• Lemon Press
  • Posts
  • 🎖️ 33.6 гр алттай одон

🎖️ 33.6 гр алттай одон

ШХАБ-ын уулзалт | Хувьцаа хуваах хобби | Япон, Хятадын асуудал хурцдав

POWERED BY

Өглөөний мэнд ээ!  Маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул энэ 7 хоногийн сүүлийн товхимол хүрч байна. Даваа гарагт шинэ товхимлоор уулзъя. 2026 он гарахад ердөө 41 хоног үлджээ. 2025 ондоо хийж дуусгах ажлуудаа эргээд нэг дүгнээрэй. 😮‍💨☺️

*Нэг өдрийн өөрчлөлт.

DBM: Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлаар банк, санхүүгийн салбарт 18 жил ажилласан С.Баатарсүрэн томилогджээ.

MPP: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын дотоод томилгоо хийгдэж дууссаныг мэдэгдэж, удахгүй УИХ-ын даргыг томилохоо мэдэгдлээ.

CN: Тайванийн маргаан хурцдаж Хятад Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоов.

🗣️ ШХАБ-ын уулзалт = Хөршүүдийн амлалт

Москва хотноо зохиогдсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ЗГ-ын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайд маань хөршүүдтэйгээ уулзаж, хэд хэдэн ам мөчиг, алсын зорилгоо ярилцаад амжив. 

😮‍💨 Орос: Салбар банк, шатахуун таслахгүй

Юун түрүүнд Оросын талаас Монгол руу чиглэх гол бодлого нь 3 улсын хийн хоолойн бүтээн байгуулалт гэдгийг мэдэгдэж, урагшлуулах хүсэлтээ илэрхийлжээ. Улмаар хийн хоолойг дамжин өнгөрүүлж буй Монголд найр тавьж буй мэт шатахуунаа тогтвортой нийлүүлэх төдийгүй нийлүүлэлтийн хэмжээгээ нэмэхээр болов

  • Цаашлаад, Путин 2 орны худалдааны эргэлт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 7.8% өссөн төдийгүй цаашид Евроазийн эдийн засгийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн үр шимийг гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв

  • Мөн 2 орны төлбөр тооцоо, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Орост Монголд банкаа нээх бүхий зөвшөөрөл, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн хэмээн ам гараад амжлаа

☸️ Хятад: 100 сая тн нүүрс, $20 тэрбумын худалдаа

Харин Хятадад нүүрсний биет хэмжээг 100 сая тн-д хүргэх санал тавьж, Хятад, Монголын худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилтоо биелүүлье гэх санааг дайгаад авсан. Үүний тулд ХАА-н гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хариуд нь Хятад өөрсдийн далай мэт зах зээл Монголд нээлттэй л гэв. Чадвал худалдаа, наймаагаа нэмээ л гээд байх шиг.  

  • Өөр нэгэн сонирхолтой зүйл нь 2 орны хөрш зэргэлдээ муж, аймгийн харилцааг нягтруулж, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглан Алтайн дэд бүс дэх олон улсын хамтын ажиллагааг ахиулахыг дэмжих мэдэгдэл байв. 

Эцэст нь… Ирэх жил Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо. Ер нь л ойрын жилүүдэд Оросоос Хятад руу чиглэх хийн хоолойн бүтээн байгуулалт Орос, Монголын харилцааг тодорхойлох төлөвтэй дэг.  

  • 🌁 Улаанбаатарын хамгийн бага утаатай цэг хаана байна вэ? (IQAir)

  • 🪤 Хятадын тагнуулчид LinkedIn-г ашиглан Их Британийн нууц мэдээллийг цуглуулж байгаа гэнэ үү? (CNN)

  • 🔍 Загварын салбарын ирэх оны сорилт. (McKinsey

  • 🗞️ Хуульчдын бичиг цаасны ажлыг AI-р л цэгцэлчихнэ гэнэ. (TechCrunch)

🧐 $NFLX: Хувьцаа хуваах хобби

NFLX: Тэртээ 2004 болон 2015 онуудад хувьцаагаа хувааж явсан энтертайнмент салбарын акул Netflix дахин хувьцаагаа хуваалаа. Энэ удаад компани нэгж хувьцаагаа 10 хуваах шийдвэр гаргасан бөгөөд энэ 7 хоногоос буюу 11 сарын 17-ноос хэрэгжиж эхэлжээ. Хувьцаагаа илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн энэхүү шийдвэр нь компанийн нэгж хувьцааны үнийг нэг өдрийн дотор 3.5% өсгөж $114.1-т хүрэхэд нөлөөлсөн аж.

🎖️ Хүндтэй одон ба 33.6 гр алт

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүмүүст олгосоор 21 жилийн нүүр үзжээ.

  • 👀 Яадаг одон билээ?: “Чингис хаан” одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагуудад 2005 оноос хойш жилд нэг удаа олгодог. Тус одонг хүртвэл 9 цэн алт /33.6 гр/ буюу ойролцоогоор ₮15.6 саятай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, Ерөнхийлөгчийн гарын бэлэг, төрийн ёслолд уригдах, гадаад айлчлалд оролцох эрх зэрэг дагалддаг ажээ.

🇲🇳 Өмнөх эрхмүүд

Өнгөрсөн хугацаанд нийт 18 эрхэмд “Чингис Хаан” одонг олгосон ба 2007, 2008, 2018, 2020 онуудад тус одонгоор хэн нэгнийг шагнаагүй аж. Хамгийн анхны “Чингис Хаан” одонг 2005 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбатад олгосон бол хамгийн сүүлд буюу энэ жил шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэлд олгохоор болжээ.

  • 🗳️ Улс төрч бол давуу талтай: “Чингис Хаан” одонг хүртсэн эрхмүүдийн 36.8% буюу 7-г улс төрийн албан тушаалтнууд эзэлж байна. Сонирхуулахад, эдгээр хүмүүс дунд 2 Ерөнхийлөгч, 2 Ерөнхий сайд, 2 УИХ-ын дарга нар багтсан.

  • 🎸 Анхны хамтлаг: Хүннү рок урсгалаар дэлхийн хөгжмийн зах зээлийг байлдан дагуулж яваа The Hu хамтлаг нь 2019 онд анхны хувь хүн бус байгууллагын статусаар тус одонг авчээ.

  • 🧬 Шинжлэх ухааны салбарын 5: Маргааш “Чингис Хаан” одон хүртэх гэж буй С.Нарангэрэлээс гадна шинжлэх ухааны салбараас тус одонг авсан 4 эрхэм бий. Тухайлбал, Математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Физикч Х.Намсрай, академич Д.Доржготов, Америкийн антропологич Жак Уэтерфорд нар хүртсэн аж. 

Эцэст нь… Улсаас жил бүр төрийн шагнал, одонд дунджаар ₮1.5 тэрбумыг зарцуулдаг гэсэн тоо бий. За тэгээд хамгийн шударга шагнал гэгддэг “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр жилд 40 мянган хүн улсын байгууллагаас шагнал авдаг гэнэ шүү. 

20,149 жолооч
ЗХУТ 102 апп-аар энэ оны 4 сарын 29-нөөс 10 сарын 29 хүртэл 31,176 замын хөдөлгөөний зөрчил хүлээж авснаас 20,149 жолоочид хариуцлага тооцжээ.
123.2 сая
Харин энэ сарын 1-нээс замын хөдөлгөөний зөрчил илгээсэн иргэдэд урамшуулал олгож эхэлснээр 103,511 зөрчил ирүүлсэн бөгөөд мэдээлсэн иргэд 123.2 саяын урамшуулал авахаар байна. 
169 мянган иргэн 
Одоогоор 102 апп-ийг татаж авсан иргэдийн тоо 169 мянга байгаа аж.

Tek.no

🍋 iPhone 17-н эрэлтээс шалтгаалан Apple (AAPL)-н Хятад дахь ухаалаг утасны зах зээлд эзлэх хувь 25% боллоо. Тодруулбал, өнгөрсөн сард Apple-н Хятад дахь борлуулалт 2024 оны мөн үеэс 8 нэгж хувиар илүү буюу 37% өссөн бөгөөд нийт борлуулалтын 80%-ийг IPhone 17-н үндсэн загварууд бүрдүүлсэн аж. Ийнхүү тус зах зээлд эзлэх Apple-н хувь 6 нэгж хувиар нэмэгдэж, ¼-ийг эзлэх болов. 

🍋 Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлнө. Тус бүсэд 2014 оноос хойш цаг агаарын эрсдэл, хүндрэлүүд гарч буй тул улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх талаар нийт 8 удаа хууль баталсан байна. Энэ онд мөн тус бүсэд хур тунадас бага байснаас үүдэн дээрх бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт доголдох эрсдэл үүсжээ. 

🍋 Meta (META) монополын эсрэг хэргийн шүүх хуралд ялалт байгуулжээ. Америкийн шүүх Америкийн Худалдааны Комисс (FTC) Meta-г монопол үүсгэсэн гэдгийг нотолж чадаагүй гэж үзсэнээр ийнхүү Meta WhatsApp болон Instagram-г алдах эрсдэлээс ангижирч буй. Хэрэв эсрэгээр шийдэгдсэн бол Meta эдгээр платформуудаа алдахаас гадна FTC-д $30 тэрбумын торгууль төлөх ялд унаад байсан билээ.

🍋 Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркт 10 МВт-ын нарны цахилгаан станц барина. Цахилгаан станцыг Өмнөд Солонгосын "Smart Energy platform"-той хамтран барих бөгөөд одоогоор ТЭЗҮ-ийг боловсруулж буй аж. Гэснээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5%-ийг боловсруулах хүчин чадалтай байх юм гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.