• Lemon Press
  • Posts
  • 🪩 Ганган хүнд гархи нэмэр

🪩 Ганган хүнд гархи нэмэр

$APU: Цэвэр ашиг 7.3% өслөө | Казакстаны боловсрол | Эрдэнэт ой = ₮68 тэрбум

POWERED BY

Бороотой өдрийн мэнд! Сүүлийн 2 сарын хугацаанд Монгол оронд 4 улирал ээлжлэн солигдлоо. Саяхан л цас орж даарч бээрч байсан бол хэдхэн өдрийн өмнө урсам халуун байсан сан. Харин одоо нэлээд хэдэн өдөр бүүдгэр бороотой байх шинжтэй. Үерийн аюул холуур байг ээ. ☔️⛈️

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Нийт зах зээлийн үнэлгээ оны эхнээс ₮3.4 тэрбумаар нэмэгдэж ₮13.9 их наяд болсон ч түүхэн дээд хэмжээнээсээ доогуур хэвээр байна.

COP: Ирэх сард болох COP17 арга хэмжээ 12 дэд хороотой байх бөгөөд одоогоор бэлтгэл ажил 52%-94% байгаа гэнэ. Мөн өчигдрийн байдлаар 4.1 мянган хүн уг арга хэмжээнд оролцохоор бүртгүүлжээ.

JSC: Өчигдрийн арилжаагаар Тавантолгой (TTL) болон Монложистикс (MLG) компаниудын хувьцааны үнэ хамгийн ихээр өсжээ. $TTL-н хагас жилийн цэвэр ашиг огцом өссөн бол $MLG-нх бага зэрэг буурсан юм.

🤯 Нийслэлээр дүүрэн хот

Хүүхдийн нэр хүндэднэ гэж байдаг шиг Монгол Улсын шинэ хотуудын нэр хүндэдсэн гэлтэй. Өмнөх жилүүдэд Майдар, Хүннү, Аэро гээд ганган хотуудыг барьж байгуулна гэсэн ч одоог хүртэл гацсан байдалтай байгаа. Харин өчигдөр өнөө Сэлбэ дэд төвийг чинь Smart Selbe City гэж хөгжүүлэхээр болоодохлоо.

🪩 Ганган хүнд гархи нэмэр

Өнөө ганган нэртэй үл үзэгдэгч хотууд маань өмнө нь юу туулсан бэ гэхээр, Майдар хотыг 2012 онд 100 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн ч сүндэрлэсэн Майдар бурхны хөшөөнөөс цааш бодитой дэд бүтэц, барилгажилт үгүй гацжээ.

  • 🚁 Аэро сити & Хөшигийн хөндийн чөлөөт бүс: Шинэ нисэх буудлыг түшиглэсэн ухаалаг хот байгуулна гэсэн ч судалгаа, ТЭЗҮ-ийн цаасыг хэдэн тэрбумаар зузаалснаас цааш ахисангүй.

  • 🆕 Шинэ Хархорум хот: 2050 он гэхэд 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж, бэлтгэлд тэрбумаар төсөвлөсөн ч одоогоор мөрөөдлийн жагсаалтад байна.

  • 🌚 Хүннү хот (Шинэ Зуунмод): Баригдаж амжаагүй байхдаа нэрээ сольсон, авлигын хэрэгт нэр холбогдсон тус хотын дэд бүтцийн ажил эхлэх тал руугаа хэлбийж дуншиж байна.

🗼 Дэд төвөөс хот руу

Харин одоо "Smart Selbe City" цаасан хотуудын жагсаалтад шинээр нэмэгдэх үү, эсвэл бодитоор босох уу гэдэг хүлээлт үүсэв. Төслийн хүрээнд 113 блок, 8,575 айлын орон сууц, 5 сургууль, 8 цэцэрлэг болон нийгмийн бусад дэд бүтцийг барихаар төлөвлөжээ.

  • 📈 Өгөөжтэй: Талбайд өдөрт 1,700 орчим инженер, ажилтан ажиллаж байгаа гэнэ. Орон сууцны хэсгийг 2027 онд, олон нийтийн бүсийг 2029 онд ашиглалтад оруулснаар ДНБ-д ₮2.5 их наядын өгөөж нэмэгдэж, 15,600 янданг буулган агаарын бохирдлыг 6% бууруулах тооцоотой.

  • Гялалзуулна: Нэмээд энэ хотод мкв-н ₮5 саяын үнийг бууруулах, ипотек болон түрээслээд өмчлөх хувилбар боловсруулах нь. Тэр нь өнөөдөр танилцуулагдана гэнэ билээ. 

Эцэст нь... "Smart Selbe City" өмнөх хотуудын араас орж гацалгүй, иргэдэд наалдсан бодит хот болж чадвал сайхан л юм. Нэг алдсаныг алдаа гэдэг бол хоёр дахийг нь сонголт гэдэг дээ. Гашуун туршлагаа давтахгүй гэж найдъя даа. 

  • 🕸️ Хоригт ороод буй Чингис Хаан банкны улс төрийн холбоо хамаарал. (news.mn)

  • 🏞️ Хятадын хамгийн урт Янцзэ мөрөн мөхлийн ирмэгээс эргэн сэргэв. (TheEconomist)

  • ⛱️ Жуулчдын тоо нь хамгийн их өссөн болон буурсан улс орнууд. (VisualCapitalist)

  • 🕵🏻‍♀️ AI-с өөрийнхөө тухай мэдэхэд туслах 4 промпт. (NYTimes)

🔥 Монголын Хөрөнгө Оруулалтын Форум Лондонд 2 дахь жилдээ!

CMM (Capital Markets Mongolia) компани 2024 оноос хойш Монголын Хөрөнгө Оруулалтын Форумыг дэлхийн санхүүгийн төв хотууд болох Нью-Йорк, Сингапур, Лондон, Шанхай хотуудад зохион байгуулж байгаа. Тэгвэл тэд ээлжит форумаа 9 сарын 15-нд Лондон хотноо 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 🇬🇧💷

  • 📌 Энэ удаагийн форум нь хувьцаа, IPO, нийгмийн нөлөөллийн хөрөнгө оруулалт, финтек гэсэн сэдвийн хүрээнд өрнөх юм.

🌎 Форумд Монголын тэргүүлэх компаниуд, бодлого боловсруулагчид болон Franklin Templeton, JP Morgan, Morgan Stanley, LSE, EBRD, UBS зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд цуглаж, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх нь байна шүү. 

☀️ $APU: Цэвэр ашиг 7.3% өслөө

APU: АПУ ХК өнгөрсөн улиралд ₮104.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь 2025 оны мөн үеэс 7.2% өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал, $APU-н борлуулалтын орлого 2.2% өсөж ₮667.1 тэрбумд хүрсэн бол борлуулалт, маркетингийн зардал 31.4%, хүнтэй холбоотой зардал 24.6%, санхүүгийн зардал 39.5%, бусад зардал 24.9% тус тус буурсан аж. Үүний үр дүнд тус зардлуудын нийлбэр дүн ₮140.5 тэрбум болж, компанийн цэвэр ашиг өсөхөд голлон нөлөөлжээ. Сонирхуулахад, $APU-н нэгж хувьцааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 4.1%, энэ он гарснаас хойш 2.5% буурч ₮964.6-өөр арилжаалагдаж байна. 

🤔🇰🇿 Дэлхийд үнэлэгдэх боловсрол

Сонирхолтой асуулт байна. Аливаа улсын боловсролын түвшин нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдыг дагаад аяндаа хөгжөөд явдаг гэж боддог уу, аль эсвэл хөгжил гэгчийн суурь уу? Тодорхой асуулт юм шиг хэр нь яагаад өдийг болтол бид боловсролын салбараа чухалчилж анхаардаггүй юм бол?

☝️ Боловсролоос эхэлье!

Казакстаны хувьд 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш ердөө 2 жилийн дотор боловсролын салбарыг үндэсний дэд бүтэц гэж үзээд уг салбарт эрчимтэй анхаарч ажилласан байдаг. Тэдний хувьд боловсролын салбарыг улсын хөгжлийг аяндаа дагаад гүйцээд ирэх бус харин ч тэр хөгжлийг анхнаас нь удирдан чиглүүлэх гол хөшүүрэг гэж харсан нь тэр. 

  • 🏫 Улмаар 1993 онд “Болашак” олон улсын тэтгэлгийг эхлүүлж, дэлхийн 200 томоохон их сургуулиудад эдийн засаг, инженер, дипломат, эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчингээ бэлтгэж эхэлсэн гэдэг. 

  • 🏆 Цаашлаад, 2010 оноос эхлэн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхээр Назарбаевын их сургуулийг (NIS) үүсгэн байгуулж, өдгөө уг сургууль нь Төв Азид №1-т, дэлхийд 401–500-т жагсах чамлахааргүй нэр хүндтэй сургууль болоод буй. 

Харж байгаачлан Казакстан дээд боловсрол тал дээр маш хурдтай бөгөөд амжилттай шинэчлэл хийж чадсан. Гэтэл 84 жилтийн түүхт улсын маань урдаа барьдаг МУИС дэлхийд 1,501-р байранд жагсдаг

😲 Хурданд л анхаарахын хар тал 

Хурдтай шинэчлэл хийсэн нь гайхалтай харагдаж байгаа ч нөгөө талд хурдыг нь гүйцэж чадахгүй хоцрогдсон зүйлс ч бий. Тухайлбал, сургалтын хөтөлбөр, багш нарын үнэлгээ, 3 хэлний бодлого, дижитал шилжилт тэргүүтэй шинэчлэлүүдийг маш хурдан, зэрэг^2 хийснээр хөдөө орон нутгийн сургуулиудын чанар, багш нар нь хоцроод үлдсэн асуудал одоог болтол үргэлжилсээр байгаа.  

  • 🔻 Энэ нь ч PISA үзүүлэлтээс нь харагдана. Тодруулбал, тус улс 2009 оноос PISA-д оролцож эхэлсэн бөгөөд 13 жилийн дараах үзүүлэлт нь сүртэй ахицгүй буюу математик 425, унших чадвар 386, байгалийн ухаан 423 оноотой үнэлэгджээ. Тус онд Монгол ч анх удаа оролцсон бөгөөд Казакстанаас тийм ч хол зөрүүгүй байгааг харж болно. 

Юутай ч, эрх баригчид нь боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлүүдээ зөв чиглэлд явсан ч хэрэгжилтийн хурд хэтэрхий хурдан, багш нарын бэлтгэл хангалтгүй байсан тул PISA-д эерэг үр дүн гараагүй гэж өмгөөлдөг юм билээ. Казакстан бол бидэнтэй эхлэсэн цэг, тулгардаг асуудлууд гээд олон тал дээр ижил зовлон, жаргалтай улс. Тэд чадаад, болоод, урагшлаад байна. Гэтэл бид өнгөрсөн 30 жилд яг ямар ахиц гаргав? Юутай ч хандивын iPad цуглуулж гэнэ. Ичих шиг…

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ!

Смарт Сэлбэ сити төсөлтэй холбоотойгоор м.кв-н үнийг зорилтот бүлэгт нийцэхүйц болгож хүчээр буулгах нь зөв үү?

Login or Subscribe to participate in polls.

Giphy

🍋 Эрдэнэт хот 50 жилийн ойн баяраа ₮68 тэрбумаар нүсэр тэмдэглэжээ. Уг төсвийг тус аймгийн төсвөөс гадна  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ₮12 тэрбум, бусад ААН-үүдээс ₮1 тэрбум тус тус хандивлан босгожээ. Мөн бэлэн бус буюу бараа, эд  зүйлс, үйлчилгээ бүхий хандиваар ₮1 тэрбум төвлөрсөн аж. Өнгөрсөн жил Увс аймгийн 100 жилийн ойн төсөв ₮30 гаруй тэрбум байсан гэхээр бараг хамгийн өндөр төсөвтэй ой Эрдэнэт хотынх юм уу даа. 

🍋 Хэт халалтын улмаас Франц болон Испанид 300 мянган акр талбай түймэрт автав. Тодруулбал, Францад ой хээрийн түймэрт бараг 104 мянган акр, Испанид ойролцоогоор 190 мянган акр талбай тус тус шатсан байна. Түймрийн улмаас 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа төдийгүй дахин хэт халалтын давлагаа гарах төлөвтэй байгаа гэнэ.

🍋 Хахуулийн мөнгө барилга болдог! Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Г бүлэглэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авахтай холбогдуулан хахууль нэхэж, ₮2.7 тэрбумыг дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон тул уг хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. 

🍋 Хэрэглэгчдийн Claude-тай харилцсан хувийн чат задарч, Google, Bing-н хайлт дээр тууж явна. Claude дээр өрнөсөн харилцан яриаг бусдад илгээж, хуваалцах боломжтой байдаг даа. Гэхдээ хэрэв хуваалцахдаа бүх хүн харах боломжтой “public” URL ашиглавал тэр нь хайлтын систем дээр харагдах эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр хэт хувийн харилцан яриагаа хуваалцах хэрэггүй байх нь шүү. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.