- Lemon Press
- Posts
- 🤑 Галзуу баян арабууд
🤑 Галзуу баян арабууд
Ноотой, ноогүй 55-р тогтоол | $3.1 тэрбумын контент | BYD-н оффшор зах зээл
POWERED BY
Өглөөний мэнд! Хүүхдийн нэр сонгоход тусалж $30,000 цалин авдаг ажил байдаг гэвэл та итгэх үү? Америкт Тэйлор Хамфри хэмээх эмэгтэй 500 гаруй хүүхдийн нэр сонгоход тусалсан байна. Манай уламжлалт аргыг ашигладаггүй нь ойлгомжтой. Гэснээс Монголчуудын дунд тухайн жилд түрүүлсэн бөхийн нэрээр хүүхдээ нэрлэх хандлага түгээмэл. Энэ жил хүүхдээ “Батмагнай” гэж нэрлэсэн байдал 2024 оноос 3.7 дахин өсөж 144-д хүрчээ. 😅


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Улсын Ерөнхий Прокурорын газар нүүрсний хэргийн улмаас учирсан $194,384 болон ₮23.8 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлжээ.
FUND: Чингис хаан үндэсний баялгийн сан сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдсэн дата төв, сэргээгдэх эрчим хүчний сүлжээ, ногоон эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд хөрөнгө оруулна.
GOV: УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг Үндсэн хууль, парламентын засаглал руу халдсан гэх үндэслэлээр ЗГ-ыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэллээ.

⚔️ Ноотой, ноогүй 55-р тогтоол

Эрх баригч МАН-ын дотоод хагарал хурцдаж, АМНАТ-тэй холбоотой ЗГ-ын баталсан 55-р тогтоол маргаан гүнзгийрээд байна. Юу болоод байна аа?
‼️ 55-р тогтоол
УИХ-ын даргын талынхан ЗГ-ыг огцруулахаар 40 орчим гишүүний гарын үсгийг цуглуулсан бөгөөд гол шалтгааныг нь ЗГ-ын 8-р сард гаргасан 55-р тогтоолтой холбон тайлбарлажээ. Тэдний үзэж буйгаар уг тогтоол нь АМНАТ-өөс олох ₮200 тэрбумын боломжийг хаасан аж. Харин нөгөө талаас энэхүү үндэслэлийг улс төрийн зорилготой зориуд мушгин гуйвуулалт хэмээн няцаалаа.
✍🏻 Тогтоолын зорилго: Дуулиант 55-р тогтоол нь ашигт малтмал экспортлогч ААН тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ 1/4-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцох боломжийг нээсэн гэж байгаа. Яг ярьж байгаагаар нь бол компаниуд олоогүй орлогодоо татвар төлөх явдлыг зогсоох учиртай.
🔦 Үр өгөөж нь юу байв?
Энэхүү тогтоолын хүрээнд төсвийн орлого нэмэгдэж, үр дүнд нь ₮80.1 тэрбумын нэмэлт орлого төвлөрүүлж, энэ оны эцэст ₮130 тэрбумын нэмэлт орлого олно гэнэ дээ. Гэхдээ тогтоол батлагдсанаас хойш ердөө сар гармын хугацаанд ₮80.1 тэрбум нэмэгдсэн хэр нь он дуусах хүртэлх 3 сард ₮130 тэрбум л нэмэгдэнэ гэхээр нөлөөний трэнд нь ойлгомжгүй.
₮1.3 их наяд: Одоо АМНАТ нэмэгдэж байна гэж яриад байгаа боловч оны эхний 8 сарын байдлаар АМНАТ-ийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 47% буурч ₮1.3 их наяд болсон бол УУББ-ээр арилжаалагдсан бүтээгдэхүүний хэмжээ 28.9% багасаж 13.1 сая тн болсон байна.
Хамааралгүй: Нэмээд УУББ-ийн нүүрсний арилжааны багасах болон ихсэх трэнд АМНАТ-ийн орлогын өсөлт бууралттай шууд хамааралгүй. Угаас оны эхний 8 сард гаалиар 49 сая тн нүүрс гарсан байхад УУББ-ээр ердөө 13 сая тн нүүрс арилжаалагдсан.
Эцэст нь… Нэг тал нь ЗГ-ыг огцруулах талаар яриад, нөгөө тал нь нүүрсний хэргийг гэнэт сэвээд холион бантан. Нөгөөтээгүүр, УУББ-ийн нүүрсний арилжаа тооцоолж байгаа шиг үлэмж нэмэгдвэл худалдан авах талд эрэлт нэмэгдэх эсэх, мөн УУББ энэ ачаалал дааж, процессыг зохицуулж чадах эсэх нь эргэлзээтэй. 🤔

🌐 BYD-н оффшор зах зээл
1211HK: BYD-н Их Британи дахь борлуулалт өнгөрсөн 9-р сард огцом буюу 11,271 болж, Tesla-н араас 2-рт жагсах болов. Улмаар тэд Их Британийн EV зах зээлийн 3.6%-ийг бүрдүүлж эхэллээ. Том зургаараа, BYD дэлхийн хэмжээнд борлуулалтаараа $TSLA-г давсаар байгаа бөгөөд он гарснаас хойш BYD 1.6 сая EV, Tesla 1.2 сая EV-г тус тус борлуулжээ. Их Британийн ЗГ EV-г зах зээл эрчимтэй нэвтрүүлэхээр £650 саяын татаас олгох болсон нь BYD тэргүүтэй EV үйлдвэрлэгчдэд өгөөжөө өгөөд эхэллээ дээ.

🎤 Төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээ айсуй

PMI Mongolia Chapter-с жил болгон зохион байгуулдаг төслийн удирдлагын ОУ-ын хурал “Хиймэл Оюуны Эрин үед Хосолмол арга барилаар ажиллах нь” сэдэв дор 10 дахь жилдээ болох гэж байна. 📢
Энэ жилийн арга хэмжээгээр хиймэл оюуны эрин дэх төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага, үнэ цэнд суурилсан төслийн удирдлагын нэгжийн байгуулах, мега төслүүдийг төслийн удирдлагын стандартын дагуу хэрэгжүүлж хотын сорилтуудыг шийдвэрлэх арга зам тэргүүтэй сонирхолтой сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм.
📍 Хаана: Туушин зочид буудал
📅 Хэзээ: 10 сарын 17

💡 Брэндийнхээ логог шинэчилмээр байна уу? (TheVerge)
🤹 Тэд эх орондоо очих газаргүй ч, дэлхийд нэрээ цуурайтуулж байна… (Ikon)
🔝 App Store дээрх цоо шинэ од. (MorningBrew)
🌠 Туршлагатай бүхэн шилдэг нь биш. (BusinessInsider)

🦅 Дэлхийн хамгийн үнэтэй тэжээвэр амьтан

Яг одоо Саудын Арабын нийслэл Рияад хотноо олон улсын шонхор, ан агнуурын үзэсгэлэн болж байгаа билээ.
🧐 Гэнэт юун шонхор шувууны талаар уншаад эхлэв ээ гэж гайхаж буй нэгэнд, Монгол анх удаа тус үзэсгэлэнд оролцохын сацуу чамгүй үнээр дуудлага худалдаанд оролцсон байна.
🇲🇳 Идлэг шонхор шувуу
Тодруулбал, Монгол тус үзэсгэлэнд оролцож буй 45 орны 1 болж анх удаа өөрийн гэсэн бүүттэй оролцсон аж. Монголоос 2 шувуу дуудлага худалдаанд орж, эхнийх нь SAR115,000 буюу $31,050-оор, удаах нь SAR130,000 буюу $35,100–оор тус тус зарагджээ.
🤷♀️ Яагаад чухал вэ? Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 46%-д шонхор шувуу нутагшдаг. Тоо толгой тийм ч их биш буюу 2023 онд 10,380 идлэг шувуу тоологдож байсан ч хууль бус агнуур түгээмэл тул ЗГ тус онд идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадагш гаргахыг ахин 5 жилээр хориглож байв. Өдгөө зөвхөн соёлын зориулалтаар л гадагш гаргахыг зөвшөөрдөг.
Зөвхөн соёлын зориулалтаар гадагш гаргаж буй шонхор шувуу Саудын Арабд дуудлага худалдаанд орсон нь хууль ёсных байсан эсэх нь тодорхойгүй. Юутай ч Монголд шонхор шувууг агнах зөвшөөрөлтэй байх үед агнахад ₮26 сая, нэмээд улсын тэмдэгтийн хураамжид ₮1.3 сая буюу ₮30 сая орчимд үнэлэгддэг бол Арабд ₮120 саяар үнэлэгдэх нь энүүхэнд.
🧐 Хэдэн тэрбумын зах зээл
Арабуудын соёлын нэг хэсэг болсон шонхор шувуу өдгөө хамгаалах ёстой соёлын өв төдийгүй хэдэн тэрбумаар үнэлэгдэх бизнес, хөрөнгө оруулалт болоод буй. Үүний нэгээхэн жишээ гэхэд, өнгөрсөн 8-р сард болсон ОУ-ын шонхор үржүүлэгчдийн дуудлага худалдааны үеэр нийт 1,103 шонхор шувуу $3.5 саяар худалдаалагдаж байв.
🏆 Дээд амжилт: Энэ дундаас Америкийн RX шонхор шувуу үржүүлэгчийн ховорд тооцогдох цагаан шонхор шувуу SAR1.2 саяд хүрч, дээд амжилт эвдэж байсан юм.
💰 Цаашлаад, шонхор шувууны үржүүлэг өндөр ашигтай буюу цэвэр үүлдрийн цагаан шонхрын 1 дэгдээхэй SAR50,000–300,000 хооронд зарагддаг гэнэ. Саудын Араб, Катар, Кувейт тэргүүтэй орнуудад жилдээ хэд хэдэн удаа шонхрын дуудлага худалдаа болж, туршлагатай хөрөнгө оруулагч нар нь ховор төрлийн шонхрыг худалдаж аваад, хоёрдогч зах зээлд өндөр үнэтэй зарах нь олонтоо.
Эцэст нь… Монголд нутагшиж буй идлэг шонхрын тоо толгой сүйдтэй ашиг олох хэмжээнд хүрэхгүй. Харин оронд нь жуулчдыг татах дажгүй үзвэр үйлчилгээний байгууламжтай болбол арай ирээдүйтэй байх биз ээ.


Politico
🍋 Санаэ Такаичи Японы эрх баригч намын даргаар сонгогдсоноор тус улсын хувьцааны зах зээл рекорд тогтоов. Ийнхүү тэрээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болоход парламентийн дэмжлэгээс хамаарах тул магадлал тун өндөр болоод буй. Энэ сургаар Nikkei 225 индекс 3.9% өсөж ¥47,566.84 болсноор энэ оны эцэс гэхэд хүрэх зорилтот түвшин буюу ¥48 мянгад нэн ойртлоо.
🍋 Нийслэлийн ДНБ-ий хэмжээ өнгөрсөн онд 2023 оноос 16.5% өсөж ₮55.8 их наяд болов. Энэ нь 10 жилийн өмнөхөөс 3.7 дахин нугарсан дүн бөгөөд одоогоор Монгол Улсын ДНБ-ний 70%-ийг бүрдүүлж байна. Гол шалтгаан нь орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьшигчид энэ хэмжээнд нэмэгдэж, улмаар Улаанбаатарт бүртгэлтэй ААН-ийн тоо олширсноос болсон буй за.
🍋 Өмнөд Солонгос энэ оны I улиралд $3.1 тэрбумын контент экспортолжээ. Онцолбол, тус улсын телевизийн контентын экспорт энэ жил 159% өсөж $294.3 саяд хүрсэн бол хөгжмийнх 73.9% өсөж $564.3 сая болсон байна. Эсрэгээрээ анимэйшн салбарынх 37.1% буурч $9.9 сая болсон бол комиксынх 15% буурч $58.8 сая болжээ.
🍋 Монголын хүн амын хүнсний ногооны хэрэгцээг хангахад 475 мянган тн багтаамжтай зоорь, агуулах шаардлагатай. Өнгөрсөн 2023-2024 онд нийт 33 мянган тн багтаамжтай агуулах, зоорь ашиглалтад оруулснаар нийт 305 мянган тн багтаамжтай 5,989 зоорь ашиглагдаж буй аж. Тэгвэл энэ онд нэмэлтээр зоорь, агуулах барихад улсын төсвөөс ₮13.5 тэрбумын хөрөнгө оруулалт тусгасан байна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply