Цинхуа их сургуулийн эрдэмтдийн багаас угшилтайд оршиж байна. 

  • 🥵 Халуухан IPO: Энэ оны 1-р сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр Zhipu AI IPO хийж, HK$4.3 тэрбумыг татан төвлөрүүлжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын харцыг ихээр булааж, захиалга нь 1,159 дахин давж биелсэн гэнэ. Тэд босгосон хөрөнгийнхөө 70%-ийг AI-н судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтцийн сайжруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.

Эцэст нь… Технологийн салбар дахь AI-н өрсөлдөөн улам бүр ширүүсэхийн хэрээр бидний амьдралыг AI илүү хялбар болгосоор байна. За тэгээд Zhipu AI-г ашиглах бол ЭНД дараад туршаад үзээрэй. 

Хүн бүрийн мэдэх Тарзан олимпын 5 алтан медальтай гэдгийг мэдэх үү?

GIPHY

🥇 Усан сэлэлтийн спортын домгуудын нэг Жонни Вайсмюллер нь 1924 оны Парисын олимпоос 3 алтан медаль, 1928 оны Амстердамын олимпоос 2 алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг 67 удаа шинэчилсэн эрхэм юм. Тэрээр усан сэлэлтийн спортоос гадна кино урлагт ч амжилт гаргаж, 1932 оноос хойш 12 кинонд Тарзаны дүрийг бүтээсэн аж. Гэснээс, Олон улсын олимпын өдрийн мэнд ээ! 🕊️

😎 Байр авах хялбар боллоо!

Монгол компаниудын эзэмшиж буй байрнуудыг худалдан авах сонирхолтой хүмүүст шууд хүргэдэг blist.mn-н талаар дуулсан уу? Цаана чинь энэ платформын тусламжтай тархай, бутархай байрны заруудаас мэдээллийг харьцуулах, найдвартай эсэхийг шалгах замыг дөтлөх боломжтой гэнэ дээ. 

  • 💰 Илүү ашигтай хэлцэл: Хэлэлцээрээс хамааран төлбөрийг шууд хэсэгчлэн төлөх, бартераар солилцох, банкны процессыг хурдасгах боломжтой.

  • 🏢 Баталгаажсан байрнууд: Бүх байр нь өмчлөл тодорхой, бүртгэлтэй компаниудаас худалдан авалт хийгдэнэ.

  • 🆕 Бусдаас түрүүнд мэдэх боломж: Зарим байр нь олон нийтийн платформд гарахаас өмнө захиалагчид хүрэх ба товчхондоо хамгийн түрүүнд харах аж.

За тэгээд blist.mn дээр үнэгүй бүртгүүлж, сонирхсон байр байвал 7299-9989 утсаар холбоо барьж, боломжит нөхцөлүүдтэй танилцаарай. 🤙🏻

 

Simple Flying

🍋 Америкийн хөрөнгө оруулалтын Castlelake компани easyJet агаарын тээврийн компанийг $6.3 тэрбумаар худалдаж авах саналаа ил болголоо. Castlelake-н санал болгосон үнэ нь easyJet-н тухайн үеийн зах зээлийн бодит ханшаас даруй 57% өндөр дүн аж. Гэвч easyJet-н удирдлагууд Castlelake-н өмнөх 3 саналыг хэлэлцэхээс ч татгалзжээ. Иймд Castlelake-н талаас саналаа олон нийтэд ил болгож, хувьцаа эзэмшигчдээр нь дамжуулан удирдлагуудад нь шахалт үзүүлэх тактик хэрэглэж байгаа нь энэ.

🍋 Нийслэлийн ИТХ-аас Хотын даргын өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг хуулийн дагуу хэлэлцэн, эцэслэн батлав. Тодотголоор гэрээгүй ₮443.2 тэрбумын зардлыг хассан бол урсгал зардлыг ₮404 тэрбум, нийтийн тээврийн санг ₮30.6 тэрбумаар нэмэв. Үүгээр Хятадаас хагас кокс авах, нийтийн тээврийн түлш зэрэг өвөлжилтийн бэлтгэлд ₮400 тэрбум давсан төсвийг зарцуулахаар шийдвэрлэжээ.

🍋 Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрох хүсэлтээ өглөө. Одоогоос 2 жилийн өмнө Парламентын сонгуульд Хөдөлмөрийн намыг удирдаж, түүхэн ялалт байгуулсан тэрээр намын дарга болон ЕС-ын суудлаас албан ёсоор огцрох болсноо мэдэгджээ. Түүний энэхүү шийдвэрт нам доторх нэр хүнд болон дэмжлэг эрс унасан нь голлон нөлөөлсөн аж. Одоогоор түүний халааг авах хамгийн өндөр магадлалтай улс төрчөөр Энди Бөрнхэм яригдаж байна.

🍋 Монгол Улсын эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт 2026 оны I улиралд 81 нэгж болж сүүлийн 4 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурлаа. Худалдаа, барилга, аж үйлдвэр зэрэг бүх салбарын үзүүлэлт муудаж, агшилтын мужид хэвээр байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил саарч, аж ахуйн нэгж болон иргэдийн ирээдүйн үнэлгээ сул байгааг харуулж буй.

🍋 Японы ариун цэврийн өрөөний тоноглол үйлдвэрлэгч Toto компани хагас дамжуулагчийн материалын бизнесээ өргөжүүлэхийн тулд $495 саяын хөрөнгө оруулалт хийнэ. Тэд AI-н эрэлтэд тулгуурлан ирэх 5 жилд дараагийн үеийн 1 нанометрийн чипийн технологийг онилж буй. Энэ алхам тус компанийг өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа бэхжүүлэхэд тусална гэж харж байгаа аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.