- Lemon Press
- Posts
- 📑 Шинэ оны шинэ хуулиуд
📑 Шинэ оны шинэ хуулиуд
2025 оны маркетингийн трэнд | Тохиролцъё: $95 сая | Түүхэн ГВУН
POWERED BY
2025 оны мэнд ээ! Товхимлоо санасан уу? Бүгд энэ онд алаад өгнө гээд төлөвлөгөө гаргачихсан сууна уу? 🤭 2025 он улс төрийн үймээн багатай, эдийн засгийн идэвхжил өндөртэй байгаасай. Гэснээс манай товхимлыг уншдаггүй ойр тойрны хүмүүстээ ЭНЭ линкийг илгээгээрэй, энэ онд илүү олуулаа болно оо. 💪
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: "ТЖТБ” ХХК-ийн "Green recycle" бондын хөтөлбөрийн транч 2-ын хоёрдогч зах зээлийн арилжаа GRB-BD-03/01/28-C0081-10 кодтойгоор эхэллээ.
CNF: Kрипто Үндэстэн ХК өөрийн 100% эзэмшиж буй Ард Венчурс ХХК-ийн гаргасан бүх хувьцаа болох нэг бүр нь ₮10,000 нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг Хөвсгөл ХК-д худалдахаар болов.
BOM: Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 онд өнгөрсөн жилээсээ 11.8% өсөж $5.5 тэрбум буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
📑 Шинэ оны шинэ хуулиуд
2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нэмэгдлийг нэмэгдүүлсэн олон нэмэгдэлтэй жил эхэлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн нийтлэлийг Nomadix Business Law Firm-тай хамтран хүргэж байна.
🔺 Нэмээд^2 явна
Эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх амлалтаа харин ч нэг марталгүйгээр тэтгэврийн хэмжээг 6%, одонтой ээжүүдэд олгох тэтгэмжийг 2 дахин, төрийн албан хаагчдын цалинг 6%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% тус тус нэмээд буй. Тухайлбал,
🆕 Жил бүрийн 1 сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж нэмэхээр хуульчилсан билээ. Угтаа тус хууль нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ бус тэтгэврийн даатгалын сан (ТДС)-г шинэчилж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоход чиглэсэн цогц бодлогын өчүүхэн хэсэг. Даанч шинэчлэлээсээ нэмэгдэл нь урьтаад байгаа нь харамсалтай.
😣 Нурууг нь хугалах вий: Улмаар тэтгэврийн хэмжээг 6%-иар нэмэгдүүлэхийн тулд НДС-д ₮297.4 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Гэтэл ТДС хэдийнээ НДС-гийн зарлагын 80%-иас дээш дүнг эзэрхэж, төсвөөс тэнцвэржүүлж амьтай голтой байлгадаг гэхээр тус сангийн хямрал улам л гүнзгийрэх эрсдэл үүсэж байна.
💸 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэхэд ирэх 4 сарын 1-нээс цагт ₮4,715 буюу сард ₮792,000 болж түүхэндээ анх удаа 3 жил дараалан өсгөөд байгаа. Тус шийдвэрийн эерэг болон сөрөг нөлөөг ЭНД дарж уншаарай.
🐑 Малчны тухай хууль
2024 онд батлагдан одоо мөрдөгдөж байгаа Малчны тухай хуулийн 12-р бүлэг буюу Малчинд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зохицуулалт 5 хоногийн өмнө хэрэгжих болов. Гол зорилго нь малчдад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэх юм.
Эцэст нь… Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль болон зохицуулалтыг танилцуулж дууслаа. Өнөө ТДС-гийн шинэчлэл яасан бэ? Өдгөө тэтгэвэр авч буй хүмүүс НДШ төлж буй хүмүүсээс их байгаа асуудал, НДШ төлөгсдийн шимтгэлийг шууд тэтгэвэр байдлаар зарлагаддаг асуудлаа тогтолцоогоор нь шийдэх яасан бэ?
🍎 Тохиролцъё: $95 сая
AAPL: Apple Siri-тэй холбоотой шүүхийн маргаанд $95 саяыг төлөх тохиролцоонд хүрлээ. Тодруулбал, компани 2014 онд Hey, Siri функцийг үйлдлийн системдээ нэвтрүүлснээс хойш хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, гуравдагч тэр тусмаа зар сурталчилгааны компаниудад хуваалцсан гэх үндэслэлээр тэдний эсрэг ийн нэхэмжлэл үүссэн аж. Хэдий Apple Siri-н холбогдсон тус асуудлыг эрс үгүйсгэсэн ч 2014 оны 9-р сараас 2024 оны 12-р сар хүртэл iPhone, Apple Watch зэрэг Siri-г идэвхжүүлсэн төхөөрөмж бүрд $20 хүртэлх нөхөн олговор олгохоор болоод буй.
📣🚀 2025: Маркетингийн шинэ эрин үе
Энэ онд Instagram хүчээ авч Meta (META)-н Америк дахь зар сурталчилгааны орлогын тэн хагасаас илүүг буюу $32 тэрбумыг бүрдүүлэх төлөвтэй байна.
✨ Instagram хүчээ авч эхлэх нь
Тэгвэл хөшигний ард Instagram ийн алдаршиж буй гол хөшүүрэг нь инфлүсэр маркетинг тэр тусмаа богино хэмжээний reels форматтай бичлэгүүд хандалт өндөртэй байгаа явдал. Уг форматын ид шид нь ерөөсөө л хэрэглэгчдийн анхаарлыг эхний 3 секундэд тогтоож авдагт байгаа юм. Цаашлаад мэдээлэл тараах, хүлээн авч буй гол хэрэгсэл нь гар утас болчихсон өнөө цагт босоо формат харагдах талаасаа ч төгс тохирч буй.
⏮️ Өнгөрсөн оны сүүлээр л гэхэд Instagram-н хэрэглэгчид тус платформд зарцуулж буй нийт хугацааныхаа ⅔-г reels үзэж өнгөрөөсөн байгаа юм. Та ч мөн Instagram дээр ямар форматтай контентод хамгийн их цаг зарцуулж буйгаа анзаараад үзээрэй.
💭 Facebook моодноос гарсан уу? Нөгөө талд өнгөрсөн 10-р сард Facebook-н идэвхтэй зар сурталчилгаа үздэг хүмүүс 2.2 тэрбум байсан гэхээр чамгүй их ч инфлүсэрүүдийн 90% нь Instagram, 66% нь TikTok, харин 34% нь л Facebook дээр идэвхтэй байжээ.
💥 Зах зээлийн өрсөлдөгчид
Богино бичлэгүүд сүүлийн жилүүдэд л эрчийг аваад байгаа болохоос зах зээлд тэртээ 2013 онд анх Vine 6 секундийн богино бичлэгийн хэлбэрийг танилцуулж байв. Үүнтэй зэрэгцэн мөн онд Snapchat хэрэглэгчдэд босоо форматаар бичлэг хийх боломжтой "Stories" функцийг нэвтрүүлсэн байдаг. Харин 2018 онд ByteDance Musical.ly-г TikTok болгож нэгтгэснээр дэлхий даяар контент бүтээгчдийн дунд алдаршсан юм.
🍰 Бялуугаа яаж хуваадаг вэ? Трэндээ дагана даа гэх зарчмаар 2020 онд Meta зар сурталчилгааны стратегиа шинэчилж богино бичлэгийг reels нэршилтэйгээр Instagram-д нэвтрүүлж, өдгөө тус зах зээлд YouTube 2.56 тэрбум, TikTok 884.9 сая, Instagram 675.3 сая үзэгчидтэй буюу шүргэлцэх төдий удаалах болсон.
Гэхдээ! Хэрэв Америкийн дээд шүүхээс TikTok-г хоригловол Instagram TikTok-н Америкийн маркетингийн зах зээлд эзэлж буй байр суурийн 20%-ийг эзэгнэх төлөвтэй байгаа. Гэхдээ Дональд Трамп TikTok-г өмөөрсөн юм яриад л байгаа. Юутай ч, энэ нөхцөл байдлыг Instagram овжиноор ашиглаж чадвал Meta-н гол орлогыг баздаг болох нь дээ.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт Улаанбаатарын хөгжлийн индексийг 0.9-д хүргэх зорилт тавиад буй. Тэгвэл үүнийг лавшруулан харцгаах уу?
6 төрлийн 83 шалгуур үзүүлэлтээр: Үүнийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал зэргээр хэмждэг аж.
0.901-1.000 нь “A”: Уг индекс нь 2023 онд 0.464 байсан бол өнгөрсөн жил F буюу 0.472 гэж үнэлэгдсэн байна.
Орчин “B”: Үүнд өнгөрсөн жил орчны чанар 0.807, өрсөлдөх чадвар 0.343, тогтвортой байдал 0.481, харин хүртээмжтэй байдал 0.497 байсан гэнэ дээ.
Shanghai Daily
🍋 Монголын нийт нутаг дэвсгэрийн 40% орчимд зуд болох өндөр эрсдэлтэй, харин 20%-д нь дунд зэргийн эрсдэлтэй байна. Тодруулбал, баруун зүгт Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх нутаг болон хойд зүгт Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, төв хэсгээр Архангай, Өвөрхангай, харин өмнөд хэсгээр Баянхонгор, Дундговь аймгийн багахан хэсэгт зудын өндөр эрсдэлтэй байгаа аж.
🍋 Microsoft (MSFT) энэ оны эхний хагаст AI дата төвүүдийн бүтээн байгуулалтад $80 тэрбумын хөрөнгө оруулах төлөвтэй байна. Эргэн харвал, өнгөрсөн жилийн II хагаст Microsoft-н Azure болон бусад үүлэн технологид суурилсан үйлчилгээнээс олсон орлого 33% өссөн бөгөөд үүний 12%-ийг AI-д суурилсан үйлчилгээний орлого бүрдүүлжээ. Гэснээс тус хөрөнгө оруулалтын тал дүн нь Америкт ногдох аж.
🍋 НЗД 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав. Энэ хүрээнд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 сарын 15-ны дотор боловсруулж, батлуулах аж. Цаашлаад дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инновац, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм гэнэ.
🍋 Apple (AAPL)-н Гүйцэтгэх захирал Тим Күүк Дональд Трампын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын санд $1 саяыг хандивлалаа. Цахиурын хөндийд элэгтэй нэгэн эргэн ирж байгааг угтан Amazon (AMZN), Meta (META) тэргүүтэй технологийн луугарууд ч хэдийн уг дүнгээр тус тус хандив өргөөд буй. Улмаар Дональд Трампын тангараг өргөх ёслолд одоогоор $150 сая цугларсан нь 2017 оныхоос 30% өссөн дүн юм.
🗑️ Meta жил гаруйн өмнө үүсгэсэн AI дүрүүдээ хэрэглэгчдийн дургүйцлээс шалтгаалан устгаж эхэлжээ. (Guardian)
🫢 Ажлын ярилцлагын үеэр хэлэх хэрэгтэй болон хэрэггүй зүйлс. (GeorgeStern)
🚧 Энэ сарын 10-наас 7 сарын 10 хооронд Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинээр барина. (Ulaanbaatar)
🧾 ХАСХОМ-д өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлдэг болж. (Meduuleg)
Даваа: Их Британид өнгөрсөн онд хэр олон шинэ автомашин борлуулагдсантай танилцана.
Мягмар: Өмнөд Солонгосын өнгөрсөн оны гадаад валютын нөөц зарлагдана.
Лхагва: Араас нь Японы хэрэглэгчийн итгэлийн индекс танилцуулагдах аж.
Пүрэв: Германы гадаад худалдааны тэнцэл гарна.
Баасан: Эцэст нь өнгөрсөн сард Америкт ажилгүйдлийн түвшин хэр байсантай танилцах нь байна шүү.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply