• Lemon Press
  • Posts
  • 💰 Сайд нарын төсөв хэд вэ?

💰 Сайд нарын төсөв хэд вэ?

Трэндийг атгагч Miu Miu | $BODI: Цэвэр ашиг 98.5% өсөв | Шар айргийн өдөр

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр олон улсын шар айргийн өдөр тохиож байна. За тэгээд шар айрагтай холбоотой сонирхолтой баримт хуваалцахад энэхүү ундаа нь ус болон цайны дараа орох хамгийн түгээмэл уух зүйл бөгөөд археологичид шар айраг исгэх соёлыг МЭӨ 9500-аад оноос эхлэлтэй гэж үздэг байна. Мөн судалгаагаар шар айраг тааруулан хэрэглэх нь бүтээлч сэтгэлгээг 20% нэмэгдүүлдэг гэнэ шүү. 🍻

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д шинээр бүртгэгдсэн FTI хөрөнгө оруулалтын сангийн анхны бүртгэлтэй зах зээл үүсгэгчээр Апекс Капитал ҮЦК ХХК-ийг бүртгэлээ.

CUMN: Премиум Нэксус ХК (CUMN)-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Номинзол Худалдаа эрхэлсэн захирлаар томилогджээ

EN: Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд Даланзадгад суманд баригдах 50МВт-ын хүчин чадалтай ДЦС 2028 онд ашиглалтад орсноор 8,800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4,920 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангана.

🤯 Хаа сайгүй тэлсэн төсөв

Манай улсад 180 мянган хүн тутамд 1 сайд ногддог. Тэгвэл өнөө 20 сайд маань 2027 онд ₮27.1 их наядыг зарцуулахаар байна

‼️ 27% өсөлт = ₮27 их наяд

Сайдуудын 2027 оны зарлагын дээд дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27% өссөн байгаа юм. Тодруулбал, 13 сайдын зарлага дунджаар 31% өссөн бол үлдсэн 7-гийнх нь дунджаар 14.4% буурсан байна. 

  • Их наяд 🆚 Тэрбум: Цаашлаад, ирэх онд Сангийн сайд тэргүүтэй 6 сайд их наядаар хэмжигдэх төсвийг захиран зарцуулах бол Батлан хамгаалах тэргүүтэй 14 сайд тэрбумаар хэмжигдэх төсөвтэй байх нь. Энэ дунд анхаарууштай нь Эрчим хүчний сайдын зардал жилийн өмнөхөөсөө ердөө 0.2% өссөн бөгөөд дунджаас 3 дахин бага буюу ₮461 тэрбум байхаар байна.

  • 😬 Онцгой өсөлт: Харин нөгөө талд хувиар нь харвал, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зарцуулах төсөв хамгийн ихээр буюу 169.6% нэмэгджээ. Үнийн дүнгээр бол Сангийн сайдынх ₮3.2 их наядаар, Боловсролын сайдынх ₮1.5 их наядаар, Эрүүл мэндийн сайдынх ₮553 тэрбумаар тус тус үсрэх нь ээ.  

🤦 Эрэмбийн туйлшрал

Сангийн сайдын төсөв нийт төсвийн бараг 31%-ийг дангаараа эзэлж байгааг харж байгаа байх. Мөн нийт төсвийн ₮5 тутмын ₮1 нь боловсролын салбарт очих нь. Нөгөө талд акулуудаас бусад 10 сайдын төсвийг бүгдийг нь нийлүүлээд ч нийт төсвийн ердөө 6.5%-ийг л бүрдүүлж байна. Мөн одоогоор эрчим хүчний салбарын асуудал хамгийн чухал байгаа ч ирэх онд уг салбарт хэрэгжүүлэх ердөө 5 төслийн санал л ирсэн аж. 

Эцэст нь… Ирэх оны төсвийн төслийг өргөн барихтай зэрэгцэн 2026 оны төсөвт тодотгол оруулж хэмнэнэ гээд байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт 2027 оны төсөв нь ингэж тэлсэн байдаг. Улсын төсвийн алдагдал нь 3 дахин тэлчхээд байдаг. Тэвдсэн цагт тээглэсэн юм л болж байна даа хө.  

  • 🗳️ Таны санал 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтад багтах боломжтой. (PublicInvestment)

  • 🌡️ Цаг уурын мэдээллийг санаатайгаар өөрчлөх, сүйтгэх эрсдэл нэмэгдэж байна. (MITTR)

  • 👏🏻 Монгол залуу Америкт халдлагад өртсөн эмэгтэйд тусалжээ. (NBC)

  • 👩🏻‍🏫 Боловсролын салбарт багшийн хомсдол үнэхээр үүссэн үү? (iToim)

📈 $BODI: Цэвэр ашиг 98.5% өсөв

BODI: Энэ оны эхний хагас жилд Бодь Даатгал ХК ₮4.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 98.5% өссөн үзүүлэлт боллоо. Үүнд даатгалын хураамжийн нийт орлого 3.8% нэмэгдэж ₮30.2 тэрбумд хүрсэн болон хойшлогдсон давхар даатгалын хураамжийн өөрчлөлт 19.5%, хөрөнгө оруулалтын олз 24.6%, давхар даатгалын шимтгэлийн орлого 12.1% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 5.5% өсөж ₮94.5 дээр хаагдаад байна.

🤑 Miu Miu-н борлуулалт хэд вэ?

Монгол залуусын дунд жагсагчийн ногоон шил, одуудын зүүсэн үсний хавчаараар алдаршсан Miu Miu брэндийн Ази дахь борлуулалт өссөн гэнэ. Загварын гигант брэндүүдийн сонин хачин, санхүүгийн үзүүлэлтүүдтэй танилцъя!

👑 Тансаг эзэнт гүрний амжилт

Miu Miu брэнд нь Италийн тансаг зэрэглэлийн Prada Group (PRDSY)-н бүрэлдэхүүнд харьяалагддаг. Тус группт Miu Miu-с гадна Prada, Versace, Church’s зэрэг супер брэндүүд багтдаг билээ. Геополитикийн шуурга, дэлхийн эдийн засгийн савлагааг сөрөн Prada Group 2026 оны эхний 6 сард €3.1 тэрбумын орлого олов. Борлуулалт нь тогтмол ханшаар жилийн өмнөхөөс 16% нэмэгдсэн хэрэг. Ийнхүү тус группийн борлуулалт сүүлийн 22 улирал дараалан өсөв.

👠 Трэндийг атгагч Miu Miu

Prada Group-н нийт борлуулалтын дийлэнх буюу 62%-ийг ээж брэнд болох Prada бүрдүүлсэн бол авангард хэв маягтай Miu Miu 29%-ийг эзэлжээ. Miu Miu-н борлуулалт өнгөрсөн жил 40% өсөж дээд амжилт тогтоож байсан бол энэ оны эхний хагаст 2.5% нэмэгдсэн байна. Энэ өөрчлөлтөд Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөн сөргөөр нөлөөлсөн ч Ази-Номхон далайн бүс нутагт эрэлт өндөр хэвээр байгаа гэнэ. 

  • 🇯🇵 Японы рекорд: Тодруулбал, тус брэнд Японы зах зээлээс л гэхэд €288 саяыг олжээ. Энэ нь Азийн бусад орноос Японыг зорьсон жуулчид Miu Miu-н дэлгүүрээр ихээр үйлчлүүлсэнтэй холбоотой аж.

  • 🎤 K-Pop одуудын нөлөө: Нэмээд IVE хамтлагийн Вонён, BLACKPINK хамтлагийн Лиза болон бусад Азийн одууд Miu Miu-н элчээр ажилласан нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь борлуулалтад эерэг нөлөө үзүүлсэн нь энэ. 

Эцэст нь… Том брэндүүдийн борлуулалт саарч, хэрэглэгчид зардлаа танаж буй энэ цаг үед Miu Miu залуусын сэтгэлзүй, K-Pop трэнд болон аксессуарын худалдан авалтыг оновчтой ашиглаж шуургыг давав. Манай жагсагчид хүртэл энэ брэндээр гангардаг гэхээр маркетинг, үнэлэмж нь хэр хэмжээнд тархсаныг харж болох. 😜

💡 Таавар таацгаая.

… нь 1962 онд нэгэн комик номын туслах хуудсан дээр гарч ирж байсан ч, хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн алдартай супер баатрын нэг болжээ. Анхны комик ном нь дэлхий даяар 360 сая ширхэг борлуулагдсан бол эхний дэлгэцийн бүрэн хэмжээний кино нь $820 саяын орлого олсон аж. Энэ нь ямар супер баатар вэ? Олсон бол дотнын нөхдөөрөө нэг таалгах гээд үзээрэй. 🦸🏻‍♂️💭

REUTERS

🍋 SoftBank Group (9984.T) AI-н салбарт хийх хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр $10 тэрбумын зээл авчээ. Тодруулбал, компани OpenAI-д эзэмшдэг хувьцаагаа барьцаалан 2 жилийн хугацаатай маржин зээлийг Goldman Sachs (GS), JPMorgan Chase (JPM), Mizuho (MFG) зэрэг томоохон банкнуудтай албан ёсоор байгуулсан аж. Гэвч шинжээчид $9984.T-н AI салбарт оруулсан хөрөнгө оруулалт $60 тэрбумд хүрснийг онцолж, компанийн өрийн дарамт улам нэмэгдэж буйд болгоомжилж эхэлжээ.

🍋 Өнгөрсөн сард тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө ₮2.8 тэрбумаар өслөө. ЗГ-ын тогтоолын дагуу системийн нөлөө бүхий 4 банканд өнгөрсөн оны сүүлээр тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөнөөс ₮215.3 тэрбумыг хадгаламж хэлбэрээр байршуулж, хөрөнгө оруулалтын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө нийтдээ ₮32.5 тэрбумаар нэмэгдэх боломж бүрдсэн. Үүний дагуу одоогийн байдлаар нөөц сангийн хөрөнгө хуримтлагдсан дүнгээр ₮18.8 тэрбумаар өсөөд байна.

🍋 Google DeepMind-н CEO Демис Хассабис толгой компанийн Ерөнхий эрдэмтнээр томилогдлоо. Түүнчлэн 2023 оноос хойш Google (GOOG)-н Ерөнхий эрдэмтнээр ажилласан Жефф Дин нь ажлаа өгч, шинэ AI стартап байгуулахаар болсон ба тус компанид $GOOG стратегийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ. Тус мэдээний дараа $GOOG-н нэгж хувьцааны үнэ 4% унаж $360.1-т хүрсэн нь хөрөнгө оруулагчид удирдлагын багийн тогтвортой байдалд бага зэрэг эргэлзэж буйн дохио болов.

🍋 Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 36.1% өсөж $19.4 тэрбумд хүрчээ. Тодруулбал, энэ оны эхний 7 сарын байдлаар экспортын дүн $12.2 тэрбумд, импортын дүн $7.2 тэрбумд тус тус хүрсний үр дүнд гадаад худалдааны тэнцэл $5 тэрбумын ашигтай гараад байна. Сонирхуулахад, экспортын бүтцэд голлох жин эзлэх чулуун нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 58.6% нэмэгдэж 65.6 сая тн-д хүрсэн бол зэсийн баяжмалын хэмжээ 23% өсөж 1.5 сая тн болсон аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.