👹 НДШ = Татвар

$MLG-н хагас жилийн өнгө | Урам хугалахгүй $INV | Сайн дурын нэртэй “заавал” даатгал

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр энгийн л нэг зуны Лхагва гараг боловч ванильтай зайрмаг идэж, НӨАТ-ын сугалаанд мөнгө хожсон эсэхээ байн, байн шалгах өдөр шүү. 😂  

*Нэг өдрийн өөрчлөлт.

ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх энгийн хувьцааг 6:1 харьцаагаар нэгтгэхээр шийдвэрлэжээ

NSO: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө 2.8% буурч ₮18.6 их наяд болоход уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн бууралт голлон нөлөөлөв.  

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн олон нийтээс татан төвлөрүүлсэн ₮11.9 тэрбумын зарцуулалт 100%-д хүрчээ. Үүний дийлэнх буюу 63.7%-ийг арилжааны системийг сайжруулахад зарцуулсан юм.

🎙️ Сайн дурын нэртэй “заавал” даатгал

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Тун удахгүй СЗХ-ноос шинэчлэн баталсан “Ипотекийн даатгалын журам” мөрдөгдөж эхлэх гэж буйтай холбоотойгоор Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулга, Б.Анирмаа нарын “Сайн дурын нэртэй “заавал” даатгал” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!

🔎 Тэдний тайлбар

“Ипотекийн амь насны даатгал зээлдэгчид ашигтай” гэх гарчигтай мэдээг Монголын даатгалын зах зээлийн холбооноос мэдээллийн сайтуудад гаргаснаас гадна СЗХ-оос ижил агуулгатай мэдэгдэл, мэдээлэл хийжээ. Тэд яагаад ашигтайг тайлбарлахдаа даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх буюу иргэдэд ойлгуулж чадвал 30% орчмыг амь насны даатгалд хамруулж чадна гэв. Хэдийгээр СЗХ даатгалын салбарын хөгжлийг дэмжих чиг үүрэгтэй ч  зээлдэгчийн эрх ашгийг мөн хамгаалах чиг үүрэгтэй.  

  • Дээрх мэдээллүүдэд зээлдэгч “ямар ч тохиолдолд нас барахад зээлдээ санаа зовохгүй” гэж дурдсан нь урт хугацааны даатгагч компаниудын нээлттэй байршуулсан мэдээллээс зөрүүтэй байгааг анхаарах шаардлагатай. 

🚚 $MLG-н хагас жилийн өнгө 

Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн хувьцаа эзэмшигчдийн тоо IPO-н үеэсээ даруй 15.5% өсжээ. Тус компанид хэдийн хөрөнгө оруулалт хийсэн болон хийхээр сонирхож байгаа бол анхаарлаа хандуулаарай. 

📈 Санхүү: Өсөлттэй

Монгол Улсын тээврийн салбарын хувьд энэ оны эхний хагас жил тийм ч таатай биш байлаа. Учир нь экспорт болон импортын ачаа тээврийн хэмжээ бага зэрэг буурснаар салбарын нийт орлого жилийн өмнөхөөсөө 18% буурч ₮3.2 их наяд болсон байна. Харин тус салбарт тэргүүлж ажиллаж байгаа Монложистикс Группийн хувьд тээвэрлэсэн ачааных нь хэмжээ зах зээлийн жишгийн дагуу 34% буурсан ч орлого нь тогтвортой буюу тайлант хугацаанд 0.3% өсөж ₮142.4 тэрбумд хүрчээ

  • Хөрөнгө, ашиг 🆙: Цаашлаад компани ханшийн зөрүүний олз, хувьцаа халаасалсан олз зэрэг бусад орлогоо жилийн өмнөхөөсөө 16.7 дахин нэмж ₮3 тэрбумд хүргэснээр цэвэр ашиг нь борлуулалтын орлогын өсөлтөөсөө давсан буюу 13.7% өссөн байна. Нэмээд нийт хөрөнгө нь 21.3% өсөж ₮104.2 тэрбум болжээ. 

  • 🧐 Унав уу, өсөв үү? Харин тэдний хувьцааны үнийн хувьд, өнгөрсөн 1-р сарын сүүлээр энэ оны хамгийн доод үнэ болох ₮172.8-т хүрээд байсан билээ. Харин 2-р сард хувьцааныхаа тодорхой хэсгийг хамгийн ихдээ ₮1.008 тэрбумаар халааслах шийдвэр гаргасны дараа хувьцааны үнэ нь сэргэж өчигдрийн байдлаар ₮194-т хүрчээ. 

📌 Хагас жилийн онцлох ажил юу байв?

Компанийн хувьд IPO хийх үеийн төлөвлөгөөний дагуу энэ онд 3 том зорилготой байсан бөгөөд хөдлөх бүрэлдэхүүний баазыг нэмэгдүүлэх, гадаад борлуулалтын сувгийг идэвхжүүлэх даалгавраа амжилттай биелүүлжээ. Тодруулбал, $MLG ₮8 тэрбумын үнийн дүн бүхий 50 ширхэг вагоныг худалдан авч цар хүрээгээ тэлснээс гадна Хятад дахь охин компани нь үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Цаашлаад тэд оны сүүлийн хагаст олон улс дахь салбарынхаа тоог өргөжүүлэхээр ажиллах юм. 

Юутай ч зах зээлийн цөвүүн цагийн сорилтыг салбарын гол тоглогч $MLG даваад гарчээ. Тэдний хувьд 2027 онд олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх амбицтай ажиллаж байгаа. Цаашид ямар ахиц гарахыг хүлээж л сууя даа.  

Залруулга: Өчигдрийн товхимлын ТОП-5 банкны тайлангийн тойм мэдээний постер дээр ХасБанкны цэвэр ашгийн өөрчлөлт болон Төрийн банкны уг үзүүлэлтийн байрыг сольж оруулсанд хүлцэл өчье. 🙏 Зассан хувилбарыг ЭНД-ээс харна уу.

  • 🧗 Үнэ нь өсөөгүй бараа, үйлчилгээ гэж ер нь байна уу? (Ikon)

  • 👾 Энэ оны технологийн чиг хандлага. (McKinsey)

  • 🎤 ЗГ “Халзан бүрэгтэйн” ордын талаар ам нээнэ. (Parliament)

  • 🦋 Ажил хаялт хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлдгийн жишээ. (HBR)

 ❤️‍🔥 Урам хугалахгүй $INV

INV: Инвескор ББСБ-ын цэвэр ашиг 2025 оны эхний хагас жилд ₮42 тэрбумд хүрсэн нь мөн үеэс 13.5% өссөн дүн болжээ. Учир нь зээлийн багц 2024 оны эхний хагасаас 54.7% нэмэгдэж ₮871 тэрбумд хүрсэн бол нийт орлого 50.5% ихсэж ₮167 тэрбум болсон аж. Үүнтэй холбоотой Мягмар гаргийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 5.6% өсөж ₮9,200-т хүрчээ. Компанийн цар хүрээ хилийн чанадад ч өргөжин тэлсээр байгаа бөгөөд Киргиз дахь зээлийн багц ₮61.5 тэрбумд, Казахстан дахь зээлийн багц ₮20.5 тэрбумд тус тус хүрээд байна.

👹 НДШ = Татвар

Ирэх намрын чуулганаар ААН-үүдийн шууд болон цэвэр орлогыг нэмэгдүүлж, жилийн дараа ДНБ-ийг ₮973 тэрбумаар өсгөх боломжтой хуулийн төслийг хэлэлцэнэ. 

  • ✒️ Энэ бол өнгөрсөн 5-р сард өргөн баригдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

😳 Хэтийдсэн Нийгмийн даатгалын ачаалал

Тус хуулийн төсөлд хөлсөөр болон ажил, үйлчилгээ үзүүлж буй гэрээт ажилчдыг албан журмын даатгалаас чөлөөлөх, хоол, унаа, байр ашиглалтын гэхчлэн мөнгөн дэмжлэгийг шимтгэлээс хасах, ААН-ийн төлөх шимтгэлийн дээд хэмжээг ажилчдын нэгэн адил буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох гэсэн 3 агуулга багтаж буй. 

  • 🫠 Дээрх 3 төрлийн шимтгэлээс өнгөрсөн оны төсөвт, ₮43.4 тэрбум, ₮63 тэрбум, ₮236 тэрбумын урсац бий болсон буюу тус бүр төсвийн 1% хүрэхгүй жинг даржээ. Байхгүй болсон ч эрх баригчдын хязгааргүй мэт туйлсан зарим төсөл, хөтөлбөрийн хажууд бараг л жингүй дээ. 

🚦 НДШ: Татвар шиг ажилладаг!

2008 оноос хөлсөөр ажиллаж буй иргэдийг НД-д хамруулж, 2023 оны хуулийн шинэчлэлээр ажил, үйлчилгээ үзүүлэлдэгчдийг мөн албан журмаар даатгадаг болсон. Гол нь цалин болон гэрээний орлогод ялгаа байхгүй бүхэлд нь НДШ ногдуулсаар ирсэн. 

  • 🔎 Хууль боловсруулагчдын хийсэн тооцооллоор, ажил, үйлчилгээ үзүүлэгчдийн гэрээний орлогоос НДШ авахаа болилоо гэхэд, ирэх 3 жилд ₮203.9 тэрбумын зардал гарах ч эргүүлээд ₮286.6 тэрбумын өгөөж, мөн 1,508 ажлын байр шинээр бий болох боломжтой.  

  • 🦋 Харин үндсэн цалингаас гадна олгож буй мөнгөн хөнгөлөлт, дэмжлэгийг шимтгэлгүй олгодог болбол ₮136 тэрбумын өгөөж нэмээд 2,479 шинэ ажлын байр, ААН-үүдийн төлдөг НДШ-ийн дээд хэмжээг тогтоосноор ₮96 тэрбумын өгөөж, 14 мянган шинэ ажлын байр нэмэгдэх боломжтой аж. 

Эцэст нь… НДШ нийгмийн баталгаа гэхээсээ илүү албан татвартай зэрэгцэх хэмжээнд өрсөлдөж, хамгийн том дарамт болсныг сүүлийн 3 жилд ААН-үүдийн татварын өр 2 дахин өсөж ₮4 их наяд болсноос харж болно. Иргэд хагас жил гаруй татвараа багасгахыг шаардаж байна. Одоо бодит шинэчлэл, үр дүн гаргах шийдвэр гаргахгүй бол горьгүй нь ээ, Ноёд оо!

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Нийслэл өнгөрсөн 4-р сард нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт байршиж байсан 1,000 гаруй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Login or Subscribe to participate in polls.

Reuters

🍋 Universal Music Group (UMG.AS) Америкийн хөрөнгийн бирж дээр IPO хийнэ. Одоогоор компанийн хувьцаа Нидерландын Euronext бирж дээр арилжаалагдаж буй бөгөөд энэ онд хувьцааны үнэ нь 10% өсөж €27.5 болоод буй. Өдгөө тус групп $58 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд нийт хувьцааны 10.25%-ийг Pershing Square (PSHZF) эзэмшдэг. 

🍋 3-р сард эхэлсэн Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33%-д хүрсэн байна. Ирэх сард багтаан барилга угсралтын бүх суурийн ажлыг дуусгах, цаашлаад төслийг 12-р сард багтаан бүрэн дуусгах аж. Одоогоор дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд 70 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж буй. 

🍋 AstraZeneca (AZN) 2030 он хүртэл Америкт $50 тэрбумын хөрөнгө оруулахаа амлалаа. Энэ хүрээнд Америкт шинэ эмийн үйлдвэр барих, эмийн судалгаа, үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх нь. Хэрэв компани Америкийн эмийн тарифт өртвөл жилийн орлогын 40% гаруйг алдах эрсдэлтэй. Нөгөө талаар энэ их хөрөнгө оруулалтын үр дүнд 2030 он гэхэд жилийн орлогоо 1.4 нугалж $80 тэрбум болгох амбицтай. 

🍋 “Киргиз-Монголын Бизнес форум”-д 2 орны 150 гаруй салбарын бизнес эрхлэгчид оролцов. Форумын үеэр Киргиз, Монгол мах, махан болон сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур зэргийг харилцан худалдаалах боломжтой буюу ХАА-н чиглэлээр түлхүү хамтран ажиллах нөхцөл боломж бүрдсэн байна. Түүнчлэн 2 орны ХАҮТ болон хүнс, банк санхүү, мэдээллийн технологийн компаниуд санамж бичиг үзэглэжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.