• Lemon Press
  • Posts
  • 💔 Утаагүй болох мөрөөдөл

💔 Утаагүй болох мөрөөдөл

Хэлэлцээрийн гүнд | $AMZN: Өсөлттэй III улирал | $30 тэрбумын бонд

POWERED BY

Өглөөний мэнд! Энэ 11-р сард бүх нийтийн 2 амралтын өдөр тохиож байна. Нэг нь 21-нд тохиох Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн өдөр бол нөгөө нь 26-нд болох Улс тунхагласны баяр ажээ. Энэ онд 9 удаагийн баяр болон тэмдэглэлт өдөр тохиож, нийт 16 өдөр бүх нийтээрээ амарч байгаа шүү. 🗓️

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: Энэ 7 хоногийн Лхагва гарагт УИХ-ын дэд даргыг огцруулах тухай болон сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.  

TAX: Энэ оны III улиралд нийт 1.3 сая иргэнд ₮95.1 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт олгожээ

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр нийт ₮103.8 тэрбумын арилжаа явагдсаны 64%-ийг нь анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв

🎙️ Ч.Ганхуяг: Нууц товчоо бол бизнес төлөвлөгөө

Lead W/ булангийн шинэ дугаарт Ард Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.

Тэрбээр 25 наснаасаа эхлэн удирдлагын түвшинд ажиллаж, Монголын санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа арилжааны банк байгуулж, анхны банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулсан нэгэн билээ. 

📌 Хэлэлцээрийн гүнд

Өнгөрсөн 7 хоногт Оюу толгой ордыг эзэмшигч 2 тал буюу Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto (RIO) групп хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ асуудал юу болж байна вэ? 

🤝 Тохиръё хө

Энэ удаагийн хэлэлцээрээр 2 тал Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь, менежментийн үйлчилгээний төлбөрийн асуудлыг шийдэхээр зорьж буй. Ингэхдээ ирэх оны 1 сарын 31-ний өдрийн дотор хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувьтай холбоотой шийдэлд хүрэхийг эрмэлзэж байгаа аж. Хэрэв бүтэлгүйтвэл хугацаагаа сунгаад явах нь. 

🔍 Үндэслэл нь юу байв? 

Оюу толгойн 34%-ийг Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийг төлөөлж Эрдэнэс Оюу Толгой ХХК, үлдсэн 66%-ийг $RIO эзэмшиж байгаа. 2023 онд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноос хойш олборлолт, өгөөж нь улам нэмэгдэж буй энэ үед Монголын талд оногдох өгөөж чухал. Харин ЗГ-ын талаас анх гэрээ байгуулахдаа Монголын тал Оюу толгойгоос 53%-ийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26%-27% орчмын л өгөөж хүртэж байна гэж үзжээ.

  • 🧐 Эхний үр дүн: Одоогоор Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжилттай болж зээлийн хүүг бууруулахаар болсон. Уг зээлийн хүү одоогоор 11.3% байгаа бөгөөд хэр хэмжээгээр бууруулахыг хараахан тохироогүй байгаа бөгөөд манай зээлжих зэрэглэл нэмэгдэж байгаа нь хүү багасах гол үндэс болж буй. Хүү буурснаар улсын төсөв, баялгийн сан, улсын валютад орж урсгал нэмэгдэх юм. 

  •  🔺 Тодруулбал: ЗГ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд, дараа жил нь хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулсан. Оюу толгойн төсөл 17 жил үргэлжлэхэд нийт $26 тэрбумын хөрөнгө оруулалт шингэсний 76% орчим нь зээл. Хувь эзэмшлийн хувьд уг зээлийн 34%-ийг ЗГ хариуцах ёстой. Энэ зээлийн хүүг л бууруулах гээд байгаа хэрэг. 

🗣️ Хэзээ цэгцрэх вэ?

Оюу толгойн татварын маргаан одоо ч дуусаагүй байгаа. Мөн одоогоос 4 жилийн өмнө буюу 2021 онд ч $RIO-н төлөөлөл тухайн үеийн ЗГ-тай хэлэлцээр хийхийг оролдсон. Тухайн үед $RIO-н тал Оюу толгойн 34%-д ногдох $2.4 тэрбумын зээлийг 100% тэглэх санал гаргаж байв. Одоо бид баялагтаа эзэн, ард түмэндээ хишиг хүртээнэ гэж попрохоосоо илүү тогтвортой үргэлжлэх боломжтой зохицуулалт хийж хамгийн том гаднын хөрөнгө оруулалтын төслөө нэг талд гаргаж сайн жишиг болгох нь чухал байна даа.  

  • 🦷 Шүд цайруулах хууль бус эмчилгээг илрүүлжээ. (BBC)

  • 🥫 Орос метал хог хаягдлуудаа Монгол руу экспортлох уу? (SteelRadar)

  • 🐁 Хулгана дээрх туршилтыг сансарт. (SCMP)

  • 🍜 Дэлхий даяар Өмнөд Солонгосын бэлэн гоймонгийн эрэлт пуужиндав. (TheEconomist)

📈 $AMZN: Өсөлттэй III улирал

AMZN: Технологийн салбарын акул Amazon өнгөрсөн III улиралд $180.2 тэрбумын орлоготой ажилласан нь 2024 оны мөн үеэс 13% өссөн үзүүлэлт болжээ. Уг өсөлтөд AWS үйлчилгээний орлого 2024 оны мөн үеэс 20% нэмэгдэж $33 тэрбум болсон нь гол нөлөө үзүүлсэн аж. Ингэснээр $AMZN-н цэвэр ашиг $21.2 тэрбумд, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг $1.95 болж өсжээ. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны 9.6% өсөж $244.2-т хүрээд байна. 

💔 Утаагүй болох мөрөөдөл

Төрөөс утааг бууруулах олон ажлыг жил бүр идэвхтэй туршдаг ч амжилт гэдэг үгний А үсэгт хүрсэн нь тун ховор. Ямартай ч энэ жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүний хүрээнд утаа болон угаарыг технологийн тусламжтай хянах гэнэ шүү.

📹 Утааг харуулдана

Хотын захиргаанаас агаарын бохирдлын эсрэг тэмцэхээр өглөө, орой бүр агаарын тусламж авахаар болжээ. Тухайлбал, нийслэлийн 3 дүүрэгт өглөө 08-09, орой 20-21 цагийн хооронд хяналтын дрон нисгэж, 3-4 км радиуст  байрлах ААН, айл өрхийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжих аж. 

  • 😵‍💫 Хачин зүйлс: Дрон нисгэж утаатай тэмцэхэд бидний ойлгохгүй хачин зүйлс олон бий. Наад зах нь дронууд дүн өвлийн харанхуйд утааг хэрхэн тодорхойлох, уг дронуудыг хэн жолоодох зэрэг нь тун ойлгомжгүй. Магадгүй төрөөс мэргэжлийн дронын нисгэгч бэлтгэх суурь нь ч байж болох юм. 

🚨 Угаарыг мэдэрнэ

Энэ өвөл нийслэлээс 45 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар ₮6.5 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд нэг ширхгийн үнийг ₮100 мянгаар тооцон дотоодын компаниас худалдан авахаар тусгагджээ. Том зургаар, УБ хотод 172 мянган айл түлш хэрэглэж байгаагаас одоогийн байдлаар 110 мянга нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй аж. 

  • 📞 Шуурхай алба: Угаар мэдрэгч нь айлуудаас ирэх дохиог Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд дамжуулж, тус төвөөс 5-7 минутад шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг гэнэ. Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хий ялгарсан 96 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрт нэг бол утсаар холбогдож, үгүй бол гэрээт ажилтнуудыг газар дээр нь илгээжээ. 

Эцэст нь… Монголд урьдчилан таамаглахад хамгийн ойлгомжтой зүйл бол утаа ажээ. Гэвч ийм ойлгомжтой асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь тун харамсалтай. За тэгээд энэ жилийн онцлох ажил нь сайжруулсан шахмал түлш дээр нэмэх нь технологийн дэвшил буюу дронын хяналт, ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмж болж байна даа. 🥲

Өнгөрсөн 7 хоногт Netflix дээр нээлтээ хийсэн Physical Asia-д ямар цол, гуншинтай тамирчид өрсөлдөж байгаатай танилцъя. 👇

  • Дэлхийн түвшний: Энэ ангилалд Филиппин, Турк, Өмнөд Солонгос, Индонез, Австрали, Япон, Тайланд, Монгол зэрэг 7 орны 10 тамирчин оролцож буй. Жишээ нь, Японы жүдогийн тамирчин Соичи Хашимото нь олимпын хүрэл медальтай. 

  • Азидаа цуутай: Үүнд Монгол, Өмнөд Солонгос, Филиппин, Турк, Япон, Тайланд зэрэг мөн 6 орны 8 тамирчин оролцож байна. Манай улсаас FIBA 3x3 Азийн аварга Э.Дөлгөөн, Жүдогийн Азийн хүрэл медальт А.Адьяасүрэн нар бий. 

  • Үндэсний од: Харин нийт тамирчдын 60% гаруй буюу үлдсэн 30 тамирчин Үндэсний түвшнийх аж. 

Сонирхуулахад, Өмнөд Солонгосын багт тус реалити шоуны I, II улирал буюу Physical: 100-н ялагчид бий.

Red94

🍋 Netflix (NFLX) 1 хувьцааг 10 хувьцаа болгон нэмэгдүүлэх буюу хувьцааны эерэг хуваалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Тодруулбал, 11 сарын 10-нд бүртгэлд багтсан хувьцаа эзэмшигч бүр эзэмшиж буй 1 хувьцаандаа 9 шинэ хувьцаа нэмэлтээр авах эрхтэй болно. Хуваалтыг тооцсон шинэ үнээрх арилжаа 11 сарын 17-нд эхлэх юм. Сүүлийн 3 жилд Netflix-н нэгж хувьцааны үнэ 360% өсөөд буй билээ. 

🍋 Улаанбаатар, Солт Лейк хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв. Урьд 2001 онд Улаанбаатар, Денвер ах дүүсийн харилцаа тогтоож байсан бол ийнхүү 24 жилийн дараа Америкийн 2 дахь хоттой хамтын ажиллагаа эхлүүлж байна. Солт Лэйк нь халамж хүмүүнлэгийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлд Америктаа тэргүүлдэг бөгөөд ЭЗ, боловсрол, хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах юм гэнэ. 

🍋 Meta (META) $30 тэрбумын бонд гаргах замаар AI дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлнэ. Тодруулбал, компани ирэх 5-40 жилийн хугацаанд нийт 6 төрлийн бонд гаргахаар төлөвлөж буй бөгөөд ирэх оноос AI хөрөнгө оруулалтын зардлаа огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Энэ жил л гэхэд компанийн AI дэд бүтэцтэй холбоотой зардал өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин өсөж $60 тэрбум гаруй болчхоод байгаа. 

🍋 Төрийн үйлчилгээний цахимжилтын чанар, хүртээмж, системийн уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг E-Mongolia-д бүртгэлтэй 87 байгууллагын 1,263 төрийн үйлчилгээг бодит хэрэглээнд нийцүүлэн оновчлох, цаашлаад төрийн мэдээллийн систем, программ хангамжийн уялдаа холбоо, мэдээлэл солилцоог судалж, сайжруулах санал дүгнэлт боловсруулах аж.

  • Даваа: ХНС-ийн УЗ-ийн гишүүн Лиза Күүк мэдэгдэл хийнэ. 

  • Мягмар: Оросуудын Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна

  • Лхагва: Төлбөрийн тэнцэл 9-р сард

  • Пүрэв: Оросын Төв банк гадаад валютын интервенц хийх нь.

  • Баасан: Хятадын гадаад худалдааны тэнцэл хэрхэн гарав? 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.