🪓 Хадгалах асуудал

$1 их наядын цуваа | $ERDN хувьцаагаа нэгтгэнэ | ₮1.1 тэрбумын алдагдал

POWERED BY

Meow!  Мууртай уншигч нартаа баярын мэнд хүргэе! Учир нь өнөөдөр олон улсын муурын өдөр тохиож байна. 2002 оноос эхлэн уг өдрийг муурын өдөр болгон тэмдэглэх болжээ. Хэрэв та мууртай бол түүнд “pspsps ~ өнөөдөр чиний өдөр шүү, мяу“ гэж мэнд дамжуулаарай. 🐈‍⬛🐈 

*Нэг өдрийн өөрчлөлт.

UBX: Ард Тэтгэврийн Данс ХХК Мост Финтек (MOST)-ийн 14.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮40-өөр үнэлэн, нийт ₮580 саяар худалдан авчээ

MSE: ТэнГэрЛиг Медиа Групп (TNGR)-ийн борлуулалтын цэвэр орлого 2025 оны хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 9.6% өсөж ₮65 саяд, алдагдал нь 37.4% өсөж ₮1.1 тэрбумд хүрлээ

UB: Энэ онд Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5 мянган өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотойгоор Нийслэл дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

👀 Монголд санхүү хүртээмжтэй юу? 

Дэлхийн банкнаас 3 жилд нэг удаа гардаг 141 орны 145 мянган насанд хүрсэн хүмүүсийн дунд явуулсан The Global Findex 2025 судалгаа гарч, үр дүнд нь Монголчуудын 98% нь харилцах данстай, 95% нь цахим төлбөр тооцоог тогтмол ашигладаг хэмээжээ

  • Findex нь… Улс орнуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хэмждэг, нээлттэй мэдээллийн сан аж. Уг сан нь үүнд харилцах данс, цахим төлбөр, хадгаламж, зээл гэх мэт үндсэн 6 үзүүлэлтээс бүрддэг. 

💡 Онцлох үзүүлэлт 

The Global Findex 2025-аас Монголын тухай дараах тоонууд сонирхолтой байв. Товчхондоо: 

  • 💰 Харилцах данс: Монголын харилцах данстай хүмүүсийн тоо 98% байгаа нь дэлхийн дунджаас 19% өндөр дүн ба Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгаас өндөр хөгжсөн орнуудыг хасвал 1-т орох үзүүлэлт. Мөн хөдөө аж ахуйн төлбөр тооцоог хүмүүсийн 10% болон түүнээс дээш хувь нь дансаар хүлээн авдаг цор ганц улс аж. 

  • 📱 Цахим төлбөр: Хөгжиж буй орнуудаас Монгол цахим төлбөр тооцоог хамгийн ихээр буюу хүн амын 95% нь ашигладаг гэнэ. Үүнээс гадна хувийн хэвшлийн цалин олголтын 94% нь цахим төлбөр тооцооны тусламжтай хийгддэг байна. 

  • 💳 Зээл: Нийт иргэдийн 42% нь банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авч буй нь бус нутагтаа хамгийн өндөр дүн аж. Гэхдээ 2024 онц эцэст зөвхөн арилжааны банканд зээлтэй 2.1 сая байсан нь судалгаанд зээл багатай хүмүүс хамрагдсан уу гэлтэй.

🪓 Хадгалах асуудалтай

Судалгаанаас хадгаламж асуудал дагуулсан ба хүмүүсийн 36% нь л хадгаламжтай байв. Энэ нь бүс нутагтаа доороосоо 5-д орох үзүүлэлт. Гэвч 2022 онд Монголбанкны судалгаагаар иргэдийн 51.3% хадгаламжтай гэх үр дүн гарч байв. Үүнээс харахад хүмүүсийн санхүүгийн боловсрол дээшилж хадгаламжаас гадна хөрөнгө оруулалтын бусад хэрэгслийг сонирхож эхэлсэн байж болох л юм…

Эцэст нь… Монголын санхүүгийн хүртээмжтэй байдал хөгжиж буй орнууд дундаа нүүр улайлгахгүй түвшинд байна. Энэ бол санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлын үр дүн гэдгийг дурдах нь зүйтэй. 👏🏻

  • 🌫️ Бид тулгамдсан асуудлууд дундаа дөжирч буйн нэг жишээ. (MNB)

  • 👥 Компанийн засаглалын ялгаа уул уурхайн бизнест ямар нөлөөтэй вэ? (MinePro)

  • 🪞 Анзаарсан уу? Instagram хэд хэдэн шинэчлэл хийж. (Meta)

  • 📚 Салбартаа шилдэг 47 могулын энэ жил уншаарай гэсэн 90 ном. (McKinsey)

🍰🎂 $ERDN: Зургааг нэг болгоно

ERDN: Өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшны 6 ширхэг хувьцааг 1 ширхэг хувьцаа болгох шийдвэр гарсан ба компанийн нийт гаргасан 365.8 сая ширхэг хувьцаа нэгтгэгдэж 60.9 сая болох аж. Үүнтэй холбоотой Пүрэв гарагийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.9% өсөж ₮2,496-д хүрчээ. Сонирхуулахад, компанийн хувьцааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 106.8%, он гарснаас хойш 57% тус тус нэмэгдээд байна. 

🚂 $1 их наядын цуваа

Өнгөрсөн 7-р сард Америкийн ТОП-500 компанийн хувьцаагаа эргүүлэн худалдан авсан дүн $166 тэрбумд хүрч, тухайн 7-р сарын хувьд түүхэн дээд түвшинд хүрлээ.

💫 Илүү олуулаа

Он гарснаас хойш компаниудын хувьцаа халааслалт $926.1 тэрбумд хүрсэн нь 2024 оны санхүүгийн бүтэн жилийн нийлбэр дүн болох $942.5 тэрбумтай ойртон очсон үзүүлэлт болжээ. Улмаар энэ онд дээд амжилтаа шинэчилж, анх удаа $1 их наядыг давах магадлал тун ойртсон гэнэ дээ.

  • 📊 Трэнд: Сүүлийн 5 жилийн трэндийг харахад, компаниудын хувьцаа халааслалт I болон IV улиралд эрчимждэг аж. Хэрэв трэндээ дагавал 2025 оны үлдсэн хагас жилд илүү олон компани хувьцаагаа халааслах шийдвэр гаргана гэсэн үг. 

  • ☝🏻 Тодорхой улирал: Компаниуд ихэвчлэн I болон IV улирлуудад хувьцаагаа ихээр халаасалдаг шалтгаан нь нэгж хувьцаанд ногдох ашгаа (EPS) нэмэгдүүлэх, сул мөнгөн урсгалаа зохистой удирдах гэх мэт улирлын мөчлөг болон тайлангийн үр дүнгээс хамаарсан шалтгаанууд ихээхэн нөлөөлдөг аж. 

🏃🏻‍♂️‍➡️ Шил, хүзүү дарагсад

Саяхан нэлээн олон компани уг цувааг үргэлжлүүлж, хувьцаагаа халааслахаар боллоо. Жагсаалт дотор Uber (UBER) $20 тэрбумаар, Airbnb (ABNB) $6 тэрбумаар, Америкийн эм, эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lantheus Holdings (LNTH) $400 саяар хувьцаагаа халааслахаа мэдэгдсэн бол Германы томоохон телеком Vodafone (VOD.L) болон Японы автомашин үйлдвэрлэгч Subaru (FUH.MU) нар хувьцаагаа халааслах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. 

  • 🥧 Сектороор: Сонирхолтой нь S&P 500 (^GSPC)-н сагсан дахь компаниудаас технологи болон санхүүгийнхэн хамгийн идэвхтэй хувьцаагаа халаасалдаг аж

  • 🧩 Учиг: Технологи болон санхүүгийн салбарын компаниуд өндөр ашигтай, тогтмол мөнгөн урсгалтай байдаг учраас сул мөнгөн урсгалаараа хувьцаагаа эргүүлэн авч дотроо эргэлдүүлэх сонирхолтой байдаг гэнэ. 

Эцэст нь… 2017 онд Доналд Трамп том компаниудын татварыг 35%-иас 21% болгон бууруулснаар жилийн дотор компаниудын ашиг 25% өсөж $1.3 их наядад хүрч байв. Үүний зэрэгцээ хувьцаа халааслалт $806 тэрбумд хүрч рекорд тогтоосон аж. Хувьцаа халааслах нь хувьцааны үнийн савлагааг бууруулж, өгөөжийг өсгөх зорилготой. Гэвч үүнд сул мөнгөн урсгал гол нөлөө үзүүлдгийг дээрх жишээ харуулах биз ээ.

💡 Таавар таацгаая.

Далай, тэнгисийн бохирдлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх, байгальд ээлтэй төслүүдэд зориулж хөрөнгө босгох санхүүгийн хэрэгсэл. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

Airport World

🍋 Казакстан түүхэн дэх хамгийн том нисэх буудлын шинэчлэлийн төслөө эхлүүллээ. Төсөл 2050 он хүртэл 5 үе шаттайгаар хэрэгжих ба эхний ээлжид 2028 он хүртэл $362 саяар 130 төсөл хэрэгжүүлэх аж. Үүний цаана тус улс Евроазийн агаарын зангилаа төв болох том амбиц өвөртөлж буй. Гэснээс бүх санхүүжилтийг Алматы нисэх буудал өөрийн эх үүсвэр, банкны зээл, хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхээр болжээ.

🍋 Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам ирэх 10-р сард ашиглалтад орно. Одоогоор төмөр замын барилгын ажлыг 400 гаруй ажилтнууд гүйцэтгэж буй бөгөөд далангийн ажил 58%, гүүрний бүтэц 65%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Гэхдээ Улаанбаатар руу урсдаг 20 сая тн хүртэлх ачааг буулгах Тээвэр логистикийн төв баригдаж буй эсэх нь тодорхойгүй байна. 

🍋 $108.4 саяар баригдах лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусжээ. Төслийн гол зорилго нь Улаанбаатарт үүсээд буй тамтаггүй их хог хаягдлыг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүж эрчим хүч болгох юм гэнэ. Дулаан орохоор л ханхлаад байдаг таагүй үнэрээс хот маань ангижирч чадвал яамай даа. 

🍋 Хятадын жуулчид ирэх 9-р сараас 2026 оны 6-р сар хүртэл Өмнөд Солонгост визгүй зорчино. Зохицуулалт ирэх 10-р сард Өмнөд Солонгост болох APEC-г угтсан аялал жуулчлалыг дэмжих бодлогын нэг хэсэг бөгөөд тэр үеэр Ши Жиньпин, Дональд Трамп нар тусдаа уулзалт хийх шуум гарч буй. Үүнийг сонордсон Өмнөд Солонгосын зарим бизнесүүдийн хувьцааны үнэ 10% хүртэл өсжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.