💭 Мөрөөдлийн 85 сая

Intel эргэн сэргэх үү? | $LEND X ЖДҮ | Түрээсийн залилан

POWERED BY

Өглөөний мэнд! Ирэх сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Итгэл Найдвар, Боломж-Улаанбаатар” марафон болно. Эрүүл амьдралын хэв маяг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тус марафоныг Ахиллис Монгол ОУБ зохион байгуулж байна. Манай гүйх дуртай лимончууд маань ЭНД дарж бүртгүүлээрэй. 💪🏼

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар АМНАТ тооцоход жишиг үнээр тооцдог байсан аргачлалыг халж, бодит үнээр буюу уул уурхайн биржийн үнээр тогтоохоор шийдвэрлэв.

MOFA: Энэ онд улсын хэмжээнд нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн нь 2024 оны гүйцэтгэлээс 60.7 мянган га буюу 10.5% буурсан үзүүлэлт болов

NPA: Цахим орчинд байр худалдах, түрээслүүлэх 430 гаруй зарын 30% нь худал мэдээлэл, залилангийн шинжтэй гэж тогтоогджээ.

😰 Ирэх жил 85 сая тн нүүрс экспортолно

Эрх баригчид маань 2026 онд 85-90 сая тн нүүрс экспортолно гэж ам бардам мэдэгдлээ

👨🏻‍🏫 Тайлан тавив

Өнгөрсөн 6-р сард байгуулагдсан ЗГ-ын том зорилго бол экспортыг нэмэгдүүлэх байлаа. Үүний хүрээнд шинээр байгуулагдсан ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бий болгох, экспортыг шат дараатай нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр 3 дэд хэсэгт хуваагдан ажиллажээ.

  • 🌱 Үр дүн: Ажлын хэсгийн үр дүнд нүүрсний экспорт нэг сарын дотор өмнөх саруудын дунджаас 30% өсөж нийт 8.4 сая тн-д хүрчээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 7-р сард 3 сая тн нүүрс, энэ сарын 19-ний байдлаар 2.5 сая тн нүүрс тус тус арилжаалсан аж. 

🪄 Жинхэнэ шалтгаан

Экспортын өсөлт нь ЗГ сайн ажилласан гэхээсээ илүү урд хөршид гангийн экспортын өсөлтөөс улбаатай. Учир нь өнгөрсөн 7-р сард Хятадын гангийн экспорт өмнөх сараас 1.7% өсөж 9.8 сая тн болсон. Нөгөө талаар нүүрсний биет экспорт өсөж буй ч үнэ нь дорвитой өсөхгүй байгаа нь гунигтай. Хэчнээн ихийг гаргаад ч овойж оцойсон орлого орж ирэхгүй юм даа.

🧠 Мастер төлөвлөгөө

Цаашлаад, Гашуунсухайт хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг ашиглаж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх аж. Ингэхдээ Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахаар болжээ. Мөн гаалийн үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломжийг сайжруулах гэнэ.

Эцэст нь… Өнгөрсөн 7-р сард нүүрсний экспортын гүйцэтгэл 2025 оны төлөвлөгөөний 51.6%-д буюу 41.3 сая тн-д хүрсэн. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг 7 хоног бүр хуралдаж мэргэн санааг олноор нь үйлдвэрлэж байгаа бололтой. Гэхдээ урдах төлөвлөгөөндөө хүрэх үү эс хүрэх үү гэдэг сонирхолтой. Экспортолсон хэмжээ биш экспортоос олох орлого чухал байна даа. 🍿 

  • 🌚 Тэнгэрийн вангийн бяцхан сар. (ABCNews)

  • 🏆 Олон улсын математикийн олимпиадаас Монгол Улс 21 медаль хүртлээ. (AKIPress)

  • 🐎🏹 Морин харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно. (InsideMongolia

  • 🤙🏻 “Made by Google 2025”-н сонин хачин. (TheVerge)

💖 $LEND X ЖДҮ

LEND: Саяхан АНД Глобал ХХК Series B шатанд $21.4 саяын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгдсэн билээ. Компани татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаа гадаад болон дотоодын зах зээлд зориулж 2 ангилан захиран зарцуулах аж. Түүнчлэн дотоодын зах зээлд охин компани болох $LEND-ээрээ дамжуулж ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, зээл олголтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ дээ. 

⁉️ Intel эргэн сэргэх үү? 

Энэ оны 4-р сараас хойш хувьцааны үнэ нь тасралтгүй өсөж, бараг сар бүр түүхэн дээд амжилтаа эвдэж байсан SoftBank (9984.T)-д хар өдөр тохиож хувьцааны үнэ нь нэг өдрийн дотор 9.2% уналаа. 

🚨 Уналт дагуулсан хөрөнгө оруулалт

Өнгөрсөн Даваа гарагт SoftBank Intel (INTC)-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Улмаар SoftBank $INTC-н 6 дахь том хөрөнгө оруулагч болж байгаа хэдий ч компанийн ТУЗ-д орох хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм. Intel нэгэн цаг үед технологийн ирээдүйг тодорхойлох луугар чип үйлдвэрлэгч гэгдэж явсан ч 2021 оноос хойш хямарч, өнгөрсөн жилээс хямрал нь улам гүнзгийрэх болсон. 

  • 📉 Тодруулбал, 2021 онд $INTC бусад компанийн чипийг үйлдвэрлэж TSMC (2330.TW), Samsung (095930.KS) зэрэг Азийн томчуудтай өрсөлдөхөөр $20 тэрбумын хөрөнгө оруулалттай гэрээт чип үйлдвэрлэлийн бизнестэй болохоо мэдэгдэж байсан. Гэсэн ч хэт өндөр дүнтэй хөрөнгө оруулалт нь одоогийн хямралд хүргээд буй. 

  • 🫀 Гэтэл өнгөрсөн жилийн 9-р сард Intel Qualcomm (QCOM)-д бизнесээ зарах, эсэх талаар яриа гарч байсан компанийн хувьд гэнэтхэн SoftBank-с хөрөнгө оруулалт татсан нь Америкийн ЗГ тэдний 10%-ийг худалдан авах талаар шуугих болсонтой холбон тайлбарлах хүмүүс олширч байна. 

😋 SoftBank-н аппетит

SoftBank-н хувьд сүүлийн 2 жилд AI-д амтшиж OpenAI-н бараг бүхий л хөрөнгө босголтод оролцох болсон. Тэдний Intel-д хөрөнгө оруулсан шалтгааныг улс төрийн том зураглалын нэг хэсэг буюу Япон болон Америкийн байгуулсан чипийн хэлцэлтэй холбох өнцөг байгаа ч SoftBank өнгөрсөн 3-р сард Intel шинэ CEO-гоо томилсноос хойш хөрөнгө оруулах яриа хэлэлцээрээ идэвхжүүлснийг дурдах нь зүйтэй.

  • 💡 Сонирхолтой нь Intel-н шинэ CEO Лип-Бу Тан нь SoftBank-н ТУЗ-д ажиллаж байсан нэгэн гэх утгаараа талууд зөвшилцөлд хүрэхэд илүү амархан байсан биз ээ. 

Эцэст нь… Intel-г чипийн титан гэж зүгээр ч нэг өргөмжилчхөөгүй. Тэд чипийн дизайнаа гаргахаас эхлээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл хүртлээ бүгдийн өөрсдөө буюу гуравдагч компаниас хамааралгүй цөөн хэдэн компаниудын нэг. Гэсэн хэдий ч чипийн өрсөлдөөний гол зэвсэг болох A18 чип нь өрсөлдөгчдийнхөөсөө сул хэвээр. Юутай ч энэ оны II хагасаас тус чипийн масс үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвтэй байгаа. Хүлээж л сууя. 

5.2%
Энэ оны эхний 7 сард бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын тоо жилийн өмнөхөөсөө 5.2% өсөж 3.5 мянгад хүрсэн байна.
₮34.4 тэрбум
Уг аюулт үзэгдэл, осол нь нийт ₮34.4 тэрбумаар хэмжигдэх хохирол учруулсан нь жилийн өмнөхөөс 26.1% нэмэгджээ.
95.9%
Нийт гарсан аюулт үзэгдэл, ослын 95.9% нь хүний үйл ажиллагаатай холбоотой байсан аж.

Giffy

🍋 Улаанбаатар хотод 9 сарын 15-наас эхлэн түүхий нүүрс түлэх хориотой! Улмаар уурын болон усан халаалтын зуухнууд, ААН-үүд баяжуулсан нүүрс буюу мидлинг хэрэглэх бөгөөд нийлүүлэлтийг нь Тавантолгой түлш ХХК хариуцаж, Энержи Ресурс ХХК-ийн шигшсэн мидлингийг нийлүүлэх аж.  

🍋 Казахстаны ЗГ AI, дижитал шилжилтээ хурдасгахын тулд дижитал төв байгууллаа. Мөн төрийн байгууллагуудын мэдээллийн системийг нэгтгэх иж бүрэн төлөвлөгөө, AI-д зориулсан мэдээллийн массивтай ажиллах журам, ЗГ-ын мэдээллийг “Smart Data Ukimet” платформ дээр нэгтгэх цаглабарыг баталжээ.

🍋 ЗГ экспортыг нэмэгдүүлэхээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг хялбаршуулна. Одоо мөрдөж байгаа журам нь 13 бүлэг харилцааг зохицуулсан, олон шат дараалалтай, баталгаажуулалт хийхээр нарийвчлан тогтоосон 198 зүйл бүхий заалттай байсан бол шинэ журмыг 6 бүлэг, 105 зүйлтэй болгож багасгажээ.

🍋 Монголыг зорих жуулчдын тоо энэ оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 21.5% өсөж 457,158-д хүрчээ. Өнгөрсөн онд нийт 727,400 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого $1.6 тэрбумыг давж байсан. Одоогийн хурдаа хадгалбал аялал жуулчлалын салбар ахин нэг дээд амжилтаа эвдсэн жилийг үдэх төлөвтэй байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.