- Lemon Press
- Posts
- !! Зардал ихтэй Ерөнхий сайд
!! Зардал ихтэй Ерөнхий сайд
Монголын ТОП ҮЦК-ийн 14 жил | $MGLA томилгоо | Биткойны үнэ
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Төрийн албаныхан маань Өмнөд Солонгост “Хархорум” болон “Хүннү” дагуул хотуудыг аз жаргалтай хотын жишгээр хөгжүүлэх арга туршлага, ноу-хау-г судлахаар айлчилжээ. Тэд маань гадаадад биднийг аз жаргалтай амьдруулах туршлага судлаад л. Харин энд бид өглөө бүрийг өөр нэгэн зам засварын ажилтай эхлүүлээд л. Урвуу ертөнцөө гэж… 🤐


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Гутал ХК (GTL)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Батбилэг томилогдлоо.
XAM: Xanadu Mines хөрөнгө оруулагчдад зориулан нэгж хувьцаагаа A$0.08 бэлэн мөнгөөр худалдах танилцуулга гаргав.
BTC: Биткойны үнэ сүүлийн 5 хоногт 7.3% өсөж түүхэн өндөр түвшин болох $111-т хүрэв.
MGLA: Эм Жи Эл Акуа ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэгшээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь С.Алтантуяа томилогдов.

🏆 Монголын ТОП ҮЦК-ийн 14 жил
Энэ жил Голомт Капитал ҮЦК хөрөнгийн зах зээлд хөл тавьсны 14 жилийн ой тохиож буй. Сүүлийн 3 жилд “Шилдэг үнэт цаасны, брокер, дилерийн компани” “Ажиллахад хамгийн таатай газар” гэхчлэн шагналыг түүсэн амжилттай Голомт Капитал ҮЦК-ийн түүхийг сөхөн харцгаая.
🤑🫰🏻 Дотоод, гадаадгүй
Өнгөрсөн хугацаанд Голомт Капитал ҮЦК дотоодын болон гаднын хөрөнгийн зах зээлээс нийт 60 гаруй компанид ₮3 их наяд гаруй санхүүжилтийг татаад буй. Энэ дундаа биржийн бус зах зээлийн анхны бондыг өлгийдөн авч, $-ын “Бөөрөлжүүт” бонд гэхчлэн стратегийн ач холбогдолтой 44 компанийн төсөл хөтөлбөрт татсан санхүүжилт нь ₮1.5 их наяд. Эдгээр бондуудын өгөөжийг дундаж хүүгээр тооцоход жилийн ₮275 тэрбум байгаа юм.
💫 Харин IPO-н их нүргээний үеэр Голомт банк (GLMT), Түмэн Шувуут (TUM), Монос Хүнс (MFC) гэхчлэн 10 гаруй дотоодын зах зээлийг өнгөлж яваа компаниудын андеррайтераар ажилласныг мэдэх биз ээ.
🗣️ Ойрын ирээдүйд зах зээлийн хамгийн халуухан IPO болох Юбикаб Холдинг ХХК-ийн IPO-н андеррайтераар ажиллахаар болоод буй.
Голомт Капитал ҮЦК-ийн бондын сагсыг мөрөөдлийн сагс гэж нэрлэмээр. Тухайлбал, анхны рейтингтэй, A зэрэглэлийн, хамгийн өндөр дүнтэй компанийн бонд гэхчлэн дотоодын анхны гэх тодотголтой бондууд дээр ажиллаж, ашиг, орлогоороо МХБ-д бүртгэлтэй 52 ҮЦК-ийг хол тасархай тэргүүлэх болсон доо.
🗺️ Үйл ажиллагаа өргөжсөөр
Үйл ажиллагааны хувьд компани одоогоос 12 жилийн өмнө Монголын анхны онлайн арилжааны системийг зах зээлд нэвтрүүлж, араас нь Хонгконг, Америкт төвтэй гадаад арилжааны брокерын үйлчилгээтэй болсон. Хамгийн сүүлд буюу 2024 онд Deutsche Bank, Adamant capital, StoneX, KISA-тай ОУ-д арилжаалагдаж буй $-ын бондын арилжаанд хамтран ажиллахаар болсон сонинтой.
Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийн чухал оролцогчдын нэг болсон Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Цаашид илүү халуухан, шинэлэг мэдээ хүлээж байгаа шүү. 🔥

💎 Хотын төвд байрлах газрын дуудлага худалдааны үнэ ₮9.3 тэрбум. (Gogo)
🪄 Амар ч болж дээ. Хэдэн түлхүүр үг оруулаад л онлайн дэлгүүрийн вэбсайт бүтээх нь. (TechCrunch)
🤑 220 крипто хөрөнгө оруулагч Вашингтонд Трамптай зоог барина. (CNBC)
👟 Та минь ээ. Nike-н үнэ нэмэгдэх нь байна, худалдан авалтаа төлөвлөхгүй бол горьгүй шүү. (BBC)

💵 ₮30 тэрбумын зээл
GOV: Говь ХК (GOV) Голомт банк (GLMT)-тай 2 жилийн хугацаатай ₮30 тэрбумын бизнесийн зээлийн гэрээ байгууллаа. Зээлийн хүү жилийн 16% бөгөөд ЗГ-аас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлт нь хувьсах 10% байх аж. Өнгөрсөн I улирлын байдлаар компани урт хугацааны зээлгүй харин богино хугацаат зээл нь өнгөрсөн оны мөн үеэс 24% өсөж ₮261.9 тэрбумд хүрсэн билээ.

‼️ Зардал ихтэй Ерөнхий сайд

Улс төрд ирэх цаг байдаг, явах цаг гэж байдаг хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. Түүний хэлсэн ёсоор ЕС-ын албан тушаалаасаа явах цаг нь нэгэнт иржээ. Хэрэглээ өндөртэй ЕС-ыг тодруулах тэмцээн тохиовол Л.Оюун-Эрдэнийн хувьд өрсөлдөгчгүй #1-т орох он жилийг ардаа өнгөрөөв.
📈 Түүхэнд үлдэх зардал
2021 оноос хойш Л.Оюун-Эрдэнэ нь ЕС-ын албан тушаал аваад 1,577 өдөр болж буй нь түүхэнд бичигдэх удаан хугацаа. Тэрээр энэ жилүүдэд ₮1.6 их наядыг захиран зарцуулах төсөвтэй ажилласан нь мөн л түүхэнд үлдэх зардал аж.
Тухайлбал, энэхүү төсөв нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ЕС байсан үеэс 2.5 дахин, Ж.Эрдэнэбатын үеэс 3.5 дахин, 15 жилийн өмнөх ЕС асан С.Батболдын үеэс бүр 15 дахин их. Түүний ажиллах хугацаанд захиран зарцуулах төсвийн хэмжээ жилд дунджаар 38% нэмэгдсэн ба энэ оны хувьд ₮627 тэрбумд хүрээд байсан нь өнгөрсөн оноос 89% өндөр дүн юм.
🧭 ЗГ-н ирээдүй
УИХ-д хамгийн хүчтэй нөлөөтэй МАН-ын VI бага хурлаас Л.Оюун-Эрдэнийн хамтарсан ЗГ-ийг огцруулахаар болсон. Мөн бага хурлын гишүүдийн 61% саналтайгаар дараагийн ЗГ-т АН-тай хамтарч оролцохгүй гэх шийдвэр гаргаад байна. УИХ дахь АН-ын гишүүд ЗГ-т хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул тус шийдвэрийг гаргажээ.
🪃 Дам нөлөө
Төр тогтвортой ажиллах нь ард иргэд, улс орон хийгээд гаднын хөрөнгө оруулагчдад чухал нөлөөтэй. Саяхан Berkshire Hathaway (BRK-B)-н хувьцаа эзэмшигчдийн хурлаар Уоррэн Баффетт Монголын ЗГ гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд валютын ханшийг урт хугацаанд тогтвортой хадгалах, бизнесийн орчныг таатай байлгах, валютын бодлогыг хариуцлагатай удирдах хэрэгтэй гэж зөвлөсөн билээ.
Таах гээд үзье… Л.Оюун-Эрдэнийн оронд ЕС хэн болох вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаад буй. Ямартай ч одоогийн шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Содбаатар, УИХ гишүүн асан Г.Занданшатар нар яригдаж байна. Та хэдийн бодлоор дараагийн ЕС хэн байх вэ? Саналаа үлдээгээрэй.
Дараагийн Ерөнхий сайдаар... |

💡 Таавар таацгаая.
… нь төрөл бүрийн шинж чанарт үндэслэж, хөрөнгө оруулагчдад худалдсан үнэт цаасны цуглуулга юм. Энэ нь янз бүрийн хугацаа, зээлийн зэрэглэл болон өгөөж, хүүтэй байдаг. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

🎓💰 Цалинтай дадлагажих хөтөлбөр
Хөрөнгийн зах зээлийн талаар сонирхон шохоорхдог оюутнууд анхаараарай! “Апекс Капитал ҮЦК” ХХК “Apex Junior” цалинтай дадлагажих хөтөлбөр зарлажээ. 📢
🔍 Давуу тал нь? Тус хөтөлбөрт хамрагдсанаар төсөл, сургалтад оролцох, ХЗЗ, хувийн санхүү, хөрөнгө оруулалтын талаар мэдлэгээ тэлэх, мөн мэргэжлийн болон карьерын зөвлөгөө авах аж. Цаашлаад шижигнэсэн хамт олны дунд ажиллах ажлын байртай болох боломжтой шүү.
👀 Хэн хамрагдах вэ? Тэд санхүү, бизнесийн чиглэлээр суралцдаг, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 3, 4-р курсийн оюутан эсвэл шинэ төгсөгчид хайж байгаа.
За тэгээд бүтэн цагаар ажиллах боломжтой, суралцах хүсэлтэй, идэвхтэй, бүтээлч бол гүйгээд очно биз ээ.
✍️ Бүртэл: 5 сарын 28 хүртэл
📩 CV-гээ [email protected] хаягт, эсвэл ЭНД дарж илгээгээрэй. Амжилт!

HBR
🍋 OpenAI “io” стартапыг $6.5 тэрбумаар худалдаж авлаа. Тус стартапыг iPhone-н гол зохион бүтээгчдийн нэг, Apple (AAPL)-н дизайнер асан Жони Айв үүсгэн байгуулсан бөгөөд худалдан авалтын дараа тэрээр OpenAI-н ажилтан болохгүй боловч түүний компани нь OpenAI-н бүх дизайныг бүтээх нь. Ийнхүү OpenAI хамгийн том худалдан авалтаа хийж, AI салбараас техник хангамжийн салбарт хөл тавьж байна.
🍋 Хятад ДЭМБ-ын хамгийн том хандивлагч улс болно. Тодруулбал, тус улс ДЭМБ-д ирэх 5 жилийн хугацаанд $500 саяыг олгохоор төлөвлөжээ. Америк тус байгууллагаас гарахаас өмнө хамгийн том хандивлагч нь байсан бөгөөд жил бүр ойролцоогоор $400–$500 саяын хандив өгдөг байв. Энэ нь байгууллагын нийт төсвийн ойролцоогоор 15%-ийг бүрдүүлдэг байлаа.
🍋 Нийтийн тээврийн зорчилтын нийт орлого энэ оны I улиралд өнгөрсөн оны мөн үеэс 140% өсөж ₮24 тэрбум болжээ. Үүний дийлэнхийг бүрдүүлж буй “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого мөн хугацаанд ойролцоогоор 27% өсөж ₮12.8 тэрбум болсон байна. Харин зорчигчдын тоо энэ хугацаанд 12% өсөж 52 саяд хүрчээ. Эндээс нийтийн тээврийн хүртээмж сайжирсан, эсвэл иргэд хувийн унаанаасаа татгалзаж эхлэв үү гэдэг сонирхолтой.
🍋 Rio Tinto (RIO)-н Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Шалтгаан нь тодорхойгүй ч, тэрээр залгамжлагч нь сонгогдох хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Түүний удирдлагын үед буюу 2023 оны 3-р сард Оюу толгойн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлсэн билээ.
🍋 Цөмийн эрчим хүч Өмнөд Солонгосын эрчим хүчний гол эх үүсвэр боллоо. Тодруулбал, өнгөрсөн онд тус улсын нийт эрчим хүч үйлдвэрлэл өнгөрсөн оноос 1.3% өсөж 595.6 ТВт.цаг-т хүрсний 31.7%-ийг цөмийн эрчим хүч үйлдвэрлэл бүрдүүлэв. Мөн энд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл 10.6%-ийг эзэлж буй. Сүүлийн 17 жилийн туршид тус улс нүүрснээс хамааралтай байсан гэдгийг санах хэрэгтэй…


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply