- Lemon Press
- Posts
- 🚨 Томчуудын том улаан гэрэл
🚨 Томчуудын том улаан гэрэл
HKEX анхаарлын төвд | Нисдэг такси үйлчилгээ | Монгол, Солонгосын хамтрал
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Наадам, Цагаан сараар бүх нийтээр амрах өдрүүд, амралтын өдөр таарвал нөхөж амрах хуулийн төслийг өргөн барихаар яамнуудаас санал авч байгаа. Арай эдгээр өдрүүдэд амрахгүй бол гэр бүлүүд маань хэрэлдэж, муудалцаад байгаа юм биш биз дээ? 🫢🤨


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: УИХ Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа.
FRC: Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар ББСБ-ын олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлалыг батлав.
SK: Монгол болон Өмнөд Солонгос хүлэмжийн хий бууруулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Юу шал арчаад байна аа гэтэл…

Улс төрийн ороо бусгаа байдлын хажуугаар дайн дээр дажин гэгчээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сэхэл авдаггүй ээ хө.
🧐 9 жилийн трэнд тасрах уу?
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2004 оноос хойш жилд дунджаар 54.4% өсөж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн 20 жилийн хугацааны ердөө 5-д нь л буурч, 2016 оноос хойш тасралтгүй өсөж байгаа билээ.
🔍 Юу болов оо? Гэтэл энэ оны 1-р сард ₮13 их наядыг давж байсан зах зээлийн үнэлгээ сар сараар тасралтгүй уруудсаар ₮914 тэрбумаар багасаж ₮12 их наядыг чүү ай шүргэж $3.4 тэрбум орчимд хэлбэлзэж байна.
🔻 Идэвх буурав
Үүний гол шалтгаан нь арилжааны идэвх суларсан явдал. Ялангуяа 3-р сард зах зээлийн үнэлгээ энэ оны доод цэгтээ хүрч буурсан. Тухайн сард нийт 109 ХК-ийн хувьцаа арилжаалагдсан нь өмнөх сараасаа 11% буурсан дүн. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн ч 12.3% багассан байгаа юм.
🚨 Томчуудын том улаан гэрэл: Нөгөө талаасаа манай зах зээлийн үнэлгээний дийлэнх буюу 79.5%-ийг ТОП-20 компани, 54.8%-ийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч ТОП-5 компани бүрдүүлж байна. Хэдхэн компанийн нөлөө хэт их тул төдий хэрээр савлагаа ихтэй байгаа хэрэг.
📌 Хэдэн зуун тэрбумаар унав: Жишээ нь л гэхэд зах зээлийн үнэлгээнд хамгийн их нөлөөтэй 2 компани болох ХААН Банк (KHAN)-ны үнэлгээ он гарснаас хойш 7.5%, Тавантолгойнх (TTL) 14.9% унасан байгаа юм. Зөвхөн энэ 2 компанийнх ч биш ихэнх компанийн үнэлгээ унаад байна.
⁇ Засгийн гар авралын гар байж чадах уу?
Уг нь бол ЗГ өнгөрсөн сараас эхлэн хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор дотоодын үнэт цаас арилжаалж байгаа. Одоогоос 10 жилийн өмнө ЗГҮЦ-ыг арилжаалснаар өдрийн дундаж арилжааны дүн нь ₮10-₮20 саяас ₮1.5 тэрбум болтлоо өсөж байсан түүхтэй. Гэвч одоогоор бол энэ үнэт цаасыг өндөр үр дүнтэй гэж дүгнэхэд “амаргүй” байна.
Эцэст нь… Сүүлийн үед IPO-н цуваа татарч, халуухан нээлттэй бондуудын чимээ ч суларлаа. Нэмээд гадаадын хөрөнгө оруулагчдын арилжаанд эзлэх хувь ч 1%-2%-иас хэтрэхээ байсан. Бид энэ талбарыг идэвхжүүлж зах зээлийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн нөлөөг томруулахын тулд бүх талын оролцогчдод маш сайн орчин, хөшүүрэг бий болгох хэрэгтэй байна.

🌫️ 2 сая жуулчин хүлээж авна гэдэг зүүд зэрэглээ ажээ. (MNB)
🗿 Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. (President)
🇷🇺 Ирэх олимпоор ч мөн Оросын тамирчдыг харахгүй нь дээ. (Yahoo!Sports)
💎 Уоррен Баффетийн анхан шатны хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө. (FastCompany)

🚗✈️ Нисдэг такси үйлчилгээ
JOBY: Цахилгаан агаарын такси үйлдвэрлэгч Joby Aviation (JOBY) Toyota (7203.T)-с $250 саяын хөрөнгө оруулалт татлаа. Хөрөнгө оруулалтын мэдээний араас $JOBY-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 28% өсөж $8.8-т хүрээд буй. Үүний өмнө буюу 2020 онд Toyota тус компанид $400 саяын хөрөнгө оруулалт хийж байв. Үүнээс гадна Joby Avaition Virgin Atlantic-тай хамтран Их Британид агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэхээр болсноо зарласан юм.

🔎 HKEX анхаарлын төвд
Shein Лондоны хөрөнгийн биржид бус Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийх магадлалтай байна.
🫠 Shein-н 3 дахь сонголт
Анхандаа Америкт IPO хийхээр төлөвлөж байсан Shein өнгөрсөн жилээс Лондоны бирж (LSE) дээр IPO хийхээр ажиллаж байсан. Яван явсаар тэдний эцсийн зогсоол Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) байх бололтой. Хэдий Shein Их Британийн зохицуулагч байгууллагаас IPO хийх зөвшөөрлөө авсан ч Хятадын талаас зөвшөөрөл авч чадахгүй байгаа учраас HKEX-г тоочиглож буй.
👀 Хамгийн ээлтэй хөрөнгийн бирж
Энэ цаг мөчид хөрөнгийн зах зээлийн хамгийн том мөрий бол цаашид худалдааны дайн ширүүсэх үү, сулрах уу гэдэг. Геополитикийн нөхцөл байдлаас гадна биржүүдийн IPO бүртгэлийн шалгуурыг харвал,
👮🏻 Зохицуулалтын хувьд, Nasdaq (^IXIC) болон HKEX илүү уян хатан, хурдан төдийгүй шинэ технологитой, өсөх ирээдүйтэй компаниудад тохиромжтой. Харин NYSE болон LSE бэл бэнчин, супер засаглал хардаг тул үйл ажиллагаа нь тогтсон бизнесүүдэд илүү тохиромжтой байх нь.
📰 IPO мэдээ: Өнгөрсөн онд Энэтхэгийн хөрөнгийн захад нийт 338 IPO хийгдэж, тэсрэлт хийсэн. Харин томоохон биржүүдийн хувьд Nasdaq хамгийн их буюу 171 IPO, HKEX дээр 66, NYSE дээр 34, LSE дээр 18 IPO хийгджээ.
💪🏻 HKEX: Давуу тал олон
Харин энэ онд HKEX Азидаа хамгийн өндөр хөрвөх чадвартай биржийн нэг гэдгээ нотолж саяхан CATL (3750.HK)-н IPO-г өлгийдөн авав. Компани IPO-роо $4.6 тэрбумыг татан төвлөрүүлж 2025 оны дэлхийн хамгийн том IPO-г хийсэн. HKEX-н зохицуулалт уян хатан гэдгээсээ гадна 2023 оноос эхлэн тусгай технологийн компаниудад зориулсан шинэ бүртгэлийн журамтай болж, компаниудад IPO хийх урилга өгсөн хэрэг болсон.
🔔 Chapter 18С-р технологи нь лаг, инновацлаг компаниудад ашгийн шалгуурын оронд сүүлийн 3 жилд нийт зардлын 15%-иас багагүй хөрөнгө зарцуулсан байх шаардлагыг тавьж буй.
🤔 Монголын боломж
Дотоодоос 10 жилийн өмнө анх Mongolian Mining Corporation HKEX-д бүртгэлтэй болж байсан. Тухайн үетэй харьцуулахад HKEX-н бүртгэлийн журам нэн ялангуяа технологийн компаниудад нэлээн зөөлөрсөн. Харин нөгөө талд дотоодод амжилттай явж буй, гадагш гарахаар тэмүүлж буй технологийн компаниуд олширч байгаа. Анхаарч баймаар зохицол байна даа.

💡 Таавар таацгаая.
… нь нь блокчэйний үйл ажиллагааг дэмжих зорилгоор виртуал хөрөнгийг тодорхой хугацаанд түгжих явдал юм. Криптогоо түгжсэний хариуд виртуал хөрөнгө урамшуулал болгон авна. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

Fox Business
🍋 Илон Маск Цагаан ордныг гомдол дүүрэн орхив. Тэр ноу-хаугаа ашиглан Цагаан ордны зардлыг цэгцлэх гэхчлэн ажлуудыг хийн Трампын баруун гар болж буйн хариуд xAI стартап-даа давуу эрх олж авах төлөвлөгөөтэй байв. Гэтэл өнөө $500 тэрбумын Stargate болон АНЭУ-д хэрэгжүүлэх том төслүүдийг xAI-д бус, өрсөлдөгч OpenAI-д ашигтай байдлаар шийджээ. Дайран дээр давс гэж, Tesla-н нөхцөл байдал ч хэцүүхэн байгаа.
🍋 Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Үүнийг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барих бөгөөд цаашлаад 2 жилийн дотор III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны нийт 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууц босгохоор төлөвлөжээ. Харин дэд бүтцийн тухайд, 6 сургууль, 5 цэцэрлэг, 1 цирктэй болох юм гэнэ.
🍋 Америкийн Худалдааны шүүх Дональд Трампын шинээр тогтоосон тарифт хориг тавьжээ. Угтаа тариф тогтоох эрх мэдлийг конгресс эзэмшдэг байтал дан ганц эрх мэдэлтэн буюу Дональд Трамп бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэж буй. Энэ шийдвэрт хүрэхэд мөн тарифын эсрэг Америкийн 5 бизнес эрхлэгч, 12 мужаас ирсэн нэхэмжлэл нөлөөлсөн аж.
🍋 “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг $14.25 саяар хэрэгжүүлнэ. Төсөл үерийн эрсдэлийн менежмент, усан хангамжийг сайжруулах гэсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 8 байршилд хэрэгжих бөгөөд “Престиж инженеринг” ХХК болон Хятадын Hunan Industrial Equipment Installation нар гүйцэтгэх нь. Санхүүжилтийн хувьд ЕСБХБ $7 саяын хөнгөлөлттэй зээл, ЕХ €7.25 саяын буцалтгүй тусламж олгохоор болжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply