🐼 Халуухан панда

ТОП-20: Намрын өнгө | Онцгой өсөлттэй $AMD | ЭЗ-н өсөлт 5.9%

POWERED BY

Өглөөний мэнд! Цаана чинь Instagram шилдэг контент бүтээгч нартаа “Ring” хэмээх шагналыг өгөх болсныг дуулсан уу? Ирэх 7 хоног хүртэл бүтээлч байдал, соёлын нөлөөллөөрөө онцгойрч чадсан хамгийн шилдэг 25 контент бүтээгчийг шалгаруулж, мөнгөн бус урамшуулал олгох гэнэ дээ. Манай лимончууд дундаас энэ шагналыг авах чадал чансаатай хүн байна уу? 😜 

*Нэг өдрийн өөрчлөлт.

WB: Дэлхийн банк Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 нэгж хувиар бууруулж 5.9%-т хүргэлээ.

GOLD: Америкийн Засгийн газрын төсөв тасалдсанаас шалтгаалж алтны үнэ нэг унц нь $4,000.1-т хүрснээр түүхэн дээд үнээ дахин шинэчиллээ

XAC: ХасБанк ХК (XAC) хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлж, ирэх 8 сарын хугацаанд 5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮980-өөр тооцон, ₮4.8 тэрбум хүртэл үнийн дүнгээр эргүүлэн худалдан авна.

🍂 ТОП-20: Намрын өнгө

Хөрөнгийн зах зээлийн өнгийг илэрхийлэх ТОП-20 индекс оны эхнээс 3.5% унаж 49,676 нэгжид хүрчээ. Хөрөнгө оруулагчдын хувьд дулаахан биш сэрүүхэн намар болоод байна уу даа? 

🥶 Уналттай 14 

Хувьцааны үнэ унаад буй 14 компанийг 22.1%-ийн уналттай Монголын Хөрөнгийн Бирж (MSE) цойлж яваа бол тэдний араас Инвескор ББСБ (INV) 15.2%-ийн уналтаар удаалж явна. Томоор нь харвал, нийт 14 компанийн хувьцааны үнэ дунджаар 9.8% унаад байна.

  • 💼 Шинэ удирдлага: Өчигдөр $MSE-н Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хаш-Эрдэнэ томилогдсон. Тус мэдээ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцсэн эсэх эргэлзээтэй. Учир нь өчигдөр компанийн нэгж хувьцааны үнэ 4.6% унаж ₮276.5-т хүрсэн аж.

  • 👋🏻 Орхин одох нэгэн: $MSE-н бүртгэлээс гарахаар Говь (GOVI) мэдэгдэл гаргаад 2 сар өнгөрчээ. Санхүүгийн Зохицуулах Хорооноос тус үйлдлийг зогсоохыг мэдэгдсэн бол компанийн зүгээс нэгэнт гаргасан шийдвэрээ буцаахгүй гэдгээ зарласан. Тус компанийн нэгж хувьцааны үнэ оны эхнээс 9.4% буурч ₮235.2-т хүрээд байна.

🔥 Өсөлттэй 6

Өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь өсөлттэй яваа компанийн тоо 6-д хүрсэн ба эдгээр компанийг 31.2%-ийн өсөлттэй Сүү (SUU) тэргүүлж явна. Үүний араас ХасБанк (XAC) 15.4%, ХААН Банк (KHAN) 12.2%-ийн өсөлтөөр ард нь бичигджээ. Өсөлттэй 6 компанийн 4 нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй нь нэг зүйлийн дохио гэлтэй.

  • ⚡️ Огцом өсөлт: Өчигдрийн арилжаагаар $XAC-н нэгж хувьцааны үнэ 7.3% өсөж ₮953.2-т хүрээд байна. Тус өсөлт нь энэ оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮18-ийн ногдол ашиг тараах мэдэгдэл болон нэгж хувьцааг ₮980-өөр эргүүлэн худалдан авах шийдвэртэй холбоотой аж. 

Эцэст нь… ТОП-20 компанийн хувьцаа намрын улирлаар бол урин цагт төдийлөн шим тэжээлээ авч чадалгүй хүйтэн өвөлтэй золгох бололтой. Он дуустал ТОП-20 компанийн хувьцааны үнэ хэрхэх бол? Арай зуд болчихгүй байгаа? 😬

  • 💊 Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг цахимаар харах боломжтой болж. (ЭМЯ)

  • 👊 Монголын улс төрийн зодоонд хэн нь ялах бол? (iToim)

  • 🎴 Орос шатахууны экспортдоо хориг тавивал бидэнд ямар хөзөр үлдсэн бэ? (AzerNews)

  • 🫸 Дуудлага хүлээж авахын өмнө залгаж байгаа шалтгааныг нь хардаг болох уу? (MacRumors)

👾 Онцгой өсөлттэй $AMD 

AMD: Чип үйлдвэрлэгчдийн нэг Advanced Micro Device болон OpenAI ирэх жилүүдэд Instinct GPU-г нийт 6 гигаватт хүртэл хүчин чадлаар ашиглах гэрээ байгуулжээ. Эхний 1 гигаваттын суурилуулалт 2026 онд эхлэх ба гэрээний хүрээнд OpenAI-д $AMD-н ойролцоогоор 10%-ийг эзэмших эрх бүхий хувьцааны опцион эрх олгосон аж. Үүнтэй холбоотой $AMD-н нэгж хувьцааны үнэ 23.7% өсөж $203.7-т хүрчээ. 

🇨🇳 Бүс ба Зам → Юанийн өр → Хятадын нөлөө

Гадаадын зээлдэгчид Хятадын дотоодын бондын зах зээлийг овоо хараандаа аваад панда бонд ч секси болж байна даа. 

  • 📌 Юун панда вэ? Панда бонд гэдэг нь гадаадын байгууллага эсвэл улс орон Хятадын дотоодын бондын зах зээлд юаниар үнэт цаас гаргах буюу Хятад дотор, Хятадын мөнгөн тэмдэгтээр зээл авахыг хэлж буй. 

🐼 Панда секси болохын учир

Сүүлийн жилүүдэд Хятадын санаачилсан “Бүс ба Зам” төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орнууд олноороо панда бонд гаргаж эхэлсэн нь хэд хэдэн шалтгаантай. 

  • 🔍 Нэгт: Панда бондын хүү олон улсын зах зээлтэй харьцуулахад бага тул орнууд төсөл, хөрөнгө оруулалтаа хямд өртгөөр санхүүжүүлэх боломжийг олгож буй. Хоёрт, панда бонд гаргаснаар эдгээр орнууд юаньд суурилсан санхүүжилттэй болж $, €-ны хамаарлаа бууруулж валютын бүтцийг төрөлжүүлэх боломжтой.

  • 💪 Нөлөө тэлнэ: Үүнээс гадна Хятадын дотоодын банкнууд, сангуудтай харилцаагаа бэхжүүлж, ирээдүйд “Бүс ба Зам”-ын дэд бүтцийн төслүүдэд Хятадын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр панда бонд нь Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг тэлэх нэгэн чухал хэрэгсэл болж буй. 

🎎 Bye Samurai, Hi Panda

Өнгөрсөн сарын байдлаар ¥389 тэрбум буюу $54.6 тэрбумын панда бонд зах зээлд эргэлдэж байгаа нь гадаадын компаниудын Японд гаргадаг самурай бондоос давжээ. Унгар Улс л гэхэд өнгөрсөн 7-р сард 3 ба 5 жилийн хугацаатай ¥5 тэрбумын панда бонд гаргаж дээд амжилт тогтоосон аж. Мөн Пакистан АХБ болон AIIB-с панда бондын баталгаа авсан бол Казахстаны төрийн өмчит хөрөнгө сан панда бонд гаргах төлөвлөгөөгөө батлуулжээ.

Эцэст нь… Хэдийгээр панда бондын хөрвөх чадвар сул, хөрөнгө оруулагчдын хүрээ хязгаарлагдмал ч компаниуд болон улс орнууд Хятадтай стратегийн холбоогоо гүнзгийрүүлэх, $-н хамаарлаа бууруулах зорилгоор ихэд сонирхдог болж. Хэдэн жилийн дараа энэ сэдвийг дахин хөндөхөд панда бондын зах зээл тэрбумаар ч хэмжигдэхээ больсон байж мэднэ. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсах нь энгийн үзэгдэл мэт боллоо. Гэвч тус салбаруудын яамд нүдэн балай, чихэн дүлий явсаар. Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

🍜 Үндэсний брэнд Лапша

Мэдэх үү? Лапша брэнд нь бүх түүхий эдээ дотоодын ААН-үүдээс авдаг төдийгүй сав баглаа боодлоо ч үндэсний хэвлэлийн үйлдвэрээс худалдан авдаг, 99%-ийн дотоодын худалдан авалттай брэнд юм. 📢

Тэгвэл 100% Монгол ажилчдын гараар бүтдэг үндэсний брэнд ямар байдаг гээч?

  • 🍲 Үйлдвэрлэл, орц найрлага: Лапша брэндийн бүтээгдэхүүнийг Роботжсон технологи бүхий бүрэн автомат үйлдвэрт, Монголын эрүүл хөрсөнд ургасан улаанбуудайн түүхий эдээр элковитоор баяжуулан бэлтгэдэг аж.

  • 💡 Элковит гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай В1, В2, В3, төмөр, цайр, фолийн хүчил зэрэг суурь аминдэм, эрдсүүдийг хэлнэ. ЭНД дарж элковиттой гоймон болон энгийн гоймонгийн ялгааг хараарай.

Гэснээс 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэж хэвшсэнээр хоол боловсруулах эрхтний аливаа өвчнөөс сэргийлэхэд дэм болдог гэнэ шүү.

The Economist

🍋 Францын ЕС Себастьян Лекорню албан тушаалаа хүлээн авснаас ердөө 26 хоногийн дараа огцорлоо. Тэрээр ЗГ-ын бүрэлдэхүүнээ танилцуулснаас хойш ийнхүү 1 хоногийн дотор огцорсноор өнгөрсөн 12-р сараас хойш албан тушаалаа өгсөн 3 дахь Францын ЕС болов. Гэснээс Францын төсвийн алдагдал өнгөрсөн онд ДНБ-ий 5.8%-д, улсын өр 114%-д хүрснээр Европын хэмжээнд Грек, Италийн дараа III-т жагсаж байна. 

🍋 Дамбадаржаа ДЦС-ын барилгын ажлыг Metallurgical Corporation of China гүйцэтгэж байна. Тус компани нь уг төслөөс гадна Монголын Ногоон нуур дахь 1,008 айлын орон сууцны төсөл, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн хяналт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэд хэдэн төсөлд ажиллаж байсан туршлагатай аж. Тэгвэл ДЦС-ын төслийг Нийслэл болон АХБ санхүүжүүлж байгаа.

🍋 Азийн банкнууд Малайзын ЭЗ-ийн тусгай бүсэд нэгдэхээр өрсөлдөж эхэлжээ. Өрсөлдөөнд Япон, Сингапурын банкнууд гол дүрийг бүтээж байгаа бөгөөд Mizuho Bank (MFG) л гэхэд тус ЭЗ-ийн бүс дэх 10-20 компанид $600 саяын санхүүжилт амлаж. Тэгвэл ид шууруулаад байгаа тус ЭЗ-ийн бүсэд ирэх 10 жилд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, технологийн салбарын нийт 200 төсөл хэрэгжинэ. 

🍋 Монгол, Сингапурын ЗГ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллана. Энэ хүрээнд Сингапурын хөрөнгө оруулалтаар Монголд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн ХАА тэргүүтэй карбон төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох аж. Ийнхүү 2 тал эхний ээлжид хамтарсан хороо байгуулсан гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.