- Lemon Press
- Posts
- 🥊 Биткойн VS Алт
🥊 Биткойн VS Алт
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд | Евро бүсийн инфляц | Австралид цалин нэмэгдэнэ
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Ирэх Лхагва гарагт Бурхан багшийн их дүйчэн өдрөөр бүх нийтээрээ амарна. Эл өдөр уур бухимдлын эсрэг энэрэл нийгүүсэл төрүүлэх учиртай. Жагсаал хаагдаж, огцрох хүн нь огцорсон тул нийгүүсэлтэй байдаггүй юм аа гэхэд ядаж уур бухимдал төрөөд байхгүй биз ээ. 😅


*Нэг өдрийн өөрчлөлт.
COMEX: Уул уурхайн биржийн арилжаа 5-р сард өмнөх сараасаа 4.5 дахин, энэ дундаа нүүрсний арилжаа 26 дахин буурч нийт баталгаажсан хэлцлийн дүн ₮110 тэрбумд хүрэв.
KR: Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён ялалт байгуулав.
MSE: Өчигдрийн арилжаагаар Монгол Базальт ХК (MBW)-ийн хувьцааны үнэ 10.40%, Улсын Их Дэлгүүр ХК (UID)-ийнх 8.43% тус тус буурлаа.
EU: Өнгөрсөн 5-р сард Евро бүсийн инфляц хүлээлтээс давж бууран 1.9% болсноор төв банкны зорилтот түвшин болох 2%-ийн интервалд оров.

🤵🏻 Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд

Монголын улс төрийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоож, иргэдтэйгээ 21 хоног тэмцэлдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, ирэх өдрүүдэд дараагийн ЗГ-ын бүтэц, чиг баримжаа, тэргүүлэх бодлого тодорхойлогдох гэж байна.
⭕ Энэ завсрын хугацаа зүгээр ч нэг удирдлагын солилцоо бус, харин тогтолцооны шинжтэй иргэдийн төр засагт итгэх итгэлийг ахин хөсөрдүүлэхээргүй шинэчлэл байх учиртай.
🔜 Ирэх 30 хоногт
Хууль ёсоор 30 хоногт буюу 7 сарын 1-ний дотор шинэ Ерөнхий сайд томилогдоно. Хэрэв энэ хугацаанд томилгоо хийгдэхгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах дээрээ тулна. Гэсэн ч бодит нөхцөл байдлыг харвал МАН дотоод эв нэгдлээ хадгалж ЗГ хэвийн солигдох магадлал өндөр.
🕎 Хуучин нь ул болж, шинэ нь зул болно
Эрх баригч нам сонгогдоод жилийн босгон дээрээ ирлээ. Сонгуулийн чухал амлалтыг нь эргэн сануулахад “Төр цомхон, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх”. Гэвч өмнөх Ерөнхий сайдын ЗГ 22 сайд, 16 яам буюу өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдах үедээ л амлалтаа шууд зөрчсөн. Түүнээс хойш есөн бусын албан тушаал гаргаж, эхийг нь эцээчихгүй, тугалыг нь тураачихгүйн тулд маш олон томилгоог хийсэн билээ.
👀 Тогтолцоо: Шинэ ЗГ өмнөх ЗГ-ын алдааг давтаж, гадуур яригдаж буй II ээлжийнхний буффет болж хэрхэвч болохгүй. Тиймээс шинэ засаг “Төр цомхон байх” амлалтдаа хүрч, нийт төрийн албан хаагчдын 30%-ийг цомхотгох ажлаа үргэлжлүүлэх нь зүйн хэрэг.
🪙 Төсөв: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагыг ₮33.5 их наяд буюу алдагдалгүй төсөв батлахаар тусгасан. Төсөв алдагдалтай гарахад урсгал зардал хамгийн ихээр нөлөөлдөг. Хэрэв шинэ ЗГ цомхон байгуулагдвал сайд болон яам дагасан урсгал зардлууд буурч, төсөвт ирэх дарамт нь ч буурна.
Цаашлаад, ЗГ-ын өр шир I улиралд ₮34.6 их наядад хүрсний 90% нь гадаад өр байгаа нь дараагийн ЗГ-ын тэргүүний толгойны өвчин болох буй за.
Эцэст нь… Дараагийн Ерөнхий сайдад горилогчдын нэрс иргэдийн хандлагыг тандах гэсэн мэт цахим орчинд эрчтэй явж байна. Бидэнд шийдэх, эрэмбэлэх ёстой олон асуудлууд байгаа ч тэргүүн эрэмбийн асуудал бол шинэ ЗГ цомхон байгуулагдах, улс төрийн шуургыг аргацаасан тоглоомын ЗГ байгуулагдахгүй байх юм шүү.

🏭 Улс орнууд үйлдвэрлэлийн салбараа байдгаа барин дэмждэгийн шалтгаан. (NPR)
🗣️ МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн S&P500-д өгсөн ярилцлага. (S&PGlobal)
😵💫 Амьдралынхаа чухал шийдвэрт AI-н зөвлөгөөг дагах нь тэнэглэл үү? (TechRadar)
🎤 Огцрох амархан жагсаалд оролцсон залуусын сэтгэгдлийг түүвэрлэж. (GoGo)

⛏️ Steppe Gold өсөлттөй өдөр
STGO: Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Steppe Gold-н нэгж хувьцаа өнгөрсөн 1 жилийн хамгийн дээд үнэ болох $1.16-д хүрээд байна. Тухайлбал, 5 сарын 30-ны өдөр хувьцааны үнэ $1.03 хаагдсан ба үүний дараа 6 сарын 2-нд 19.4% өссөн аж. Энэхүү өсөлт нь саяхан компанийн гаргасан танилцуулгатай холбоотой ба энэ онд 70-75 мянган унц буюу 1.98–2.13 тн алтыг Сэлэнгэ аймгийн Бороо, Улаанбулаг болон Дорнод аймгийн Алтан Цагаан Овоо уурхайгаас олборлох гэнэ.

🥊 Биткойн vs Алт

2024 оны мөн үеэс алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 44.2%, Биткойных (BTC) 51.6% тус тус өсжээ. Хөрөнгө оруулалтын уламжлалт хэрэгсэл болон шинэ үеийн дижитал хэрэгслийн хэн нь илүү хүмүүсийн анхаарлыг татаж байна вэ?
🇺🇸 Крипто моод
Америкийн насанд хүрэгчдийн дунд хамгийн түгээмэл эзэмшдэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол криптовалют. Тухайлбал, 2024 онд 104 сая хүн криптовалют эзэмшиж байсан бол энэ онд 76% нэмэгдэж 183 саяд хүрээд байна. Энэ нь нийт насанд хүрэгчдийн 70.4% гэхээр тамтаггүй. Нөгөө талаар үнэт цаастай иргэдийн тоо 160 сая байгаа нь нийт насанд хүрэгчдийн 61.5%. Өнгөрсөн оны сүүлээс криптовалют эргээд моодонд орсон нь хөрөнгө оруулагчдын харцыг булааж, араасаа гүйлгээд байна уу гэмээр.
🥊 Онцлох тулаан
Дэлхийн түүхэд хамгийн итгэл даах хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол яах аргагүй алт байсан. Гэвч энэ статус цаашид Биткойн руу шилжих үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Шалтгаан нь Америкт 50 сая гаруй хүн Биткойн эзэмшиж буй нь алтнаас 35% өндөр дүн болжээ. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3 сард анх удаа Биткойны стратегийн нөөц сан болон дижитал хөрөнгийн улсын сан байгуулаад амжсан нь төр ч криптовалютуудад итгэл үзүүлж эхэлсний дохио болоод байна.
🇲🇳 Манай крипточид
Энэ оны I улирлын байдлаар криптовалют эзэмшигчдийн тоо мөн үеэс 7.6% өсөж 941.1 мянгад хүрсэн ба баталгаажсан харилцагчид 464.9 мянга гэнэ. Үүнээс 31-45 насныхан хамгийн их буюу 48%-ийг бүрдүүлсэн аж. Харин үнэт цаасны хувьд мөн үеэс 7.5 мянган данс шинээр нээгдэж 2.6 саяд хүрэв. Яг нарийн хэдэн хүн криптовалют эзэмшиж буйг тогтоох бэрх ч идэвхтэй арилжаачдын тоо 11.7 мянга буюу нийт насанд хүрэгчдийн ердөө 0.5% нь криптовалюттай ажээ.
Дүгнэхэд… Криптовалютыг алттай харьцуулаад үзвэл эрсдэл нь тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна. Ямартай ч крипто зуд дуусаж, ханшийн өөрчлөлтийг харвал зуны өнгө дажгүй байх төлөвтэй. Гэхдээ крипто цаг агаар яг л Монголын хаврын нэг өдөр шиг байдгийг санах нь зүйтэй шүү…

Бяцхан кейс задлан 💡
Асуудал: … компани ууланд авирахад зориулсан тусгай аяллын гутал, тоног төхөөрөмж зардаг ч хэрэглэгч цөөн, борлуулалтын орлого нь улирлаас хамаарч байв.
Шийдэл: Компани "микро масс" зах зээл рүү шилжих стратеги хэрэгжүүлж хэрэглэгчийн сегментээ ойр хэрэглээтэй шинэ сегментээр тэлэв. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнээ зөвхөн ууланд авирагчид бус амралтын газрын ажилчид, загасчид, хээрийн судлаачид, малчид гэхчлэн ойролцоо нөхцөлд ажилладаг хэрэглэгчдэд таниулах маркетинг хийжээ.
Тэдний боловсруулсан шийдэл хэр амжилттай хэрэгжих бол? Санал бодлоо хуваалцаарай. 😉

Tenor
🍋 Австрали ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг инфляцын түвшнээс 1% илүү буюу 3.5% нэмнэ. Улмаар Австралийн нийт хөдөлмөр эрхлэгч 5 хүн тутмын 1 буюу 3 сая иргэдийн цагийн хөлс $24.95, 7 хоногийн хөлс $948 болох нь ээ. Энэ нэмэгдэл голчлон зочлох үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн халамж гэхчлэн хөдөлмөр их шаарддаг, эмэгтэйчүүд зонхилсон салбаруудад хамаарах ажээ.
🍋 Монгол, Туркменистан ЗГ болон байгууллага хоорондын 14 баримт бичиг үзэглэв. Ингэснээр голчлон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын ноос, ноолуурыг Туркменистаны хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад зам тээврийн салбарт Ази-Европ дамнасан тээврийн коридор бий болгох зэрэгт хамтрах нь.
🍋 OECD дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин буурууллаа. Тодруулбал, өнгөрсөн III сард дэлхийн ЭЗ-ийг энэ онд 3.1%, ирэх онд 3% тус тус өснө гэж тооцоолж байсан бол энэ сард энэ оны өсөлтийг дахин бууруулж 2.9% болгоодхов. Харамсалтай нь, хайр найргүй тарифын бодлого хэрэгжүүлсэн Америкийн ЭЗ-ийн өсөлт ганцаар буурах бол эсрэгээрээ Хятадынх өсөлттэй, Евроазийнх дорвитой өөрчлөлтгүй байх аж.
🍋 Chime ирэх 7 хоногт $11 тэрбумын үнэлгээтэй IPO хийхээр зэхэж байна. Компани $25 тэрбумын үнэлгээтэй ч, нэгж хувьцааныхаа үнийг $24-26 гэж тогтоосноор үнэлгээ нь ийн буурав. Тэд IPO-р $800 саяыг босгож тодорхой хэсгийг Cathay Innovation гэхчлэн зарим хөрөнгө оруулагчдадаа тараахаар төлөвлөжээ. Хувьцааны зах зээл эмзэг буй энэ үед тэд IPO хийж буй нь бизнесийн тэлэлтдээ итгэлтэй байгаагийн илрэл дээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply