• Lemon Press
  • Posts
  • 🫩 Саримс тансаг хэрэглээ болох уу?

🫩 Саримс тансаг хэрэглээ болох уу?

Хувьцаа секси байдлаа алдав уу? | Түүнийг хүлээсээр | ОНХС-гийн төслийн санал

POWERED BY

Амар мэнд үү! Миний Монголын татвар төлөгч та хэд нугарч нэмэгдсэн автомашины албан татвараа 6 сарын 1-нээс өмнө төлөөрэй. Таны татвараар хэдэн бродюр солигдож, хэд хэдэн удаа зам хуулагдахаас гадна хэн нэгний цүнх болох ч юм билүү. 🥲  

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Энэ онд улсын төсвийн ₮3.1 их наядын хөрөнгөөр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгаснаас эхний 4 сард ₮134.9 тэрбумыг зарцуулжээ

MSE: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 4.9% буурч ₮12.3 их наяд болоод байна.  

POL: Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд өргөн баригдлаа.

FRC: Сэндбокс зохицуулалтын орны журмын нэмэлт, өөрчлөлт батлагдав

🧳 Чулуут Скай Виллагаар аялсан тэмдэглэл

Travel with Lemon Press! Энэ удаад бид хотын төвөөс 14 км-ын зайд дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс тасарсан амьдралын хэв маягтай хаус хотхоноор зочлов. Энэ бол “Чулуут Скай Вилла”. Хаус худалдан авахаар төлөвлөж байгаа бол, хаанаас, юунаас судалж эхлэхээ мэдэхгүй байгаа бол тогтоод уншаарай. Хаус хотхоны оршин суугчид хэрхэн аж төрдөг талаар сонирхуулъя.

🚀 Үнийн өсөлт тэнгэрээс дээш

Та дэлгүүрээс ₮25 мянгад хэр их зүйлс худалдаж авч байна вэ? 

🫙 Жилээс жилд хоосрох түрийвч

5 жилийн өмнө 1 талх, 1 кг үхрийн ястай мах, 1 л сүү, 1 ургамлын тос, 1 кг сонгино, саримс авахад ₮25 мянга болдог байв. Харин одоо энэ бүхнийг худалдан авахад ₮49 мянга хэрэгтэй болжээ. 5 өвөл, 5 хаврыг үдэх хооронд өргөн хэрэглээний барааны үнэ 2 нугарчих гэж дээ, Хандмаа минь. 

  • 🫩 Саримс тансаг хэрэглээ болох уу? Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үнэ нь хамгийн ихээр өссөн бүтээгдэхүүн бол Хятадаас импортолж байгаа саримс. Хэрэглэгчдийн худалдаж авч байгаа дундаж үнэ 145.5% өсөж 1 булцуу нь ₮10.9 мянгад хүрсэн байгаа юм. Мөн сонгинын үнэ ч кг тутамд 140.9% өссөн байна. 

  • 📌 Гав ганц: Угаас тус хугацаанд өргөн хэрэглээний 35 бараа, үйлчилгээний 34-ийнх нь үнэ өсөж цорын ганц буюу импортын янжуур тамхины үнэ 1.1% буурчээ. Харин дотоодынх нь 18.3% өссөн байгаа юм. Тэгэхээр энэ бүх бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 74.5% өссөн хэрэг.  

  • 🔖 Өсөлтгүй зүйл үлдээгүй: Цаашлаад, үс засуулах, гуанзнаас хоол авч идэх, архи, пиво уух, түлш түлэх зэрэг бүхий л зүйлийн үнэ өсжээ хө. Жилийн жилд хэвээр байдаг байсан автобусны үнэ ч нэмэгдэж, нэгжийн үнэ л өсөхгүй үлдээ гэж. 

⌛️ Ерөнхий зургаар

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд инфляц дунджаар 8.6% байж. Тэгэхээр тус хугацаанд ₮1,000-өөр авч болох байсан зүйлсийг өнөөдөр ₮1,745 зарцуулж байж авдаг болсон хэрэг. Харин ₮1,000 төгрөгөө тэр чигээр нь хадгалсан бол өнөөдөр түүний бодит үнэ цэн ердөө ₮573 болсон аж. 

Эцэст нь… Өнөөдөр ₮25 мянгаар авч чадах зүйлсийн хэмжээ багассан нь зүгээр нэг статистик биш, харин амьдралын чанарын хэмжүүр. Нөгөө талаар нэрлэсэн цалин өссөн ч татвар болон нэмэгдэлтийн тархалт ямар билээ дээ. Ийм байхад ББСБ-д 2.3 сая хүн зээлтэй байгааг гайхах юун. Үнэхээр хүрэлцэхгүй байгаагийн дохио болой.

  • 🛣️ Явган зорчигч болон унадаг дугуйн замыг тусгаарлах хэрэгтэй… (Ikon)

  • 📥 2026 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч эхэлжээ. (MNB)

  • 📚 J.P. Morgan-н санал болгож буй энэ зун унших номын жагсаалт. (J.P.MorganPrivateBank)

  • ⚡ Их гүрний эрчим хүчний хэрэглээгээ бие даан хангах бодлого ч аатай байна даа. (WhiteHouse)

🧐 Хувьцаа секси байдлаа алдав уу? 

MSE: Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны нөлөөгөөр Монголын Хөрөнгийн Биржийн өнгөрсөн сарын арилжаа өмнөх сараасаа 87.8% өссөн. Гэсэн хэдий ч хувьцааны арилжааны идэвх буурч, индексүүдийн болон зах зээлийн үнэлгээний уналт үргэлжилсээр байна. МХБ-ийн өөрийнх нь хувьцааны үнэ ч энэ сарын оргилоосоо 12.7% унаад буй. Юутай ч өнөөдөр ЗГ-ын ээлжит хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 10 цагаас эхэлнэ. Зах зээлд илүү их хөшүүрэг хэрэгтэй байна даа.

⏳ Түүнийг хүлээсээр…

Орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхийг шаардсанаас 5 хоногийн дараа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдсэн Ерөнхий сайд өдийг болтол таг чиг.   

  • 🎭 Бараг харлалаа! Энэ хооронд түүнийг огцруулах жагсаал 2 дахь 7 хоногтоо үргэлжилж, огцрохыг шаардсан иргэдийн гарын үсэг цахим болон цаасаар 150,000-ыг давж, ном журмаараа УИХ-ын хэлэлцэх асуудал болоод буй.

⚠️ 14 дэх хоногт

Ерөнхий сайдын бэрийн цүнхний скандал гарснаас 14 хоногийн дараа АТГ О.Тэмлүүлэнгээс мэдүүлэг авч 30 хоногийн хугацаанд, шаардлагатай бол нэмээд 30 хоног шалгана хэмээлээ. “Огцрох амархан” жагсаал өнгөрсөн 15 хоногийн туршид шаардлагаа өргөтгөж, байршлаа өөрчилж тасралтгүй жагсаж, хараат бус редакцууд шууд ярилцахыг шаардаж байгаа ч Ерөнхий сайдын талаас, 

  • Жагсаалын 5 дахь өдөр албан ёсоор 1 л удаа цөөн хэвлэлд “ялаа” нэртэй ярилцлага өгч, 

  • 10 дахь өдөр буюу намын бага хурлын дараа Ерөнхий сайдын өргөдлөө өгнө гэснээс өөр мэдэгдэл гаргасангүй.  

Харин энэ хооронд түүнийг Ерөнхий сайдаар үлдээх гэсэн 2 ч жагсаал давхар болов. Цаашлаад, хамтарсан ЗГ-аас Ардчилсан намыг гаргах шийдвэрийн араас намын дарга Л.Гантөмөр албан тушаалаа өгөхөө мэдэгдэж байсан. 

🏦 ¼-г Ардчилсан нам бүрдүүлнэ

Үндсэндээ АН-ын дарга тоглоомоос гарсны дараа АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхгүй бол одоо дутуу байгаа 32 хүний гарын үсгийг цуглуулж, түүний асуудлыг УИХ-ын танхимд оруулахаа мэдэгдэв. АН жинхэнээсээ гэнэт сөрөг хүчин болчхов уу, эсвэл түр зуурын өвчин намдаах үг үү гэдгийг харан байя.

🫢 ЗГ хуралдаж байна. Чшш

Нөгөө талд ЗГ өчигдөр ээлжит бусаар хуралдах тов зарлаж, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Ордны гадна талд Ерөнхий сайдыг орлогоо нотолж, хариуцлага хүлээ гээд жагсаж байхад үл тоож юу ч болоогүй мэт аашилж байгаа нь харамсалтай. 

Эцэст нь… Бүх зүйлийг дарааллаар нь харвал ямар ч логикгүй, адармаатай. Хажуугаар нь маш олон гүтгэлэг, худал мэдээллээр бөмбөгдсөн өдөр хоногууд өнгөрч байна. АТГ нь 1 хүнийг сар дамнан шалгаж байх зуур гишүүд нь огцруулна, огцруулахгүй гэж талцаад, талбай дээр ч зодолдоод. Нэг хүний асуудлаас болж нэг улс бужигнаж байна даа.

Бяцхан кейс задлан 💡

  • Асуудал: … компани цэцэг, ургамлын бизнес эрхлээд олон жил болжээ. Энэ хугацаанд хэрэглэгчид буруу арчилсан, эсвэл хайхрамжгүй орхисноос үүдэн худалдан авсан цэцгээ амьгүй болсон хойно нь барьж ирэх олшров. 

  • Шийдэл: Компани худалдан борлуулдаг бүх ургамлынхаа зураг, арчлах зааварчилгааг нэг дор багтаасан каталог гаргав. Ингэхдээ тэд цэцгийн дэлгүүр, хүлэмж гэхчлэн газрууддаа каталог байрлуулах жижиг номын булан маягийн хэсэг бүтээжээ. 

Тэдний боловсруулсан шийдэл хэр амжилттай хэрэгжих бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

Tenor

🍋 Энэ онд хамгийн буурай хөгжилтэй 75 орон Хятадад $220 тэрбумын өр төлөх тооцоотой. Өнөө 10 гаруй жилийн өмнө Хятадын эхлүүлсэн их бүтээн байгуулалтын “Бүс ба зам” санаачилга энэ оноос зээл олгохоо болин 2030 он хүртэл эргэн төлөлтөө шаардаж эхлэх нь ээ. Харин Монгол, Казахстан тэргүүтэй ашигт малтмал нийлүүлдэг стратегийн түнш орнуудаа одоогоор үргэлжлүүлэн санхүүжүүлэх сурагтай. 

🍋 Хөгжлийн Банк Чойбалсангийн ДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийг санхүүжүүлэв. Ингэхдээ Хятадын Хөгжлийн Банкнаас татан төвлөрүүлсэн ¥420 саяыг эх үүсвэр болгож төслийн 73%-ийг санхүүжүүлсэн аж. Улмаар Дорнод, Хэнтий, Сүхбаатарын 36 сумын өрх, 3,100 гаруй ААН болон уул уурхайн салбарын эрчим хүчний хэрэгцээг хангадаг болжээ. 

🍋 Япон 34 жил эзэгнэсэн дэлхийн хамгийн том зээлдүүлэгч орны статусаа Германд алдлаа. Тодруулбал, тус улсын нийт гадаад хөрөнгө 2023 оны эцсийн байдлаар 2022 оноос 12.9% өсөж ¥533.05 их наяд болсон бол Германых ¥569.65 их наяд болсон байна. Үүнд нэг талаас ¥-н ханш суларсан, нөгөө талаар гадаад худалдаа нь ¥5.33 их наядын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ.

🍋 ЦХИХХЯ “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж дуусжээ. Үндэсний стратегийн алсын харааг товч дурдвал, энэ талбарт Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болох нь. Ингэхдээ 2027 он хүртэл дэд бүтэц бэлтгэх, 2030 он хүртэл мэргэших, цаашлаад бүс нутагтаа манлайлахаар төлөвлөжээ. Тэгвэл ойрын 3 жилдээ AI сургалтыг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах тэргүүтэй ажлуудыг хийх юм гэнэ. 

🍋 Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас зөвшөөрлийн нэгдсэн системээр олгож эхэлнэ. Үүнд, ХББОСЯ-аас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэгтгэжээ. Ийнхүү олон байгууллагаар дамжих, биечлэн очиж гэрээ байгуулдаг үйл явц захаасаа цэгцэрч эхлэх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.