- Lemon Press
- Posts
- 👆🏻 Эргүүлэн татахад нэг хуруу дутуу
👆🏻 Эргүүлэн татахад нэг хуруу дутуу
Гадаад төлбөр, тооцооны апп-ууд | Америкийн айхтар төсөв | Samsung-н халуурал |
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр Монгол орны хэд хэдэн бүс нутагт энэ жилийн анхны бороо оржээ. Мөн өнөөдөр ч бороо орох магадлал тун өндөр байна. Гэхдээ хаврын улирал тул цас орж ч магадгүй. Тиймээс нөхцөл байдалд тохируулан лимонууддаа хоёр төрлийн дууны жагсаалт санал болгож байна. Хэрэв бороо орвол ЭНД, цас орвол ЭНД дарж энэ өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй. ❄️💧


*Нэг өдрийн өөрчлөлт.
CUS: Өмнөх 3-р сард Монгол Улсын экспортолсон чулуун нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 66.8% өсөж 26.3 сая тн-д хүрчээ.
GOV: Энэ онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, хаврын тариалалтыг хэвийн явуулахын тулд 10 мянган тн шатахууныг л тутамд ₮3,400-өөр нийлүүлэхээр болов.
MNG: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсныг хойшлууллаа.

🏙️ Хотын төв дэх зэн архитектурын шийдэлтэй оффисын барилга

Хотын төвд оффис хайж буй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт зориулан ITC Tower-р зочлов.
📅 2026 оны 3 сарын 27
⏲ 11:30
📍 ITC Tower
Барилгын талаар товчхон
2016 онд UB Group тус барилгыг худалдаж авч, 8 давхар өргөтгөлтэйгөөр 2 барилгыг холбосон ITC Tower-г сүндэрлүүлжээ. Товчхондоо ICT Tower нь 16 давхар бүхий оффисын зориулалттай үндсэн блок, 8 давхар өргөтгөл, хажуудаа Ballroom ZU эвэнт холл гэсэн 3 блокоос бүрдэж буй. Тус барилга 27,700 м² бүхий оффисын талбайтай гэж байгаа.

🤑 Гадаад төлбөр, тооцооны апп-ууд

Саяхан Mongol iD Holdings-н охин компани Takara Solutions Узбекистаны Humo-той хамтарч 2 орны төлбөр тооцооны асуудлыг шийдэх тухай мэдээ гарсан. Тэгээд бодлоо. Ер нь манай төлбөр тооцооны апп-ууд хэр хөгжиж байна, хаана ямар апп-аар төлбөр, тооцоо хийх боломжтой байгаа талаар судалъя.
🗺️ Өргөн сүлжээ
2 жилийн өмнө Apple Pay, жилийн өмнө Google Pay нэвтэрснээс хойш монголчууд 3 банкны тусламжтайгаар дэлхийн аль ч оронд төлбөр, тооцоогоо хялбархан хийх боломжтой болсон. Тэднээс тусдаа яг төвлөрсөн зах зээлээр харах юм бол манай төлбөр, тооцооны апп-ууд Хятадын зах зээлд илүү төвлөрч буй. Тухайлбал, ХААН Банк (KHAN), HiPay AliPay-тай тус тус хамтран ажилладаг. Сүүлд SocialPay WeChat-д холбогддог болсон.
🔥 Харин сүлжээ талаас нь харвал UnionPay-н сүлжээ бүхий дэлхийн 50 гаруй оронд төлбөр хийх боломжтой гэхээр гадаад төлбөр, тооцоо дээр бараг л SocialPay тэргүүлэх байр суурьтай явж буй.
👉🏻 Узбекистан х Монгол: Takara Solutions-н яриа руу эргэн ороход тус компани нь Сингапурт төвтэй монгол компани бөгөөд HUMO-той хамтран эхний ээлжид картаар, дараагийн шатанд QR-р төлбөр төлдөг болохоор ажиллаж байгаа бололтой.
🤾🏻 Үсрэнгүй хөгжил
Ер нь л сүүлийн 5-6 жилд Монголын төлбөр тооцооны зах зээл сүүлийн үсрэнгүй хөгжих болсон. Монголбанкны мэдээлснээр 2023 онд банкны нийт гүйлгээний 99.4% нь дижитал хэлбэрээр хийгдэж байжээ. 3 жилийн өмнө буюу Apple Pay, Google Pay гэхчлэн картны хэрэглээг халсан шийдэл нэвтрээгүй байхад ийм байсан гэхээр одоо бол бараг бүрэн дижиталчлагдсан гэж бодохоор.
🧐 Уг өсөлтөд ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэн гэхээсээ илүү QR, дижитал хэтэвч, банкны супер апп-ууд эрчимтэй дэлгэрч буй нь нөлөөлж буй. Угаас бид чинь гар утасны хэрэглээ маш өндөр ард түмэн.
Эцэст нь… Уншигчид маань гадагш явахдаа төлбөр, тооцоогоо юугаар хийж байна? Дотоодын апп-ууд хэрэглээтэй байж чадаж байна уу? Аль эсвэл ApplePay, GooglePay, карт ашиглаж байна уу?

👊🏻 УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ нэг дуутай, нэг үзэл бодолтой байлгахыг тулгав. (news.mn)
🚽 Сар луу ниссэн Artemis II хөлгийн жорлонг бүтээхэд $23 саяын зардал гарчээ. (Smithsonian)
🚗 Toyota Prius автомашин Японд мэндэлж, Монголд ясаа тавьж байна. (CNA)
🤕 Шинжилгээний хариугаа AI-р оношлуулах нь хэр аюултай вэ? (WSJ)

🔥 Samsung Electronics-н халуурал
005930.KS: 2026 оны I улиралд Samsung Electronics-н үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 755% өсөж ₩57.2 их наядад хүрчээ. Үүнд AI чипийн эрэлт огцом өссөн нь жинтэй нөлөө үзүүлсэн ба тайлант хугацаанд компанийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 68% өсөж ₩133 их наядад хүрсэн аж. Цаашлаад, энэ улирлын Samsung Electronics-н үйл ажиллагааны ашиг нь 2025 оны бүтэн жилийн ашгийг давахуйц хэмжээний үзүүлэлт байв. Ингэснээр өчигдөр компанийн нэгж хувьцааны үнэ 1.8% өсөж ₩196,500 дээр хаагджээ.

📈 Анхаарал татсан Америкийн төсөв

Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Америкийн ирэх жилийн төрийн яамнуудын төсвийг танилцууллаа. Дайн дажин, зах зээлийн савлагаатай энэ цөвүүн цагт тус төсвийн төсөл дотор сонирхол татах олон тоо байна. Тэгвэл өнөөдөр яг юу нь хүмүүсийн сонирхлыг тэгж ихээр татаад байгааг хамтдаа харцгаая.
🇺🇸 Том зураглал
Ирэх санхүүгийн жилд Америк төсвийн орлогоо $5.9 их наяд, зарлагаа $8.1 их наяд байхаар тусгагдсан бөгөөд үүний үр дүнд төсвийн алдагдал $2.2 их наядад хүрэх аж. Сонирхуулахад, ирэх жилийн төсвийн орлого өмнөх оноос 13%, зарлага 7.4% тус тус өсөхөөр тооцсон байна.
🔎 Яамдын задаргаа: Нийт 15 яамны 10-ынх нь төсөв $59.2 тэрбумаар танагдах бол үлдсэн 5 яамны төсөв $459.6 тэрбумаар өсөх хүлээлттэй байна. Хамгийн их төсвөө тануулсан нь Гадаад харилцааны яам ба ирэх жил тус яамны төсвийг өмнөх оноос $15.5 тэрбумаар бууруулж $35.6 тэрбумд хүргэх саналыг гаргажээ.
🪖 Хамгийн том өсөлт
Америкийн яамнуудыг төсвөөс өсөлтөөр Батлан хамгаалах яам тэргүүлж байна. Тухайлбал, ирэх жил тус яамны төсөв өмнөх оноос ойролцоогоор $440.9 тэрбумаар өсөж $1.5 их наядад хүрэхээр тусгагджээ. Хэрэв тус төсөв батлагдвал Дэлхийн II дайнаас хойших Америкийн батлан хамгаалах яамны хамгийн өндөр төсөв болно.
💣 Дарийн үнэр: Тус төсвийг тэнгисийн хүчний хөлөг онгоц, шинэ үеийн сөнөөгч онгоц, цөмийн зэвсгийн шинэчлэл зэрэг төслүүд рүү зарцуулахаар төлөвлөжээ. Эндээс ойрын дайн, тулаан идэвхтэй хийж буй Америк 2027 онд ч тайван суухгүй нь харагдаж байна даа.
Эцэст нь… Өчигдөр сарыг зорьсон Artemis II хөлөг хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй сансрын уудамд хүрч, хөлгийн жолоогоо Дэлхий рүү залсан билээ. Тэгсэн энэхүү амжилтыг Доналд Трамп NASA-н төсвийг $5.6 тэрбумаар танах болсноороо бэлэг барьж буй бололтой. 🤔

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ!Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Уг хуулийн төслийг юу гэж бодож байна? |


Tenor
🍋 Tous Les Jours өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын зах зээлд 1.7 сая бялуу борлуулжээ. Тус фрайнчазын толгой компани болох CJ Foodville энэ жил Монголын зах зээлд нэвтэрсний 10 жилийн ойгоо тэмдэглэж, хугацаанд 24 салбартай болсноо мэдээлэв. Цаашлаад, тус дүн нь нийт хүн амтай харьцуулахад, 2 хүн тутмын 1 нь тэдний бялууг худалдан авсантай дүйцэх дүн хэмээсэн байна.
🍋 Pershing Square сан €55.8 тэрбумаар Universal Music Group (UMG.AS)-г худалдан авах саналыг тавьлаа. Билл Акманы удирддаг тус хөрөнгө оруулалтын сан $UMG-н нэгж хувьцааг €30.4-гоор үнэлсэн нь компанийн сүүлийн өдрийн хаалтын үнээс даруй 78% өндөр дүн аж. Тус хэлцэл батлагдвал $UMG Pershing Square SPARC Holdings-тай нэгдэж, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэгдэнэ.
🍋 Казахстан болон Монгол спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Казакстаны Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч болон төлөөлөгчид Монголд айлчилж, 2 орны спортын салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх, MoU боловсруулах асуудлаар санал солилцжээ.
🍋 АТГ-ын зөвлөмжөөр Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээсээ ₮150 тэрбумаар, тэтгэврийн нөөц санд байршуулсан хөрөнгөөс ₮85 тэрбумаар ЗГ-ын дотоод бонд худалдан авлаа. Энэ нь АТГ-ын гүйлгээн дэх бэлэн бус төлбөр тооцооны эзлэх хувийг нэмэгдүүлж, төсвийн орлогын суурийг өргөжүүлэх ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байгаатай холбоотой гэнэ ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply