- Lemon Press
- Posts
- 💧 Дусал хуримтлал
💧 Дусал хуримтлал
Ирээдүйн эрчим хүч | МАН-ын шинэ дарга | Зарагдахад ойр $EA
POWERED BY
Morning! Зээ бид чинь 2030 он гэхэд тусгай замын автобус (Bus Rapid Transit, BRT)-тай болох нь ээ. 2026 онд энэ төсөлд зориулсан газар чөлөөлөлтийг эхлүүлж автобусыг метро шиг хурдан, багтаамжтай, найдвартай ажиллуулах систем бий болгох нь. Метротой ч болоод, дүүжин тээвэр ч ажиллаад нэмээд трамвай, BRT гээд гараад өгчээ, гараад өгч. 5 жилийн дараа түгжрэл гээчийг мартах нь дээ. 🤪


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Ирэх сарын 1-нд Засгийн газрын ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 40,000 ширхэг болон ₮4 тэрбумын үнийн дүн бүхий хямдруулалттай, купонтой үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдаж ₮8 тэрбумыг босгоно.
OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд нийт ₮30 тэрбумын, $1.4 саяын арилжаа тус тус явагджээ. Үүнээс анхдагч зах зээлд ₮11 тэрбумын арилжаа явагдсан аж.
MPP: МАН-ын даргын төлөөх сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 85.7%-ийн саналаар ялалт байгуулж, намын шинэ даргаар сонгогдов.

💧 Дусал, дуслаар ₮1.3 сая

Бодлого бодъё. Танд одоо ₮175.4 мянга байгаа. Таны мөнгө хагас жилд дунджаар ₮52.9 мянгаар нэмэгдэж, 10 жилийн дараа ₮1.3 сая болно. Та үүгээр юу хийх вэ?
🔍 Ямар учиртай мөнгө вэ?
Өнгөрсөн онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бид бүхний хуримтлалын санд ₮495.6 тэрбумын ногдол ашиг төвлөрсөн. Нэг хэсэг E-Mongolia дээр зурайтал гарч ирж байсан даа. Өөрөөр хэлбэл, 2024 онд иргэн бүр хуримтлалын сангийн дансандаа ₮138.9 мянгатай болсон хэрэг. Харин энэ оны эхний хагаст ₮36.3 мянга нэмэгдэж ₮175.2 мянга болоодхож.
🐧 Хаанаас орж ирэв? Хуримтлалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь уул уурхайн төрийн өмчит хувьцаат компаниудын олсон ашгийн тодорхой хэсгээс бүрдэж буй. Тодруулбал, эдгээр компанийн 34% хүртэлх хэсгийн ногдол ашгийг улсын хэмжээнд төвлөрүүлж уул уурхайн баялгийн өгөөжийг зөвхөн төсөвт төвлөрүүлэх бус, иргэн бүрд хүртээх гэсэн санаа.
🧐 Энэ хуримтлал ашигтай юу?
Одоогийн хурдаар буюу 2024 оноос хойш хуримтлагдсан дүнгүүдийн нэмэгдлээс харахад, иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс дахь дүн 2033 онд л чүү ай ₮1 саяыг давж, одоогоос 10 жилийн дараа ₮1.3 сая л болох нь. Эсрэгээрээ жилдээ ₮200 мянгыг л хадгаламждаа хийхэд 10 жилийн хугацаанд ₮3.5 сая болно. Тэгэхээр нэг талаасаа үндэсний баялгийн сан, хуримтлалыг ажилладаг болгож байгаа нь сайшаалтай ч хуримтлагдаж байгаа дүн нь чамлалтай байгаа юм.
👀 2025 оны хувьд Хуримтлалын санд ₮507.1 тэрбумын ногдол ашиг төвлөрүүлэхээр хуульчилсан. Гэвч эхний хагас жилд үүний дөнгөж 26% нь төвлөрсөн гэхээр оны төгсгөлд төлөвлөгөөндөө хүрэхэд хэцүү харагдаж байна.
🔻 Эх үүсвэр нь дампуу: Нөгөө талаас тус сангийн хөрөнгө уул уурхайн ТӨК-иудын 34%-ийн ногдол ашгаас л бүрдэж байгаа тул орлого өсөх баталгаагүй. ТӨК-иудын алдагдлыг бодсон ч нүүрсний салбарын уналтыг бодсон ч сангийн орлогын эх үүсвэрийг тэлэх шаардлагатай.
Эцэст нь… Бид нэг үеэ бодвол нийтээрээ хуримтлалтай болоод байгаа ч ₮1 саятай болохын тулд 10 жилийг зарцуулна гэдэг арай л хайран. Гэхдээ мэдээж уул уурхайн ТӨК-иудын ашиг орлого сайжирвал энэ дүн нэмэгдэх боломжтой. Тэгэхээр нэг бол сангийн орлогын эх үүсвэрийг тэлэх, эсвэл ТӨК-иудын орлого ашиг нэмэгдэх л хэрэгтэй болж байгаа юм. Гол нь энд хуримтлагдсан мөнгийг ипотек гэх мэтэд зарцуулчихгүй л байгаасай.

💧 Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу? (ГБХНХЯ)
💬 Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаар хуулийн төслүүдэд иргэдээс санал авдаг болж. (LegalInfo)
🧌 Хүн төрөлхтөн илүү эрт үүссэн байх магадлалтай… (TheGuardian)
📰 Хүссэн сэдвээрээ тойм мэдээ бэлтгүүл. (OpenAI)

🎮 Зарагдахад ойр $EA
EA: Видео тоглоомын салбарын акул Electronic Arts-г $50 тэрбумаар буюу түүхэнд дэх хамгийн өндөр дүнтэй зээлийн худалдан авалтаар Silver Lake, Affinity Partners болон Саудын Арабын PIF хөрөнгө оруулалтын сангууд авч буйг эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв хэлцэл амжилттай хэрэгжвэл $EA хаалттай компани болох ба үүнтэй холбоотой нэгж хувьцааны үнэ 14.9% өсөж $193.4-т хүрээд байна.

🔮 Ирээдүйн эрчим хүчний хэрэглээ

Саяхан эрчим хүчний томчуудын нэг BP (BP) салбарынхаа ирээдүйн хэтийн төлвийн талаарх судалгааг танилцуулжээ. Товчхондоо ирэх 2050 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хамгийн ихээр өсөж, нүүрсний хэрэглээ хамгийн ихээр буурах аж.
🕰️ 2050 оны дүр зураг
Одоогийн эрчим хүчний тухай бодлого, хэрэглээний чиг хандлага энэ хэвээр байвал 2050 онд эрчим хүчний хэрэглээ 40 мянган ТВт.ц буюу 2023 оны түвшнээс даруй 40% нэмэгдэх хүлээлттэй байна. Тус өсөлтөд Хятад болон Энэтхэгийн хэрэглээ томоохон нөлөө үзүүлэх аж. Хэрэглээний эх үүсвэрээр авч үзвэл, хамгийн өндөр өсөлт нь 167.7% өсөх сэргээгдэх эрчим хүч, харин хамгийн их бууралт нь 38.9% буурах нүүрс гэнэ.
🇫🇷 Парисын хэлэлцээр: Хэрэв эрчим хүчний салбарын ирээдүй Парисын Хэлэлцээрт заасны дагуу үргэлжилбэл 2050 онд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 269.1% өсөж, усны эрчим хүчийг оруулаад нийт эрчим хүчний хэрэглээний 61.2%-ийг бүрдүүлэх тооцоолол гарчээ.
🇲🇳 Сонин хачин
Өнгөрсөн долоо хоногт ЗГ-аас Монголд дэлхийд эхний 5-д багтах Арабын Нэгдсэн Эмиратын ACWA Power орж ирэхээр болсныг зарласан. Үр дүнд нь 10 ГВт хүчин чадал бүхий $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ. Үүгээр том хэмжээний эх үүсвэр барьж, дата төвүүдийн эрчим хүчийг хангаж, тодорхой хэмжээг нь экспортод гаргах замаар жил бүр $2 тэрбумын валютын урсгал татах аж.
💊 5D ажиллагаа: Өнгөрсөн 7-р сард зохиогдсон Монголын Эдийн Засгийн Форумын үеэр ЕС Г.Занданшатар ирэх 10 жилд 5D буюу 5 чиглэлээр 2 дахин өсөлт авчрах төлөвлөгөөг танилцуулсан ба үүнд сэргээгдэх эрчим хүчний салбар багтжээ.
Эцэст нь… Ирээдүйд улс орнууд эрчим хүчний бодлогодоо уламжлалт нүүрс болон газрын тосны хэрэгцээг бууруулж, оронд нь сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий, цөмийн энерги зэргийг ашиглах нь цаг хугацааны асуудал бололтой. Харин Монголын хувьд тус трэндтэй хөл нийлүүлж алхаж чадах эсэх нь сонирхолтой.

Улаанбаатарт өдөрт дунджаар 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог аж. Үүний:
62.4% буюу 470 мянга нь Umoney карт, 11.6% нь UBcard апп ашиглан төлбөрөө төлдөг байна.
Мөн нийт зорчигчдын 21.2% буюу 160 мянган иргэн “Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй” төлөвийн хөнгөлөлттэй картаар зорчиж буй.
Харин нийт зорчигчдын 4.1% буюу 31 мянган иргэн бэлэн мөнгөөр төлбөрөө төлдөг гэнэ.

🐣✨ SendMN 3.0 айсуй!

Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний дижитал шийдэл SendMN апп шинэчлэгдэж олон санхүүгийн үйлчилгээг нэг дор, илүү хялбараар авах боломжтой болжээ. 📢
Шинэчлэгдсэн SendMN 3.0 хувилбартай дэлгэрэнгүй танилцъя. 👇
📌 Мөнгөн гуйвуулгыг 1 дор: Зөвхөн нэг апп ашиглан 60 гаруй улс руу шилжүүлэг хийх, гүйлгээний төлөвөө хянах, нийт шилжүүлгийн тоо, дүнг он сараар харах боломжтой.
🔀 Олон улсаас ашиглах боломж: Мөн Солонгос, Австрали, Канад, Хонконг дахь банкны данснаасаа Монгол дахь банкны данс руугаа шилжүүлэх, ОУ-ын дугаараар бүртгүүлэх боломжтой аж.
Эдгээрээс гадна дэлхийн хаанаас ч хөрөнгөө өсгөх боломжтой дижитал итгэлцэл, ₮10 сая хүртэлх дүнгээр барьцаагүй зээл авах, аяллын валютаа урьдчилан захиалах, тэр ч байтугай Солонгосын шилдэг эмнэлгүүдэд үйлчлүүлэх төлбөрийн шийдэл бий шүү!


Unsplash
🍋 Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх шалтгаанаар FTC Amazon (AMZN)-г $2.5 тэрбумаар торгожээ. Тус торгууль нь Amazon Prime үйлчилгээтэй холбоотой ба ашиглах явцад бүртгэл болон цуцлах процесс нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн FTC үзээд байна. Нийт торгуулийн $1 тэрбумыг FTC-д төлөх бол үлдсэн $1.5 тэрбумыг 35 сая хэрэглэгчд нөхөн олговор байдлаар шилжүүлэх аж.
🍋 Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Хуулийн төсөлд улс төрийн намын санхүүжилт, дансны тоо, орлогын эх үүсвэрийн хязгаарлалттай холбоотой зохицуулалтыг уян хатан болгох талаар тусгасан байна. Учир нь өнгөрсөн оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн шинэ зохицуулалт намын орлого, зарцуулалт ил тод байх, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж байна гэж үзэж.
🍋 Oracle (ORCL), Silver Lake Америк дахь TikTok-н 50%-ийг эзэмшинэ. Тэднээс гадна Dell-н үүсгэн байгуулагч Майкл Делл, Fox болон News Corp-н эзэн Руперт Мердок тэргүүтэй дэлхийн түвшний 4-5 хөрөнгө оруулагч оролцож Америк дахь TikTok-н 30%-ийг эзэмших юм. Ийнхүү шинээр үүсэх компани хүлээгдэж байсан үнэлгээнээсээ 2.8 дахин бага үнэлэгдэж буй бөгөөд УЗ-ийн 7 гишүүний 6 нь Америк, 1 нь ByteDance-с томилогдох нь.
🍋 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Маршал таун хотхон, И-Март худалдааны төв чиглэлд 2 хаалга нэмж барина. Мөн хүрээлэнд хөшөө, барилга барихгүй, талбай цементлэхгүй байхаар төлөвлөж байгаа гэнэ. Хүрээлэнгийн баруун урд 15 га орчим талбайг Ханталст ХХК амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар эзэмшдэг бөгөөд үүнээс 11 га-д тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх аж.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply