- Lemon Press
- Posts
- 🗓️ Авлаа, хүртлээ, зарлаа
🗓️ Авлаа, хүртлээ, зарлаа
7 Eleven-н тэмцэл | Playtime-д хаягдсан $MSH | Financial Elites 2025
POWERED BY
Morning! Сүхбаатарын талбай дээр нэг том цагаан асар байсан даа, өнөөдөр яг тэнд “UB Food” фестиваль эхэлж байна. 7 хоногийн хугацаатай үргэлжилж, жуулчдыг татах юм гэсэн. Өдөр бүрийн 12:30 цагаас 2-3 тн Узбек плов үйлдвэрлэгдэж гарна гэсэн шүү. Очиж ядаж 1 кг-г нь идье дээ. 🤣😋


*Нэг өдрийн өөрчлөлт
MCE: Өнгөрсөн 7 хоногт Хөдөө аж ахуйн биржээр 6 хэлцлээр ₮6.5 тэрбумын үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжаалагдав.
U.S.: Трампын тарифыг бууруулахаар 50 гаруй улсууд Цагаан ордонд хүсэлт гаргасны сацуу томоохон компаниудын CEO нар хувьцааны үнэ нь 20%-иас доош унавал тарифын шийдвэрийг эсэргүүцэхээ илэрхийлэв.
FRC: Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн талбарт нийтдээ 23 Гүйцэтгэх захирал солигдож, шинээр томилогджээ.

📆 Авлаа, хүртлээ, зарлаа

Энэ жил ногдол ашгийг тойрсон сэдвүүд нэлээн мөлжүүртэй байгаа. ХК-иуд ногдол ашиг тараах шийдвэр гаргахтай зэрэгцсэн савлагааны нөлөө дуусаагүй байтал ногдол ашгийн бүртгэлийн өдөр өнгөрмөгц хувьцаанууд ташраараа унаж байна даа.
🔻 ТОП-20: Дундаж уналт 6.4%
ТОП-20 индексийн сагсны ХК-иудын 14 нь 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараах шийдвэрээ гаргаж, бүртгэлийн өдрөө зарласан. Харин ХХБ (TDB)-ны хувьд ногдол ашиг тараана гэсэн ч аудитын тайлангийн үр дүнгээс тодорхой мэдээлэл нь гарах юм. Дээрх 14 ХК-ийн 12-ийнх нь ногдол ашгийн бүртгэлийн өдөр өнгөрснөөр хувьцааны үнэ нь 3 сарын 21-ний өдрийнхөөс дунджаар 6.4% унаад байна. Тэр дундаа,
Өндөр өгөөж ⬇️ Их уналт: ХААН Банк (KHAN)-ны ногдол ашгийн өгөөж ч, дүн ч хамгийн^2 байсан. ₮373.5 тэрбумын ногдол ашиг тарааж байгаа нь нийт ногдол ашгийн 38.9%-ийг бүрдүүлсэн байх жишээтэй. Харин тэдний ногдол ашгийн бүртгэлийн өдөр өнгөрснөөр хувьцааных нь үнэ хамгийн ихээр уналаа. $KHAN-с өгөөж аваад заръя гэсэн хөрөнгө оруулагч их байжээ гэж.
📉 Уналт 10%+: Цаашлаад IPO үнээсээ гойд өсөөд байсан Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Тавантолгой (TTL), ногдол ашгийн хэмжээ, өгөөжөөсөө болж шуугиан тариад байсан Голомт банк (GLMT)-ны хувьцааны үнэ ч бүртгэлийн өдрийн араас навс^2 унаад байна.
⏳ Үлдсэн хоёр: Харин ХасБанк (XAC) болон Төрийн банк (SBM)-ны бүртгэлийн өдөр 4 сарын 10-нд буюу арай болоогүй байгаа. Энэ ч утгаараа 3 сарын 21-ний үнээс өссөн цорын ганц хувьцаа нь $SBM болоод байна. $XAC ч гэсэн хамгийн бага буюу 0.3% л унасан байгаа юм.
Эцэст нь… Харж байгаачлан өмнө нь ногдол ашиг тараана гэх мэдээ “баярлалаа” гэх лайкаас хэтрэхгүй реакц байсан бол одоо бол шууд худалдан авах, зарж амжих стратегийн тоглолт болжээ. Зарим хөрөнгө оруулагчид “авъя, хүртье, заръя” гэдэг шууд төлөвлөгөөтэй байсан бололтой. Энэ бол ялт ч үгүй зах зээлийн боловсрол сайжирсны дохио билээ.

😮💨 Playtime-д хаягдсан $MSH
MSH: Монголын хамгийн том хөгжмийн Playtime Festival 2024 оноос Монгол Шилтгээнд зохион байгуулагдахаа больсон билээ. Улмаар тус компанийн борлуулалтын орлого 2024 онд жилийн өмнөхөөсөө 2.1 дахин буурч ₮54.6 сая болсноор цэвэр алдагдал нь 43 дахин нэмэгдэж ₮62.4 сая болсон юм. Харин үйл ажиллагааны тайлан нь өчигдөр нийтлэгдсэнээс харахад $MSH хөрвөх чадвараа сайжруулахаар зорьж байгаа гэнэ. Түүнчлэн тэдний өнгөрсөн оны засаглалын кодекс хэрэгжилт 61%-тай байгаа билээ.

🙇🏻 50 гаруй орон Америктай гадаад худалдааны хэлэлцээр хийх санал тавьж. (EconomicTimes)
🗯️ Татварын хуулийн шинэчлэл эдийн засагчийн нүдээр. (iSee)
🎭 “Монгол Хаан” комик ном Испанийн номын зах зээлд хөл тавив. (TamgaguiTur)
🫷🏻 Хятадын залуу үеийнхэн “Азийн бар” философиос татгалзах болсон уу? (SixThone)

🏦👔 Financial Elites 2025
Календарь дээрээ тэмдэглээрэй! СЭЗИС-ийн ОУ-ын хөтөлбөрөөс ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэргэжилтнүүддээ зориулан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Financial Elites Event” цар хүрээгээ тэлж ОУ-ын чуулга уулзалт хэлбэрээр болох гэж байна. 📢
Тус чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийг дэмжсэн стратегийн шийдвэр гаргалтыг компаниудын урт хугацааны бодлогод тусгаж өгснөөр бизнесийн өсөлт, хөгжил болон бусад оролцогч талуудад ямар эерэг нөлөө үзүүлж болох талаар хэлэлцэх юм.
📍 Хаана: Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт, Juulchin Ballroom
🗓️ Хэзээ: 5 сарын 9

Тэмцэл: 7 Eleven 🆚 Хөрөнгө оруулагчид

Дэлхийн алдарт сүлжээ дэлгүүр 7 Eleven-н толгой компани энэ онд Гүйцэтгэх захирлаа сольж, зарим бизнесүүдээ зарах, цаашлаад Японы корпорацын түүхэнд байхгүй өндөр дүнгээр хувьцаагаа халааслах гэхчлэн тун завгүй гүйж байна. Юуны тулд?
Шинэ замдаа
Өнөө манай зах зээлээс арчигдсан Circle K сүлжээ дэлгүүрийн толгой компани Couche-Tard өнгөрсөн онд 2 ч удаа 7 Eleven-н 20%-ийг худалдан авах санал тавьсан. Сүүлд гэхэд $47.5 тэрбумыг санал болгосон ч компани бизнесийг нь дутуу үнэлж байна гээд халгаахгүй байгаа. Хэрэв талууд хэлэлцээрт хүрсэн бол энэ нь Япон компанийг гадаад компани худалдан авсан хамгийн өндөр дүнтэй хэлцэл болох байсан юм.
🙂↕️ Харин нөгөө талд хөрөнгө оруулагчид нь компанийн удирдлагуудыг энэ олон жил дорвитой хөдлөөгүй болохоор Circle K шиг газартай нэгдэх дээрээ тулж байна хэмээн зэмлэх болсон. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид ашгаа бодож Couche-Tard-тай нэгдэх сонирхолтой байгаа бол компани дангаараа ажиллаж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа.
Энэ бүх гадаад, дотоод дарамтуудаас болж Seven & i (SVNDY) өнгөрсөн 10-р сард стратегиа шинэчлэхээр болж хараат бус захирал Стивен Хэйс Дакусыг группийн дараагийн CEO-р томилохоо зарлаж байв. Улмаар энэ оны 3-р сард компанийн анхны гаднаас сонгогдсон Ерөнхийлөгч болсон ч зарим хөрөнгө оруулагч түүний томилгоог эсэргүүцэж байгаа тул удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурал ширүүхэн болох төлөвтэй.
👨🏻 Шинэ CEO-н хийх гол ажил
Seven & i-н ойрын гол зорилго нь Америкт IPO хийх. Бүр цаашлаад, IPO-н хугацаагаа ирэх оны II улирлаас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа. Мөн IPO-д бэлдэх болон Couche-Tard-н хэлцлийг хаахаар тэд ирэх жилүүдэд $13.2 тэрбум буюу чамгүй их дүнгээр хувьцаагаа халааслахаар шийдвэрлэжээ. Үүгээр тогтохгүй зөвхөн сүлжээ дэлгүүрийн бизнестээ төвлөрч супермаркет болон сүлжээ дэлгүүрийн бус бизнесүүдээ Bain Capital-д $5.4 тэрбумаар зарахаар болоод буй.
Эцэст нь… IPO хийхийн тулд Стивен Хэйс Дакус хувьцаа эзэмшигчдэд 7 Eleven дангаараа бие дааж үйл ажиллагаа явуулах чадалтайг батлан харуулах сорилттой тулж байна. Үүний тулд компани зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг намдаах стратегийн алхмууд хийж байгаа ч хөрөнгө оруулагчдад нь хангалттай санагдахгүй л байгаа бололтой.

Excel дээр 2 болон түүнээс дээш багц өгөгдлийг нэгтгэх CONCATENATE функцийг ашиглах арга хуваалцъя. 👇🏻
Эхлээд А баганад “Овог”, Б баганад “Нэр”, С баганад “Албан тушаал” өгөгдсөн байя. Эндээс D баганад эдгээрийн өгөгдлийг “Овог - Нэр: Албан тушаал” болгон нэгтгэнэ.
Жишээлбэл, A2 нүдэнд “Дорж”, B2 нүдэнд “Бумаа”, C2 нүдэнд “Менежер” гэдгээс D2 нүдэнд “Дорж - Бумаа: Менежер” утгыг гаргаж авахын тулд тус нүдэнд =CONCATENATE(A2, "-", B2, ":", C2) ийн утгачлахад л болох нь.
🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй. Том өгөгдөл дээр их дэм болно шүү.


Tenor
🍋 “A Minecraft Movie” нээлтээ хийсэн эхний 2 хоногт дэлхий даяар $301 саяыг оллоо. Ийнхүү тус уран бүтээл видео тоглоомоос сэдэвлэсэн кинонуудын салбарт нээлтийн орлогоороо рекорд тогтоосны сацуу бүтсэн зардлаа 2 нугалж нөхөөд авав. Түүх сөхвөл, 2023 онд "The Super Mario Bros. Movie" нээлтийн 7 хоногтоо $146 саяыг олж рекорд тогтоож байв.
🍋 2030 он гэхэд НДС-ийн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо өнгөрсөн оноос 40% нэмэгдэж 7 болно. Тодруулбал, энэ оны эхний 2 сард нийт тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үеэс 3.7% өсөж 405.3 мянга болсон бол нийт олгосон тэтгэврийн дүн 29.7% өсөж ₮724.5 тэрбум болжээ. Иймд ГБХНХЯ хагас хуримтлалын болон олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх гэхчлэн бодлого хэрэгжүүлэх юм гэнэ.
🍋 TikTok-н Америк дахь бизнесийн эзэмшигч 6 сарын 18-нд ил болно. TikTok энэ сарын 5-нд Америкт хаагдах байсан ч гэрээ байгуулах үйл явцад зориулан хугацааг ийн сунгаж. Тэгвэл шинэ компани “TikTok America” нэртэй байх ба нийт хувьцааны 30%-ийг Америкийн хөрөнгө оруулагчид, 50%-ийг гаднын хөрөнгө оруулагчид, үлдсэн 20%-ийг ByteDance эзэмших сурагтай.
🍋 Prada (PRDSY) Versace-г $2.5 тэрбумаар худалдан авахаар хэлэлцэж байна. Тодруулбал, Prada Goldman Sachs (GS) тэргүүтэй бусад ТОП хөрөнгө оруулалтын банкнуудын тусламжтай $1.5 тэрбумыг босгох бол, нэмэлтээр $1 тэрбумыг Versace-н “Medusa” брэндийг сэргээж, шинэчлэхэд төсөвлөжээ. Үүнд бэлдсэн бололтой, Donatella Versace өнгөрсөн сард Versace-н бүтээлч захирлын суудлаа орхисон юм.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply