- Lemon Press
- Posts
- ✈️ Хүчирхэг паспортууд
✈️ Хүчирхэг паспортууд
Цагаан харын холилдоон | УИХ-ын дарга огцрох уу? | Цөм хийсэн ашигтай $TSMC
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр нийт цахилгаан хэрэглээний 15% тасарсан баларсан үйл явдал болоод өнгөрлөө. Шалтгаан нь Оросоос импортолж авдаг 220 кВ-ын шугам тасарсантай холбоотой байсан гэнэ шүү. Ингээд цахилгаан тасраад байвал энэ өвлийг яажшуухан өнтэй давна даа. 🪫


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗГ-ыг огцруулах, УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй.
MNG: Moody Монголын зээлжих зэрэглэлийг В1/Тогтвортой болгон ахиулав.
NSO: 2025 оны эхний 9 сарын байдлаар улсын хилээр зорчсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.7% өсөж 686.9 мянгад хүрчээ.
GOV: Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны эхний 9 сард 2024 оны үеэс 15.6% нэмэгдэж ₮4 их наяд болов.

☯ Цагаан харын холилдоон

Өчигдөр Ерөнхийлөгчийн Энэтхэг дэх айлчлал дуусгавар боллоо. Айлчлалын хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес форум зохиогдож Энэтхэг рүү коксжих нүүрс нийлүүлэх асуудал дахин сөхөгджээ. Юу болох бол доо?
⁇ Бид бэлэн, та нар бэлэн үү?
Уг бизнес форумд Монголын талаас уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэл зэрэг 13 салбарыг төлөөлсөн 43 ААН, Энэтхэгийн талаас 100 орчим компанийн төлөөлөл оролцсон гэнэ. Энэ үеэр Энэтхэгийн төрийн өмчит, ган үйлдвэрлэлд тэргүүлэгч компани болох Steel Authority of India Limited (SAIL) Монголоос коксжих нүүрсийг туршилтаар импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
📌 Анхных нь биш: Аль өнгөрсөн 5-р сард л SAIL Монголоос туршилтын коксжих нүүрс импортолно, Монголын тал эхний ээлжид 1 тн-г нийлүүлнэ гэж гадна дотнын хэвлэлүүдээр шуугьж байсан. Гэхдээ одоо ч ярьсаар л байна. Угаас Энэтхэгээс зээл авч барих гэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр хэр удаж байгаа билээ дээ, гайхах юун.
🔍 Биднийг сонирхох шалтгаан?
Манай улс одоогоор Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг л нийлүүлж байгаа. Гэтэл Энэтхэгийн хувьд нүүрсний нөөцөөр дэлхийд 4-т ордог хэр нь жилд дунджаар 211 сая тн нүүрс импортолж авдаг. Нэмээд тэдний коксжих нүүрсний хэрэглээ 2013 оноос хойш 52% нэмэгдэж байгаагийн дээр Австрали, Индонез зэрэг улсаас хамаарах хамаарал нь их байгаа. Ийм болохоор л Монголыг сонирхоод байгаа хэрэг.
‼️ Боломж байна, гэхдээ
Хэрэв Энэтхэг Монголоос коксжих нүүрс импортолно гэвэл Эрдэнэс Монгол нийлүүлнэ. Гэтэл уг нэгдлийн нэг хэсэг болох Эрдэнэс Оюутолгой $7 тэрбумыг сурталчилгаанд зарсан гэх яриа дэгдсэн. Үүнтэй холбогдох баримтыг мөн л улсын нууцад авсан гэнэ. Нэг талдаа нүүрсний үнэ унаад экспортын орлого буурч байгаа ч нөгөө талдаа Хятадаас өөр улсад нүүрс нийлүүлэх боломж байсаар байтал авлига, ууж идэлт, бохир заваантайгаа зууралдаад байж байх гэж дээ. Даан ч яав даа Цэнцэрэн минь.

🚦 Замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулал авах нь. (НИТХ)
🤿 Бид уул уурхайгаас хэр их хамааралтай вэ? (ThinkMongol)
💡 Улаанбаатарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд санаа оноогоо хуваалцах уралдаан. (Ulaanbaatar)
🐽 Улс төрийн зодоон эцэстээ хуйвалдаанаар дуусах уу? (Ikon)

💰 Цөм хийсэн ашигтай $TSMC
TSMC: Дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч Тайванийн $TSMC-н өнгөрсөн улирлын цэвэр ашиг 2024 оны мөн үеэс 39.1% өсөж $14.8 тэрбумд хүрсэн нь шинэ дээд амжилт боллоо. Уг өсөлтөд AI-д ашиглагддаг хагас дамжуулагчийн эрэлт огцом ихэссэн нь ихээр нөлөөлсөн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.4% өсөж NT$1,485 дээр хаагджээ.

✈️ Дэлхийн хүчирхэг паспортууд

Өчигдөр Henley & Partners компани дэлхийн улс орнуудын паспортын чансааг 20 дахь жилдээ танилцууллаа. Товчхондоо Азийн барууд улам хүчирхэгжиж, Монгол нэг байр урагшилсан аж.
🐅 Азийн бар
The Henley Passport Index 2025-д дэлхийн 227 орны 199 паспортыг хамруулсан бөгөөд визгүй зорчих улс орны тоогоор жагсаалтаа бэлтгэсэн аж. Шинэчлэгдсэн жагсаалтыг 193 улсад визгүй зорчих Сингапур, 190 оронд нэвтрэх Өмнөд Солонгос, 189 улсад аялах Япон зэрэг Азийн бар орнууд тэргүүлэв.
🇯🇵 Аялах сонирхолгүй: 2024 оны байдлаар жагсаалтыг тэргүүлэгч Японы хүчинтэй паспортын тоо 20.8 саяд хүрсэн нь хүн амын 16.8%-ийг эзэлсэн дүн аж. Бусад орнуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт. Америк, Их Британи гэхэд нийт иргэдийн 50%-85% нь паспорттой аж.
🇺🇸 Хангалтгүй дүн: Жил бүр ТОП-10-т орсоор ирсэн Америкийн хувьд 2025 оны жагсаалтад өнгөрсөн оны мөн үеэс 5 байр ухарч 12-т жагссан нь сүүлийн 20 жилд байгаагүй тааруу үр дүн болжээ.
🇲🇳 Дундуур явна
Монголын паспорт The Henley Passport Index 2025-н 78-р байранд орсон нь 2024 оны мөн үеэс 1 байр урагшилсан дүн. Монголчууд дэлхийн 65 оронд визгүй зорчих боломжтой болсон нь 2016 оноос 5 орноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Сонирхуулахад, визгүй зорчих боломжтой орнуудаас Вьетнам руу аялсан Монголчуудын тоо сүүлийн 10 жилд 24.4 дахин өсөж 23.8 мянгад хүрсэн гэнэ шүү.
🤝🏻 Шинэ хэлэлцээ: Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийж буй айлчлалын үеэр Энэтхэгийн талаас Монголын иргэдэд олгодог цахим визийг үнэ төлбөргүй болгох шийдвэр гаргасан. Тус цахим визний 1 сараас 5 жил хүртэлх төлбөр $30-$80 хүртэл хэлбэлздэг байсан аж.
Эцэст нь… Монголоос визгүй зорчих боломжтой орны тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь сайн хэрэг ч нэг асуудал бий. Тухайлбал, 2016 онд жагсаалтын 81-т орж байсан бол одоо дөнгөж 3 байр л ахиж. Хэдүүлээ хэзээ хүссэн улсдаа визгүй зорчдог болно доо? 💭

💡 Таавар таацгаая.
Тэрээр нэгэн цагт Amazon-н 400 сая ширхэг хувьцааг эзэмшиж байсан бөгөөд өдгөө эзэмшлээ 42% бууруулаад буй. Тэр хэн бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🤝📦 Black Week-р PickPack-тай

Жил бүрийн хамгийн халуухан 7 хоног айсуй! Black Week-р нэг ч захиалгыг алдахгүйгээр, хэрэглэгч бүртээ шуурхай, найдвартай хүргэхэд PickPack-н "Хүргэлтийн үйлчилгээ" тусална. 📢
Онлайн дэлгүүрүүдийн хувьд хамгийн оргил ачаалалтай энэ үед PickPack-г логистикийн түншээрээ сонгосноор,
🅰️ Супер хүргэлтийн баг: Хүссэн байршлаасаа барааны тоо ширхэг, овор хэмжээ харгалзахгүйгээр татан авалтыг хийлгэж, нарийн боловсруулсан маршрутын дагуу шууд хүргүүлэх нь.
🫡 Бүх юм хяналтад: Ингэхдээ хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцыг бараа удирдлагын платформ PP Business-р хянах боломжтой юм.
За тэгээд хүргэлтээ PickPack-д даатгаад борлуулалтаа санаа амар хийнэ биз ээ!
📞 Холбогдох: 7777-6090


NDTV
🍋 Энэтхэг Америкт Оросоос газрын тос импортлохоо зогсоох амлалт өглөө. Одоогоор Энэтхэг нь Оросын газрын тосны экспортын 2 дахь том худалдан авагч бөгөөд энэ онд нийт €3.6 тэрбумын газрын тос импортолжээ. Хэрэв Энэтхэг импортоо зогсоохгүй бол Америкийн худалдааны 50%-ийн татвар тулгараад байгаа.
🍋 Монголд хөдөлмөр эрхэлж буй гаднын иргэдийн тоо энэ оны III улиралд өнгөрсөн оны мөн үеэс 33.6 өсжээ. Эсрэгээрээ гаднын оронд хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан Монголчуудын тоо 51.5% өсөж 206 болсон аж. Монголд хөдөлмөр эрхлэгч гаднынхны хамгийн их буюу 31.2% нь техникч болон туслах дэд мэргэжилтэн байгаа бол бол гаднын оронд хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан Монголчуудын 71.8% нь боловсруулах үйлдвэрлэлд ажиллаж байна.
🍋 Apple (AAPL) Европт 650 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. Энэ хэмжээний эрчим хүч нь Apple-н бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний ихэнх хэсгийг нөхсөнтэй тэнцэх аж. Энэ мэдээ сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихгүй байгаа Америкийн ЗГ-т таалагдахгүй л болов уу.
🍋 Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн үлдэгдэл санхүүжилтийг бонд гаргаж шийдвэрлэнэ. Төслийн I шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт ₮850.4 тэрбум байхаар баталснаас гүйцэтгэлийн төлбөрт ₮156.2 тэрбумыг шилжүүлээд байгаа аж. Тэгвэл үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс ₮300 тэрбумын бонд гаргах юм гэнэ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply